Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 00082

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                                     С.Баянжаргал

 Улсын яллагч                                                   Э.Энхбат

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                   Ч.Мөнгөнцэцэг

 Хохирогч                                                           Т.Баатармөнх

 Шүүгдэгч                                                            Д.Батням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Батнямд холбогдох 201618020156 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 21 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Зүүнхараа барилга ашиглалт үйлчилгээний 1 дүгээр ангийн харьяа үйлдвэр баазад харуул ажилтай, ам бүл 2, ээж Ц.Эрдэнэбилэгийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сум 7 дугаар баг Минжийн хангайн 51 тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Даваадоржийн Батням /М395022011/

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Д.Батням нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Минжийн хангайн 47 тоотод оршин суух Т.Баатармөнхтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Нарангийн гудамжинд хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

    

Шүүх хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батням мэдүүлэхдээ: .... Би 19 цагийн орчим гэрлүүгээ унадаг дугуйтай харьж байсан. Харих замдаа Нарангийн гудмаар ороход хэдэн хүүхэд сагс тоглож байсан. Би Баатармөнхтэй уулзаад таарамжгүй харьцаа үүсгэсэн намайг түлхэхээр нь толгой руу нь 2 удаа цохиж зодсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Баатармөнх мэдүүлэхдээ: ....Нарангийн гудамжны шийдэн дээр тоглож байсан. Жаахан амралт аваад сууж байсан Батням гудамжны үзүүрээс орилж чарлаад хашгираад гараад ирсэн. Намайг юу хийж сууж байгаа юм гээд өөдөөс тулж ирээд, цохиж  зодсон.

         Мөрдөн байцаалтанд хохирогч,иргэний нэхэмжлэгч Т.Баатармөнх мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн орой 19 цагийн үед Нарангийн гудамжны сагсны шийдэн дээр танил Батка Игорь нарын хамт сагсан бөмбөг тоглож байгаад ганцаараа хэсэг амраад сууж байхад цаанаас танил Батням ирж яваа харагдсан тэр яасан ч юм мэдэхгүй над руу хүрч ирээд тоглоод байгаа нь мэдэгдэхгүй, уурлаад байгаа нь мэдэгдэхгүй намайг барьж аваад барилдах гээд байгаа ч юм шиг байхаар нь би түүнийг хана руу түлхчихсэн чинь Батням илтэд уурлаад намайг цохих гээд дайрхаар нь би зөрүүлээд гараараа түүний нүүр лүү нэг удаа цохьчихсон чинь “чи муу яаж байнаа гээд “намайг зуурч аваад баруун гараараа миний эрүү рүү цохихоор нь бултсан чинь дахиж цохиод миний эрүү гэмтчих шиг болохоор нь түүнээс зайлаад холдож байхад Батням гартаа чулуу барьж ирээд толгойруу цохихоор нь би зугтаад гэрлүүгээ явсан юм.Ноцолдож зодолдсоны дараа Батнямын хамраас бага зэрэг цус гарсан байсан.Би 3.600.000 төгрөг нэхэмжилж байна./хх-ийн -9-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Б.Батдэлгэр мэдүүлэхдээ:  ... Намайг 2016 оны 08 дугаар сарын 05-ны орой Баатармөнх Игорь бид гурав Нарангийн гудамжинд байдаг хүнсний дэлгүүрийн хажууд байдаг сагсан бөмбөгийн талбай дээр сагсан бөмбөг тоглож байхад манай нөгөө гудамжинд байдаг /Бандхай /буюу Батням унадаг дугуйтай хүрч ирсэн. Игорь бид хоёрыг сагсан бөмбөг тоглож байхад Баатармөнх, Батням хоёр юм яриад зогсож байгаа харагдсан ба удалгүй нэг харахад Батнямын хамраас нь цус гарчихсан, Баатармөнхийн нүдний шил нь газар уначихсан байсан ба тэр хоёр хашааны үзүүрт барилцаж аваад зогсож байсан би ч нэг их юм бодолгүй Игорьтой хамт тоглож байхдаа “Та хоёр ноцолдож зодолдхоо болиочээ” гэж хэлчихээд үргэлжлүүлээд тоглосон 20 орчим минутын дараа Батням хүрч ирээд дэлгүүрээс жижиг савтай ус аваад хамрынхаа цусыг угаагаад байсан.Харин Баатармөнх нь буцаж ирээгүй юм./х.х-10р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Э.Бямбасүрэн мэдүүлэхдээ:  ...Уг нь Д.Батням илүү дутуу зангүй гэмт хэрэг асуудал хийгээд байхааргүй л хүнтэй зөв зүйтэй харьцаж чаддаг залуу юм. Аав нь ноднин жил нас барсан болохоор одоо ээжтэйгээ хамт амьдардаг. Архи дарс нэг их хэрэглээд байдаггүй тэр барилга орон сууцны харьяа 1-р ангийн үйлдвэр баазад ажилдаг юм. /х.х-11 р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Б.Виктор мэдүүлэхдээ: ... Тухайн орой Баатармөнх Батка нарын хамт гэрийнхээ хажууд байдаг сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байхад урд талаас гудамж уруудаад Батням ирж яваа харагдсан. Би талбайгаас гарч өнхөрсөн бөмбөгний араас явж бөмбөгөө аваад ирсэн чинь Батням Баатармөнх хоёр хоорондоо маргалдаад байгаа бололтой дэлгүүрийн хажууд зогсож байснаа Батням нь Баатармөнхийг түлхсэн чинь Баатармөнх нь эргүүлээд Батнямын нүүрлүү гараараа нэг удаа цохиж харагдсан. Батка бид хоёр тэдэд “Та хоёр болиочээ ”гэж хэлсэн чинь болихгүй маргалдаад зууралдаад нэг нэгнийгээ хальт цохиод цаашаа явж дэлгүүрийн булан дээр нэг нэгнийгээ бас дахиад түлхэж цохиж байснаа Баатармөнх цаашаагаа яваад өгсөн. Харин Батням хүрч ирээд “Баатармөнхтэй мэндэлсэн чинь өөдөөс сонин харьцаад байх юм ” гэлүү юу гэлээ нэг тиймэрхүү юм ярьж байсан./х.х-12р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Виктор мэдүүлэхдээ: ...Би тухайн өдөр Д.Батнямыг өвс ачуулахаар авч явсан юм. Тэгээд өвсөө ачиж ирээд айлд өвсөө зарсан өвс худалдаж авсан айл надад том савтай “Боргио” пиво өгсөн. Д.Батням бид хоёр тэр пивийг хувааж ууж байгаад би гэрлүүгээ харихаар явсан. Батням үлдсэн. /х.х-14р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Виктор мэдүүлэхдээ:   ... Тухайн орой 20:00 цагийн үед фудволькных нь энгэр цус болчихсон хамраас нь цус гарсан бололтой орж ирсэн. Би түүнээс юу болсныг асуухад “Манайхтай ойролцоо байдаг нүдний шилтэй залуутай маргалдаад тэр намайг цохиод ийм болгочихлоо” гэж хэлсэн. Тэгээд хувцасаа солиод гараад явсных нь дараагаар эрүүгийн цагдаа нар орж ирээд “Танай хүү хүн зодсон байна ”гэж хэлээд гарцгаасан./х.х-15р хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт: №186

  1. Т.Баатармөнхийн биед эрүүний хугарал, толгойн дагз хэсэгт шарх, хүзүүний хуралт, нуруунд зулгаралт, хүзүү, хацар, шанаа, эрүүний зүүн доод хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмийн 2.3.1 дэхь хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тоггонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилрээ эдгэрэлтээс хамаарна./х.х-19-р хуудас/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 30-р хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 31-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 32-р хуудас/, сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 34-38, Д.Батнямын суурь боловсролын гэрчилгээ /хх-ийн 39-р хуудас/, хохирогчийн хохиролын баримтууд / хх-ийн 43-46-р хуудас/,хохирол төлбөрийн тооцоо /хх-ийн 47-р хуудас/ зэргийг шинжлэв судлав.

 

Шүүгдэгч Д.Батням нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Нарангийн гудамжинд Т.Баатармөнхтэй хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан толгой руу цохиж зодож толгойг нь хагалж, эрүүг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Д.Батнямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгч Д.Батням нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардалд 1000000 төгрөгийн хохирол төлсөн, одоогоор төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэнг зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь цаашид уг гэмтлээ эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баритмаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй зэргийг тогтоолд тусгах нь зүйтэй байна.

       

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон Тогтоох нь:

        

1.Шүүгдэгч Боржигон овогт Даваадоржийн Батнямыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар  Д.Батнямд оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Батнямд оногдуулсан 02 жил хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар  хянан харгалзаж мөн хугацаанд ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

4. Хохирогч  Т.Баатармөнх нь цаашид уг гэмтлээ эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баритмаа бүрдүүлэн иргэний журмаар  нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

5.Шүүгдэгч Д.Батням нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

6.Шүүгдэгч Д.Батнямд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

8.Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол  гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий  этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлийг гаргах эрхтэй.                          

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.АЛТАНЦЭЦЭГ