Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 382

 

 

 

 

 

 

Д.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Г.Эрдэнэ,

          яллагдагч Д.О,

          нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 801 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Алтансүхийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 47 дугаартай эсэргүүцлээр Д.От холбогдох ................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Дашдондогийн Д.О, 1979 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Спэйшл прожектс” ХХК-д төсөл хариуцсан ерөнхий инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ............................. тоотод оршин суух хаягтай, /РД:............................/;

Сонгинхайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 425 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

 

Д.О нь 2018 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кино үйлдвэрийн автобусны буудлын орчим иргэн Б.Норовсамбуутай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн хэсэгт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

1. Хавтас хэргийн 7-9 дүгээр талд хохирогчоор Б.Норовсамбууг 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр тогтоосон атлаа 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлэг авсан нь ойлгомжгүй байна,

2. Хавтас хэргийн 11 дүгээр талд хохирогч Б.Норовсамбуу мэдүүлэхдээ ...баарнаас гарах үед үүдэн дээр 3 эмэгтэй бааранд муудалцсан залуучуудтай андууран бид 3-луу дайран хэрүүл маргаан хийгээд байж байтал тэр 3-ын нэгнийнх найз залуу гээд нэг залуу ирж найз охиноо өмөөрөн бид 3-тай хэрүүл маргаан хийгээд байж байтал тэнд байсан нэг эмэгтэй нь миний үснээс зулгаагаад байж байсан нөгөө залуу нь манай 2 найзтай маргалдаж байгаад газраас чулуу авахаар нь би хоёр найздаа хэлсэн манай хоёр найз холдоод зугтаасан ..., тэр залуу миний толгой руу чулуугаар цохиж хагалаад зугтаагаад явсан ..., зодоон дууссаны дараа манай найз утсан дээрээ бичлэг хийгээд байсан гэх,

Хавтас хэргийн 12 дугаар талд хохирогчийн дахин өгсөн мэдүүлэгээр ... манай найз Буяндэлгэрт найз эмэгтэй хоргоогоод байна уу, манай охидуудыг зүгээр байлга гээд маргаад байсан ..., тэгээд баарны хамгаалагч болон бид салаад хашаанаас гарсан гэх мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй байх ба тухайн гэмт хэрэг гарах үед баарны хамгаалагч байсан гэж мэдүүлж байгаа бөгөөд тухайн үед байсан гэх хамгаалагчийг гэрчээр асуух,

3. Тухайн хэрэг болох цаг хугацаанд 3 эмэгтэй байсан талаар яллагдагч, хохирогч, гэрч нар мэдүүлдэг, мөн хохирогч 2 найзын хамт явсан гэж мэдүүлдэг бөгөөд гэрчээр Лхамаа, Батсүх нарыг асуух,

4. Хавтас хэргийн 16 дугаар талд гэрчээр Д.О мэдүүлэхдээ ...найз Энхжаргал, Лхамаа, Гэрлээ бид 3 орсон..., Энхжаргал бид хоёр тооцоо хийгээд түрүүлээд гарсан ..., зам дагаад офицер тал руу чиглээд алхсан ..., Лхамаа, Гэрлээ 2-ыг ирэхгүй болохоор нь хайчсан юм гээд эргээд бааранд очиход манай хоёр найз баарны гадна 3 эрэгтэй хүнтэй маргаад зогсож байсан гэх мэдүүлэг,

Хавтас хэргийн 19 дүгээр талд гэрч Н.Энхжаргал мэдүүлэхдээ: ... бид 04 цагийн орчим баарнаас гарахад хашаанаас Д.О түрүүлээд гарахаар нь би араас нь гарсан хойно манай 2 найз ард орилоод байсан ..., баарны хашаанаас гарч ирээд нарийн гудамжны үзүүрт Д.Оыг хавирч унагаагаад нийлээд өшиглөөд байсан гэх мэдүүлэг,

Хавтас хэргийн 20  дугаар талд гэрч Д.Мөнхгэрэл мэдүүлэхдээ ...Д.О босч ирээд нөгөө хүнтэйгээ бас заамдалцаад байсан ..., би тэр үед голоор нь орж салгах гэж оролдсон. Тэгээд зогсож байснаа тэр залуучууд гүйгээд явчихсан гэх мэдүүлэг,  

Хавтас хэргийн 23 дугаар талд гэрч Д.Буяндэлгэр мэдүүлэхдээ ...Батсүх, Норовсамбуу 2-ыг түрүүлж гаргаад угаалгын өрөө орчихоод гарсан ... гэтэл баарны гадна найз Батсүх рүү үл таних 3 эмэгтэй, нэг залуугийн хамт маргалдаж байсан ..., гэтэл араас нөгөө залуу 3 охины хамт ирээд намайг дуудсан. Тэгээд би зодоон цохион болоогүй юм чинь ингээд салъя гэж хэлсэн ..., хэрэг болсон газар буцаад очтол Норовсамбууг үсдсэн махлаг эмэгтэй ганцаараа зогсож байсан гэх мэдүүлэгүүдээр гэрч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байх тул мэдүүлгийн зөрүүг арилгах,

Хавтас хэргийн 41 дугаар талд яллагдагчаар Д.О мэдүүлэхдээ ... би тухайн хүний толгой хагалаагүй гэх мэдүүлгээр гэм буруу дээрээ маргаж байх тул дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах нь яллагдагчийн гэм бурууг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд чухал ач холбогдолтой гэж шүүх үзлээ.

Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дашдондогийн Д.От холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ч.Алтансүх бичсэн эсэргүүцэлдээ: “...Д.От холбогдох эрүүгийн 1806098950309 дугаартай хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Тус гомдол мэдээллийг хүлээн авч 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хохирогчоор мэдүүлэг авсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 147 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Норовсамбуугийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон тул 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Б.Норовсамбууг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хохирогчоор мэдүүлэг авсан нь хууль зөрчөөгүй байна.

 Хавтас хэрэгт авагдсан хохирогч Б.Норовсамбуугийн “...Гэтэл тухайн эрэгтэй газар тонгойгоод чулуу авч байхыг нь би харсан. Тэгээд би 2 найздаа энэ залуу чинь чулуу авчихлаа” гэж хэлээд үсдсэн байсан гарыг нь мултлаад гүйх гэтэл араас чулуугаа шидчихсэн. Тэгээд миний толгой халуу оргиод байхаар нь гараараа дараад үзтэл цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Мөнхгэрэлийн “...Д.О босч ирээд нөгөө хүнтэйгээ бас заамдалцаад байсан. Би тэр үед нь голоор нь ороод хажуугаар нь салгах гэж оролдсон. Тэгээд зогсож байснаа тэр залуучууд гүйгээд явчихсан. Хэсэг хугацааны дараа тэр залуучууд буцаж ирээд нэг нь миний толгойг хагалсан байна гэсэн. Тэгэхээр нь бид нар та нар яахаараа хүний толгой хагалдаг юм бэ гэхэд та нар толгой хагалчихлаа ш дээ гээд цус гарчихсан ирсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Буяндэлгэрийн “...тухайн залуу руу хартал доошоо газар тонгойж байсан. Гэтэл Норовсамбуу “чулуу авчихлаа шүү” гэж хэлэхээр нь би согтуу Батсүх найзыгаа аваад түрүүлээд гүйсэн. Гэтэл араас Норовсамбуу үсдүүлсэн үсээ тавиулчихаад араас гүйсэн. Норовсамбууг араас гүйх үед таг гээд маш чанга чимээ гарсан. Тэгээд эргээд хартал Норовсамбуу цохиулчихлаа гэхээр нь Норовсамбуу дээр яваад очтол толгойн  ар талын хэсгээс маш их цус гарч байсан...” гэсэн мэдүүлгүүдээр яллагдагч Д.О нь хангалттай нотлогдсон тул баарны хамгаалагч болон Лхамаа, Батсүх нарыг гэрчээр асуулгах шаардлагагүй байна.

Яллагдагчийн гэм буруутайг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 801 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү...” гэжээ.

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр энэ хэргийн хувьд бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Эсэргүүцлээ дэмжиж байна ...” гэв.

 

Шүүгдэгч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд намайг өмнө нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байсан байдлаар хандаж байсанд гомдолтой байна ...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Д.От холбогдох хэргийг хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан асуудлуудыг тогтоож чадаагүй бөгөөд уг асуудлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн материалыг судлан үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан заалтыг мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй байх бөгөөд хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байна гэж үзлээ.

 

Харин шүүгчийн захирамжийн 1 дэх заалт нь хохирогчоор тогтоосны эцэст мэдүүлэг авсан гэх үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй тул энэ заалтаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

 

Мөрдөн байцаах ажиллагааг явуулахдаа хавтаст хэрэгт авагдсан Д.Оын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: /хх 15-17, хх 39/ “...тэр залуу намайг боогоод газар унагааж гэдэс рүү гараараа нэг удаа цохиод өвдөглөсөн тэгтэл хамт явж байсан 2 залуугийн нэг нь өмсч явсан гадуур хүрэмний баруун халаасыг ухаад байх шиг байсан, халаасаа дараад үзтэл урагдсан байдалтай дотор нь байсан хэтэвч, гар утас хоёрыг аваад  3-лаа нийлээд зугтаасан ...” гэсэн мэдүүлгийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь зүйтэйг тэмдэглэж байна.

 

Иймд шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудаар мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд хийж хэргийн бодит байдлыг тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 801 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ч.Алтансүхийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 47 дугаартай “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

 

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

 

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ