Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/148

 

2022         08           30                                              2022/ШЦТ/148

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         хохирогч Л.Ц,

         хохирогчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

         шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

         шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Мт холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Н.М /регистрийн дугаар:

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.М нь 2021 оны 08 дугаар сарын 28-ноос 29-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Симба нэртэй хүнсний дэлгүүрийн урд талын зам дээр хохирогч Л.Цын толгойн тус газарт чулуугаар цохиж, түүний биед зүүн зулай, чамархай, хөхлөг сэртэн, суурь ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Н.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ганхүслэн, Б, Гантулга бид нар ажлаа тараад явж байсан. Бид нар энэ хүмүүсийг дуудаагүй. Согтуу 4 хүн явж байсан. Биднийг өөрсдөө дуудаж шүгэлдээд хашгирч гуагчаад байсан. Энэ ах хэл амаар доромжилж, бид нарыг хэний шээс вэ гэж хэлсэн. Тухайн үед найзыгаа өмөөрч чулуу авч шидсэн. Манай найз Ганхүслэн 2 ахад зодуулж байсан. Тэгэхээр нь би атгасан гарын хэмжээтэй чулуу аваад шидсэн. Хохирогчид 1 сая гаран төгрөг төлсөн. Ганхүслэн бид 2 нэг газар ажилладаг. Тэгээд цамцаа авах гээд явж байтал замд Б Симбаагийн тэнд таарсан. Энэ хүмүүстэй маргаж байх үед Гантулга ирсэн. Энэ хохирогч ах, бүдүүн ах хоёр Ганхүслэнг зодож байсан. Энэ хүмүүс бүгд согтуу байсан. Би буруу үйлдэл хийсэн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Хохирол 2.308.803 төгрөгийг төлнө. Энэ 1.250.000 төгрөгийг өмгөөлөгчөөрөө дамжуулж өгсөн. Хэргийн зүйчлэл, гэм буруугийн хувьд маргахгүй гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Л.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед хуурай ахынд зочилж очоод 4-5 пиво уугаад гарсан. Тэгээд Симбагийн хажууд хэдэн залуус зогсож байсан. Хэрэг хаана болсон гэхээр Номингийн хажууд болсон. Энэ залуус араас шүгэлдээд байхаар нь очих гэтэл эхнэрүүд хорьсон. Тэгээд явж байтал араас ирж маргаан болсон. Нэг намхан залуу нь намайг унагаад дээрээс дэвссэн. Тэгээд босоод цамцаа тайлаад зогсож байтал нэг юмаар толгой руу цохисон. Хохиролд 1.250.000 төгрөг өгсөн. Одоо чихний хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд орох шаардлагатай. Нийт баримтаар 3.558.300 төгрөгийн зардал гарсан ба үүнээс 1.250.000 төгрөгийг хасаад 2.308.803 төгрөг үлдсэн байгааг нэхэмжилнэ. Мөн цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. Шүүгдэгчийн яриад байгаа зүйл болох нь болсон. Надад учирсан гэмтэл нь Мөнхбаатарын үйлдлээс болсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан прокурорын шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрч байгаа. Эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу 2-3 удаа явсан. Цаашид чихний хэнгэрэг нөхүүлэх хагалгааг Солонгос явж хийлгүүлэх бодолтой байгаа гэсэн мэдүүлэг,

            -Гэрч Б.Азбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...тэгээд урагшаа чиглэлтэй алхаж байхад араас 4 залуу гүйж ирээд хоёр хоёроороо Ц бид хоёр луу дайрсан. Нэг харахад Ц нь өвдгөлсөн байдалтай газарт суусан харагдсан, босож амжаагүй байхад цаана зогсож байсан МСҮТ-ын дадлагын хувцастай залуу нь манай найзын толгой хэсэг рүү чулуу аваад шидсэн гэсэн мэдүүлэг /1хх 14-15 ху/,

           -Гэрч Т.Ганганмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...араас гүйж ирсэн залуучууд үгийн зөрөө байхгүй манай нөхөр лүү мэргэжил сургалт үйлдвэрлэлийн хувцас шиг нормын хувцастай хоёр залуу нь дайрсан. Нөгөө хоёр залуу нь Азбаяр руу дайрсан. Манай нөхрийг өшиглөж унагаагаад тухайн хоёр залуу 4-5 удаа өшиглөсөн. Би очиж салгасан чинь манай нөхөр босож ирээд хувцсаа тайлсан чинь нэг залуу нь ирээд цээж хэсэгт нь цохих шиг болсон. Манай нөхөр доошоо тонгойгоод суухад саарал нормын хувцастай залуу нь манай нөхөр лүү чулуу шидэж манай нөхрийн чих хавиас маш их хэмжээний цус гарсан гэсэн мэдүүлэг /1хх 17, 55-56, 2хх 50 ху/,

          -Насанд хүрээгүй гэрч О.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тэр өндөр туранхай ах Ц нь Мөнхбаатарыг цохих гээд далайхад нь Ганхүслэн 1 удаа гараараа элэг рүү нь цохисон ба жийх гэж байхад нь хөлийг нь Ц барьж байгаад унагаасан. Ганхүслэнг доороо оруулахаар нь би нэг удаа цээж рүү нь өшиглөсөн. Ганхүслэн босоод ирсэн чинь Мөнхбаатар чулуу аваад толгой руу шидэж оносон гэсэн мэдүүлэг /1хх 21-23 ху/,

          -Насанд хүрээгүй гэрч Б.Ганхүслэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Бид нар тэр хүмүүс дээр очиход намайг мэдэх үү, таних уу гээд туранхай арай жижиг биетэй залуу нь томроод байсан. Хажууд нь очоод байж байтал тэр жижиг биетэй залуу нь Мөнхбаатарыг цохих гэж байхаар нь хажуугаас нь гэдэс хэсэг рүү нь элэгдсэн чинь зөрүүлээд миний толгой хэсэг рүү цохиж унагаасан. Унасан байхад дээр гарсан чинь Мөнхбаатар газраас чулуун аваад шидсэн чинь тухайн ахын толгой хэсэгт оносон гэсэн мэдүүлэг /1хх 89-90 ху/,

          -Гэрч Н.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б нь тухайн туранхай биетэй залуутай цээж хэсэгт нэг удаа өшиглөсөн чинь Мөнхбаатар нь хойно зогсож байгаад атгасан гарны хэмжээтэй чулуу аваад шидсэн чинь тухайн намхан залуугийн толгойд нь оносон. Тухайн залуу толгойгоо бариад хэвтсэн. Ганхүслэн, Б, Мөнхбаатар нар хойшоо зугтаасан гэсэн мэдүүлэг /1хх 92-93 ху/,

           -Яллагдагч Н.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...арай туранхай жижиг биетэй залууг нь Ганхүслэн элэгдсэн. ...тухайн залуу нь буцаагаад Ганхүслэнгийн шанаа хэсэгт цохиод унагаасан. Тэгээд Ганхүслэнгийн дээр нь тухайн ах гарахаар нь би газраас чулуу аваад шидсэн чинь тухайн ахын толгой хэсэгт оносон, тухайн ах толгойгоо бариад сууж байгаа харагдсан бид нар зугтаасан гэсэн мэдүүлэг /1хх 19, 80-81 2хх 48 ху/,

          -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9291 дугаартай дүгнэлтэнд:

         1.Л.Цын биед зүүн зулай, чамархай, хөхлөг сэртэн, суурь ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

          3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна:

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-29-30/

          -Яаралтай тусламжийн хуудас, эмчилгээний баримтууд /1хх 4-5, 31-41 ху/,

          -Хохирлын баримтууд /1хх119 ху/,

          -Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 63-65 ху/,

          -Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 66-69 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 51 ху/,

          -Шийтгэх тогтоолын хуулбар /1хх 47-50 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 72-74, 80-81 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Н.М нь 2021 оны 08 дугаар сарын 28-ноос 29-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Симба нэртэй хүнсний дэлгүүрийн урд талын зам дээр хохирогч Л.Цын толгой тус газарт чулуугаар цохиж, түүний биед зүүн зулай, чамархай, хөхлөг сэртэн, суурь ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Н.Мын “...Согтуу 4 хүн явж байсан. Биднийг өөрсдөө дуудаж шүгэлдээд хашгирч гуагчаад байсан. Энэ ах хэл амаар доромжилж, бид нарыг хэний шээс вэ гэж хэлсэн. Тухайн үед найзыгаа өмөөрч чулуу авч шидсэн. Манай найз Ганхүслэн 2 ахад зодуулж байсан. Тэгэхээр нь би атгасан гарын хэмжээтэй чулуу аваад шидсэн.Хэргийн зүйчлэл, гэм буруугийн хувьд маргахгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч Л.Цын “...Энэ залуус араас шүгэлдээд байхаар нь очих гэтэл эхнэрүүд хорьсон. Тэгээд явж байтал араас ирж маргаан болсон. Нэг намхан залуу нь намайг унагаад дээрээс дэвссэн. Тэгээд босоод цамцаа тайлаад зогсож байтал нэг юмаар толгой руу цохисон” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Б.Азбаяр, Т.Ганганмөрөн, О.Б, Б.Ганхүслэн, Н.Гантулга нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн зулай, чамархай, хөхлөг сэртэн, суурь ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий хүнд гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 9291 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, эмчилгээний баримтууд, хохирлын баримтууд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Н.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Цын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээ, шинжилгээ, шатахууны зардал нийт 3.558.300 төгрөгийг нотлох баримтын дагуу нэхэмжилснийг мөрдөн шалгах ажиллагаанд 1.250.000 төгрөгийг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд завсарлага авч 2.309.000 төгрөгийг тус тус төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Хохирогч нь цаашид хэнгэрэг нөхүүлэх мэс засал хийлгэх зардал болон эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний гэм бурууд тохирно гэж үзэв.

        Шүүгдэгч Н.Мын эдлэх торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруул сугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.БАЙГАЛМАА