| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2018/01501/И |
| Дугаар | 183/ШШ2018/01646 |
| Огноо | 2018-07-04 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2018/01646
| 2018 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2018/01646 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: И ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З.О-д холбогдох,
Эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрт 2 183 210 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Арслан, хариуцагч З.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И ХХК-ийн Интермед эмнэлэгт 2017 оны 11 сарын 17-ны өдөр иргэн З.Оэмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлт гарган холбогдох дүрэм журам болон эмнэлгийн үйлчилгээний төлбөрийг хүлээн зөвшөөрч нийт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлэхийн өмнө урьдчилгаа төлбөр 900 000 төгрөг тушаасан. Хэвтэн эмчлүүлэхдээ нийт эмчилгээний төлбөр 3 083 210 төгрөг болсон. Эмчилгээ хийлгээд эмнэлгээс гарахдаа үлдэгдэл 2 183 210 төгрөгийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд сэтгэл ханамжгүй гэх шалтгаанаар төлөхөөс татгалзсан. Иймд хариуцагч З.Оээс эмчилгээний тусламж үйлчилгээний төлбөр болох 2 183 210 төгрөгийг гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч З.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинжилгээ өгөхөд миний элэг өөрчлөлттэй гарсан тул Интермед эмнэлэгт хэвтэн 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээ хийлгээд 2017 оны 11 сарын 26-ны өдөр эмнэлгээс гарахдаа дахин шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээний хариу өөрчлөлттэй 2 дахин өссөн үзүүлэлттэй улам муудсан байсан. Тэр өдөр эмчлэгч эмчээсээ яагаад шинжилгээний хариу муу гарсан талаар асуухад би сайн хэлж мэдэхгүй байна гэсэн. Интермэд эмнэлгийн ажилчдын тухайд үйлчлүүлэгчээ мөнгө гэж хардаг. Эмч би шинжилгээний хариу яагаад ийм өөрчлөлттэй гарсан гэдгийг мэдэхгүй байна гэхээр нь та эмч хүн байж яагаад мэдэхгүй байгаа юм бэ гэж хэлсэн. Үнэхээр миний эмчилгээний хариу муу гарсан бол танай эмчилгээ буруу хийгдсэн байна би 900 000 төгрөг төлсөн ч гэсэн үлдсэн мөнгийг нь төлөхгүй. Яагаад гэвэл эмчилгээ хийлгэсэн хирнээ миний шинжилгээний хариу муу гарсан тул миний бие муудсан гэж үзэх үндэстэй байна гэж хэлсэн. Тэгээд эмчилгээ хариуцсан захиралтай нь орж уулзахад шинжилгээний хариу яагаад муу гарсныг мэдэхгүй байна гэсэн. Шууд ирж уулзахдаа та өчигдөр чөлөө авч гарахдаа гадуур юу идсэн, тэрнээс болж шинжилгээний хариу муу гарсан гэсэн. Тэгэхээр нь би тэрнээс болоод шинжилгээний хариу 2 дахин муудсан байдаг юм уу, танай эмч нарын үйлчлүүлэгчидтэй харьцаж байгаа хандлага хүртэл муу байна гэж хэлэхэд таны бие сайжирсан ч байсан, муу ч байсан та энэ мөнгийг төлөх ёстой гэж хэлэхээр нь миний сэтгэл ханамж муу байгаа тул энэ мөнгийг төлж чадахгүй, шүүхэд хандана гэдгээ хэлсэн. Гэхдээ би энэ мөнгийг төлж чадна, надад санхүүгийн боломж байна. Гэхдээ хүмүүстэй хандах хандлага нь тааруу, хүний шинжилгээний хариу муу гарчихаад байхад өглөө орж ирээд шууд та өчигдөр гараад юу идсэн гэх мэтчилэн таагүй харьцаж байсан. Миний хувьд цаашид үйлчлүүлэгчидтэйгээ ингэж битгий харьцаасай хүмүүсийг мөнгө гэж харахаасаа илүү сэтгэл ханамжтай эмнэлгээс гаргахад нь илүү анхаараасай гэж хүсэж байна. Эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн хирнээ миний шинжилгээний хариу муу гараад байхад би яагаад мөнгө төлөх ёстой гэдгийг ойлгохгүй байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч З.От холбогдуулан эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрт 2 183 210 төгрөг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч З.Онь 2017 оны 11 сарын 17-ны өдөр 10 хоног Интермед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлт гарган холбогдох дүрэм, журам болон эмнэлэгийн үйчилгээний төлбөрийг хүлээн зөвшөөрч хэвтэн эмчлүүлэх хүсэлт гаргасан байна./хх-ийн 7-9/
Дээрх хүсэлтийн дагуу Интермэд эмнэлэг нь эмчилгээ үйлчилгээ үзүүлж, хариуцагч нь хэвтэн эмчлүүлэх урдьчилгаа төлбөрт 900 000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх ба зохигчид эдгээр асуудлаар маргаангүй байна.
Харин хариуцагч З.Онь ... “Эмчилгээ хийлгээд 2017 оны 11 сарын 26-ны өдөр эмнэлгээс гарахдаа дахин шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээний хариу өөрчлөлттэй 2 дахин өссөн үзүүлэлттэй улам муудсан байсан. Тэр өдөр эмчлэгч эмчээсээ яагаад шинжилгээний хариу муу гарсан талаар асуухад би сайн хэлж мэдэхгүй байна гэсэн. Интермэд эмнэлгийн ажилчдын тухайд үйлчлүүлэгчээ мөнгө гэж хардаг. Эмчилгээ хийлгэсэн хирнээ миний шинжилгээний хариу муу гарсан тул миний бие муудсан гэж үзэх үндэстэй байна...” гэх тайлбарыг гаргаж, үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.
Хариуцагчийн тайлбар, татгалзал дараах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан “хөлсөөр ажиллах гэрээ гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэжээ.
Дээрхээс дүгнэхэд хавтаст хэргийн 7-9 дүгээр талд авагдсан талуудын хооронд байгуулагдсан И эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлтээс дүгнэхэд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байх ба хариуцагч З.Отус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлтээ гаргаж эмнэлгээс гарах үед нийт төлбөрөөс гарсан зөрүү, эмчилгээ үйлчилгээтэй холбоотой гарах бүхий л зардлыг ямар нэгэн саадгүйгээр тогтсон хугацаанд төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч тохиролцсон байна.
Дээрх тохиролцооноос дүгнэхэд уг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, үйлчилгээ үзүүлсний төлбөрийг эмчлүүлэгч З.Оямар нэг саадгүйгээр төлөх үүрэгтэй байх ба уг төлбөр төлөх үүрэг нь тухайн өвчтөнд эмчилгээ хийсэн эмчилгээний үр дүнтэй шинжилгээний хариутай хамааралгүй байна.
Дээрхийг нэгтгээд хариуцагч З.Оээс 2 183 210 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Оээс 2 183 210 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 881.36 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 49 881.36 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ