Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2024/0203

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “А “ХХК

Хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яам

Хариуцагч Сангийн яам

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газар болон А ХХК нарын хооронд байгуулсан “****** станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих-шилжүүлэх” /ВТ/ концессын гэрээний үлдэгдэл төлбөр болох 2,022,555 ам.доллар буюу 5,754,717,028 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхгүй байгаа хариуцагч Сангийн яам болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын эрх хүлээн авагч Эдийн засаг, хөгжлийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, Концесс эзэмшигч “А” ХХК-д төлбөл зохих үлдэгдэл төлбөр болох 2,022,555 ам.доллар буюу 5,754,717,028 төгрөгийг, мөн “****** станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих-шилжүүлэх” /ВТ/ концессын гэрээний наймдугаар бүлгийн 8.2-т заасны дагуу төлбөрийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүссэн алданги болох 2,804,075,903.84 төгрөгийг ирэх оны улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад буюу Улсын их хуралд өргөн мэдүүлэхийг хариуцагч нарт даалгах, “****** станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих-шилжүүлэх” /ВТ/ концессын гэрээний 2.11-д заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг концесс олгогчоос хуваарийн дагуу концесс эзэмшигчид нөхөн төлөөгүй улмаас зээлийн хүүд илүү төлсөн хохирол болох 10,725,491,868.09 төгрөгийг улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад буюу Улсын их хуралд өргөн мэдүүлэхийг хүргүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “****** станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих-шилжүүлэх” /ВТ/ концессын гэрээний 2.4, 2.11, 2.12, 2.13 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.2-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын төсвөөс илүү төлөгдсөн 3,543,720,460 төгрөгийг буцаан гаргуулах тухай,

2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “******* станц төсөл”-ийн эргэн төлөлтөд гадаадын валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал гэсэн гэрээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2, 55.1.5, 55.1.7-д зааснаар илт хууль бусад тооцуулах” тухай,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0019 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баянчулуун

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн

Хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, Б.Б, түүний өмгөөлөгч Т.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2022/0273/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А” ХХК нь Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яаманд тус тус холбогдуулж “Монгол Улсын Засгийн газар болон А ХХК нарын хооронд байгуулсан “****** станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих-шилжүүлэх” /ВТ/ концессын гэрээний үлдэгдэл төлбөр болох 2,022,555 ам.доллар буюу 5,754,717,028 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхгүй байгаа хариуцагч Сангийн яам болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын эрх хүлээн авагч Эдийн засаг, хөгжлийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, Концесс эзэмшигч “А” ХХК-д төлбөл зохих үлдэгдэл төлбөр болох 2,022,555 ам.доллар буюу 5,754,717,028 төгрөгийг, мөн “****** станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих-шилжүүлэх” /ВТ/ концессын гэрээний наймдугаар бүлгийн 8.2-т заасны дагуу төлбөрийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүссэн алданги болох 2,804,075,903.84 төгрөгийг ирэх оны улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад буюу Улсын их хуралд өргөн мэдүүлэхийг хариуцагч нарт даалгах, “****** станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих-шилжүүлэх” /ВТ/ концессын гэрээний 2.11-д заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг концесс олгогчоос хуваарийн дагуу концесс эзэмшигчид нөхөн төлөөгүй улмаас зээлийн хүүд илүү төлсөн хохирол болох 10,725,491,868.09 төгрөгийг улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад буюу Улсын их хуралд өргөн мэдүүлэхийг хүргүүлэхийг хариуцагч нарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэлд дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0019 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 4.2.8, 100 дугаар зүйлийн 100.1, 100.2, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 232 дугаар зүйлийн 232.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яаманд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Монгол Улсын Засгийн газар болон “А” ХХК нарын хооронд байгуулагдсан “****** станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих шилжүүлэх” концессын гэрээний төлбөл зохих үлдэгдэл төлбөр болох 2,022,555 ам.доллар буюу 5,754,717,028 төгрөгийг улсын төсөвт тусгах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож үлдэгдэл төлбөр болох 2,022,555 ам.доллар буюу 5,754,717,028 төгрөгийг алданги болох 2,804,075,903.84 төгрөгийг, зээлийн хүүд илүү төлсөн хохирол болох 10,725,491,868.09 төгрөгийг төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад өргөн мэдүүлэх”-ийг хариуцагч нарт даалгаж, хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А давж заалдах гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэг буюу шийдвэрийн 21 дэх талд “Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах" нь яамны эрхлэх нийтлэг ажилд хамаарахаар заажээ. Энэ тохиолдолд хариуцагч нар нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн атлаа Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 103 дугаар тогтоолоор хүлээлгэсэн “төсөлд зарцуулагдах 31,798,194.00 ам.доллартай тэнцэх төгрөгийг улсын төсөвт тусгаж байх үүрэг”-ээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ” гэжээ. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36 дахь заалтад “төсвийн ерөнхийлөн захирагч” гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг” гэж тодорхойлсон ба төсвийн захирагч нь 14.2.2 дахь заалтад “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг бодитой тодорхойлох” гэж, 14.2.3 дахь заалтад “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах,” гэж заасан эрхийг эдэлдэг. Өөрөөр хэлбэл хуулийн дээрх зохицуулалтын дагуу концессын буюу төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал эрхэлсэн Төсвийн ерөнхийлөн захирагч хариуцах юм. Харин Сангийн сайд нь дээрх чиг үүргийг хариуцдаггүй тул Төсвийн тухай хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар Засгийн газар болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх боломжгүй юм.

“****** станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих-шилжүүлэх” (ВТ) “Концессын гэрээ”-ний талууд нь Үндэсний хөгжлийн газар болон “А” ХХК нар юм. Тухайлбал тухайн гэрээнд Сангийн сайд ямар нэг байдлаар эрх, үүрэг хүлээж оролцоогүй байтал гэрээний нэг тал мэт тайлбарлаж, гэрээнээс үүдэх үүрэг буюу хохирол, анзыг хамааруулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зохицуулсан. Түүнчлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийг хүлээдэг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох хохирлын хэмжээ болон тухайн учирсан хохиролд хариуцагч Сангийн сайд хэрхэн холбогдох талаар нотлох баримтаар тодорхой нотлоогүй байтал нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь алдаатай дүгнэлт болсон байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0019 дүгээр бүхий шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

3.1 Эдийн засаг, хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Д нар давж заалдах гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь заалтад “...хариуцагч захиргааны байгууллагууд нь валютын ханшийн зөрүүнээс үүссэн гэрээний үлдэгдэл төлбөрийг төсөвт тусгах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй эс үйлдэхгүй гаргасан...” гэж дүгнэсэн бөгөөд хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчим хамгаалагдаагүй гэж дүгнэсэн. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар болон “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан “****** станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн концессын гэрээний 2.4-т гэрээний нийт төлбөрийг 31,798,194 мянган ам.доллартой тэнцэх төгрөг байхаар заасан бөгөөд мөн гэрээний 2.12-т тус төлбөрийг буюу хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн дүнг тооцохдоо Сангийн яамнаас тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад баримталж буй тооцооны ханшийг баримталж гаргахаар тусгасан. Иймд гэрээний төлбөр нь ам.доллароор хийгдсэн бөгөөд түүнийг төгрөгт шилжүүлэн тооцох аргачлалыг тодорхой гэрээнд зааж өгсөн. Харин гэрээний 2.13-т эргэн төлөлт хийх үед буюу төлбөрийг концесс эзэмшигчид шилжүүлэхэд ханшийн зөрүүний алдагдлаас болж ашиг болон алдагдал үүсэх боломжтой тул хэрэв концесс эзэмшигчид ашиг гарвал буцааж төсөвт төлөх, алдагдал буюу хохирол учирвал талууд харилцан тохиролцон баталгаажуулж, дараа оны төсөвтөө суулгаж олгох тухай зохицуулсан. Түүнчлэн Төрийн худалдан авах ажиллагааны газар болон “А” ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр концесс эзэмшигчид ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал гэж тодорхойлж 5.7 тэрбум төгрөгийг хохирлыг нэхэмжлэгчид олгохоор тохиролцсон байдаг. Гэтэл шүүх нь хэргийн материалд авагдсан концессын гэрээ болон нэмэлт гэрээ зэрэг баримтуудад тусгагдсан хохирлыг “үлдэгдэл төлбөр” гэж буруу дүгнэж, түүнээс үүссэн гэх алданги болон хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.6-т “...төсвийн төсөл боловсруулахдаа Сангийн яамнаас тооцоолж гаргасан ханш” гэж тайлбарласнаас үзэхэд энэ нь эдийн засгийн шинжлэх ухааны үүднээс ам.долларын ханш хэрхэн өөрчлөгдөх болохыг тооцсон, бодит бус дүн байх тул энэ нь төсвийн төслийг боловсруулахад ашиглагдахаас бус хөрөнгө оруулалтын бодит дүнг тооцох үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн байна. Сангийн яамнаас дараа оны төсвийн тухайн оныхоо 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тооцож гаргадаг бөгөөд ингэхдээ тухайн өдрийн Монгол банкны зарласан ханшийг баримталдаг. Энэ нь гэрээний 2.12-т зааснаар тухайн хөрөнгө оруулалтын дүнг тооцох үндсэн аргачлал болно. Энэ нь төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний бодит төлбөрийг тодорхойлох аргачлал бөгөөд харин ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал буюу хохирол үүсвэл түүнийг нэмэлтээр олгож болохоор зохицуулсан. Гэтэл шүүх нь хариуцагч нарын тайлбарыг үндэслэлгүйгээр гуйвуулан, нотлох баримтуудыг буруу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т “...төлөлт хийгдэх өдрөөс хугацаа хоцорсон тохиолдол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувийн алданги концесс эзэмшигчид төлнө гэж тохиролцсон байх ба гэрээний төлбөр хийгдэх сүүлийн хугацаа болох 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 636 хоног” гэж тооцоолж, алдангийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл гэрээний 2.13-т зааснаар талууд харилцан тохиролцож баталгаажуулж байж ханшийн зөрүүний алдагдлыг шаардах эрх концесс эзэмшигчид үүсэх бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр талууд харилцан тохиролцож, 5,7 тэрбум төгрөгөөр баталгаажуулан нэмэлт гэрээ байгуулсан байдаг. Тус баримтад баталгаажуулсан төлбөрийг хэзээ төлөх талаар харилцан тохиролцоогүй, мөн түүнд алданги ногдуулах талаар үндсэн гэрээ болон баталгаажуулсан нэмэлт гэрээнд огт тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр талууд ханшийн зөрүүг тохиролцож байхад 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн төлөөгүй гэж нотлох баримтуудыг зөрүүтэй дүгнэж, буруу үнэлэн алданги гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

Шүүхийн шийдвэрийн 14.1, 14.2-т “концесс эзэмшигч”-ийг Хас банк болон “Н” ХХК-аас зээл авсан үйл баримтыг дүгнэсэн байх бөгөөд хариуцагч байгууллагууд нь үлдэгдэл төлбөрийн санхүүжилт авах хүсэлтийг эрх бүхий этгээдэд хүргүүлж, шийдвэрлээгүйгээс нэхэмжлэгч нь зээлийн хүүд илүү төлбөр төлөхөд хүрсэн” гэж дүгнэсэн байна. Гэвч хэргийн материалд тухайн хүүг төлөх нэхэмжлэгчийн үүрэг нь хариуцагч нарын ямар буруутай үйлдлээс, хэрхэн яаж хэдэн төгрөгөөр хохирол үүссэн талаар байхгүй. Зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тодорхойгүй тайлбар болон ирүүлсэн авсан зээлийн баримт, хүү төлөх хугацаа хэтэрсэн баримтад үндэслэсэн нь нотлох баримтыг Захиргааны хэргийн шүүх дутуу бүрдүүлсэн болон буруу үнэлсэн гэж үзэхэд хүрч байна.

...Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлээд буй ханшийн зөрүүний алдагдал гэх 2.022.555 ам доллар буюу 5.754.717.028 төгрөгийг төлөхтэй холбоотой маргаан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсгийн аутентик тайлбарт дурдсаны дагуу “мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн” байхтай нийцэхгүй байна. Учир нь: Мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байх гэдэг нь хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамнаас “А” ХХК-тай “******* станцын өргөтгөлийн шинэчлэлт” төслийн “Барих-шилжүүлэх” (ВТ) концессын гэрээний нийт төлбөр болох 31,798,194.00 ам долларыг төлж барагдуулахыг ойлгоно. Гэтэл 31,798,194.00 ам доллар буюу 81,767,277,700 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл Эдийн засаг, хөгжлийн яам болон тус компанийн хооронд ямар нэгэн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар дуусгавар болсон буюу байхгүй байхад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнийг буруу дүгнэж шийдвэр гаргасан. Концессын тухай хуулийн 4 дүгээр зүйлд концессын төрлийг хуульчилсан байх бөгөөд 4.1.2. дахь хэсэгт “Барих-шилжүүлэх” концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл концесс эзэмшигч нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр концессын зүйлийг барих ёстой байна. Уг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдсан зээлийн гэрээнд холбогдох эргэн төлөлт нь концесс олгогчид хамаарахгүй байтал олгуулахаар тооцсон нь Концессын тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.6-д Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө.” гэж заасан бөгөөд маргааны зүйл болох концессын гэрээний эргэн төлөлтийн төлбөрийг гүйцэтгэхэд мөнгөний ханш өөрчлөгдсөн нөхцөл байдал тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн дээрх заалтын дагуу үүрэг анх үүссэн буюу концессын гэрээ байгуулагдсан үеийн ханшаар тооцож олгохоор байна. Гэтэл шүүхээс төлбөр гүйцэтгэх үеийн ханшаар тооцохоор хуулийн эл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрийн үндэслэл болгосон байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т “Анз тооцоход Үндсэн гэрээний 8.2 дугаар заалт хамаарахааргүй буюу гэрээний 8.2-т “Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.11- т заасан хугацаанд эргэн төлөлтийг хийгээгүй тохиолдолд төлөлт хийгдэх байсан өдрөөс хойш хугацаа хоцорсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувийн алданги Концесс эзэмшигчид төлнө” гэж заасан. Энэ нь зөвхөн гэрээний 2.11-т “Концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэн, барьж дуусган, холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгсний дараа төсөлд оруулсан хөрөнгө оруулалтыг 2 жилийн хугацаанд концесс олгогчоос дараах хуваарийн дагуу нөхөж төлнө” гэсэнд хамаарна. Тус төлбөрийг гүйцэтгэх огноог 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор болон 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор буюу 3 хувааж төлөхөөр зохицуулсан байна. Тэгэхэд тус төслийн эргэн төлөлтөд гадаад валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдлын тухай гэрээ нь 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан байх буюу Төлбөр гүйцэтгэх огнооны сүүлийн төлөлтийн огноо болох 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дараа байгуулсан байна. Мөн тус алдагдал тооцох тухай гэрээнд хэдий хугацаанаас эхлэн алдагдал тооцох тухай заалт оруулаагүй байх тул үндсэн гэрээний 8.2 дахь заалт үйлчлэх хууль зүйн үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 232.7-д заасан анз тооцох үндэслэл болохгүй. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн шүүхээс буруу тайлбарлаж хэрэглэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

Үндэслэх хэсгийн 19-т “Сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр “******* станцын өргөтгөл шинэчлэлт” төслийн “барих-шилжүүлэх” концессын гэрээ бүхэлдээ илт хууль болох үр дагавартай гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Захиргааны гэрээний зарим хэсэг нь илт хууль бус байх нь түүнийг бүхэлд нь илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй” гэж заасантай зөрчилдөж байна. Концессын гэрээний төлбөртэй холбогдох хэсгийг илт хууль бусад тооцсоноор талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээний заалтыг дахин тохиролцох эсхүл бодитоор хэрэгжсэн ажлын үр дүнг үнэлэн тогтоох эрх зүйн үр дагавар үүсэх боломжтой байхад дээрх байдлаар буруу дүгнэн хууль хэрэглээний алдаа гаргасан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14.1, 14.2-т хохирлыг ямар хууль тогтоомжоор хэрэглэж гаргуулахаар болсон нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” хэмээн хуульчилсан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14.1, 14.2 дахь хэсэгт Хас банк болон “Н групп” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн холбогдох заалтуудыг ишлэн зээлийн хүүгийн төлбөрийн дүнгүүдийг цуваан бичиж хохирол хэмээн үзсэн байна. Энэ нь хуулийн холбогдох заалтыг хэрэглэлгүйгээр хохирол ногдуулсан.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9 дэх хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.1-т Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна, 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заасан гэж тусгажээ. Гэтэл шүүхийн шийдвэрийн бусад хэсэгт энэхүү заалтыг хэрхэн ойлгож, хэргийн үйл баримттай хэрхэн холбогдож буй талаар дүгнэлт хийлгүйгээр дээрх хэм хэмжээг хэрэглэн шийдвэрлэсэн байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5 дахь заалтад заасан шаардлага буюу хэрэглэж ёсгүй хуулийг хэрэглэхгүй байх шаардлагыг зөрчсөн байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 128/ШШ2024/0019 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

          2. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаартай “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” тогтоолоор Концессын “Барих-Шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “****** станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн концессын гэрээг “А” ХХК-тай байгуулах эрхийг Үндэсний хөгжлийн газарт олгож, төсөлд зарцуулагдах 31,798,194.00 ам.доллартай тэнцэх төгрөгийг концессын гэрээнд заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөх хуваарийн дагуу тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд, Эрчим хүчний сайд нарт үүрэг болгосон.

          2.1 Нэхэмжлэгч “А” ХХК болон Монгол Улсын Засгийн газар нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “****** станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих-Шилжүүлэх” /BT/ концессын гэрээ байгуулж, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “****** станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих-Шилжүүлэх” /BT/ концессын гэрээний нэмэлт гэрээг тус тус байгуулжээ.

          3. 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ЭХТТ-223/**/*****дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын актад “... ******* станцын өргөтгөл шинэчлэлийн барилга байгууламжийг техникийн комиссын үүрэг даалгаврын биелэлтээр техникийн комиссоор хүлээн авахаар шийдвэрлэсэн”  байна.

          4. Гэрээний талууд гэрээний Хоёрдугаар бүлэгт “Хөрөнгө оруулалтын эргэн төлөлт, түүний нөхцөл”-тэй холбоотой зохицуулалтуудыг тусгажээ.

          4.1 “А” ХХК болон Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “****** станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих-Шилжүүлэх” /BT/ концессын гэрээний 2.12-т “Энэхүү гэрээний 2.11-т заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн дүнг тооцохдоо, Сангийн яамнаас тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад баримталж буй тооцооны ханшийг баримтална”, 2.13-т “Эргэн төлөлт хийх өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс Концесс эзэмшигчид ашиг гарах тохиолдолд дараагийн төлбөрөөс уг ашгийг хасаж тооцож, Концесс эзэмшигчид алдагдал гарах тохиолдолд уг алдагдлыг дараагийн төлбөрт нөхөж тусгана. Хоёр тал ханшийн зөрүүгээс үүссэн ашиг, алдагдал, хүү, хойшлуулсан нэмэлт төлбөр, төлбөрийн хуваарь зэргийг бичгээр үйлдэж, гарын үсгээр баталгаажуулна”, 8.2-т “Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.11-т заасан хугацаанд эргэн төлөлтийг хийгээгүй тохиолдолд төлөлт хийгдэх байсан өдрөөс хойш хугацаа хоцорсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01%-ийн алданги Концесс эзэмшигчид төлнө” гэж заасан байна.

          4.2 Захиргааны ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Захиргааны байгууллага захиргааны гэрээний биелэлтийг хангах үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн Наймдугаар бүлэгт заасан зохицуулалтыг хэрэглэнэ”, 58 дугаар зүйлийн 58.1-д “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ”, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.

          4.3 Нэхэмжлэгч “А” ХХК-иас 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 03/21-147 дугаар, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 03/21-158, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 03/21-165 дугаартай албан бичгээр Төрийн худалдан авах ажиллагааны газарт ...2,022,548.6 ам.доллар буюу 5,754,717,082 төгрөгийн санхүүжилт тусгагдаагүй... талаар хүсэлт гаргасан.

          4.4 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу 2,022,555 ам.долларын алданги нь 128,634.498 ам.доллар болж алданги нь захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохиролд тооцогдоно.

          4.5 Анхан шатны шүүх ... хариуцагч захиргааны байгууллагууд нь валютын ханшийн зөрүүнээс үүссэн гэрээний үлдэгдэл төлбөрийг төсөвт тусгах тухай саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй эс үйлдэхүй гаргасан... Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн атлаа Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 103 дугаар тогтоолоор хүлээлгэсэн “төсөлд зарцуулагдах 31,798,194.00 ам.доллартай тэнцэх төгрөгийг ... улсын төсөвт тусгаж байхыг ... үүрэг”-ээ хэрэгжүүлээгүй гэж үндэслэлтэй дүгнэжээ.   

          4.6 Концессийн гэрээний 2.11-т “2019 оны 6 дугаар сарын 30, 12 дугаар сарын 31, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус бүр 10.599.398 ам.доллартай тэнцэх төгрөгөөр гүйцэтгэх”-ээр тохиролцсон боловч нийт 8 удаагийн буюу сүүлийн санхүүжилт 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хийгдэж, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “******* станц төсөл”-ийн эргэн төлөлтөд гадаадын валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал 2.022.555 ам.доллар болохыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга болон нэхэмжлэгч хуулийн этгээд нар баталгаажуулсан байна.

          4.7 Ийнхүү Концессын гэрээний 2.13-т “...Хоёр тал ханшийн зөрүүгээс үүссэн ашиг, алдагдал, хүү, хойшлуулсан нэмэлт төлбөр, төлбөрийн хуваарь зэргийг бичгээр үйлдэж, гарын үсгээр баталгаажуулна.” гэж заасны дагуу хугацаандаа төлбөрийг хийж гүйцэтгээгүйн улмаас ханшийн зөрүүнээс үүссэн алдагдлыг баталгаажуулсан атлаа үлдэгдэл төлбөрийг улсын төсөвт тусгах санал хүргүүлэхгүй байгаа нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

          4.8 Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 438 дугаар тогтоолоор Төрийн худалдан авах ажиллагааны газрыг байгуулсан байх бөгөөд тус байгууллагад Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн эрхлэх асуудал хамаарч улмаар 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Эдийн засаг, хөгжлийн яам шинээр байгуулагдан тус чиг үүрэг яаманд шилжсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрийн үйл ажиллагааны зарчим болох хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим энэхүү маргаанд үйлчлэхээр байна.   

          5. “А” ХХК нь “Хас банк” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ1540000*** тоот зээлийн гэрээ байгуулж, 17,000,000,000 төгрөг, “Н” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ-НПГ-201*/** тоот санхүүжилтийн гэрээ байгуулж 14,092,366,051.52 төгрөгийг авч, нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зээлийн хүүд 10,725,491,868.09 төгрөг төлсөн байна.

          6. Анхан шатны шүүх ... нэхэмжлэгч хуулийн этгээдийн төслийн үлдэгдэл төлбөрийн санхүүжилт авах хүсэлтийг эрх бүхий этгээдэд хүргүүлж шийдвэрлүүлээгүйгээс нэхэмжлэгч нь зээлийн хүүд илүү төлбөр төлөхөд хүрсэн, энэ захиргааны хууль бус эс үйлдэхүйгээс үүдэлтэй гэж үзэхээр байна.. гэж дүгнэсэн нь буруу болжээ.

          7. “****** станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих-Шилжүүлэх” концессын гэрээний 4.1-д “Концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн хөрөнгөөр болон хөрөнгө оруулалтын бусад арга хэлбэрээр олсон хөрөнгөөр барьж гүйцэтгэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч “А” ХХК нь зээлийн хүүд илүү төлсөн гэх 10,725,491,868.09 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

          8. Өөрөөр хэлбэл “А” ХХК нь өөрийн хөрөнгөөр барьж, шилжүүлэхээр концессын гэрээ байгуулсан бөгөөд 2017 онд байгуулсан зээлийн гэрээний хүүг хохиролд хамааруулан хариуцагчийг буруутгаж улсын төсөвт тусгуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байхын зэрэгцээ энэ нь Концессын тухай хуулийн /2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүчингүй болсон/ 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Барих-шилжүүлэх”-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх”, “****** станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих-Шилжүүлэх” /BT/ концессын гэрээний заалттай тус тус нийцэхгүй байна.   

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зээлийн гэрээний хүү нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон, хууль хэрэглээний болон бичиглэлийн алдаа зэргийн зассан өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Нэхэмжлэгчээс зээлийн хүүтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэхэд энэ магадлал саад болохгүй.

          Мөн хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А нь шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4-т заасны дагуу мэтгэлцэх зарчмын хангаж нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулсан боловч 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дахин дээрх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлснийг хангаж шийдвэрлэх боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0019 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 4.2.8, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 218 дугаар зүйлийн 218.1, 232 дугаар зүйлийн 232.1, 498 дугаар зүйлийн 498.2, Концессын тухай хууль /2010 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яаманд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж  “Монгол Улсын Засгийн газар болон “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан “****** станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих-Шилжүүлэх” концессын гэрээний төлбөл зохих үлдэгдэл төлбөр болох 2,022,555 ам.доллар буюу 5,754,717,028 төгрөгийг улсын төсөвт тусгах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үлдэгдэл төлбөр болох 2,022,555 ам.доллар буюу 5,754,717,028 төгрөг, алданги 2,804,075,903.84 төгрөгийг улсын төсөвт тусгах саналыг эрх бүхий байгууллагад өргөн мэдүүлэх”-ийг хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яаманд тус тус даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг “зээлийн хүүд илүү төлсөн хохирол болох 10,725,491,868.09 төгрөгийг төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад өргөн мэдүүлэх”-ийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны гаргасан “****** станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих-шилжүүлэх” /ВТ/ концессын гэрээний 2.4, 2.11, 2.12, 2.13 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.2-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын төсвөөс илүү төлөгдсөн 3,543,720,460 төгрөгийг буцаан гаргуулах тухай, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “******* станц төсөл”-ийн эргэн төлөлтөд гадаадын валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал гэсэн гэрээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2, 55.1.5, 55.1.7-д зааснаар илт хууль бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА