Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 389

 

       2018 оны 06 сарын 08 өдөр

       Дугаар 156/ШШ2018/00389

          Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2018/00380/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Хариуцагч: ...................................................... тоотод оршин суух, Л.Б--эд  холбогдох, (РД: ............),

Нэхэмжлэгч: .......................................................... тоотод оршин суух, Ч.З-ы (РД: .............) нэхэмжлэлтэй,          

"хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.З- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 2007 онд Л.Б--тэй танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин Б.З төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оноос салж тус тусдаа амьдрах болсон.

Тэр үеэс хойш охин маань миний асрамжинд өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Б.З охинд тэтгэлэг гаргуулж өгнө гэжээ.  (хх-ийн 1 тал),

Нэхэмжлэгч Ч.З- нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Л.Б--ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Би Улаанбаатар хотод сургалттай байгаа тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, нэмж гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 20 тал)

 

 Хариуцагч Л.Б- нь шүүхэд гаргасан тайлбартаа: Би иргэн Ч.З-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч танилцлаа. Миний бие Ч.З-тай 2008 онд танилцаж, 10 дугаар сарын 28-ны өдөр бидний охин Б.З төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан ба зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Иргэн Ч.З-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Энэ хэрэгт өмгөөлөгч авах шаардлагагүй, нэмж гаргах нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 14 тал)

Хариуцагч Л.Б- нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг тул өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Маргаантай зүйлгүй. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг Улаанбаатар хотын ....................................... тоот хаягаар хүргэж тусална уу гэжээ. (хх-ийн 15 тал)

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 Нэхэмжлэгч Ч.З- нь хариуцагч Л.Б-ээс “охин Б.Зд хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар зохигчид 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин Б.Зг төрүүлсэн болох нь № 029863 Г-454 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, (хх-ийн 4 тал)  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн засаг дарга Б.Эрдэнэбилэгийн тодорхойлолт, (хх-ийн 5 тал) эрүүл мэндийн тодорхойлолт, (хх-ийн 6 тал) Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тэмүүжин цогцолбор сургуулийн сургалтын менежер Ө.Мөнхцэцэгийн тодорхойлолт, (хх-ийн 7 тал)  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу хариуцагч Л.Б- нь охин Б.Зд хүүхдийн тэтгэлэг төлөх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Л.Б- нь Б.З охиныг өөрийн асрамжинд авах талаар маргаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, ээнэгшил, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэх,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар охин Б.Згийн санал зэргийг харгалзаж хүүхдийг хэний асрамжинд өгөх эсэхийг шүүх шийдвэрлэв.

Бага насны охин Б.З нь 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 10 настай болох нь төрсний гэрчилгээний хуулбараар, (хх-ийн 4 тал) ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд ээждээ ээнэгшин дассан нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тэмүүжин цогцолбор сургуулийн сургалтын менежер Ө.Мөнхцэцэгийн тодорхойлолтоор, (хх-ийн  5 тал).... зэргээр тус тус тогтоогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг  төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн охин Б.Зг эх Ч.З-ы асрамжинд үлдээхээр тогтов.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан:... эцэг эх нь хүүхдээ... тэжээн тэтгэх үүрэгтэй тул эцгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж охин Б.Зд олгохоор шийдэв.

Мөн эцэг Л.Б-ээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж охин Б.Зд олгох нь зүйтэй гэж үзэв.

Зохигчид нь энэ талаар маргаагүй болно.

Зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 10 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Зг эх Ч.З-ы асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Зг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг Л.Б-ийн сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж охин Б.Зг тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ч.З-д даалгасугай.

4. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурьдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар охин Б.З охиныг эцэг  Л.Б-тэй уулзуулж байхыг эх Ч.З-д даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.З- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-аас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.ЦЭРЭНДУЛАМ