Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/280

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Х.Ундрах-Оргил,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Доржготов,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814005060289 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн ******* /Регистрийн дугаар: ******* /,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг 1-35-02 тоотод оршин суух иргэн *******гийн эзэмшлийн байрны цонхнуудыг 2018 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө 23 цагийн үед хагалж 666000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд зүйлийг устгаж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Миний бие *******тай 2017 оны 1-р сард танилцаж удалгүй 2017 оны 3 дугаар сараас үерхэх болсон. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн орчим байх гэрийнх нь хажуугаар явж байхад гэрийнх нь гадаа машин байхаар нь би гэрт явж очсон. Тэгээд хаалгыг нь цохиод онгойлгохгүй болохоор нь цонхыг нь цохиж үзсэн. Мөн гар утас руу нь залгасан боловч утсаа авахгүй байсан бөгөөд ******* нь гэртээ байгаа мөртөө надад хаалга онгойлгож өгөхгүй байсан. Тэгээд би цонхыг нь тойроод цохиод яваад байсан чинь гэрийнх нь гадаа байсан машины эзэн болох ******* гэх залуу нь цонхоор нь толгойгоо гаргаад над руу дайрч би найз залуу нь байна гээд тэнд жоохон маргалдаж байгаад би яваад өгсөн. Тэгээд би гол дээр очиж найз нартайгаа архи уусан бөгөөд орой нь *******гийн гэрийн хажуу талын байранд найзындаа орой ирсэн. Тэгээд би найзынхаа гэрт байж байгаад найздаа тамхи татлаа гэж хэлээд ганцаараа гарч яваад гадаа байхдаа *******гийн гар утас руу нь залгасан боловч утсаа авахгүй байхаар нь гэрт нь очиж хаалгыг нь цохиж үзэхэд хаалгаа онгойлгохгүй байхаар нь мөн байшинг нь тойрч цонхыг нь цохиж үзсэн боловч хаалга онгойлгохгүй байсан.Ингэж тойрч явж байхдаа гэрийнх нь урд талынх нь цонхыг чанга цохиж байгаад цонхыг нь хагалсан. Тэгээд тойроод нөгөө *******ын толгойгоо гаргаад надтай хэрэлдэж байсан цонхон дээр очоод өдөр болсон явдлыг санаад уур хүрээд *******г хардаад газраас чулуу аваад байшингийнх нь нэг давхрын цонхнуудыг тойроод шидэж хагалсан. Миний бие энэ хагалсан цонхнуудыг нь 270,000 төгрөгөөр шиллэж өгсөн. Шидсэн чулуунд оногдсон гэх гитарын хувьд өөрийнхөө гитарыг өгч хохиролгүй болгосон. Миний бие шинжээчийн дүгнэлтэй танилцлаа. Надад шинжээчийн дүгнэлтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дахин үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй . Миний бие бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрч байгаа мөн тухайн асуудалд маш их гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 50-53/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор хөдөлмөр халамж үйлчилгээний газарт анх ажил ороод хамт ажилдаг *******тай үерхэх болсон юм тэгээд нэг жил гаруй үерхэж байсан тэгсэн ******* архи их уу. болсон тэгээд байнга намайг өөрийнхөө аргаар байлгах гээд байдаг болсон мөн зан нь эвдэрсэн энэ асуудлаас нь болоод би салах гэсэн боловч салахгүй байдаг байсан тэгээд энэ жил 8 сард би ээлжийн амралтаа аваад Улаанбаатар руу *******д худлаа хэлээд яваад өгсөн байсан юм тэгээд араас утсаар ярьж хэл амаар доромжлоод дарамтлаад байдаг болсон тэгээд 8 сарын 27-ны өдөр ажилдаа орсон түүнээс хойш байнга хэрүүл маргаан хийдэг байсан ажил дээр хүрээд ирэхээр нь би өрөөнийхөн хаалгыг цоожлоод оруулахгүй болохоор гадна байгаа машины дугуйны хийг гаргаад хаячихдаг, эсхүл машины номер тайлаад аваад явчихдаг байсан тэгээд байнга гар утсаар дарамталдаг айлган сүрдүүлдэг болсон тэгээд би арван жилийнхэн найз ******* гэдэг залууг гуйгаад надтай үерхэж байсан залуу намайг айлгаад дарамтлаад байдаг болсон чи надад  хань болоод өгөөч гээд түүнээс хойш бид хоёр хамт байдаг байсан тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ найз *******, ******* бид 3 гэртэй байж байсан ******* ирээд гэрийн хаалга цохиод байсан тэгэхээр нь онгойлгүй юм тэгсэн гаднаас цонх цохиод онгойлгосон тэгээд манай найз *******тай хэрүүл хийж байгаад яваад өгсөн.Тэгээд бид 3 гэртээ байж байгаад 17 цагийн *******ын ажил дээр очиж юм хийх гээд явсан тэгээд орой 00 цаг 30 минутын үед гэртээ ирсэн чинь гэрийн цонхнуудыг хагарсан байсан юм. Архи уусан байсан үнэртэж байсан. 5-23-02 тоотод байдаг юм, манай урд талд байдаг 36 дугаар байр Дагвий гээд найз нь байдаг юм. Эрх чөлөөнд халдсан асуудал байхгүй хэл амаар доромжилсон асуудал байгаа   Надад нэмж ярих зүйл байхгүй.  мэдүүлэг / хх-ийн 13-15/,

...******* хохирлоо төлж барагдуулсан байгаа хагалсан цонхны шилнүүдийг янзалж өгсөн өнөөдөр гитар төлж өгнө гэсэн. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй ээ. гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ бүх зүйлийг үнэн зөвөөр өгсөн одоо нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Г.Доржготов гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Улаанбаатар хотод ажиллаж амьдрахаар явсан. *******ын хувьд учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, ял шийтгэлийн тал дээр хөнгөлж өгнө үү гэж хүсэх байна гэв.

5. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 09 дүгээр сарын эхээр байсан он сарыг нь сайн санахгүй байна Би гэх найзынд өдөр 14 цаг өнгөрөөгөөд Түвшээ гээд найзын хамт очоод байж байтал гийн хуучин найз залуу ******* ирээд хаалгыг нь цохисон тэгэхээр тэр байна гэж бодоод онгоолгоогүй тэгээд байрыг нь тойроод бүх цонхыг нь нүдээд байж байснаа том өрөөнийх тэгээд Түвшээтэй цонхоор хэрэлдэж байгаад цагдаа дуудсан чинь явсан өөр нэмж ярих зүйл байхгүй хохирлыг бүрэн барагдуулсан Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг/хх-ийн 29-30/

6. Баянхонгор аймаг дахь “Энх-Нахиа” ХХК 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 198  дугаартай шинжээчийн:

1. Вакум цонх 0.6*1.46 см харьцаатай 7-н ширхэг цонх нэг ширхэг нь 34.000 төгрөг нийт 238.000 төгрөг

2. Вакум цонх 2*1,84 см харьцаатай 2 ширхэг цонх нэг бүр нь 128.000 төгрөг нийт 256,000  төгрөг

3. Вакум цонх 1,45*0,45 см харьцаатай 2 ширхэг цонх нэг бүр нь 23.000 төгрөг нийт 46.000 төгрөг

4. Вакум цонх 0,99*0,66 см харьцаатай 2 ширхэг цонх нэг бүр нь 23.000 төгрөг нийт 46.000 төгрөг

5. Гитар 1 ширхэг 80.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40 / болон хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 54-58 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ын эзэмшлийн “IPHONE-6” маркийн гар утас битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч ******* хохирогч ******* нарын эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг 1-35-02 тоотод оршин суух иргэн *******гийн эзэмшлийн байрны цонхнуудыг хагалж 666000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд зүйлийг устгаж гэмтээсэн үйл баримт  болсон нь хохирогч *******гийн мэдүүлэг гэрч ******* нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 198 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн “IPHONE-6” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч *******д буцаан  олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн  улмаас  цагдан  хоригдсон  хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус  дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн оролцох эрхээ эдэлсэн бөгөөд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй байна.        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд   тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / мянган төгрөгөөр торгох ялаар    шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4-д зааснаар ялтан *******д оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / мянган төгрөгөөр торгох ялыг ялтан ******* нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоны дараа  хоёр сарын дотор хэсэгчлэн төлөхөөр   тогтоож хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь  бусдад төлөх төлбөргүй уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.1  36.8 дугаар зүйлийн  1.8-д  зааснаар энэ хэрэгт шүүгдэгч  *******ын эзэмшлийн Iphone-6 маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д буцаан  олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн   1.5-д   зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгосугай.     

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Д.БАТЦЭНГЭЛ