Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/152

 

2022         08           31                                              2022/ШЦТ/152

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагч М.Отгонбаатар,

         Хохирогч Д.Б /цахимаар/,

         Шүүгдэгч Г.Тт нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

  Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Тд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт: Г.Т  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг төмөр замын нүхэн гарц дотор хохирогч Д.Бтэй үл ялих зүйлээр маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          -Шүүгдэгч Г.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд нь үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй. Хохирогчийг урьд нь таньдаггүй байсан. Хамт явж байсан дүүтэй маргаад байх шиг байсан. Тэгээд би очоод чи яв гээд дүүгээ аваад явах гэтэл хохирогч хараад зогсоод байсан. Хохирогчийг пивонд явчихаад ир гэж хэлсэн нь үнэн. Хохирогчид учирсан гэмтлийн хүлээн зөвшөөрнө. Хохирогчид тусламж үзүүлээгүй байгаа. Би ажилгүй. Гар утасны төлбөрийг хүлээн зөвшөөрнө. Би энэ хүнийг унагааж өшиглөөгүй. Энэ хүн намайг 1 удаа цохисон. Хохирогчийн нүүрнээс цус гарах нь гарч байсан. Би өшиглөсөнгэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр түнелээр явж байгаад 3 залуутай таарсан. Буянжаргал гэдэг залуу нь танихгүй байна уу гээд байсан. Тэгээд намайг Тэнгис нь пиво аваад ир гэсэн. Би чадахгүй гэтэл намайг энэ хүн зодсон. Толгой өвдөөд байсан болохоор толгойгоо бариулсан. 2 үүдэн шүд хөдөлгөөнтэй болсон байсан. 1 шүд нь нэлээн хөдөлсөн болохоор имплант хийлгэх шаардлагатай гэсэн. Энэ талаарх бичиг нь байгаа. Шүдний  имплант 2.500.000 төгрөг, зураг 2.800.000 төгрөг, бариачийн төлбөр 210.000 төгрөг, зардал 50.000 төгрөг, нийт 3.060.000 төгрөг нэхэмжилнэ. Мөн миний гар утас халаасанд байсан ба унахад хагарсан байсан. Одоогоор үзүүлж амжаагүй байгаа гэсэн мэдүүлэг,

          -Гэрч Б.Буянтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гадуур явж байгаад Тэнгис ахтай таараад намайг цэцэрлэгийн хашаанд хамт сууя гэж хэлэхээр нь дүүгээ гэрт нь хүргэж өгчихөөд очиход Тэнгис ах,  гэх залуутай хамт сууж байсан. Бид 3 хамт 2 ширхэг Сэрүүн гэх нэртэй 2.5 литрийн багтаамжтай пиво ууцгаасан. Тэндээсээ малчны байр орж хүнтэй уулзахаар болоод явцгаасан. Арын төмөр замын нүхэн гарцны ойролцоо явж байх үед зүс мэдэх залуутай таарсан. Тэгээд би юу байна гэж хэлээд мөрөн дээр нь алгадсан. Тэгээд нөгөө залуу хэн бэ, таньдаг билүү гэхээр нь танихаа больчихсон юм уу чи чинь дээр сайхан найзууд явъя гээд байсан биздээ гэж хэлэхэд би эндхийх биш гэж хэлсэн. Тэгэхэд Тэнгис ах хажуугаас орж ирээд нэг пиво аваад өг гэж хэлэхэд нь нөгөө залуу чадахгүй гэсэн. Тэгэхээр нь би чи яв яв Тэнгис ахад алуулна гэж хэлээд байж байтал Тэнгис ах нөгөө залууг алгадчихсан. Нөгөө залуу пязда минь яагаад байгаа юм гэж хэлээд Тэнгис ахыг цохисон. Тэгээд Тэнгис ах зөрүүлээд тэр залууг зөрүүлээд 2 удаа нүүр рүү нь цохисон. Тэгэхэд нөгөө залуу нүүрээ дараад явган суучихсан. Тэгээд байж байтал Тэнгис ах 2-3 удаа өшиглөөд одоо эндээс зайл гэж хэлсэн. Би тэр үеэр 2 удаа гэдэс рүү нь цохисон. Тэгээд нөгөө залуу шатаар буугаад хэнээр оролдсоноо мэднэ ээ. Наанаа байж бай гэж хэлэхэд Тэнгис ах чи муу яах гээд байгаа пязда вэ гэж хэлээд шатаар буухад нөгөө залуу зугтаагаад явчихсан. Тэгээд бид нар тэндээс явцгаасан. Тухайн үед Тэнгис ах, Жаагий ах бид 3 хамт байсан өөр хүн байгаагүй. Жаагий ах цохиж зодсон асуудал байхгүй. Хараад зогсож байсан. Тэнгис ах нүүр рүү нь гараараа 3-4 удаа, хөлөөрөө гуя руу нь 2-3 удаа өшиглөсөн, би 2 удаа гэдэс рүү нь цохисон. Нөгөө залуу Тэнгис ахын нүд рүү нь 1 удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх 14-15 ху/,

           -Яллагдагч Г.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би тухайн өдөр өөрийн найз болох Жавхлантөгс, хуурай дүү болох Буянтогтох нарын хамт Сайншанд сумын 4-р багт байх цэцэрлэгийн хашаанд Сэнгүр гэх нэртэй 2.5 литрийн багтаамжтай 2 пиво хувааж уусан. Тэгээд малчны байр руу явахаар болсон. Тэгээд явж байгаад үл таних залуутай таарсан. Тухайн залуу манай дүү Буянтогтохтой юм ярьж байгаа харагдсан бөгөөд тэр хоёр маргалдаж байгаа харагдсан. Би тэгээд явж очоод нөгөө залууд хандаж 2 пиво аваад ир гэж хэлэхэд би яахаараа явдаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би 1 алгадсан. Намайг тэгэхэд зөрүүлээд 1 цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд 2 удаа нүүр рүү нь цохисноо санаж байна тэгээд цааш нь юу болсныг санахгүй байна. Тухайн үед би нэлээн согтолттой байсан. Үл таних залуу Буянтогтохыг цохисон эсэхийг хараагүй. Жавхлантөгс цохисон зодсон зүйл байхгүй. Надад ямар нэгэн гэмтэл байхгүй. Миний зүүн нүд рүү нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх 20-21, 43 ху/,      

           -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/0304 дугаартай дүгнэлтэнд:

          1.Д.Бийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөг, баруун мөрний зулгаралт, дээд баруун 1, зүүн 1 дүгээр шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Учирсан гэмтэл тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хөмсөг, баруун мөрний зулгаралт, дээд баруун 1, зүүн 1 дүгээр шүдний ганхалт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

        4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 29-30 ху/,

         -Яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн баримтууд /хх 25-28 ху/,

         -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 47ху/

         -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурор тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 39-40, 43 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

          Шүүгдэгч Г.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг төмөр замын нүхэн гарц дотор хохирогч Д.Бтэй үл ялих зүйлээр маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Г.Тийн “Урьд нь үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй. Хохирогчийг урьд нь таньдаггүй байсан. Хамт явж байсан дүүтэй маргаад байх шиг байсан. Тэгээд би очоод чи яв гээд дүүгээ аваад явах гэтэл хохирогч хараад зогсоод байсан. Хохирогчийг пивонд явчихаад ир гэж хэлсэн нь үнэн. Хохирогчид учирсан гэмтлийн хүлээн зөвшөөрнө. ...Би өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Бийн “түнелээр явж байгаад 3 залуутай таарсан. Буянжаргал гэдэг залуу нь танихгүй байна уу гээд байсан. Тэгээд намайг Тэнгис нь пиво аваад ир гэсэн. Би чадахгүй гэтэл намайг энэ хүн зодсон” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Буянтогтохын “...Тэнгис ах,  гэх залуутай хамт сууж байсан. Бид 3 хамт 2 ширхэг Сэрүүн гэх нэртэй 2.5 литрийн багтаамжтай пиво ууцгаасан. Тэндээсээ малчны байр орж хүнтэй уулзахаар болоод явцгаасан. Арын төмөр замын нүхэн гарцны ойролцоо явж байх үед зүс мэдэх залуутай таарсан. Тэгээд би юу байна гэж хэлээд мөрөн дээр нь алгадсан. Тэгээд нөгөө залуу хэн бэ, таньдаг билүү гэхээр нь танихаа больчихсон юм уу чи чинь дээр сайхан найзууд явъя гээд байсан биздээ гэж хэлэхэд би эндхийх биш гэж хэлсэн. Тэгэхэд Тэнгис ах хажуугаас орж ирээд нэг пиво аваад өг гэж хэлэхэд нь нөгөө залуу чадахгүй гэсэн. Тэгэхээр нь би чи яв яв Тэнгис ахад алуулна гэж хэлээд байж байтал Тэнгис ах нөгөө залууг алгадчихсан. Нөгөө залуу пязда минь яагаад байгаа юм гэж хэлээд Тэнгис ахыг цохисон. Тэгээд Тэнгис ах зөрүүлээд тэр залууг зөрүүлээд 2 удаа нүүр рүү нь цохисон. Тэгэхэд нөгөө залуу нүүрээ дараад явган суучихсан. Тэгээд байж байтал Тэнгис ах 2-3 удаа өшиглөөд одоо эндээс зайл гэж хэлсэн. ...Тэнгис ах нүүр рүү нь гараараа 3-4 удаа, хөлөөрөө гуя руу нь 2-3 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөг, баруун мөрний зулгаралт, дээд баруун 1, зүүн 1 дүгээр шүдний ганхалт бүхий гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0304 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Г.Тийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Энэ хэргийн улмаас хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт 3.060.000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

         Иймд хохирогч нь хохиролоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

          Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурорын санал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдогдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.БАЙГАЛМАА