| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2022/0147/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/150 |
| Огноо | 2022-08-30 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/150
2022 08 30 2022/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
улсын яллагч М.Отгонбаатар,
шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Аод холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Д.А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.А нь 2022 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө .....од хохирогч Ж.Дтай маргалдах үедээ түүний эзэмшлийн .... улсын дугаартай, Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг гараар цохиж урд салхины, баруун хойд хаалганы шилийг хагалж гэмтээн 430.000 төгрөгийн хохирол учруулж, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Тухайн үед архи уусан байсан. Болсон асуудлын заримыг нь санахгүй байна. Хохиролд 900.000 төгрөг төлсөн. Миний буруу, хэргийн хувьд маргахгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ж.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 07 сарын 28-ны өдөр хөгжимчин Сүхбат найз Аыг дуудаад уулзаад 1 шил архи Цэцэгдэлгэрийнх рүү авч очсон тэр нэг шил архийг задлаад бөөндөө уусан... Аыг Цэцэгдэлгэр би Сүхбат бид хэд гэрт нь хүргэж өгөх гээд хашаанаас гарахад гэрээ хаана байгааг мэдэхгүй байна гээд буцаад орж ирсэн. Тэгээд Сүхбат Цэцэгдэлгэр шууд амарлаа гээд орсон А нь надтай юм ярьж сууж байгаад намайг пизда минь гэж дуудаж үгээр идсэн. Тэгэхэд нь би машины хаалга онгойлгоод буусан. Миний араас А нь машинаас буухдаа нүүрээрээ газар унасан, татаад босгох гэхэд миний зүүн ншүдний хажуу хэсэг рүү гараараа цохиж хагалсан. Тэгээд тэр гэрийн эзэн өвгөн түүний эхнэр болон Цэцэгдэлгэр нар бүгдээрээ гарч ирсэн. Тэгээд Аыг гэрийн эзэн цаашаа авч явах үед буцаж эргэж машины салхины шилийг 3 удаа гараараа цохиж хагалсан. Тэгээд намайг гэрийн эзний эхнэр нь гэр лүүгээ оруулсан. Арын цонхыг бол Цэцэгдэлгэртэй хамт гадаа байхдаа хагалсан байсан гэсэн мэдүүлэг /хх 4-5, 14-15 ху/,
-Гэрч Б.Цэцэгдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манай хашаанд байсан Дгийн эзэмшлийн 31-88 УНЕ улсын дугаартай, Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн шилийг хагалсан байсан. Намайг гарч очсоны дараа хамт байсан А гэгч нь жолоочийн арын шилийг хагалсан гэсэн мэдүүлэг /хх 2-3, 26 ху/,
-Гэрч Ц.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 07 сарын 28-ны орой болсон байхад манай дунд охин болох Б.Цэцэгдэлгэр нь Дорноговь аймаг Сайншанд сум 2-р баг Энхтайваны гудамжны 410 тоотод байрлах манай гэрт хамт ажилладаг ажлын хүмүүстэй ирсэн. Тэгээд хоол унд идчихээд 23 цагийн орчимд машиндаа орж унтлаа гээд гарсан. Бид хэд ч бас гэртээ унтахаар болсон. Би шөнийн 02 цаг болж байхад бие засахаар гарж байхад машины зөв талын аль нэг хаалганаас хүн унаж байсан. Тэгэхээр нь би орж гэрт байгаа хүмүүсээ дуудаад машинаас хүн ойчоод нүүрээрээ доошоо харсан байна гээд хэлсэн. Охин Цэцэгдэлгэр нь гараад машинаас ойчсон хүнийг босоорой гээд босгож байсан. Тэгээд би чинь юун согтуу танихгуй хун орж ирсэн юм бэ гээд хашаанаасаа гаргасан чинь удалгүй буцаж хашааны том хаалга хүчтэй тулхэж орж ирсэн тэгэхээр нь би цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг /хх 21 ху/,
-Гэрч Г.Сүхбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 07 сарын 28-ны өдөр 16 цагийн орчимд бэлтгэл дуусаж Цэцэгдэлгэрийн аавынх рүү ирж амарч байгаад оройн 20 цагийн үед гэр булийн талбайруу очиж сууж байхдаа Д.Атой би чатаар холбогдоод уулзахаар болсон. 21 цагийн үед Д.Атой гэр бүлийн талбайн цаана байх гүүрний тэнд уулзсан. Уулзахад бид гурав бүгд хамт явж байсан. Тэгээд би 1 шил архи авч хувааж уусан. Тэгээд юм ярьж суусаар байгаад 00 цагийн орчимд Д.Аыг хүргэж өгье гээд хашаанаас гараад явж байсан чинь би гэрлүүгээ согтуу болохгүй талаар юм яриад байсан. Тэгээд буцаад хашаан дотор оруулж ирээд би тэгэхээр нь гэрлүү орж амарлаа гэхэд Д би танай найзтай хамт машин дотроо хоночихъё гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,
-Яллагдагч Д.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр архиа ууж дуусгаад бүгд амрахаар болж би Д ахын хамт машинд үлдэж Д ахтай юм ярьж байгаад муудаж, Дгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн урд талын болон жолоочийн ард талын хаалганы салхины шилийг нь гараараа цохиж хагласан гэсэн мэдүүлэг /хх 25, 42 ху/,
-Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 6 ху/,
-Хохирлын үнэлгээ, гэрэл зураг /хх 7-8 ху/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 34-36, 42 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 42 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.А нь 2022 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө .....од хохирогч Ж.Дтай маргалдах үедээ түүний эзэмшлийн 31-88 УНЕ улсын дугаартай, Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг гараар цохиж урд салхины болон баруун хойд хаалганы шилийг хагалж гэмтээн 430.000 төгрөгийн хохирол учруулж, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Д.Аын “...Тухайн үед архи уусан байсан. Болсон асуудлын заримыг нь санахгүй байна. Хохиролд 900.000 төгрөг төлсөн. Миний буруу, хэргийн хувьд маргахгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.Дгийн “...А нь надтай юм ярьж сууж байгаад намайг пизда минь гэж дуудаж үгээр идсэн. Тэгэхэд нь би машины хаалга онгойлгоод буусан. Миний араас А нь машинаас буухдаа нүүрээрээ газар унасан, татаад босгох гэхэд миний зүүн ншүдний хажуу хэсэг рүү гараараа цохиж хагалсан. Тэгээд тэр гэрийн эзэн өвгөн түүний эхнэр болон Цэцэгдэлгэр нар бүгдээрээ гарч ирсэн. Тэгээд Аыг гэрийн эзэн цаашаа авч явах үед буцаж эргэж машины салхины шилийг 3 удаа гараараа цохиж хагалсан. Тэгээд намайг гэрийн эзний эхнэр нь гэр лүүгээ оруулсан. Арын цонхыг бол Цэцэгдэлгэртэй хамт гадаа байхдаа хагалсан байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Цэцэгдэлгэр, Ц.Дэлгэрмаа, Г.Сүхбат нарын мэдүүлгүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хохирлын үнэлгээ, гэрэл зураг болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Энэ хэргийн улмаас хохирогч Ж.Дгийн эд хөрөнгөд 490.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирлоо нөхөн төлүүлсэн талаар бичгээр хүсэлт ирүүлсэн болох нь хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол төлбөргүй болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА