Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2024/0204

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Э.С, түүний өмгөөлөгч Г.А

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч С.Б

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга

Гуравдагч этгээд Д.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “С.Б-ийг Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаас огцруулах тухай” Б/1* дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/1/ дугаартай “Д.Б-ыг Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар түр томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 159/ШШ2024/0004 дүгээр шийдвэр

Давж заалдах шүүх хуралдааны оролцогчид

Нэхэмжлэгч С.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 159/2023/0053/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Б нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргад холбогдуулж “Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “С.Б-ийг Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаас огцруулах тухай” Б/1* дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/1/ дугаартай “Д.Б-ыг Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар түр томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 159/ШШ2024/0004 дүгээр шийдвэрээр: “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч С.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, түүний өмгөөлөгч Г.А нар давж заалдах гомдолдоо:

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2-р багийн иргэдийн Нийтийн хурлын 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “Багийн Засаг даргаар томилуулах” тухай тогтоолтой холбоотойгоор нэхэмжлэгч С.Б нь мөн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ...С.Б намайг тус багийн /Бэлчир/ Засаг даргын албан тушаал гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн олгуулах, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/3* дугаартай захирамжаар Д.Б-ыг тус багийн Засаг даргаар томилсон тух захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 221 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 65 дугаартай тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн дээрх үйл баримт, нотлох баримтад дүгнэлт өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл ажилгүй байсан хугацааны цалин гаргахдаа аль он, сар, өдрөөс эхлэн тооцож байгаа эсэх, дээрх дээд шүүхийн эцэслэн шийдвэрлэсэн тогтоолоос харахад цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн байхад гаргасан байна

Мөн дээрх Улсын Дээд шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн хэргийн үйл баримт нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хамарсан байхад дахин хэргийг шийдвэрлэсэн нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар ... түүнчлэн  хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ... шүүхийн тогтоол байгаа ... бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэсэнтэй зөрчилдөж байна. Дээрх 2 нэхэмжлэлийн үйл баримт цаг хугацааны хувьд өөр боловч нэхэмжлэгчийн хүсэл, зоригийн илэрхийлэл, улс төрийн албан тушаалын маргаан зэргээс үзэхэд утга агуулгын хувьд ижил юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Б-ийн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Бэлчир” 2-р багийн Засаг даргын үүрэгт ажил нь хуулийн хугацаандаа буюу 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон, дахин нэр дэвшсэн тогтоолыг сумын Засаг дарга батлаагүй, энэ нь 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байхад нэхэмжлэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд ажилласан гэж үзэх нь үндэслэлгүй байна.

Миний зүгээс тухайн багийн Засаг даргыг томилохтой холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Засаг даргаас огцруулсан нь хууль эрх зүйн хувьд ойлгомжгүй байдлууд үүссэн байсан учраас маргаан бүхий захирамжийг гаргасан. Дээрх асуудлуудын талаар гуравдагч этгээдээс гаргасан тайлбар, мөн миний зүгээс удаа дараа шүүх хуралдаанд хэлсэн байхад энэ талаар шийдвэрт огт дүгнэлт хийгээгүй байна. Багийн Засаг дарга нь улс төрийн албан тушаалтан ба томилогдсоноос хойш 4 жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёстой байтал 2018 онд томилогдсоноос хойш одоог хүртэл буюу 6 жил гаруйн хугацаанд, үүнээс сүүлийн 2 жил гаруй хугацаанд Улсын дээд шүүхийн тогтоолыг үл харгалзан ажилласанд тооцсон агуулгатай шийдвэр гарсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 4 дүгээртэй шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад нотлох баримтыг буруу үнэлж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/1* дугаар “С.Б-ийг Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаас огцруулах тухай” захирамжаар “..2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 29-ний хооронд шалтгаангүй 9 өдрийн ажил тасалсан... Сумын Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй буюу биелүүлээгүй, удаа дараа ноцтой зөрчил гаргасан Сундуйжав овогтой Бат-Эрдэнийг Бэлчир 2 дугаар багийн Засаг даргын үүрэгт ажлаас 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс огцруулж”, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/1/ дүгээр “Д.Б-ыг Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар томилох тухай” захирамжаар “...Д.Б-ыг Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс түр томилж” шийдвэрлэжээ.

3. Хариуцагчаас Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 6 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 336 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 65 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн байхад нэхэмжлэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд ажилласан гэж үзэх нь үндэслэлгүй хэмээн маргажээ.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр “...Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7, 56.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-ийн “Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.С нь тус сумын Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар С.Б-ийг томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, С.Б намайг тус багийн Засаг даргын албан тушаалд томилсон тухай захирамж гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

4.1 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 336 дугаар магадлалаар “... Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 56.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын “тус сумын Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар С.Б-ийг томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргад даалгаж”,

4.2 Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 65 дугаар тогтоолоор “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нөхөн төлүүлэх...” гэсний дараа “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 дугаар захирамжаар Д.Б-ыг тус багийн Засаг даргаар томилсон тухай захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгч С.Б-с Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргад холбогдуулан маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх үедээ хүчин төгөлдөр болсон Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 65 дугаар тогтоолыг анхаараагүй, энэхүү маргаанд хамааралтай талаас нь дүгнэлт өгөөгүй нь буруу болжээ.

6. Өөрөөр хэлбэл хариуцагч Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга  тус сумын Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар С.Б-ийг томилохгүй байгаа нь  дээр дурдсан 65 дугаар тогтоолын 16, 17-д “...үндэслэлгүй буюу хууль бусаар татгалзсан” гэж буруутгах боломжгүй, Хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасан “зохих шатны Хурал энэ хуулийн 56.5-д заасан журмаар дахин нэр дэвшүүлэх” үр дагавар үүснэ. Харин хариуцагч хуулийн дагуу нэр дэвшүүлсэн хүнийг томилохоос “дахин” татгалзах эрхгүй...” талаар дурдаж, нэхэмжлэгч С.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, маргааныг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд Д.Б-ыг тус багийн Засаг даргаар томилсон шийдвэр хүчинтэй байна.

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогчид багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж, Засаг даргаар дахин нэр дэвшүүлээгүй тухай тайлбарыг гаргасан тул энэхүү маргаанд С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/1* дугаар “С.Б-ийг Бэлчир 2 дугаар багийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан”, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/1/ дүгээр “Д.Б-ыг Бэлчир 2 дугаар  багийн Засаг даргаар томилсон захирамжуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул шүүхээс хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

8. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “Энэ хуулийн 56.7-д зааснаар томилохоос татгалзсан тохиолдолд зохих шатны Хурал энэ хуулийн 56.5-д заасан журмаар дахин нэр дэвшүүлнэ.” гэж зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж, Засаг даргаар дахин нэр дэвшүүлээгүй, Д.Быг томилсон шийдвэр хүчинтэй байхад маргаан бүхий актыг хүчингүй болгож, С.Бат-Эрдэнийг Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар эгүүлэн томилох боломжгүй юм.  

9. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга үйл ажиллагаандаа хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтлах нь зүйтэйг дурдаж байна.        

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-ийн “Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “С.Б-ийг Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаас огцруулах тухай” Б/1* дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/1/ дугаартай “Д.Б-ыг Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар түр томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, түүний өмгөөлөгч Г.А нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА