| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0279/Э/213/2018/0057 |
| Дугаар | 2018/ШЦТ/277 |
| Огноо | 2018-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил,
Шүүгдэгч *******а нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллагдагч *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814004910307 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Жа-******* овогт *******ийн *******./ Регистрийн дугаар: ******* /,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 1 дүгээр гудамжны 2 тоот хашаанд байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүн болох эхнэр *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би айраг архи уучихсан байсан тэр өдөр өглөө эхнэр ажил дээр нь буюу баруун бүсийн худалдааны төвд хүргэж өгсөн тэгээд тойргоос 10 литр айраг аваад гэртээ ирээд байж байсан юм тэр үед манай хоёр охин мөн надтай цуг байсан тэгж байхад манайд зочид ирээд тэр ирсэн зочидтойгоо нэг шил архи хувааж уучхаад гэртээ унтаад өгсөн тэгээд орой болсон хойно 20 цагийн үед намайг сэрэхэд миний эхнэр ******* гэртээ ирчихсэн байсан намайг сэрээд босоод ирэхэд том охин уйлчихсан гал зуухны өрөөнд ээж намайг танд хов зөөлөө гэж хэлээд загнасан гэж хэлсэн би эхнэр *******ид чи яах гэж хүүхэд дарамтлаад байгаа юм гэж хэлсэн тэгээд би эхнэр *******ийг орон дээрээ боож унгаасан тэр үед манай хоёр охин айгаад орилоод байх шиг байсан би *******ийг боосны дараа нүдэнд нь гараараа цохисон тэгээд би өөрийнхөө айраг ууж байсан аяга баруун гараараа цохиод гараас цус гоожсон энэ үед эхнэр ******* миний гарыг боож өгч намайг тайвшруулсан юм би одоо больё гэж хэлээд унтаад өгсөн нэг сэрэхэд манай гэрт цагдаа нар ирчихсэн тэгээд намайг авч яваад эрүүлжүүлэх дээр ирж тэнд хоносон. Би эхнэр *******ийг боож унгаасан дараа нь нүдэнд нь цохисон одоо би харамсаж байна ахиж ийм зүйл хийхгүй. Би тухайн үед өөрийгөө хянах чадвартай байсан.Эхнэр намайг доромжлоод гөлөг минь гэж хэлээд намайг доромжилсон мессеж явуулаад байсан. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. өөр хэлэх зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.
3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр надад мессеж ирсэн урьд өдөр нь архи уух гэж айраг уугаад байсан юм би тэр талаар охиндоо энэ талаар хэлж байсан юм тэрийг манай охин аавдаа хэлсэн байсан тэгээд би тэр өдөр 20 цаг 40 минутын үед гэртээ харьсан гэрт ороход ******* унтаж байсан тэгээд би охиндоо чи аавдаа яах гэж хов зөөдөг юм гэж хэлээд охиныгоо гараараа цохиод авсан юм тэгээд би нөрийнхөө унтаж байсан өрөөнд явж орсон тэр үед манай нөхөр ******* охины байсан өрөөнд зөрөөд явж орсон тэгээд буцаж гарч ирээд чи одоо яагаад байгаа юм гэж хэлээд намайг цамцны захнаас барьж авсан тэр үед би айснаасаа болж балмагдсан тэр үед орон дээр намайг боосон тэр үед бол ухаан балартсан мөн нөхрөөсөө тэврээд гуйгаад байсан чинь миний толгойг дээш нь харуулж байснаа шууд миний баруун талын нүд рүү гараараа цохисон тэгээд дараа нь намайг дахиад боосон тэр үед би ахиж.ад гуйж байж гарыг нь суллуулж тавиулсан тэгтэл манай нөхөр ******* тайвшраад арай гайгүй болж суусан тэр үед би ахиад зодох байх гэж бодоод ээмэг, бөгжөө тавиад цамцаа аваад гарах гэж байхад намайг ална гэж хэлээд чирээд нөгөө өрөө рүү оруулж хажуудаа намайг заавал суу гэж хэлээд миний том охиныг айраг хийгээд өг гэж хэлээд айраг хийлгэж уусан тэрний дараа намайг үсдэж дараад ална гэж хэлсэн би ахиад гуйж байж гарыг нь тавиулсан тэрний дараа айраг уусан аягандаа гараа зүссэн тэгээд цусаа харчхаад би үхэж чадна гэж хэлээд гарынхаа цусаа бие дээрээ арчаад байсан тэгээд би нөхөр ******* аргадаж байгаад гарынх нь цусыг арчиж өгсөн тэрний дараа тайвшруулж байгаад гэрээсээ гараад шууд дүү Өнөрчимэгийн байрны гадаа ирээд утсаар дуудаж тэрний дараа хүчирхийллийн төвд ирэхэд хаалга нь цоожтой байсан болохоор цагдаад хандахад хүрээд ир гэж хэлсэн тэгээд цагдаа дээр ирж мэдүүлэг өгч хүчирхийллээс хамгаалах төвд ирж хоносон. Миний толгой, нүд, цээжинд цохиж эрүүл мэндэд хохирол учруулсан мөн намайг боож тэр үед миний ухаан балартаж хүзүү орчимд шалбарсан. Согтуу ухаантай байсан миний бодлоор тийм ч их согтуу байгаагүй. Намайг олон удаа цохиж зодож байсан 2017 оны 11 сард шөнө гаднаас согтуу орж ирээд толгой эм өгөөдөх гэхэд нь би өгөхөд миний гарт цохиж байсан тэгээд намайг унтлагын өрөөнд ороход үүдний өрөөнд ор засаадах гэхэд нь орыг нь засах гэхэд энд ор заслаа чи гэж хэлээд намайг мөргөж миний үүдэн шүд тухайн үед хөдөлж байсан юм одоо бол зүгээр болсон. Би 2008 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан одоо 10 жил хамт амьдарч байна. өөр нэмж ярих зүйл алга байна гэх мэдүүлэг /хх-ийн /
4. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
…2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр орой 21 цагийн үед миний утсаар залгаж гараад ир гэсэн тэгээд би гарч ирэхэд баруун нүд нь хөхөрч хавдаад юм харахгүй анигдчихсан хоолой орчим нь шарх болчихсон айгаад салгалчихсан тийм байдалтай байсан тэгээд цагдаад хандаж дуудлага өгч хүчирхийллийн үндэсний төвд ирж хоносон. Надад нөхөр *******д зодуулсан гэж хэлсэн.Нөхөр ******* нь хаяа нэг зоддог байсан хаяа архи ууж ирээд ******* эгчийг зодож хоёр хүүхдээ айлгадаг сүүлд 2017 оны 11 сарын үед зодсон байсан. Би тэр талаар сайн мэдэхгүй байна нэг уухаараа удаан хугацаагаар хоёр гурван сарын турш уудаг. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг/хх-ийн 25-26/
5. Арван найман насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 08 дүгээр сарын 26-ны өдөр ээжийн ажил тараад ирсэн тэгээд ээж орж ирээд хувцсаа сольсон тэгээд намайг загнаж ээж намайг нэг цохисон тэгээд нөгөө өрөөнд ороход аав Э.******* ээж *******ийг хоолойноос нь боож нүдийг нь цохиж сонин болгочихсон байсан тэгээд ээж аавыг аргадсан тэгээд аав айраг ууж байгаад тайвширсан тэрний дараа айраг ууж байсан аяга гараараа цохиж гараас цус гарсан тэрний дараа ээж Б Цоож аав тайвшруулж аав унтаад өгсөн ээж гэрээс гараад яваад өгсөн тэрний дараа ээж дүү бид хоёрыг ирж авсан. Аав *******д хов ярилаа гэж хэлээд миний гар мөрөнд нэг удаа зөөлөн цохисон. Намайг хов зөөсөн гэж аав уурласан мөн ээж намайг цохиод авсан аав уурласан аав архи уучихсан согтуу байсан юм. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/
6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 527 дугаартай шинжээчийн:
1. *******ийн биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. *******ийн биед 2018.08.26-ны өдрөөс өмнө гэмтэл учирсан гэх шинж тэмдэг үгүй байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 / болон хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 13-17 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч эзэмшлийн Sharp маркийн зурагт битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч ******* хохирогч ******* нарын эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 1 дүгээр гудамжны 2 тоот хашаанд байх өөрийн гэртээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий эхнэр *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******ийн мэдүүлэг гэрч *******, арван найман насанд хүрээгүй гэрч ******* нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 527 дугаартай шинжээчийн дүгнэлт, зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Иймд шүүхээс шүүгдэгч “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч эзэмшлийн Sharp маркийн зурагтыг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зурагтыг эзэмшигч *******д буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн оролцох эрхээ эдэлсэн бөгөөд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жа-******* овогт *******ийн ***** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Жа-******* овогт *******ийн дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин / 450.000 / мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан *******д оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин / 450.000 / мянган төгрөгөөр торгох ялыг ялтан шийтгэх тогтоолыг хүлээн авснаас хойш гурван сарын дотор төлөхөөр тогтоож хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан *******д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэргийн учир шүүгдэгч *******д нь бусдад төлөх төлбөргүй уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч эзэмшлийн “Sharp” маркийн зурагт битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 31 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зурагтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ