Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00055

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

                  Нарийн бичгийн дарга                     С.Баянжаргал

                             Улсын яллагч                                   Э.Ариунболд

       Шүүгдэгчийн өмгөөлөгч                      С.Сувдаа

                        Шүүгдэгч                                       Б.Батболд нарыг оролцуулан эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батболдод холбогдох 201618020100 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:   Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, 1 удаагийн ял шийтгэлтэй,  Сэлэнгэ аймаг Мандал сум дах сум дундын шүүхээр 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 02 жил хорих ялыг 01 жил 06 сарын тэнсэн харгалзах ял авсан, халамжид байдаг, ухаан санаа бүрэн, Сэлэнгэ аймаг Мандал сум 06 дугаар  баг Баянхангайн 95 тоотод оршин суух

 

Боржигон овгийн Батсайханы Батболд /РД:МЗ89110491/

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Б.Батболд нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангайн 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Но&То pub” гэх баарны цонхоор хууль бусаар нэвтрэн орж “Acer” брендийн нөтбүүк хулгайлан иргэн Ш.Ганзоригт 2506000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батболд мэдүүлэхдээ: “…2016 оны 04 дүгээр сарын 22-ны орой төмөр замын клубт бүжиг болсон. Тэнд гурван найзтайгаа таарсан. Тэгээд бид хэд гараад 2, 3 шил архи уугаад салаад явсан. Гэтэл хэдэн жаахан хүүхдүүд гал командын хажуу талын саданд архи ууж байхаар нь очсон. Тэгээд тэндээсээ би харилаа гээд явсан. Нэг мэдсэн Ho&To бар луу орсон байсан. Согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Тэгээд тэндээсээ нөүтбүк аваад гэр лүүгээ явсан. Гэртээ аваачаад нөүтбүкийг амбаартаа хийгээд унтчихсан. 2,3 хоногийн дараа л комьпютер байгаа гэдгээ санасан. Таньдаг хэсгийн байцаагч ах ирээд ямар нэг юм болсон уу гэхэд үгүй гэсэн. Явсаных нь дараа амбаартаа ороод үзсэн чинь комьпютер байсан. Аваачиж өгөх гэсэн айгаад чадаагүй. Яг 7 хоногийн дараа нөүтбүкээ Баянхангайд Чука ахад аваачиж өгсөн. Зарна гээд яг ч зараагүй түр өгчихсөн байсан. Тэгээд замын урагшаа гараад удаагүй байж байтал Батзаяа байцаагчтай нэг ах ирсэн. Тэгээд л баригдсан. Нөүтбүкээ хохирогчид буцаагаад өгсөн, нийтдээ 220000 төгрөг төлсөн...” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Ганзориг мэдүүлэхдээ:  “...2016 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө “Но То” баарны жижиг цонх нь онгорхой байхаар нь очоод харсан чинь хойд талын жижиг цонхыг дотогшоо нь онгойлгоод орхичихсон байхаар нь түлхүүрээ гэрээсээ аваад онгойлгож ороод дотор талын эд зүйлүүдээ бүртгэж үзэхэд тек дээр байсан “Acer” брендийн нөтбүүкийг хулгайлаад аваад явсан байсан ба бас текний эерэг талын камерыг нь эвдээд тек дээр тавьчихсан байсан. Би тэр үедээ хэегийн байцаагч Н.Отгонбаатарт хэлж мэдэгдэж байсан юм. Манай “Но То” баарны дотор камер байнга ажиллагаатай байдаг ба нэлээд хэд хоног бичлэгээ хадгалдаг юм, баарныхаа дотор талын камерын бичлэгийг шүүж үзэхэд нэг залуу ганцаараа ороод нөтбүүк аваад гарч байгаа бичлэг хадгалагдаж үлдсэн байсан. ...Би одоогоос яг 5 жилийн өмнө Улаанбаатар хотын дөрөвдүгээр хорооллын BSB худалдааны төвөөс 850,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Худалдаж авснаасаа хойш эдэлж хэрэглэж нэлээд элэгдсэн болохоор 400,000 төгрөгөөр үнэлнэ. Камерыг дахин ашиглах боломжтой байна лээ, би камерныхаа үнэ хөлсийг нэхэмжпэхгүй, энэ Батболд гэдэг залуугийн ээж Энхзул нь надтай цуг ажилладаг, манайд үйлчлэгч хийдэг хүн байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Баттөр мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө буюу өнөө өглөө гэртээ /Баянхангайн 57 тоотод/ унтаж байхад манай гэрт 10:00 цагийн орчим Батболд хир болчихсон шар үүргэвч цүнх барьчихсан орж ирээд надад "Энэ цүнхэнд нөтбүүк байгаа энэ нөтбүүкийг хоёулаа цуг яваад ломбарданд тавьчихмаар байна" гэхээр нь би за за байж бай би хувцасаа өмсье гэж хэлээд манай гэрт Батболд бид хоёр байж байтал манай гэрт гаднаас манай хамаатны Билгүүн орж ирээд надад "Хоёулаа хамт хөдөө явчихаад ирье" гэж хэлэхээр нь за тэгье тэгье гэж Билгүүнд хэлээд Батболдод болохоор за чи нөтбүүкээ аваад байж бай би Билгүүнтэй хамт хөдөө явж ирчихээд болъё гэсэн чинь Билгүүн Батболдод "Чамд нөтбүүк байгаа юм уу, харъяа" гэж хэлсэн ...Батболд Билгүүнд нөтбүүкээ үзүүлсэн, нөтбүүк нь батарей байхгүй асахгүй байсан ба Билгүүн Батболд хоёр “Гранд” маркын гар утсаар солихоор болоод хоорондоо тохироод Билгүүн нөтбүүкийг нь аваад надад "Чи нөтбүүкийг нь аваад манай гэр лүү явж бай, би урагшаа Батболдыг Гарамын гудамжинд хүргэж егчихеед ирье" гэж хэлээд явсан. Би Батболдын өгсөн нөтбүүкийг аваад Билгүүний гэр лүү явж байтал Билгүүн мотоцикльтойгоо ирээд намайг аваад Билгүүний гэрт очсон. Билгуүний гэрт Батболдоос худалдаж авсан “Acer” маркын нөтбүүкээ орхичихоод Билгуүн бид хоёр Төмөр замын 253 дугаар тоочиг явж очоод байж байхад араас цагдаа нар утасдаад нөтбүүк хаана байна гэж асуусан, Билгүүн бид хоёр нөтбүүк нь байгаа гэж хэлэхэд та хоёр ирээд яриарай тэр нөтбүүк чинь хулгайн^нөтбүүк байна гэж хэлсэн. Тэгээд Билгуүн бид хоёр ирээд нөтбүүкийг нь Билгүүний гэрээс аваад Баянхангайн 57 тоотод манай гэрт ирээд цагдаа нарыг хүлээж байгаад нөтбүүкийг нь хүлээлгэж өгөөд байна. Батболд надад энэ нөтбүүкийг хүнээс 400,000 төгрөгийн авлагатай байсныхаа оронд авсан юм гэж хэлж надад ойлгуулсан юм. “Acer” маркын нөтбүүк байсан, арын батарей нь байхгүй, нэлээд хэдэн товчлуурууд нь уначихсан хуучин нөтбүүк байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/

             Мөрдөн байцаалтанд гэрч Б.Билгүүн мэдүүлэхдээ: “...Би өнөөдөр өглөө буюу 2016 оны 04 дүгээр сарын 27-ны еглее 10:00 цагт Баянхангайн 57 тоотод амьдардаг өөрийн хамаатан Баттөрийн гэрт хамт хөдөө явъя гэж гуйхаар очиход Баттерийн гэрт Батболд хир болчихсон шар цүнхтэй юм барьчихсан сууж байсан, тэгснээ Батболд, Баттер хоёр урагшаа замын урд гарч ломбард орно гэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэж асуухад Батболд "Надад нөтбүүк байна, энийг ломбарданд тавина" гэж байсан. Би нөтбүүкийг чинь сонирхоё гэж Батболдод хэлсэн чинь шар цүнхнээсээ “Acer” гэсэн бичигтэй нөтбүүк гаргаж ирсэн, би онгойлгож үзэхэд 6 ширхэг товчлуур нь уначихсан, ардаа батарей байхгуй нөтбүүк байхаар нь би наадахыг чинь бараг ломбард авахгүй юм байна даа гэж хэлсэн, тэгээд би эхнэртэйгээ гар утсаараа мессеж бичиж байсан чинь Батболд миний гар утсыг харчихаад "Чиний наад утас чинь ямар утас юм бэ" гэхээр нь би миний гар утас “Гранд-2” гэдэг гар утас байгаа юм" гэж хэлсэн чинь чиний гар утсаар хоёулаа энэ нөтбүүкийг солих уу гэхээр нь би чиний нөтбүүкэнд батарей хийж асааж шалгаж узэж байж болъё гэж хэлсэн чинь Батболд "Би одоо замын урагшаа гарлаа, чи наад нетбуукээ аваад явчих, чамайг 253 дугаар тоочиг яваад прений чинь дараа болъё" гэж хэлэхээр нь би за гэж хэлээд нөтбүүкийг нь аваад Баттерт егч энийг аваад манай гэрруу явж бай гэж хэлчихээд, Батболдыг темер мотоцикльдоо сундлаад темер замын нухэн гарцруу хургэж егчихеед буцаад Баттер дээр ирэхэд Темер замын эмнэлэгийн ард явж байсан. Би Баттерийг сундалж гэртээ очоод нөтбүүкийг гэртээ тавьчихаад Төмөр замын 253 дугаар тоочигруу явсан. 253 дугаар тоочигт байхад цагдаа утасдаад Баттертэй яриад дараа нь надтай ярьсан, тэр уед цагдаа "Наад нөтбүүк чинь хулгайн нөтүүк шүү хурдан ир" гэхээр нь ирсэн юм. Би хулгайн нөтбүүк гэдгийг нь мэдээгүй, анх Батболдыг нөтбүүктэй явж байна гэхээр нь хэний нөтбүүк юм бэ гэж асуухад 400,000 төгрөгийн өрөндөө авсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

          Эд зүйлийн үнэлгээ тогтоосон акт /хх-ийн 12-р хуудас/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-31-р хуудас/, Хохирогч Ш.Ганзоригийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8-р хуудас/ болон хохирогч Ганзоригийн гомдолгүй гэх тодорхойлолт /хх-44-р хуудас/, ял шалгуулах хуудас /хх-33-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р сургуулийн сургалтын эрхлэгчийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн газрын тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангайн 6-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-24-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар:

 

          Шүүгдэгч Б.Батболд нь  2016 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангайн 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Но&То pub” гэх баарны цонхоор хууль бусаар нэвтрэн орж “Acer” брендийн нөтбүүк хулгайлан иргэн Ш.Ганзоригт 250000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна. Б.Батболдод холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон яллах дүгнэлтэнд дурьдагдсан хуулийн зүйл хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй. Шүүгдэгч Б.Батболд нь гэмт хэрэг үйлдэж олсон “Acer” брендийн нөтбүүкийг хохирогч Ш.Ганзоригт буцаан хүлээлгэн өгсөн ба хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйл, гомдол саналгүйг дурьдах нь зүйтэй.

 

           Шүүгдэгч нь урьд нь 2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-оор 2 жил 4 сарын хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийтгүүлсэн ба  2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дүгээр зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүйд тооцогдож, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, хэрэгтээ гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, Шүүгдэгчийн хувийн болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон Тогтоох нь:

     

  1. Шүүгдэгч Боржигон овогт Батсайханы Батболдыг бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар  Батсайханы Батболдод оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Батболдод оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзаж, мөн хугацаанд ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Батболдод урьд авсан бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

           6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлийг гаргах  эрхтэй.

 

             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ