Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/00739

 

Ориент инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

                  иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Б.Ундрах, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/00527 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 4 дугаар сарын 20-ны өдрийн 896 дугаар магадлалтай, 

Ориент инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  холбогдох, 

2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар санал болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. 

Нэхэмжлэгч Ориент инвест ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 379 дугаар магадлалаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн санал болгох ажиллагаа хууль зөрчсөн болохыг тогтоосон. 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Х.Эрдэнэбаатарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоот хаягт байрлах, 29 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид санал болгох ажиллагааг хийсэн боловч дахин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д зааснаар санал болгосон. 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн санал болгосон ажиллагааг давж заалдах шатны шүүхээс буруу гэж дүгнэсээр байтал дахин яг адилхан байдлаар санал болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад ...ШШГТХуулийн 73.1-д зааснаар санал болгох ажиллагааг зохион байгуулж өгнө үү гэж гомдол гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох орон сууцыг хариуцагч байгууллага бидэнд санал болгох ёстой бөгөөд мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.6-д заасны дагуу барьцаа хөрөнгийг бид өр төлбөртөө тооцон авах ёстой. Гэтэл уг ажиллагааг хариуцагч байгууллага хийгээгүй.

Иймд Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоот сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт зааснаар санал болгосон 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар санал болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6246 дугаар захирамжаар зээлдэгч Х.Эрдэнэбаатараас зээлийн гэрээний үүрэгт 37,258,333 төгрөгийг гаргуулан Ориент инвест ББСБ ХХК-д олгож,  тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоот, 29м2 талбай бүхий орон сууцыг битүүмжлэн хураасан. Ингээд Иргэний хуульд заасан зохих журмын дагуу барьцаа хөрөнгө болох орон сууцыг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй, бусдад худалдан борлогдоогүй. Ийм учраас бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон. Гэвч нэхэмжлэгч Ориент инвест ББСБ ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон боловч давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 379 дүгээр магадлалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг баримтлан санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгож, худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг даалгасан шийдвэрийг гаргасан. Талууд зөрүүтэй саналыг гаргасан. Худалдан борлогдоогүй барьцаа хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй учир бид төлбөр авагчид үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэхийг тайлбарлаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуучин хуулийн 48.7-д албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох талаар заасан байдаг. Гэтэл шинэ хуулиар төлбөртөө суутгах авахыг заасан байгаа.  

Дээрх байдлаар хариуцагч байгууллага хууль зөрчөөгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/00527 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоот сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт зааснаар санал болгосон 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар санал болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай Ориент инвест ББСБ ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дугаар сарын 20-ны өдрийн 896 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/00527 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 896 дугаар магадлалаар ...Анхан шатны шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлэхээр 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаартай санал болгох хурлаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3, 73.5 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.... гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Нийслэлийн давж заалдах шатны 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 896 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү. 

Учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасан хуулийн зохицуулалт нь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааны малгай хуулийн зохицуулалт атал хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн шүүхэд нотлох баримтаар гаргасан санал болгох хуралдааны тэмдэглэлд зохигч талууд маргаагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж тус тус үзэж шийдвэрлэсэн хуульд нийцээгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ 

Ориент инвест ББСБ ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2019.09.24-ний өдрийн хурлын тогтоолыг хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т зааснаар санал болгохыг даалгах агуулга бүхий шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.   

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо ...шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2019.09.24-ний өдрийн 18 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох ажиллагааны тэмдэглэл гэх баримтуудад хэргийн оролцогч болох хариуцагч нь өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулан ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т нийцээгүй гэсэн үндэслэл дурджээ.  

Гэтэл дээрх баримт нь хэргийн 73-74 дүгээр талд авагдаж, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.  

Иймд хариуцагчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгоно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 379 дүгээр магадлалаар 2018.04.05-ны өдрийн санал болгох ажиллагаа хууль зөрчсөн болохыг тогтоосон, ...2019.09.24-ний өдөр ...2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5.-д зааснаар санал болгосон нь хууль зөрчсөн, ...хариуцагч нь 73.1.-т зааснаар санал болгох байсан, 73.6-т зааснаар төлбөр авагч барьцаа хөрөнгийг өр төлбөртөө тооцон авах ёстой гэж тодорхойлжээ.  

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа ...барьцаа хөрөнгийг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-т зааснаар шинжээчийн тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгосон, барьцаа хөрөнгийн үнэ төлбөрийн хэмжээнээс их тул үнийн дүнгийн зөрүүг төлснөөр хөрөнгийг хүлээн авах эрх үүснэ... гэсэн тайлбар гаргажээ.  

Дүүргийн иргэний хэргийн 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014.12.16-ны өдрийн 6246 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ориент инвест ББСБ ХХК, хариуцагч Х.Эрдэнэбаатар нарын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байна. 

Тус эвлэрлээр Х.Эрдэнэбаатар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37,258,333 төгрөгийг 2014.12.31-ний өдөр төлж барагдуулах, энэ хугацаанд төлбөрийг төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ. 

Төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй, шүүхийн шийдвэрт бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцааны хөрөнгийг битүүмжилж, хураасан, мөн үнийн санал авч, шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн, улмаар 2 удаа албадан дуудлага худалдаа явуулахад худалдан борлогдоогүй болох нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.  

Харин худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар талууд маргажээ.  

Төлбөр төлөгчийн төлбөрийг барагдуулахаар төлбөрт хураагдсан барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоотын 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй тул хариуцагч нь 2019.09.24-ний өдрийн 18 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3.-т заасныг үндэслэн ...орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ болох 119,538,697 төгрөгөөр тооцон, үнийн зөрүүг төлж, орон сууцыг хүлээн авахыг санал болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ. 

Нэхэмжлэгч нь худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа хууль зөрчсөн талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Р.Энхтайванд 2019.10.10-ны өдөр, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид 2019.10.21-ний өдөр тус тус гомдол гаргасанд 2019.10.31-ний өдөр албан бичгээр өгсөн хариуг хүлээн авч, 2019.11.06-ны өдөр шүүхэд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.   

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5.-д төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож, үнийн дүнгийн зөрүүг төлснөөр төлбөр авагчид шилжүүлнэ гэж зохицуулсан. 

Хариуцагч нь төлбөр авагчийн барьцаанд байгаа, худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгохдоо шинжээчээр тогтоолгосон үнэлгээгээр тооцож, зөрүүг төлбөр төлөгчид төлж, эд хөрөнгийг шилжүүлэн авах шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй байна.  

Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.02.27-ны өдрийн 379 дүгээр магадлалд ...73.1-т заасан ...дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгох... ажиллагааг явуулсны дараа мөн зүйлийн 73.3, 73.5-т заасан ажиллагааг явуулах байсан... гэжээ.  

Тодруулбал, магадлалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т зааснаар санал болгохыг даалгах агуулга тусгагдаагүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй ба нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй байна.  

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дугаар сарын 20-ны өдрийн 896 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/00527 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД Б.УНДРАХ

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН