Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 438

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Бөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Ц.Амгаланбаатар

          нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

         

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Амгаланбаатарын бичсэн 2019 оны 2 дугаар сарын   14-ний өдрийн 07 дугаартай эсэргүүцлээр Х.Бөд холбогдох ................. дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч   Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Х.Б, 1967 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, инженер-механикч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсанаас тахир дутуугийн групп-д байдаг, ам бүл 1, ................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..................../;

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт зааснаар албан тушаал эрхлэхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар нягтлан бодох үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

 

Х.Б нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаагийн 59-806 тоотод байрлах иргэн Р.Эрдэнэцогтын гэрт амьдарч байхдаа мөнгөн аяга 2 ширхэг, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр зэс домбо 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Р.Эрдэнэцогтод 690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Х.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Бөд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Амгаланбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Бөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаатай тэнсэж хянан харгалзаж, түүнд хяналт тавьж ажиллахыг зохих байгууллагад даалгаж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг давхар хүлээлгэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Х.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Бөд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэхдээ шүүгдэгчид хэрэглэх албадлагын арга хэмжээг орхигдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл хэмжээ, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ”-г шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэж заажээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.  

 

Х.Б нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаагийн 59-806 тоотод байрлах иргэн Р.Эрдэнэцогтын гэрт амьдарч байхдаа мөнгөн аяга 2 ширхэг, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр зэс домбо 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Р.Эрдэнэцогтод 690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Р.Эрдэнэцогт /хх 12-17, 18/, гэрч Х.Эрдэнэчимэг /хх 21/, Г.Баттулга /хх 22/ нарын мэдүүлгүүд, барьцаат зээлийн үйлчилгээ /хх 23-24/, эд зүйлийн үнэлгээ /хх 25-28, хх 29-32/, Х.Бийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.  

 

Анхан шатны шүүх, Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болжээ.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар Х.Бөд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, түүнд хяналт тавьж ажиллахыг зохих байгууллагад даалгаж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг давхар хүлээлгэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ...” гэх дүгнэлтийг хийсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Бөд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг орхигдуулсан байх ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

 

Мөн анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “журмлан болон хугацаагр” гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөж, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлж гардуулсан, мөн прокурорын эсэргүүцлийг 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2 сарын дараа давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн зөрчил гаргасныг тэмдэглэвэл зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “журмлан болон хугацаагр” гэснийг “журамлан болон хугацаагаар” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР 

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

           

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ