Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 377

 

        2018 оны 06 сарын 06 өдөр

       Дугаар 156/ШШ2018/00377

        Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2018/00365/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 02 дүгээр баг, Булагийн 17-06 тоотод оршин суух, Д.Б-д (РД: ..............) холбогдох,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 01 дүгээр баг, Хийдийн 08-09 тоотод оршин суух Л.У-ын (РД: ..............) нэхэмжлэлтэй,

“гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох”  тухай хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.У-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-, хариуцагч Д.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.У- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 онд Б-тай танилцаж үерхэж байгаад 2011 онд гэрлэлтээ батлуулж өрх тусгаарлан амьдарсан юм. Бидний амьдралын эхний жилүүдэд аливаа асуудал маргаангүй тайван сайхан байсан боловч 2014 оны намраас найз нөхөдтэйгээ уулзах, төрсөн өдөр, баяр наадам тэмдэглэх нэрийдлээр архи, пиво хэрэглэж эхэлсэн. Эхэн үедээ залуу хүн найз нөхөдтэйгээ уулзаж болно гээд энэ байдлыг зөвшөөрдөг байсан. Сүүлдээ гарахаараа хоногоор алга болдог, үүнээс үүдэн байнгын хэрүүл маргаантай болсон. 2015 оны 10 дугаар сард намайг хөдөө ажлаар явсан хойгуур дэлгүүр яваад ирье гээд охиноо ээжид үлдээгээд архидаад алга болсон. Орой нь Түмэндэмбэрэл бааранд орж согтуу үедээ Тайванхүү гэх залуутай муудалцаж нүүрийг нь маажсан хэргээр эрүүлжүүлэгдсэн байсан.

Дараагаар дахин Түмэндэмбэрэл баарны гадаа Н гэх эмэгтэйтэй муудалцаж нүүрийг нь маажсан асуудлаар эрүүлжүүлэгдсэн. Би Б-г үр хүүхдийн минь ээж юм гэж олон удаа тэвчин уучилсан. Гэтэл сүүлдээ охиноо халуураад хэвтэж байхад айлд байна найзындаа хонож байна гэж худал хэлж гэртээ ирэхгүй өдөр олон байсан. Д.Б- бид хоёрын амьдрал хэрүүл маргаанаас тасархаа болж таарч нийлэхгүй болсон.

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр намайг ажлаасаа шөнийн 00 цагт тараад гэртээ ирэхэд Гэрлээ гэх найзынхаа хамт согтуу байж байсан. Намайг гэрт ороход гэр орныхоо эд зүйлсийг тараагаад хаясан аяга тавгаа чулуудаад хагалчихсан ээжийн маань уруулыг гараараа язартал цохисон байдалтай сууж байсан. Тухайн үед ээж маань хүүхдээ орхиод дандаа ууж идэж явах юм. Ямар учиртай юм бэ гэж асуухад өөдөөс нь хэрэлдэж агсам тавьж ээжид маань гар хүрсэн учраас би цагдаа дуудаж өгсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Би цаашид Б-тай хамт амьдарч чадахгүй учраас гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байна. Миний охин Маргад ээжийгээ согтуу үед нь айдаг, эмээ дээрээ ихэвчлэн байдаг.

Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Мөн Б-гаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй.

Би охин Маргадаа өөрийнхөө асрамжинд авахыг хүсэж байна. Д.Б- нь зан байдлын хувьд тогтворгүй ууртай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж, охиноо орхиод олон удаа хонон өнжин шоудаж байсан учраас охины хүмүүжилд муугаар нөлөөлнө.

Иймд Д.Б-гаас гэрлэлтээ цуцлуулж, охин Маргадыг өөрийнхөө асрамжинд авах хүсэлтэй байна гэв. (хх-ийн 1 тал)

 

 Хариуцагч Д.Б- нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2010 онд Л.У-тай танилцаж, 2011 онд охин У.М- гэдэг охинтой болж, 2011 онд гэрлэлтээ батлуулсан. 2014 оноос хоорондын хэрүүл маргаанаас болж 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс тус тусдаа амьдарч байна. Цаашдаа Л.У-тай амьдарч чадахгүй. Охин У.М-ыг эцэг Л.У-ын асрамжинд өгөхөд татгалзах зүйл байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Л.У- нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаангүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна гэв. (хх-ийн 21 тал)

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 Нэхэмжлэгч Л.У- нь, хариуцагч Д.Б-д холбогдуулж “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж охин У.М-ыг 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрүүлсэн болох нь № 0161531 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, (хх-ийн 6 тал) № 0000742676 дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, (хх-ийн 6 тал) нэхэмжлэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт, (хх-ийн 5 тал) зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 21 тал)...  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд гэрлэгчид нь эвлэрээгүй байна. (хх-ийн 10 тал)

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, ээнэгшил, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэх зэргийг харгалзаж хүүхдийг хэний асрамжинд өгөх эсэхийг шүүх шийдвэрлэв.

Бага насны охин У.М- нь 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 7 настай болох нь төрсний гэрчилгээний хуулбараар, (хх-ийн 6 тал) аавтайгаа хамт амьдардаг бөгөөд аавдаа ээнэгшин дассан нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 01 дүгээр багийн засаг дарга Б.Эрдэнэбилэгийн тодорхойлолтоор, (хх-ийн  5 тал) зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 21 тал)... зэргээр тус тус тогтоогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг  төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн охин У.М-ыг эцэг  Л.У-ын асрамжинд үлдээхээр тогтов.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй байна. (хх-ийн 1 тал)

Зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Х овогт Л.У-, хариуцагч Б овогт Д.Б- нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн насанд хүрээгүй охин У.М-ыг эцэг Л.У-ын асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурьдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар охин У.М-ыг эх  Д.Б-тай уулзуулж байхыг эцэг Л.У-т даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.У- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-гаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Мөнхцэцэгт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.ЦЭРЭНДУЛАМ