Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/158

 

2022         09           06                                              2022/ШЦТ/158

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Б.Н

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Ог “гэртээ хунтэй хамт байлаа" гэх зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд нэгдүгээр шүдний булгарал, баруун доод нэгдүгээр шүдний цөгцний хугарал, зүүн доод нэг, хоёрдугаар шүдний ганхалт, дух, зүүн сарвууны цус хуралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Б.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Одоо Отэй хамт амьдрахгүй байгаа ч байнга холбоотой байгаа. Бид хоёр гэрлэлтээ батлуулсан, 1 хүүхэдтэй. Хамт байсан хүнийг үеэл нь гэж мэдээгүй. Согтуу байсан болохоор гэрт нь орж очсоноо л санаж байна. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Хохирогчид 4.200.000 төгрөгийг данс руу нь, 740.000 төгрөгийг эмнэлгийн данс руу хийсэн гэсэн мэдүүлэг,

            -Хохирогч Э.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 25-ны оройн 20 цагт ажпаа тараад Даланжаргалан сумын 5-р багт байх өөрийн гэртээ харьсан. Намайг гэртээ амарч байхад манай хамаатны дүү хүүхэд над руу чат бичээд эгч ээ би танайд очиж хононо шүү. Би ажпаа тараад явж байна гэсэн. Би тухайн үед гэртээ ганцаараа байж байхад манай дүү 01 цагийн орчимд ирсэн. Тэгээд би дүүдээ хоол халааж өгөөд байж байх зуур манай нөхөр болох Нямжав гаднаас хаалга чанга нүдээд гэрт орж ирсэн. Гэрт орж ирэхдээ их хэмжээний согтолттой байсан, орж ирэнгүүтээ надтай хэрүүл хийж эхэлсэн. Нямжав бид хоёр тусдаа амьдраад 14 хоног хэртээ болж байна. Тэгээд гэрт орж ирчихээд агсам согтуу тавиад байхаар нь чи одоо манай гэрээс яв гэж хэлтэл Нямжав манай эрэгтэй дүүг харчихаад дүүтэй маань хардаад манай дүү Алтанболдыг зодох гээд байхаар нь дундуур нь ортол миний нүүрэн тус газар болон биеийн бүх хэсэг рүү өшиглөж намайг зодсон. Хэсэг зуур би ухаан алдсан байх гэж өөрийгөө бодож байна. Намайг ухаан ороод Нямжав хаашаа явсан талаар асуухад гараад явчихсан гэж хэлж байсан. ...Миний эрүүний ясны цуурал, 1 үүдэн шүд унасан, доод үүдэн шүд хугарсан, бүх шүд хөдөлгөөн орж суларсан, хамар мурийсан гэмтэл тогтоогдоод байна гэсэн мэдүүлэг /хх 8-9 ху/,

         -Гэрч А.Алтанболдын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: 2022 оны 07 дугаар сарын 25-наас 26-ны шилжих шөнө Дорноговь аймгийн Олон овоо 25 дугаар тоочигт байрлах өөрийн үеэл эгч Огийн гэрт очиж хонохоор болсон. ...02 цагийн орчимд очсон ба удалгүй миний араас нөхөр нь гэх Нямжав ах ганцаараа орж ирсэн. ...Нямжав нь гэрт орж ирчихээд энэ залуу хэн юм гээд над руу дайраад эхнэртэйгээ хардаад байсан. ...хамт орж ирсэн залуу намайг дагуулаад гэрээс гарсан. ...би гэрлүү ороход Нямжав нь миний үеэл эгч Ог зодсон байсан, О эгч уйлчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх 42-43 ху/,

        -Гэрч Б.Мягмарнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 26-ны шилжих шөнө гэртээ унтаж байхад 01 цагийн үед дүү болох Нямжав намайг сэрээгээд хоёулаа манай гэрт очоод юм аваад ирье гэж хэлсэн. Тэгээд цуг Нямжавын гэрт очтол Нямжавын гэрт эхнэр нь дүүтэйгээ хамт байсан бөгөөд Нямжав тухайн залуутай маргалдаад байхаар нь би тухайн залууг өргөж орцонд оруулчихаад эргээд иртэл Нямжав эхнэрээ зодчихсон байсан. Би эхнэрийг нь нойлд оруулж нүүрийг угаалгасан. Тэгээд би гэртээ харихаар явсан  гэсэн мэдүүлэг /хх 46-47 ху/,

         -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02/0350 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

        1.Э.Огийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд нэгдүгээр шүдний булгарал, баруун доод нэгдүгээр шүдний цөгцний хугарал, зүүн доод нэг, хоёрдугаар шүдний ганхалт, дух, зүүн сарвууны цус хуралт, дээд доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

         2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3.Учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Учирсан баруун дээд нэгдүгээр шүдний булгарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө.

          5. Учирсан  баруун доод нэгдүгээр шүдний цөгцний хугарал, зүүн доод нэг, хоёрдугаар шүдний ганхалт, дух, зүүн сарвууны цус хуралт, дээд доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт /хх 15-16 ху/,  

         -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл  /хх 26-28, 33-34 ху /    

         -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Ог “гэртээ хунтэй хамт байлаа" гэх зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд нэгдүгээр шүдний булгарал, баруун доод нэгдүгээр шүдний цөгцний хугарал, зүүн доод нэг, хоёрдугаар шүдний ганхалт, дух, зүүн сарвууны цус хуралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Нын “...Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Хохирогчид 4.200.000 төгрөгийг данс руу нь, 740.000 төгрөгийг эмнэлгийн данс руу хийсэн гэсэн мэдүүлэг” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Огийн “...Намайг гэртээ амарч байхад манай хамаатны дүү хүүхэд над руу чат бичээд эгч ээ би танайд очиж хононо шүү. Би ажпаа тараад явж байна гэсэн. Би тухайн үед гэртээ ганцаараа байж байхад манай дүү 01 цагийн орчимд ирсэн. Тэгээд би дүүдээ хоол халааж өгөөд байж байх зуур манай нөхөр болох Нямжав гаднаас хаалга чанга нүдээд гэрт орж ирсэн. Гэрт орж ирэхдээ их хэмжээний согтолттой байсан, орж ирэнгүүтээ надтай хэрүүл хийж эхэлсэн. Нямжав бид хоёр тусдаа амьдраад 14 хоног хэртээ болж байна. Тэгээд гэрт орж ирчихээд агсам согтуу тавиад байхаар нь чи одоо манай гэрээс яв гэж хэлтэл Нямжав манай эрэгтэй дүүг харчихаад дүүтэй маань хардаад манай дүү Алтанболдыг зодох гээд байхаар нь дундуур нь ортол миний нүүрэн тус газар болон биеийн бүх хэсэг рүү өшиглөж намайг зодсон” гэсэн, гэрч А.Алтанболдын “... Дорноговь аймгийн Олон овоо 25 дугаар тоочигт байрлах өөрийн үеэл эгч Огийн гэрт очиж хонохоор болсон. ...02 цагийн орчимд очсон ба удалгүй миний араас нөхөр нь гэх Нямжав ах ганцаараа орж ирсэн. ...Нямжав нь гэрт орж ирчихээд энэ залуу хэн юм гээд над руу дайраад эхнэртэйгээ хардаад байсан. ...хамт орж ирсэн залуу намайг дагуулаад гэрээс гарсан. ...би гэрлүү ороход Нямжав нь миний үеэл эгч Ог зодсон байсан, О эгч уйлчихсан “ гэсэн, гэрч Б.Мягмарнямын “...гэртээ унтаж байхад 01 цагийн үед дүү болох Нямжав намайг сэрээгээд хоёулаа манай гэрт очоод юм аваад ирье гэж хэлсэн. Тэгээд цуг Нямжавын гэрт очтол Нямжавын гэрт эхнэр нь дүүтэйгээ хамт байсан бөгөөд Нямжав тухайн залуутай маргалдаад байхаар нь би тухайн залууг өргөж орцонд оруулчихаад эргээд иртэл Нямжав эхнэрээ зодчихсон байсан” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд нэгдүгээр шүдний булгарал, баруун доод нэгдүгээр шүдний цөгцний хугарал, зүүн доод нэг, хоёрдугаар шүдний ганхалт, дух, зүүн сарвууны цус хуралт, дээд доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсныг тогтоосон шинжээчийн 02/0350 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Б.Нын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирлын баримтыг ирүүлээгүй байна. Прокурорын шатанд хохирогчоос “Нямжаваас хохирлыг төлүүлж байгаа, цаашид гарах зардлыг төлж өгнө гэсэн. Нямжавт гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж шийдвэрлэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохиролсанаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.БАЙГАЛМАА