Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2024/0191

 

 

 

 

 

 

 

 

 

С.Б, Э.Б, Ц.М нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн  

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

          Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

          Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: 

          Нэхэмжлэгч С.Б, Э.Б, Ц.М

          Хариуцагч Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Д

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч С.Б, Э.Б, Ц.М

          Хариуцагч Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Д

          Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-05/03/08, 21-05/04/09, 21-05/05/10, 21-05/06/11, 21-05/07/12, 21-05/09/14, 21-03/01/15, 21-03/02/16 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулах тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 112/ШШ2024/0005 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгч С.Б, Э.Б, Ц.М

          Хариуцагч Ч.Д, Б.Д

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

          Хэргийн индекс:112/2023/0043/3

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч С.Б, Э.Б, Ц.М нар нь Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Д нарт холбогдуулан “Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-05/03/08, 21-05/04/09, 21-05/05/10, 21-05/06/11, 21-05/07/12, 21-05/09/14, 21-03/01/15, 21-03/02/16 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.  

          2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  01 дүгээр сарын 18-ны өдрийн 112/ШШ2024/0005 дугаар шийдвэрээр:

2.1 “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.6-д заасныг баримтлан Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/09/14, 21-05/03/08, 21-03/02/16 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2.2 Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11, мөн зүйлийн 10.12.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 1, 73 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасныг баримтлан  Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/06/11, 21-05/05/10, 21-03/01/15 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч улсын байцаагч нарын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21/05-04-09, 21-05/07/12 дугаартай төлбөрийн актуудад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

2.3 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг баримтлан Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07 дугаар төлбөрийн актыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2.4 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрт заасан 3 сарын хугацаанд багтаан хариуцагч нар актыг шинэчлэн гаргаагүй нөхцөлд улсын байцаагч нарын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07 дугаартай төлбөрийн акт хүчингүй болохыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч С.Б, Э.Б, Ц.М нар давж заалдах гомдолдоо:

“...2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/09/14, 21-05/03/08 төлбөрийн актуудыг дээд шатны санхүүгийн улсын ерөнхий байцаагч буюу сангийн сайд хянаж үзээд хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл эдгээр актуудыг хууль хяналтын байгууллагад буюу Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулж байгаа бөгөөд шийдвэр нь гараагүй байхад давхар аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүгчээр баталгаажуулсан байдаг. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан нь хариуцагч тал дээд шатны сангийн сайдын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана гэж үзсэний үндсэн дээр анх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаагүй байсан ба хариуцагч тал болох санхүүгийн улсын байцаагч Б.Д, Ч.Д нар иргэний хэргийн анхан шатны шүүхэд актыг баталгаажуулахаар хандсаныг нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй дээд шатны сангийн сайдын актыг хянасан талаар авч хэрэгжүүлэх ажлын удирдамж нөхцөл байдлыг танилцуулахгүйгээр баталгаажуулсан байсанд нэхэмжлэгч нар гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн захиргааны хэргийн анхан шатны шийдвэрийг хэрэгсэхгүй болгож хянан үзэж шийдвэрлэж өгнө үү.

Мөн Санхүүгийн хяналт, дотоод аудитын” албаны улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21/05-04-09, 21-05/07/12 дугаар бүхий төлбөрийн актуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай хэмээн актыг хэвээр үлдээсэн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21/05-04-09, 21-05/07/12 төлбөрийн актуудыг дээд шатны санхүүгийн улсын ерөнхий байцаагч буюу сангийн сайд хянаж үзээд хэвээр үлдээсэн хэдий ч 21/05-04-09 дугаартай акт буюу эсгий гудас нь албан хаагчдын хэрэгцээнд бус байгууллагын тусгаарлах өрөөний орнуудад хэрэглэж байгаа бөгөөд хэрэглээд 3 жил болсон зүйл дээр акт тогтоосон. Энэхүү гудас нь ажилчдад байхгүй байгууллагын тусгаарлах өрөөнд байдаг хэрэглэдэг гудсанд ажилчдаас авсан гэрчийн мэдүүлгийг үндэслэсэн нь учир дутагдалтай юм. 21-05/07/12 төлбөрийн актын тухайд: нэхэмжлэгч С.Бы эзэмшдэг байсан notebook бөгөөд томилолтоор Улаанбаатар хотод ажиллахаар явах замдаа авто осолд орж маш хүнд гэмтэн алга болсон байдаг. Уг notebook оронд өөрийн хувийн Dell маркийн notebook тухайн үед байгууллагад өгсөн байгууллагын өмч хамгаалах комисс хүлээн авч одоог хүртэл байгууллагад хэрэглэсээр ирсэн байгаа нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 133.4-т зааснаар ажил олгогч зөвшөөрсөн тохиолдолд ажилтан эд хөрөнгийг ижил, эсхүл адил чанарын эд зүйлээр орлуулж эсхүл засаж учруулсан хохирлоо барагдуулж болно гэсэн үндэслэлээр тухайн үед байгууллагын удирдлагаар ажиллаж байсан Р.Наранбаатарт хүлээлгэн өгсөн байдаг бөгөөд хүлээн авч байгууллагын үйл ажиллагаанд бүтэн нэг жил гаран хэрэглэсээр ирсэн байгаа. Иймд дээрх 21-05/04/09, 21-05/07/12 төлбөрийн актыг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн захиргааны хэргийн анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

4. Хариуцагч Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нар давж заалдах гомдолдоо:

“...Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 112/ШШ2024/0005 дугаартай шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 5-д улсын байцаагч нарын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21- 05/06/11, 21-05/05/10, 21-03/01/15 дугаар төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг авч үзсэн байна.

...Гомдол гаргах үндэслэл тайлбар: Нэхэмжлэгч С.Б нь шүүх хуралдааны явцад пежам устгасан талаар тайлбарлахдаа “пежам” гэдэг нь зөвхөн лабораторид орохдоо өмсдөг тусгай хувцас буюу өмд цамц байдаг гэж тайлбарласан боловч устгах болсон шалтгааныг хөдөө авч явахдаа гал тогоотой хамт ачсаны улмаас урагдсан гэсэн. Нэхэмжлэгч С.Б-ы энэхүү тайлбарыг шүүхийн шийдвэрт албажуулаагүй байх бөгөөд шүүх хуралдааны явцын хурлын тэмдэглэл, видео бичлэгээс харж болно. Улмаар төсвийн хөрөнгөөр худалдан авсан хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Төрийн байгууллага. албан газар төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг нь өөрт олгогдсон эд хөрөнгийн талаар дараах эрх, үүрэгтэй”, 14.2.1-т “өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж ашиглах”, 26 дугаар зүйлийн “Төрийн өмчит хуулийн этгээд нь өөрт олгогдсон эд хөрөнгийг энэ хуулиар тогтоосон журмын дагуу эзэмшиж ашиглана” заалтыг зөрчсөн байх бөгөөд тус пежамыг 2020 оны 2 дугаар сард худалдан авч 5-6 сард хөдөө явахдаа урах нь хэвийн эдэлгээний явцад үүссэн гэмтэл биш бөгөөд хариуцсан албан тушаалтнууд гэмтлийн учир шалтгааныг тогтоож, буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, зайлшгүй актлах шаардлагатай тохиолдолд фото зургаар баталгаажуулан, албан тоотоор холбогдох газарт мэдэгдэн зөвшөөрөл авсны үндсэн дээр актлах ёстой байсан. Гэтэл тусгай зориулалтын хувцсыг гал тогоотой хольж ачсан, гэмтэж урагдсан байхад бүрэн бүтэн байдал, ашиглалт, хамгаалалтад анхаарал хандуулаагүй, буруутай тушаалтныг олж тогтоолгүйгээр зөвхөн өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүг үндэслэн холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр акталсан байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.4-т “ашиглах хугацаа дуусаагүй боловч осол, гэмтлийн улмаас ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр энэ зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэх”, 31.3.5-д “осол, гэмтэл гарсан шалтгааныг тогтоож, хэрэв тодорхой этгээдийн буруугаас уг осол, гэмтэл гарсан бол Иргэний хуульд заасан журмаар хохирлыг арилгуулах” дахь заалтуудыг зөрчсөн байхад хэвийн ашиглалтын явцад элэгдэж. хорогдсон бараа материалын нэгэн адил тооцож данснаас хасах нь зөв гэж үзэн актыг хүчингүй болгожээ.

...Хэдийгээр актын дүн бага боловч иймэрхүү хэлбэрээр баримт бүрдүүлэн, дарга, нягтлан бодогч, эд хариуцагч нар болон өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүд, дотоод хяналтын баг болон бусад 2-3 тооны албан хаагчид нэг, нэгэндээ хяналтгүйгээр баримт бүрдүүлж. бүрдүүлсэн баримтаа өөрсдөө баталгаажуулж. дүгнэлт үйлдэн төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалт бусаар зарцуулж байгаа явдлыг хууль, хяналтын байгууллагууд таслан зогсоох нь зүйтэй гэж үзэж байна.

Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 5.2-д Улсын байцаагч нарын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/05/10 дугаар актаар зориулалт бусаар зарцуулсан 600.0 мянган төгрөгийн буюу өнгөт принтерийн хоронд тогтоосон төлбөрийн актыг хянажээ.

Тус актыг хүчингүй болгосон үндэслэл нь “ ... “А” ХХК өнгөт принтерийн хор зардаггүй хорыг хүлээн авсан хүмүүсээс лавлахад биологич Н.П-аас бусад нь өнгөт принтергүй тул хор хүлээн аваагүй, бичиг хэргийн ажилтан Ц.М өнгөт хор авдаг боловч хэдэн төгрөгийн үнэтэй хор авч байгаагаа мэддэггүй, бусад ажилтнууд брошур, тараах материал надаар хэвлүүлэхдээ тусад нь хор цаас авчирч өгдөггүй, би өөрөө шаардах хуудас бичиж зарцуулдаг” гэсэн тайлбараар яагаад акт тогтоох болсноо бүрэн нотолж тогтоогоогүй байдаг гэжээ.

Гомдол гаргах үндэслэл тайлбар: Биологич Н.П нь хяналт шалгалтын явцад өнгөт принтертэй байсан боловч акт тавигдсан 2020 онд өнгөт принтер эзэмшдэггүй, зөвхөн архив, бичиг хэргийн ажилтан Ц.М өнгөт принтер ашигладаг байсан. Ц.М-ы гараар бичсэн тайлбарт надаас өөр ажилтан өнгөт принтерийн хор авдаггүй бүх хорыг би шаардах хуудас бичиж авдаг гэсэн байна. 2020 оны бараа материалын тайланд Ц.М олон удаа өнгөт принтерийн хор авсан бөгөөд нэг удаад шаардах хуудас бичихдээ 4 өнгийн хорноос 1:1 буюу нэг дор 4 ширхэг хор авч хэрэглэдэг болно. Эдгээр нотлох баримт хэргийн нотлох баримт буюу Зоонозын өвчин судлалын төвөөс ирүүлсэн 190 хуудас нотлох баримт болох шаардах хуудаснууд дунд байгаа болно. Тухайн хэрэглэсэн хорнууд нь акт тавигдаад байгаа нэг бүр нь 100.0 мянган төгрөгийн өнгөт принтерийн хортой хамааралгүй болно. Бусад ажилтнууд буюу лаборант Д.Э-д 1 ширхэг, лабораторийн эмч С.С-т 2 ширхэг хорыг аваагүй болохоо баталж гараар тайлбар бичиж өгсөн. Харин 1Т инженерээр ажиллаж байсан Д.Д ажлаас гарсантай холбогдуулан тайлбар, нотолгоо гаргах боломжгүй байсан. Зөвхөн дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн П 1 ширхэг хорыг авсан гэж хэлэх боловч тухайн тайлант хугацаанд өнгөт принтергүй байсан өнгөт принтер эзэмшиж ашиглаж байсан Ц.М нь өөр хүнээр шаардах хуудас бичүүлж хор авхуулж байгаагүй гэдгээ баталж гараар тайлбар бичиж өгсөн. Ажилтнуудын гарын үсгээр баталгаажсан тайлбар, нотлох баримт байсаар байхад нотлох баримт үндэслэхгүйгээр төлбөрийн актыг хүчингүй болгосон нь өөрөө үндэслэлгүй шийдвэр юм.

Мөн тодруулбал “Алтайн нуруун шонхор” ХХК өнгөт принтерийн хор зардаггүй гэсэн дүгнэлтээ нотлоогүй. Учир нь худалдаа, аж ахуй эрхлэгч этгээд хуулиар зөвшөөрөл олгохоор зааснаас бусад худалдаа. арилжааг чөлөөтэй эрхлэх хууль зүйн боломжтой гэжээ.

Гомдол гаргах үндэслэл, тайлбар: Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчид нь Зоонозын өвчин судлалын төвөөс гадна бусад байгууллагуудад хяналт шалгалт хийхдээ өөрт олгогдсон эрхийн хүрээнд тухайн компанийн захиралтай удаа дараа утсаар холбогдох, биечлэн уулзаж тайлбар авах, дэлгүүрээр орж нотлох баримт цуглуулах зэрэг ажиллагаа явуулж ба^сан. Тус компани нь өөрийн дэлгүүрт байдаггүй бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан баримтыг байгууллагууд руу удаа дараа шивж илгээснээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд татварын 10 хувийг суутгаж авч үлддэг, эсхүл өөр бараа худалдан аваад оронд нь өөр баримт бичүүлдэг талаар тайлбар хийдэг. Дахин ийм зөрчил гаргасан тохиолдолд хууль, хүчний байгууллагад хандах болохыг манай байгууллагын зүгээс мэдэгдэж ажилласан. Харин энэ тохиолдолд төлбөрийн актад энэ талаар дурдсан боловч төлбөрийн акт тогтоох гол үндэслэл нь өнгөт принтерийн хор аваагүй гэх ажилтнуудын тайлбар хамгийн чухал нотлох баримт юм.

Мөн “Хяналт шалгалтын явцад 100.0 мянган төгрөгийн хор хэрэглэх өнгөт принтерийн хор байхгүй гэсэн үндэслэлээ нотолж чадаагүй. Ямар фирмийн аль загварын, хэдэн оны принтерт уг хорыг хэрэглэх байсан, зарим ажилтнууд ашиглах боломжгүй гэж тогтоосноо нотлоогүй” гэжээ.

Гомдол гаргах үндэслэл тайлбар: Зоонозын өвчин судлалын төвд 2020 онд ашиглагдаж байсан зөвхөн нэг өнгөт принтер байсан, тэр нь архив, бичиг хэргийн ажилтан Ц.М-ы эзэмшил, ашиглалтад байсан, түүнд ашигладаг хорыг зөвхөн Ц.М өөрөө шаардах хуудас бичиж авсан, Ц.М-ы авсан өнгөт принтерийн хорнуудыг тухайн байгууллага өөрөө 4400-7000 төгрөгөөр худалдаж авсан байдаг юм. Энэ нь өөрөө нотлох баримт мөн болно. Энэ тохиолдолд байцаагч нар нь 100.0 мянган төгрөгийн хорыг ямар фирмийн аль загварын, хэдэн оны принтерт хэрэглэдэг болохыг тогтоох, нотлох шаардлагагүй, боломжгүй юм. Мөн шүүх хурлын явцад нэхэмжлэгч Э.Б нь “А” ХХК-иас зөвхөн хор аваагүй, өнгөт принтер авсан гэж хэлсэн бол Ц.М нь шүүх хуралдааны төгсгөлд 100 мянган төгрөгийн 1 литртэй хор авсан гэж тайлбарлаад хариу мэтгэлцэх боломжгүйгээр хурал хаасан боловч албажсан шийдвэрт энэ талаар тусгаагүй байна. Хурлын тэмдэглэл. видео бичлэгт энэ талаарх аудио, дүрс бичлэг байгаагаас дахин шүүж үзнэ үү. Ц.М-ы эзэмшил, ашиглалтад байсан өнгөт принтер нь 4 хор хэрэглэдэг бөгөөд 6 өөр өнгийн хор аваад хүн бүр 1:1 өөр өөр өнгөөр авч ашиглах боломжгүй билээ.

Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 5.3-д Улсын байцаагч нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-03/01/15 дугаар актаар дутагдсан зөөврийн автоклавны үнэ 1.510.0 мянган төгрөгийг төлүүлэхээр тогтоосон төлбөрийн актыг хянаж хүчингүй болгосон.

...Гомдол гаргах үндэслэл тайлбар: Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх хугацаанд 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тухайн байгууллагын шалгалтад хамрагдсан онуудад худалдан авсан тоног төхөөрөмжид эд хариуцагч Ц.М болон бусад ажилтнуудыг байлцуулан тооллого хийхэд автоклав дутагдсан. Хяналт шалгалт хийх явцад тус байгууллагын эд хариуцагч нар солигдож байсан бөгөөд хяналт шалгалт хийсэн байцаагч нар тухайн байгууллагын удирдлагад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Хөрөнгө төлбөр тооцооны тооллогыг дараах тохиолдолд заавал хийнэ”, 12.2.2-т “эд хөрөнгө хариуцагч болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед” гэж заасны дагуу хөрөнгийг тооллого хийх чиглэл өгсний дагуу тус байгууллагын дарга шийдвэр гаргаж 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А/01 тушаалаар дахин тооллого хийсэн. Байцаагч нарын хийсэн тооллогоор мөн тооллогын бүрэлдэхүүний хийсэн 2 удаагийн тооллогоор дээрх хөрөнгө дутагдсан нь нотлогдож байгаа. Тухайн үед эд хариуцагч зөөврийн автоклавыг бодитоор аваагүй. Өртэй байсан тэр өрөө өгсөн гэж аман тайлбар өгсөн бөгөөд би өөрөө өөрийнхөө эсрэг бичгээр тайлбар бичихгүй гэж байсан боловч шүүх хурал дээр авсан гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн.

...2023 оны 1 дүгээр сард хийгдсэн хөрөнгийн тооллогын бүрэлдэхүүнд биологич Б.Золзаяа орж ажилласан бөгөөд шүүх хуралд гэрчээр оролцож хураалгаатай гэрийн доор автоклав байгаагүй. эд хариуцагч нар ажил хүлээлцэх үед буюу 2023 оны 1 дүгээр сард бүх хөрөнгүүдийг нүд үзэж тоолсон, тооллогыг чанартай хийсэн гэж гэрч Б.З, Ч нар шүүх хурал дээр мэдүүлэг өгсөн боловч энэ тухай шүүгчийн шийдвэрт тусгагдаагүй байна.

...Тус байгууллагад иймэрхүү хэлбэрээр баримт бүрдүүлэн, дарга, нягтлан бодогч, эд хариуцагч нар болон өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүд, 2-3 тооны албан хаагчид нэг, нэгэндээ хяналтгүйгээр баримт бүрдүүлж, бүрдүүлсэн баримтаа өөрсдөө баталгаажуулж дүгнэлт үйлдэн төсвийн хөрөнгийг үр ашиггүйгээр, зориулалт бусаар зарцуулж байгаа явдлыг хууль, хяналтын байгууллагууд таслан зогсоох нь зүйтэй гэж үзэж байна.

Улсын байцаагч С.Б-ы мэдүүлснээр “ Үүнийг ариутгагч Ч хүлээн аваагүй гэсэн үндэслэлээр акт тавигдсан” гэж төлбөрийн акт тогтоогүй бөгөөд удаа дараагийн тооллогоор дутагдсан учраас төлбөрийн акт тогтоосон болно.

...Гомдол гаргах үндэслэл тайлбар: Эзэнжүүлж, бүртгэлжүүлээгүй байхаас илүүтэйгээр энэ хөрөнгийг худалдаж аваагүй, улмаар байхгүй хөрөнгийг акталж дансаа цэвэрлэх арга барилаар ажиллаж байгаа нь гол акт тавих үндэслэл болно. Хавсралтаар өгсөн нотлох баримтууд нь бүгд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шинээр болон нэмэлтээр гаргаж өгөөгүй болно. Хавтаст хэргийн хэд дүгээр хуудаст байгааг мэдэхгүй тул дахин хавсаргав.

Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 112/ШШ2024/0005 дугаартай шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2-т Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 1, 73 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б, Э.Б, Ц.М нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/06/11, 21-05/05/10, 21-03/01/15 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгосон шийдвэрүүдийг хүчингүй болгож, баталгаажуулж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх С.Б, Э.Б, Ц.М нарын Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарт холбогдуулан “Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-05/03/08, 21-05/04/09, 21-05/05/10, 21-06/06/11, 21-05/07/12, 21-05/09/14, 21-03/01/15, 21-03/02/16 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нар 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07 дугаартай актаар “Тооллогоор хавсралтад нэр дурдсан 4,643.5 мянган төгрөгийн хөрөнгө дутагдсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.2.1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж ... тайлант хугацаанд Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар тус тус хувь тэнцүүлэн төлүүлэхээр”,

2.1 Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нар 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/03/08 дугаартай актаар “...Байгууллагын бодит хэрэгцээний судалгаа гаргаж үндэслэлгүйгээр зарцуулсан материалыг түүвэрлэхэд 2020 онд 1,256.0 мянган төгрөг, 2022 онд 795.5 мянган төгрөг нийт 2,051.5 мянган төгрөгийн бараа материал зарлагдсан байгаа нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж ... Зориулалт бусаар зарцуулсан 2,051.5 мянган төгрөгийг тайлант хугацаанд ... төлүүлэхээр”,

2.2 Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нар 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/04/09 дугаартай актаар “...тооллогоор үзүүлсэн гудаснууд 1 ширхэг 132.0 мянган төгрөгийн өртөгтэй байх боломжгүй хуучин гудас байгаа нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж ... Зориулалт бусаар зарцуулсан 660.9 мянган төгрөгийг тайлант хугацаанд ... төлүүлэхээр”,

2.3 Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нар 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/05/10 дугаартай актаар “..2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Алтайн нуруун шонхор” ХХК-ийн данс руу нэг бүр нь 100.0 мянган төгрөгийн үнэтэй 6 ширхэг өнгөт принтерийн хор худалдаж авсан баримт бүрдүүлэн 600.0 мянган төгрөг шилжүүлсэн... Үндэслэлгүй баримт бүрдүүлэн 600.0 мянган төгрөг шилжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж ... Зориулалт бусаар зарцуулсан 600.0 мянган төгрөгийг тайлант хугацаанд .... төлүүлэхээр”,

2.4 Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нар 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/06/11 дугаартай актаар “...Эд хариуцагчийн тайлбараар өмнөх жилийн өр төлбөр төлсөн гэх боловч санхүүгийн тайланд өглөгөөр бүртгээгүй байхад пежамны үнэ 140.0 мянган төгрөг үндэслэлгүйгээр шилжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж ... Зориулалт бусаар зарцуулсан 140.0 мянган төгрөгийг тайлант хугацаанд ... төлүүлэхээр”,

2.5 Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нар 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/07/12 дугаартай актаар “... Төлөвлөгөөт бус хяналт, шалгалтын явцад 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр компьютер, тоног төхөөрөмжид тооллого хийхэд дутагдуулсан нөүтбүүкний оронд ... хуучин нөүтбүүк авчирсан нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж ... Дутагдуулсан зөөврийн компьютерын 2,000.0 төгрөгийг тайлант хугацаанд Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Баар төлүүлэхээр”,

2.6 Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нар 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/09/14 дугаартай актаар “...Шаардах хуудас бөөн дүнгээр бичиж нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, аж ахуйн материал, бичиг хэргийн материал ихээр зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж ... Зориулалт бусаар зарцуулсан 13,231.3 төгрөгийг тайлант хугацаанд ... төлүүлэхээр”,

2.7 Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нар 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-03/01/17 дугаартай актаар “...1,510.0 мянган төгрөгөөр 1 ширхэг зөөврийн автоклав худалдан авсан гэж төлбөрийг шилжүүлсэн боловч ... тооллогоор дээрх хөрөнгө дутсан гэж үзэж ... Холбогдох хууль эрх зүйн баримт зөрчиж хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан 1,510.0 төгрөгийг тайлант хугацаанд ... төлүүлэхээр”,

2.8 Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нар 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-03/02/18 дугаартай актаар “... албан томилолтын олговорт 1 хоногт 55.0 мянган төгрөг олгохоор төсөвлөж байгууллагын дарга баталгаажуулан уг тооцоог үндэслэн гэрээ байгуулсан боловч уг ажлыг хийж гүйцэтгэсэн ажилтнуудад 2,750.0 төгрөгийн албан томилолтын олговор олгоогүй уг хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4, 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж ... Холбогдох хууль эрх зүйн баримт, гэрээг зөрчин зориулалт бусаар зарцуулсан 2,750.0 төгрөгийг тайлант хугацаанд Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б, эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар тус тус хувь тэнцүүлэн төлүүлэхээр” тус тус “Төлбөр хариуцуулах тухай” улсын байцаагчийн акт үйлджээ.

3. Уг шийдвэрийг эс зөвшөөрч С.Б, Э.Б, Ц.М нар Сангийн яаманд гомдол гаргаж, 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 01/5700 дугаар албан бичгээр “...Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-05/04/09, 21-05/05/10, 21-05/06/11, 21-05/07/12, 21-03/01/15 дугаартай актуудыг тус тус хэвээр үлдээж, 21-05/03/08, 21-05/09/14  дугаартай актуудыг хуулийн байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэхээр, 21-05/08/13 дугаартай актыг хүчингүй болгож, 21-03/02/16 дугаартай төлбөрийн актад дурдагдсан зөрчлийг нягтлан шалгаж хуульд нийцүүлэн, үндэслэлтэй байхаар дахин тогтоохыг үүрэг болгож” тус тус шийдвэрлэсэн байна.

4. Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/09/14, 21-05/03/08, 21-03/02/16 дугаар төлбөрийн актуудтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагуудыг анхан шатны шүүх “... нэхэмжлэлд заасан захиргааны үйл ажиллагааны талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж дүгнэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1, 54.1.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

4.1 Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас С.Б, Э.Б, Ц.М нарт холбогдуулан улсын байцаагчийн акт баталгаажуулах тухай хүсэлт гаргасныг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШЗ2023/01741 дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.1 дэх хэсэгт зааснаар Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д, санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/09/14, 21-05/03/08 дугаартай улсын байцаагчийн актыг баталгаажуулжээ.

4.2 Үүнээс үзвэл шүүгчийн захирамжаар “маргаан бүхий актуудыг баталгаажуулж” шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “Нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй байна.

4.3 Өөрөөр хэлбэл ийнхүү шүүгчийн захирамжаар актыг баталгаажуулж шийдвэрлэсэн байх боловч тухайн үйл баримт, акт хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөөгүй бөгөөд тухайн актын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж үзэх боломжгүй юм. 

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-03/02/16 дугаар төлбөрийн актын тухайд:

4.4 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар захиргааны акт хуульд нийцсэн эсэх, захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр заасан байна.

4.5 Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх маргааныг харьяалан хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий шүүх юм.

4.6 Сангийн яамнаас маргаан бүхий актыг дахин тогтоохыг үүрэг болгож шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх “...маргаан бүхий актыг өөрчлөх үүрэг өгсөн байх бөгөөд одоогоор энэ ажиллагаа хийгдээгүй байгаа нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогддог” гэсэн үндэслэлээр, улсын байцаагч нар тухайн актыг дахин өөрчлөх шийдвэр гаргаагүй буюу Сангийн яамны гаргасан шийдвэрийг биелүүлээгүй, акт хүчин төгөлдөр байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. 

5. Маргаан бүхий Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Д, улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн актуудыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Сангийн яам хянаад 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 01/5700 дугаар албан бичгээр дээр дурдсан холбогдох шийдвэрийг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргаж,  21-05/09/14, 21-05/03/08, 21-03/02/16 дугаар актуудыг хүчингүй болгуулахаар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

5.1 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д зааснаар гомдлыг хянан шийдвэрлэсэн Сангийн яамны албан бичгийг нэхэмжлэгч нар хэзээ мэдсэн, хуулийн хугацаанд буюу 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан эсэхийг хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоож анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй, эдгээр баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар нөхөн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.         

Иймд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацаа хэтэрсэн эсэх, хэргийн үйл баримттай холбогдуулан нотлох баримт дээр тулгуурлан маргаан бүхий акт тус бүрийн хууль зүйн үндэслэлд тайлбар дүгнэлт өгч, хэргийг нэг мөр хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  01 дүгээр сарын 18-ны өдрийн 112/ШШ2024/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 (зуун дөчин мянга дөрвөн зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

                                    ШҮҮГЧ                                           Г.БИЛГҮҮН

              ШҮҮГЧ                                            Ц.САЙХАНТУЯА