Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/156

 

 

 

 

 

   

                                                                                                    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагч М.Отгонбаатар,

Хохирогч Ц.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

Биеийн байцаалт: Г.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчигийн 14-14 тоот монгол гэрт орохдоо хохирогч Ц.Эын эзэмшлийн 550.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Г.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирлоо төлж чадаагүй. Хүүхдийн паркын барилга дээр ажиллаж байгаа. Санхүүжилт орж ирээгүй гээд цалин буугаагүй. Одончимэгээс 20.000 төгрөг авсан, өөр мөнгө аваагүй. Буруу зүйл хийснээ ойлгож байгаа. Хохирлыг төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Ц.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 23-нд өвөө эмээ хоёрын гэрт үүрээр энэ хүн бас нэг хүнтэй ороод гарахдаа өвөөгийн мөнгөн аягыг авсан байсан. Энэ талаар эмээ надад хэлэхээр нь цагдаад мэдэгдсэн. Энэ хүн хэргээ хүлээсэн. Тагшийг нь хаяад мөнгийг нь ломбарданд тавьсан байсан. Тэгээд тэр мөнгийг нь буцааж авсан. Тагш нь бол дээр үеийн тагш байгаа юм. Уг нь тагшийг нь өгчих гэж их гуйсан. Тагшны мөнгө 2.500.000-г өгнө гэж энэ хүн манай ахад хэлсэн байсан. Хэрэгт байгаа мөнгөн аяганы үнэлгээг зөвшөөрч байна. Дахин тэр хавиар битгий яваарай гэж хэлмээр байна гэсэн мэдүүлэг,

-Иргэний хариуцагч Б.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: ...би 2022 оны 05 дугаар сарын 23- ны өдөр Эрс хүч барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлсэн. Надад Г.Б мөнгөн аяганы хуулсан мөнгө өгөөд та энийг ломбарданд тавиад өгөөч гэж хэлсэн. Би тухайн мөнгийг барьцаалан зээлдүүлэх газарт тавьж өгсөн. ...би 120.000 төгрөгийг Мөнгөнцэцэгт өрөндөө, ...Г.Бт өөрт нь 20.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг, /хх 13-14 ху/,

-Гэрч Д.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  2022 оны 05 дугаар сарын 23-ны үүрээр Г.Бын хамт явж байсан бөгөөд Г.Б намайг дагуулаад Сайншанд сумын 1 дүгээр баг, Малын худгийн хажууд байх айлд очсон. Тухайн айл нь Монгол гэртээ эмгэн, өвгөн хоёр байсан. Тэр айлд ус уух гэж орсон, гэрт байсан хоносон бууз байхаар нь идчихээд гарсан. Гараад Г.Бын гэрт очсон. Тэгтэл Г.Б халааснаасаа 1 ширхэг мөнгөн аяга гаргаад ирсэн. Тэгэхээр нь буцааж наадахаа өг. Хэрэгт орно гэж хэлсэн. Тэгтэл Г.Б би өөрөө өөрийгөө мэдэж байна гэж хэлсэн. Миний үгэнд ороогүй тул би хэвтээд өгсөн. Тэгээд босоход Г.Б гэртээ байхгүй гараад явчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх 19-20 ху/,

-Иргэний нэхэмжпэгч Д.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  2022 оны 05 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн орчимд Одноо гэх зүс таних эмэгтэй мөнгөн аяганы хуульсан мөнгө зарахаар орж ирсэн. Тухайн мөнгийг грамлаж үзэхэд 151 грамм мөнгө болсон бөгөөд нийт 241.000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн мэдүүлэг /хх 24-25 ху/,

-Яллагдагч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Дэлгэр эгчийн ээж аав болох монгол гэрт амьдардаг малын худгийн урд байдаг гэрт нь очсон. Гэрийн үүдийг нүдэхэд Дэлгэр эгчийн ээж нь гэх настай хөгшин хаалга тайлсан. Батжаргал бид хоёр тэдний гэрт ороод ширээнийх нь 2 талд суусан. Тэгээд бид хоёр тэндээс ус уугаад, мөнгөн аяга дотор хоносон бууз байсныг идчихээд мөнгөн аягыг нь аваад явчихсан. Би Батжаргалын хамт гэртээ ирээд мөнгөн аягыг нь авчихлаа гэж хэлсэн. Тэгэхэд Батжаргал буцаагаад өгөө гэж хэлж байсан.  Би тухайн үед архи уучихсан байсан болохоор мөнгөн аягыг ломбарданд иавихаар Одончимэг эгчийг гуйж тавиулсан. Одончимэг эгч ломбарднаас гарч ирээд хэдэн төгрөг болсныг хэлээгүй, надад 20.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгөөр нь архи ус ундаа авахаар болсон. Дэлгүүрээс архи ус ундаа авсан бөгөөд гараад явж байхад цагдаа нар ирээд намайг бариад авсан. ...Хуучны мөнгөн аяга байсан бөгөөд хэдий хэмжээтэй аяга байсныг мэдэхгүй байна.Ёроол хэсэг нь хууларсан мөнгөн аяга байсан. Хашааны ёроол хэсэг рүү тагшийг нь шидсэн гэсэн мэдүүлэг /хх 32-33 ху/,

 -Ашид билгүүн ХХК-ийн хулгайд алдсан гэх мөнгөн аягыг 550.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 45-47 ху/,    

 -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 56-58, 61 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 82 ху/,

-Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 84-121 ху/

 -153 гр мөнгөний зах зээлийн үнэлгээ 322.748.91 төгрөг болсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 169-171 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчигийн 14-14 тоот монгол гэрт орохдоо хохирогч Ц.Эын эзэмшлийн 550.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Г.Бын хэргээ хүлээн мэдүүлсэн “...Буруу зүйл хийснээ ойлгож байгаа. Хохирлыг төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн, хохирогч Ц.Эын “...өвөө эмээ хоёрын гэрт үүрээр энэ хүн бас нэг хүнтэй ороод гарахдаа өвөөгийн мөнгөн аягыг авсан байсан. Энэ талаар эмээ надад хэлэхээр нь цагдаад мэдэгдсэн. Энэ хүн хэргээ хүлээсэн. Тагшийг нь хаяад мөнгийг нь ломбарданд тавьсан байсан. Тэгээд тэр мөнгийг нь буцааж авсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн иргэний хариуцагч Б.Одончимэгийн “...би 2022 оны 05 дугаар сарын 23- ны өдөр Эрс хүч барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлсэн. Надад Г.Б мөнгөн аяганы хуулсан мөнгө өгөөд та энийг ломбарданд тавиад өгөөч гэж хэлсэн. Би тухайн мөнгийг барьцаалан зээлдүүлэх газарт тавьж өгсөн. ...би 120.000 төгрөгийг Мөнгөнцэцэгт өрөндөө, ...Г.Бт өөрт нь 20.000 төгрөг өгсөн” гэсэн, гэрч Д.Батжаргалын “...үүрээр Г.Бын хамт явж байсан бөгөөд Г.Б намайг дагуулаад Сайншанд сумын 1 дүгээр баг, Малын худгийн хажууд байх айлд очсон. Тухайн айл нь Монгол гэртээ эмгэн, өвгөн хоёр байсан. Тэр айлд ус уух гэж орсон, гэрт байсан хоносон бууз байхаар нь идчихээд гарсан. Гараад Г.Бын гэрт очсон. Тэгтэл Г.Б халааснаасаа 1 ширхэг мөнгөн аяга гаргаад ирсэн. Тэгэхээр нь буцааж наадахаа өг. Хэрэгт орно гэж хэлсэн. Тэгтэл Г.Б би өөрөө өөрийгөө мэдэж байна гэж хэлсэн. Миний үгэнд ороогүй тул би хэвтээд өгсөн” гэсэн, иргэний нэхэмжпэгч Д.Алтантуяагийн “...2022 оны 05 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн орчимд Одноо гэх зүс таних эмэгтэй мөнгөн аяганы хуульсан мөнгө зарахаар орж ирсэн. Тухайн мөнгийг грамлаж үзэхэд 151 грамм мөнгө болсон бөгөөд нийт 241.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн, яллагдагч Г.Бын “...Дэлгэр эгчийн ээж аав болох монгол гэрт амьдардаг малын худгийн урд байдаг гэрт нь очсон. Гэрийн үүдийг нүдэхэд Дэлгэр эгчийн ээж нь гэх настай хөгшин хаалга тайлсан. Батжаргал бид хоёр тэдний гэрт ороод ширээнийх нь 2 талд суусан. Тэгээд бид хоёр тэндээс ус уугаад, мөнгөн аяга дотор хоносон бууз байсныг идчихээд мөнгөн аягыг нь аваад явчихсан. Би Батжаргалын хамт гэртээ ирээд мөнгөн аягыг нь авчихлаа гэж хэлсэн. Тэгэхэд Батжаргал буцаагаад өгөө гэж хэлж байсан.  Би тухайн үед архи уучихсан байсан болохоор мөнгөн аягыг ломбарданд тавихаар Одончимэг эгчийг гуйж тавиулсан” гэсэн мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

 Нөгөөтэйгүүр хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болдгоороо онцлогтой юм.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй байна. .

Түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, бусдын эд хөрөнгийг хувийн ашиг олох гэсэн шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх үндэслэл болно.  

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлөгдөөгүй байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Б урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгэгдэж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 73 дугаартай захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар дээрхи  оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 16 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэжээ.

Гэвч шүүгдэгч Г.Б нь зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй.

Дорноговь аймаг дахь ШШГГ-аас ирүүлсэн ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын тооцоогоор Г.Б нь биеэр 1 жил 1 сар 27 хоногийн ял эдэлсэн байх бөгөөд одоо үлдэгдэл ял 9 сар 20 хоног байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 73 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 9 сар 20 хоногийн хорих ялыг хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 9 сар 20 хоногийн хугацаагаар тогтоов.

Энэ хэргийн улмаас 550.000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн аяга алдагдсан бөгөөд тухайн тагшнаас хуулж авсан мөнгө нь үнэлгээний дагуу 322.748 төгрөг болж байгаа ба үүнийг дээрхи хохирлоос  хасч тооцон үлдэх 227.252 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Эт олгох нь зүйтэй.

Иргэний нэхэмжлэгч Д.Алтантуяа нь 151 гр мөнгөний үнэ 241.000 төгрөгийг Б.Одончимэгт өгсөн, Одончимэг нь энэ мөнгөнөөс 20.000 төгрөгийг Г.Бт өгсөн болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн тул иргэний хариуцагч Б.Одончимэгээс 221.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Баас 20.000 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох, мөн шүүгдэгчээс шинжээчийн зардал 70.000 төгрөгийг гаргуулж 50.000 төгрөгийг хохирогч Ц.Эт, 20.000 төгрөгийг Ашид билгүүн ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-д зааснаар шинжээчийн зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдоно.

Шүүгдэгчийг шүүхээс гэм буруутай болохыг тогтоосон тул шинжээчийн зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч хохирол төлөх талаар завсарлага авсан боловч Ашид билгүүн ХХК-д олгох 20.000 төгрөгний шинжээчийн зардлыг төлж, бусад хохирлыг төлөөгүй байна.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус  дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил, 3 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 11 сар, 16 хоногийн ялыг Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаар захирамжаар мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольсноос элдээгүй үлдсэн 9 сар, 20 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 9 /ес/ сар, 20 /хорь/ хоногийн хугацаагаар тогтоосугай.        

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын эдлэх 1 жил, 9 сар, 20 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баас 297.252 төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймаг Сайншанд сум 1-р баг, Данзанваанчигийн 513 тоот Ц.Эт /ЕЗ90010807/  277.252 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймаг Сайншанд сум 1-р баг Шинэзууны 32-24 тоот Д.Алтантуяад /ЕЮ77041503/ 20.000 төгрөгийг, иргэний хариуцагч Дорноговь аймаг Сайншанд сум 3-р баг МЗ-8-9 тоот Б.Одончимэгээс /ЕЭ68120264/ 221.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Алтантуяад тус тус олгосугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.БАЙГАЛМАА