| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00478/И |
| Дугаар | 426 |
| Огноо | 2018-06-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 426
| 2018 оны 06 сарын 18 өдөр | Дугаар 156/ШШ2017/00426 | Хэнтий аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00478/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Т-Б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн ............................................................тоотод оршин суух, иргэн Л.. овогт Г.. С- /РД: .........../-д холбогдох
“Орон сууцны төлбөрийн үлдэгдэл 38 765 500 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Г.С-, хариуцагчийн өмгөөлөгч Э.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Т-Б ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-, Х.М-нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/157, А/153 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг татан буулгаж, эрх хүлээн авагчийг томилж, банк болон банкны системийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, Хадгаламж банкны ажилтны эрх ашгийг хамгаалах зорилгоор Хадгаламж банкны зарим эрх, үүргийг Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас “Т-Б ” ХХК-д шилжүүлсэн. “Хадгаламж банк” дахь Банкны эрх хүлээн авагч болон “Т-Б ” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдор 155/003/2013 БЭХА дугаартай гэрээ байгуулж “Хадгаламж банк” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын хөдөлмөрийн гэрээнд заасан эрх, үүрэг “Т-Б ” ХХК-д шилжсэн. Энэхүү гэрээний дагуу “Т-Б ” ХХК нь “Хадгаламж банк” ХХК-д салбарын захирлаар ажиллаж байсан Г.С-г Т-Б ны Хэнтий салбарын захирлын ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулахаар харилцан тохиролцож, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Т21-001 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Мөн “Т-Б ” ХХК нь “Хадгаламж банк” дахь Банкны эрх хүлээн авагчтай 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 008/201ЗБЭХА/165 тоот “Бусад актив хөрөнгө шилжүүлэх гэрээ” байгуулж, “Хадгаламж банк”-ны ажилтнуудтай холбоотой авлагыг шилжүүлэн авсан. Уг 008/2013БЭХА/165 тоот гэрээгээр шилжиж ирсэн авлагад тухайн үеийн “Хадгаламж банк”-ны Хэнтий салбарын захирал Г.С-гийн нэр дээр бүртгэлтэй орон сууцны төлбөрийн үлдэгдэл 38 765 500 төгрөгийн авлага шилжиж ирсэн бөгөөд “Хадгаламж банк” ХХК-иас Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайвны өргөн чөлөө 51/А дугаар байрны 11 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031617 дугаар бүртгэлтэй орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажилтан Г.С-гийн нэр дээр гарган өгч орон сууцны үнийг авлагад бүртгэсэн байсныг дээрх гэрээний дагуу “Т-Б ” ХХК-д шилжүүлсэн. “Т-Б ” ХХК нь 2013 оны 10 дугаар сараас эхлэн орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахыг Г.С-гаас шаардаж ажилтны орон сууцны хөнгөлөлттэй зээлийн нөхцөл рүү төлбөрийг шилжүүлэн төлүүлэх саналыг удаа дараа тавьж байсан. Тухайн үед Г.С- нь ажилтны хөнгөлөлттэй зээлд шилжүүлэхийг зөвшөөрч байсан боловч уг байрыг зарж борлуулсан учир барьцаа хөрөнгө байхгүй, хэрэв одоо байгаа зээлийн үлдэгдэл дээр нэмж зээл авах тохиолдолд орлого хүрэхгүй, хамтран зээлдэгч байхгүй зэрэг шалтгаанаар хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Ажилтны зүгээс дээрх байдлаар “Хадгаламж банк” ХХК-иас шилжин ирсэн өр төлбөрийг төлөхөөс зайлсхийж байгаа учир “Т-Б ” ХХК нь “Хадгаламж банк” дахь Банкны эрх хүлээн авагчаас шилжүүлэн авсан шаардах эрхийнхээ хүрээнд ажилтан Г.С-гаас орон сууцны төлбөрийн үлдэгдэл 38 765 500 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ. (1 дүгээр хх-ийн 1-3 тал)
Хариуцагч Г.С- нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХААН банкинд ажиллаж байх үед 2010 оны 06 дугаар сард тухайн үеийн Хадгаламж банкны орлогч захирлаар ажиллаж байсан С- Хэнтий аймаг дахь салбарын захирлаар ирж ажиллах саналыг тавьсан. Уг саналын дагуу Хадгаламж банкны гүйцэтгэх захирал, орлогч захирал нартай уулзахад одоо авч байгаа цалинг нэмэгдүүлэх, 2 өрөө орон сууц олгох талаар санал тавьсан. Тухайн үед Хадгаламж банкны үйл ажиллагаа сайнгүй, зах зээл эзлэлт бага байсан учир 14 хоногийн дараа хариу мэдэгдэхээр уулзалт өндөрлөсөн. Энэ үед миний бие улсын банк болон ХААН банкинд 24 жил ажилласан багагүй туршлагатай болсон гэж өөрийгөө дүгнэж, 14 хоногийн дараа Хэнтий салбарын захирлаар ажиллах шийдвэрийг гаргасан. Хадгаламж банкны удирдлагын тавьсан миний нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн саналыг тусгасан тусгай хөдөлмөрийн гэрээг байгуулж 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий салбарын захирлаар томилогдон ажилласан. 2010 оны 07 дугаар сард 2 өрөө байраа хүлээн авч байсан. 2013 оны 06 дугаар сард гүйцэтгэх захирал С- над руу утсаар ярьж сайн ажиллаж байгаа тул орон сууцны чинь өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр чинь шилжүүлэх боллоо, ирж гэрчилгээгээ шилжүүлж авна уу гэж хэлсэн. 2013 оны 06 дугаар сарын 20-нд орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. 2013 оны 07 дугаар сарын 23-нд Хадгаламж банк татан буугдаж, Т-Б ХХК-тай нэгдсэн. 2013 оны 10 дугаар сард нутгийн салбаруудын сургалт төв банкин дээр болсон. Энэ сургалтын үеэр таны нэр дээр орон сууцны үнийн авлага бүртгэлтэй байна гэдгийг сонссон. Үүнээс хойш энэ авлагыг барагдуулах талаар 3 удаа мэдэгдэх хуудас өгч байсан. Хадгаламж банк ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр надад 2 өрөө байр өгсөн. Хадгаламж банк болон Т-Б тай орон сууцны төлбөр төлөх талаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Сүнжидмаа миний нэр дээр байдаг. Төв банкин дээр хийгдэж байгаа өглөг, авлагын гүйлгээг би мэдэхгүй, надад урьд нь огт мэдэгдэж байгаагүй. 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Т-Б тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ үед авлагын талаар удирдлагын зүгээс огт мэдэгдээгүй. Иймд Т-Б наас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. (1 дүгээр хх-ийн 31-34 тал)
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-, Б.С- нар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:... “Т-Б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.С-д холбогдох, “орон сууцны төлбөр 38 765 500 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар тус хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байх тул 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ. (2 дугаар хх-ийн 108 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т-Б ХХК нь хариуцагч Г.С-гаас “орон сууцны төлбөрийн үлдэгдэл 38 765 500 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Т-Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэргийн үйл баримтаас үзэхэд Хадгаламж банк ХХК нь хариуцагч Г.С-г тус банкны Хэнтий салбарын захирлын албан тушаалд 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай ажиллуулахаар томилж, хөдөлмөрийн гэрээг 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ажил олгогч болон ажилтан нар байгуулсан байна. (1 дүгээр хх-ийн 35-42 тал)
Уг хөдөлмөрийн гэрээний 5.1.4-т: ажилтанд 2 өрөө байр эзэмшүүлж, гэрээний хугацаа дууссаны дараа өмчлүүлнэ.
Энэ нь тусдаа гэрээгээр шийдэгдэнэ гэж заасан байна.
Тухайн үед Хадгаламж банк ХХК-ийн толгой компани нь Жаст групп ХХК байсан бөгөөд тус компанийн ерөнхий захирал Ш.Бнь Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан гэх бөгөөд Хэнтий салбарын захирлаар томилогдсон Г.С-тай Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 51 А байрны 11 тоотод байршилтай, 57.4 м2 2 өрөө орон сууцыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Орон сууц эзэмшүүлэх гэрээ байгуулан эзэмшүүлжээ. (1 дүгээр хх-ийн 43-44 тал)
Хариуцагч Г.С-д эзэмшүүлсэн уг орон сууцны өмчлөгч нь тухайн үедээ Жаст групп ХХК-ийн ерөнхий захирал Ш.Батхүүгийн төрсөн дүү тус компанийн дэд захирал Ш.Батсайхан болох нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн шүүхэд ирүүлсэн түүхчилсэн лавлагаа, (2 дугаар хх-ийн 65 тал) үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарууд, (2 дугаар хх-ийн 71-75 тал)... зэргээр нотлогдож байна.
2010-2013 онуудын үед Жаст групп ХХК нь Хадгаламж банк ХХК-ийн толгой компани нь байсны хувьд тус банкны гүйцэтгэх удирдлагыг хянаж хэрэгжүүлдэг, банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байсан нь зохигч талуудын шүүхэд гаргаж байгаа тайлбаруудаар тогтоогдож байна.
Жаст групп ХХК-ийн дэд захирал Ш.Б- гэгч нь өөрийн өмчлөлийн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 51-А байрны 11 тоотод байршилтай 57.4 м2 2 өрөө 60 270 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Г.С-д Орон сууц бэлэглэх гэрээгээр хариу төлбөргүй, эргэж буцах нөхцөлгүйгээр бэлэглэсэн байна. (2 дугаар хх-ийн 72 тал)
Хариуцагч Г.С- нь Жаст групп ХХК-ийн удирдлагаас орон сууцыг шагналын журмаар, бэлэглэлийн гэрээний үндсэн дээр өмчлөлдөө авснаас хойш буюу 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Монгол банкны ерөнхийлөгчийн Хадгаламж банк ХХК-ийг албадан татан буулгах тухай А157 дугаартай тушаал гарч, Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийг байгуулсан байна.
Энэхүү Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч Ч.А нь хариуцагч Г.С-д Хадгаламж банк ХХК-ийн тэнцэлд Г.С- тантай холбоотой аливаа зээл, авлага бүртгэлгүй бөгөөд Т-Б ин дахь таны нэр дээр бүртгэлтэй авлагын асуудлыг Хадгаламж банк нь шийдвэрлэх боломжгүй” гэж 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр албан ёсны хариу өгч байсан байна.
Маргааны үйл баримтаас үзэхэд хариуцагч Г.С- нь татан буугдсан Хадгаламж банк ХХК болон түүний эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авсан Т-Б ХХК-тай одоо маргаж байгаа орон сууц болон түүний төлбөрийн үлдэгдэл гэх асуудлаар ямар нэгэн үүрэг хүлээсэн гэрээ байгуулаагүй, ийм тохироо хийгдээгүй болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Т-Б ХХК нь хариуцагч Г.С-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 38 765 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.
Нэхэмжлэгч тал нь хариуцагч Г.С-д Жаст групп ХХК-ийн удирдлагуудаас бэлэглэлээр өмчлөлд нь шилжүүлсэн байрны төлбөрт 76 342 000 төгрөгийг төлсөн гэж байгаа ч энэ төлбөрийг хэзээ, хэнд, ямар зориулалтаар төлсөн нь тодорхой бус байх ба одоо яагаад төлбөрийн үлдэгдэл гэж 38 765 500 нэхэмжлээд байгаа, орон сууцны төлбөрт анх өгсөн гэх 76 342 000 төгрөгийн үлдэх 37 576 500 төгрөгийг яагаад нэхэмжлээгүй зэрэг нь ойлгомжгүй байна.
Хариуцагч Г.С-гийн бэлэглэлээр хүлээн авсан байр нь татан буугдсан Хадгаламж банк ХХК-ийн өмчлөлийнх байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх ба хувийн хэвшлийн банкны хөдөө орон нутаг дахь салбарыг хэдэн жил амжилттай удирдаж, зах зээлийг тэлж, үр дүнд хүрч ажиллаж байгааг нь үнэлэн Г.С-г толгой компанийн удирдлагынх нь зүгээс урамшуулж өөрсдийн хувийн өмчлөлийн орон сууцыг бэлэглэсэн байна гэж шүүх үзлээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-т: үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн бол бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй гэж заажээ.
Иймд хариуцагч Г.С-г маргаж буй орон сууцыг шударгаар олж авсан, энэ орон сууцтай холбоотой ямар нэгэн үүргийг бусдын өмнө хүлээгээгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа тул улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 351 778 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-, Б.С- нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд өөрсдийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. (2 дугаар хх-ийн 108 тал)
Мөн нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзулд шүүх хуралдааны товыг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр утсаар мэдэгдэхэд... за ойлголоо шүүх хуралдаанд оролцохгүй... гэжээ. (2 дугаар хх-ийн 106 тал)
Хариуцагч, түүний өмгөөлөгч Э.У- нар шүүх хуралдаанд нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулахгүйгээр хурал хийлгэх хүсэлтийг бичгээр гаргажээ. (2 дугаар хх-ийн 109 тал)
Шүүх хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг үндэслэн хэргийг шийдэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-т зааснаар “Т-Б ” ХХК-ийн хариуцагч Г.С-гаас “орон сууцны төлбөрийн үлдэгдэл 38 765 500 (гучин найман сая долоон зуун жаран таван мянга) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч “Т-Б ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 351 778 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ