Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/149

 

 

 

 

 

 

   

                                 

      2022         08           30                                        2022/ШЦТ/149

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Г.Н

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Н нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны орой Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замд .... ДГС улсын дугаартай Тоёота Альфарт маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Б.Эий биед зүүн бугалга ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Г.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Мөрдөгчийн магадлагаагаар Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн гэж үзсэнийг зөвшөөрч байгаа. Жолооч болоод 4 жил болж байна. Ер нь хот хооронд зөндөө явж байсан. Урд машин алга гээд гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн. Хурдтай явснаа хүлээн зөвшөөрнө. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна, миний буруу. Прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн мэдүүлэг,

          -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Туяацэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 05 дүгээр сарын 23-ны өдөр би нөхөр хүүхдүүдийн хамтаар Улаанбаатар хотоос Сайншандын чиглэлд явсан тухайн үед манай дүү Б.Отгонбаяр өөрийн эзэмшлийн 4610 ДГС улсын дугаартай тоёота альфарт маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр хүүхдийн хамт гарсан. Хотоос гарахад дүүгийн машинд манай охин 9 настай Б.Э, 5 настай Б.Энэрэл нар манай дүү Б.Отгонбаярын машинд суугаад явсан. Хотоос гараад Говьсүмбэр аймаг хүртэл манай дүү Б.Отгонбаяр өөрөө машинаа барьж яваад Говьсүмбэр дээрээс манай дүүгийн эхнэр болох Г.Н машинаа бариад явсан. Би нөхрийн хамт машинтай урд нь явсан. Даланжаргалан сум өнгөрч байхад 20.00 цаг өнгөрч байхад 98-тай гар утасны дугаараас нэг эрэгтэй хүн залгаад 4610 дугаартай машин замын хажууд унаад осол гаргачихлаа гэж хэлсэн. Би нөхөртэйгөө буцаад явтал замын зүүн талын шороон хэсэг рүү манай дүү нар замаас гараад машинтай унаж зам тээврийн осол гаргасан байсан. Би очоод дүү нараасаа биеийн байдлыг нь асуугаад юу болов гэж асуухад машин гүйцэж түрүүлэх гэж байгаад ийм зүйл болчихлоо гэж манай дүүгийн эхнэр хэлж байсан. Тухайн осол болсны дараа Даланжаргалан сумын эмнэлэгт очсон манай дүү Б.Отгонбаяр хүүхдүүд болох О.Ану, О.Ананд нарын биед гэмтэл учраагүй байсан. Дүүгийн эхнэр Г.Нийн баруун гар нь зулгарсан, манай том охин Б.Эий зүүн гар бугалга хэсгээр хугарсан гэмтэлтэй байсан. Тухайн үед хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй манай машины араас дагаж явах үедээ 70-75 км цагийн хурдтай явж байсан. Тухайн 4610 ДГС тээврийн хэрэгсэл нь манай дүү Б.Отгонбаярын өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Техникийн хувьд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй тээврийн хэрэгсэл байсан юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай хүүхдүүд багаасаа ах эгч 2 дээрээ өссөн их дотно байдаг тиймдээ ч Улаанбаатар хотоос гарахдаа ах эгчийнхээ машинд сууна гээд машинд нь сууж явсан юм гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,

            -Гэрч Б.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би өөрийн эзэмшлийн 4610 ДГС улсын дугаартай тоёота альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр Г.Н хүү 7 настай Ананд, 5 настай охин Ану, эгч Туяацэцэгийн охин 5 настай Энэрэл, 9 настай охин Э нарын хамтаар Улаанбаатар хотоос Сайншанд чиглэлд явсан. Би Улаанбаатар хотоос гарахад машин бариад Говьсүмбэр аймаг хүртэл яваад Говьсүмбэр аймгаас манай эхнэр Г.Н машин барьж явсан. Би хүүхдүүдийн хамт машины арын суудалд сууж явсан. Даланжаргалан сум өнгөрөөд хойноос урагш чиглэлтэй явж байгаад би хэсэг хугацаанд унтчихсан байсан. Унтаж байтал гэнэт машин даржигнаад дуугарах шиг чимээ гарсан. Тэгээд л машин замын хажуу руу гарч осол болсон. Миний 4610 ДГС тээврийн хэрэгсэл 2004 онд үйлдвэрлэгдсэн 2014 онд Монголд орж ирсэн, тээврийн хэрэгслийн оношилгоонд орсон. Техникийн хувьд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Тухайн үед унтаж байсан болохоор хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй. Миний зүүн гар бугалга хэсэгт бага зэрэг шалбарч урагдсан өөр гэмтэл байхгүй. Шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргах шаардлага байхгүй. Хүүхдүүдийн бие одоогоор ил харагдах гэмтэл байхгүй. Эгчийн хүүхэд Эий мөр мултарсан байна гэсэн. Цаашид хүүхдүүдээ нарийн мэргэжлийн эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх эсэхийг шийднэ. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/,

           -Яллагдагч Г.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би нөхөр Б.Отгонбаяр, хүү 7 настай Ананд, 5 настай охин Ану, эгч Туяацэцэгийн охин 5 настай Энэрэл, 9 настай охин Э нарын хамтаар  нөхрийнхөө эзэмшлийн 4610 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос Сайншанд чиглэлд явсан. Улаанбаатар хотоос манай нөхөр машинаа бариад Говьсүмбэр аймаг хүртэл яваад машины арын суудалд хүүхдийн хамтаар сууж би машин жолоодож явсан. Даланжаргалан сум өнгөрч яваад урд явж байсан ачааны 2110 машины хажуугаар гүйцэж түрүүлэх гэж байгаад замын зүүн талын шороон хөвөөний хэсэгт машины дугуй гарч шарвалт өгөөд замын хажуу хэсэг рүү шарваж осол гарсан. Би 80 км цагийн хурдтай явсан. Би жолоочийн B ангиллын үнэмлэхтэй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 19-20, 60 ху/,

          -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 02/0357 дугаартай дүгнэлтэнд:

           1.Б.Эий биед зүүн гарын бугалга ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

           2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

           3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

         5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 30 ху/,

          -Осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 5-10 ху/,

          -Яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх /хх 31-46 ху/,

          -Техникийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх 47-49 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 68 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 54-56, 60 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Г.Н нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны орой Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замд 46-10 ДГС улсын дугаартай Тоёота Альфарт маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Б.Эий биед зүүн бугалга ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Г.Нийн “...Жолооч болоод 4 жил болж байна. Ер нь хот хооронд зөндөө явж байсан. Урд машин алга гээд гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн. Хурдтай явснаа хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Туяацэцэгийн “...Даланжаргалан сум өнгөрч байхад 20.00 цаг өнгөрч байхад 98-тай гар утасны дугаараас нэг эрэгтэй хүн залгаад 4610 дугаартай машин замын хажууд унаад осол гаргачихлаа гэж хэлсэн. Би нөхөртэйгөө буцаад явтал замын зүүн талын шороон хэсэг рүү манай дүү нар замаас гараад машинтай унаж зам тээврийн осол гаргасан байсан. Би очоод дүү нараасаа биеийн байдлыг нь асуугаад юу болов гэж асуухад машин гүйцэж түрүүлэх гэж байгаад ийм зүйл болчихлоо гэж манай дүүгийн эхнэр хэлж байсан. ...манай том охин Б.Эий зүүн гар бугалга хэсгээр хугарсан гэмтэлтэй байсан” гэсэн мэдүүлэг,            гэрч Б.Отгонбаярын мэдүүлэг, хохирогчийн биед зүүн гарын бугалга ясны хугарал гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0357 дугаартай дүгнэлт, осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, техникийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Г.Нийн үйлдэл нь хохирогчид учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэв.

          Дорноговь аймгийн прокуророос шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

          Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч хохирол нэхэмжлээгүй ба гомдол саналгүй талаар хүсэлт ирүүлсэн болох нь хавтаст хэргийн 74 дүгээрт авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Нд ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

           Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол төлбөргүй болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж шийдвэрлэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Г.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчээс хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.БАЙГАЛМАА