Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/305

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1814000050051 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, /Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Богд сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга албан тушаалтай/, ам бүл-1, ганцаараа амьдардаг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 1 дүгээр байрны 15 тоотод оршин суудаг, Хиад боржигон овогт ******* *******, /ВК81030314/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Богд сумын Сум дундын цагдаагийн тасгийн байранд М.Баярбямбыг  зодож, эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.Үүнд

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн

... Хэргийн материалтай танилцсан. Тухайн өдөр Баянхонгор аймгийн Богд сумын төрийн албан хаагчдын шинэ жилийн баяр болж байсан. Хохирогч М.Баярбаямба нь тухайн шинэ жилд ороод архи уусан байдалтай байсан. Хохирогчийн хэдэн цагийн үед соёлын төвөөс гарч явсныг мэдэхгүй байна. Хохирогч М.Баярбаямба нь соёлын төвөөс гараад өөрийнхөө гэрт очиж эхнэртээ агсам согтуу тавьсан асуудал болсон байсан. Түүний эхнэр гэрээсээ айсандаа гарч гүйж цагдаад мэдэгдэж, өөрийн ээжийнхэн гэр болох Баярмаагийнд очсон байсан.  Баярмаагийнд байхад мөн араас нь очиж хэрүүл маргаан үүсгэж  зодолдсон асуудал гараад тэр газраас цагдаагийн газарт дуудлага өгсөн байсан. Цагдаагийн газарт албан ёсоор холбоо мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөөгүй. Хохирогчийн эхнэр нь өөрөө соёлын төв дээр гүйж ирэн Засаг даргад хэлсэн.  Тэр мэдээллийн дагуу хэсгийн төлөөлөгч байхгүй байсан учраас би өөрийн хэсгийн цагдаа, Засаг дарга, Насанжаргал  нартай хамт дуудлага гаргасан Баярмаагийн гадна очсон би тухайн гэрт ороогүй, хамт явсан цагдаа орж гарч ирээд М.Баярбаямба байхгүй байна. Хадам ээжийгээ зодчихоод гараад явсан байна гэж хэлсэн. Түүний эхнэрийн утаснаас би М.Баярбаямбын утасруу залгуулж өөрөө яриад хаана  байна дуудлагын дагуу ярьж байна гэхэд, гудманд явж байгаа талаараа хэлсэн. Баярмаагийн гаднаас хэсгийн цагдаа, Засаг дарга нартай М.Баярбямбыг олохоор явахад холбооны урд талд М.Баярбаямба явж байсан. Би цагдаагийн албан хаагчтай хамт буугаад очиход хамрын хэсэг хавдсан байдалтай, аль талыг нь мэдэхгүй байна хацарт нь цусаар бохирдсон байсан. Би хохирогчоос хамраа яасан юм бэ хүнтэй зодоон хийсэн юм уу гэхэд, М.Баярбаямба нь гэрийнхэнтэйгээ маргасан юм гэж хэлсэн. Тухайн газраас цагдаагийн газар авчирч саатуулсан. Тухайн үед саатуулах явцад хохирогч нь ямар шалтгаантай намайг саатуулж байгаа юм бэ би энэ газар луу чинь орохгүй гэдэг байдлаар хандсан. Түүнийг түр саатуулах байран хийх явцад цохиж зодсон гэсэн асуудал яригддаг. Миний хувьд Баярбаямбыг зодсон зүйл байхгүй. Гэрч *******ын мэдүүлэгт харсан зүйлээ хойно өмнө нь оруулаад ярьсан байсан. Гадаа харсан зүйлээ дотор харсан мэтээр ярьсан байсан. Энэ талаараа ******* нь өөрөө надад хэлсэн. Богд сумын Засаг дарга Эрдэнэболд миний дэргэд байсан. М.Баярбаямбын явсан маршрутын хувьд хаана хэнтэй зодолдсон, өөр юунаас шарх сорви авсан байх болзошгүй талаар тодруулсан зүйл хэрэгт харагдахгүй байна. Энэ талаар хэрэгт авахуулах саналтай байна. Шинжээчийн дүгнэлтүүдийн хувьд өмгөөлөгч минь хууль эрх зүйн  талаас хэлэх байх гэв

Хохирогч М.Баярбямбын мөрдөн байцаалтад өгсөн

...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01- 02 цагийн үед хадам ээж Ч.Баярмаагийн гэрт очиход манай эхнэр *******, хүүхэд Наранбаяр, хадам ээж гурав байсан. Манай эхнэр Насанжаргал гэрийн хаалгыг онгойлоход гэрийн гэрлийг асаасан хүмүүс  унтаж амрах гээд орондоо орчихсон байсан.Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба өөрийнхөө үйлдлийг хянах чадвартай байсан.Би гэрт орсон хойноо эхнэр *******тайгаа маргасан. Манай гэр бүлийн харьцаа жаахан муу байгаа сүүлийн хоёр сар манай эхнэр ажилтай гээд хонуут өнжүүтээр явчихдаг, тэр явдалд би дургүй байдаг. Эхнэр 12 дугаар сарын 22, 23-ны үед аймаг яваад 12 дугаар сарын 25-ны өдөр ирсэн. Түүнийг аймаг яваад ирэхэд хүнтэй явалдаад байгаа гэсэн сургийг сонссон тул эхнэртэйгээ тэр шөнө уулзаж асуухаар очсон. Эхнэртэйгээ маргалдаад эхнэр манай хадам ээж хоёр элдвээр хэлж дайрсан.Би уур хүрээд эхнэрээ гараараа цохиж авахад хадам ээж хажуугаас орж ирээд багалзуур хувцсаар шахсан тавихгүй болохоор нь баруун гарыг хазчихсан юм.Тэр үед эхнэр гэрээс гараад явчихсан, би гэрийн гадуур хайсан байхгүй байсан тэгэхээр нь гар утас руу нь залгахад цагдаа ******* утсыг нь аваад чи хаана байгаа юм, чамтай уулзъя гэхээр нь Цагдаагийн тасаг дээр шууд алхаж очсон.Цагдаагийн тасаг дээр ирэхэд ******* цагдаа сумын засаг дарга *******, ******* дарга нар байсан. Манай эхнэр байгаагүй, Цагдаагийн тасгийн байрны коридорт оруулж байгаад хувцсаа тайл гэж хэлэхээр нь гадуурх куртик, гутал зэргээ тайлсан. Тэгсэн ******* дарга цээжний баруун хөхний дээхэн талд нэг удаа гараараа цохисон тонгойход нүүр рүү цохисон. Тэгсэн хамраас цус гойжсон. Намайг ******* цагдаа гавлачихаад бүгдээрээ гарч явцгаасан, хэсэг хугацааны дараа ******* цагдаа намайг гаргаж гэрт машинаараа хүргэж өгсөн. Манай эхнэр, хадам ээж хоёр өөр байдлаас цохиж зодсон зүйл байхгүй. Намайг цагдаагийн алба хаагч зодсон, тэр үед Засаг дарга *******, ******* цагдаа хоёр байсан.Өөр хүн байгаагүй. Би цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлсэн, хувцасаа тайл гэхээр нь тайлсан эсэргүүцэж цагдаагийн алба хаагчид халдсан зүйл байхгүй..., Богд сумын цагдаагийн байрны үүдний дотор хэсэгт тасгийн дарга ******* нь намайг эхлээд хувцсаа тайл гэхэд нь би шууд хувцсаа тайлсан, тэр үед сумын Засаг дарга ******* нь ******* даргатай зэрэгцээд өөдөөс хараад зогсоцгоож байсан, цагдаа ******* бас намайг хувцсаа тайлж байхад байсан байх, үгүй бол гав авч ирэх гээд цагдаагийн байрны нөгөө талын хаалгаар ороод байдаг гэр рүүгээ гарсан байсан байх, тэгээд би гадуур хувцсаа тайлаад гадуур өмд, оймс, срочкон цамцтайгаа үлдсэн ******* цээжний баруун дээхэн хэсэгт аль нэг гараа зангидаад хүчтэй цохисон доошоо тонгойтол нүүр рүү аль нэг гараараа зангидаад хамрын дээхэн хэсэгт, 2 нүдний гол хэсэгт цохисон хамраас цус урссан, тэгээд дахиад 2 чих рүү нэг нэг удаа гараараа алгадсан. Энэ үед ******* дарга зэрэгцээд намайг хараад зогсож л байсан ба гаднаас ******* гав аваад орж ирсэн, тэгээд намайг гавлахад нь би ******* даргад намайг ингэж цустай холилдоод байж байхад ганц үг ч гэсэн хэлчихгүй, арай ч дээ гэтэл "Баярбямбаа чамайг би гайгүй залуу байсан юм болов уу гэтэл чи ийм арчаагүй залуу байж" гэж хэлчихээд гараад явчихсан, ямар утгатай хэлснийг нь мэдэхгүй, тэгээд намайг эрүүлжүүлэхийн өрөөнд түгжчихээд *******, ******* нар гараад явсан, өглөө нь 07:00 цагийн орчим ******* ирээд намайг гаргаад, машинаараа гэрт хүргэж өгөөд явсан. Тэгээд би эрүүлжүүлэхээс гарсан өдрөө буюу 12-р сарын 26-ны өдрийн 12:00 цагийн орчим аймгийн цагдаагийн газрын жижүүр рүү нь утсаар цагдаад зодуулсан гээд мэдэгдсэн,….Би 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөгч Б.Батцэнгэлд мэдүүлэг өгчихөөд гэртээ хариад нусаа нийхэд зүүн талын чихнээс хий гарсан, ээждээ хэлтэл чихний хэнгэрэг цоорохоор тэгдэг юм гэнэ лээ гэсэн ба орой нь мөрдөгч Б.Батцэнгэлтэй очиж уулзаад чихнээс хий гарч байгаа тухайгаа хэлэхэд эмчид үзүүлсэн нь дээр гээд маргааш нь би аймаг руу явж эмнэлэгт очоод үзүүлтэл зүүн талын чихний хэнгэрэг чинь жоохон цоорчихсон байна гээд өдрийн 2, 3 удаа дусаагаарай гэж дусаалга өгөөд, нусаа хамаагүй хүчтэй нийж болохгүй гэсэн, эмийг дусаагаад 5 орчим хоногийн дараа очиход гайгүй болчихсон байна хойшдоо хүчтэй нусаа нийж болохгүй, яваандаа зүгээр болчихно гэж зөвлөсөн ба тухайн үедээ 10 орчим хоног зовиуртай хэцүү байсан, одоо бол хааяа нэг хатгаж өвдөх зовиур байгаа,…Аймгийн цагдаа дээр шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа нь *******той таарахад дүгнэлт чинь гарчихсан байна би уг нь чамаас гуйсан, би нарийн зүйлсийг мэдэхгүй, эмнэлгээс үзээд бичиг хийгээд өгсөн гэхэд өмнө нь надаас чихний хэнгэрэг чинь янз бүр болсон гээд яригдаад байх шиг байна, тэрийгээ эвтэйхэн хөнгөн гаргахаар үзүүлчихээрэй гэсэн  утгатай зүйл хэлж байсан ба тухайн үед нь тэгье, эмч цоорсон гэж бичээгүй байх шиг байсан гээд өнгөрч байсан.  Тэрнээс хойш надтай дахиж холбогдоогүй, уулзаагүй...Манай эхнэр намайг цохиогүй, гар хүрээгүй, хадам ээж миний араас 2 гараараа хоолойгоор тэврээд өөр рүүгээ татаад боосон, мөн хөлөөрөө хавчиж боосон ба тэр үед нь эхнэр гараад зугтаасан, би хадам ээжийн гарыг тавиулах гээд чадаагүй учир гарыг нь хазсан... гэх мэдүүлэг /хх-ийн 5-8, 32-33 /,

Гэрч    *******ын мөрдөн байцаалтад өгсөн

...2017 оны 12 дугаар сарын 26-ны шөнийн 01-02 цагийн үед соёлын төвийн гадаа нэг эмэгтэй уйлаад байсан дөхөөд алхаад очтол тасгийн дарга *******, цагдаа ******* хоёр зогсож байсан юу болсон талаар асуухад *******ын дүү уйлаад манай ээжийг авраач гээд байсан. Миний машинаар Баярмаа гэх айлд ******* дарга, цагдаа *******,  ******* нарын хамтаар хашааны ******* хадам ээжийгээ зодчихоод явчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь М.Баярбямбын эхнэрийг аваад Цагдаагийн тасгийн байр руу явж байхад *******ын гар утас дуугарсан авахуулаад яриулахад ******* байсан. Ц.******* дарга утсыг нь аваад ярьсан, биднийг явж байтал холбооны орчимд ******* алхаж байсан. Түүнийг цагдаа ******* дагуулж алхаад Цагдаагийн тасгийн байранд авчирсан, эхнэр нь машинаас буухгүй байсан. М.Баярбямбыг ******* цагдаа, дарга ******* бид гурав Цагдаагийн тасгийн байранд оруулсан. ******* дарга хувцасаа тайл гэж байсан, тэгсэн нөгөөдөх нь үгүй энэ тэр гээд шаардлагыг нь биелүүлэхгүй байсан. Тэгсэн ******* дарга М.Баярбямбыг ганц хоёр удаа цохиж авч байгаа харагдсан хаана нь яаж цохихыг нарийн сайн хараагүй. М.Баярбямбыг ******* цагдаа гавлаад саатуулах өрөөнд суулгасан. Түүнээс хойш ямар нэгэн үйл явдал болоогүй. Ч. Насанжаргалыг нь би гэрт нь хүргэж өгсөн. М.Баярбямбыг хувцасаа тайл гэхэд тэр сайн дураараа хувцасаа тайлаагүй, түүнээс цагдаагийн алба хаагчийг цохиж авах, хувцас формыг урах ханзлах ямар нэгэн үйлдэл хийгээгүй. ******* цагдаа *******д гар хүрч зодож цохисон зүйл байхгүй. Би ганцаараа түрүүлээд гарсан, ******* дарга, цагдаа *******, ******* нар үлдсэн, би гараад гадаа байсан машин дээрээ ирээд удаагүй байтал хойноос 2, 3 минутын дараа *******, ******* нар гарч ирсэн, намайг гарахад ******* нь куртик, гутал, өмдөө тайлаад, саатуулах байрны өрөөн дотор *******аар гавлуулж байхад нь би гарч явсан. Би худал мэдүүлэг өгөөгүй, ******* дарга  М.Баярбямбыг ганц хоёр алгадаад авсан гэж мэдүүлэг өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 38 /,

Гэрч    *******ын  мөрдөн байцаалтад өгсөн

...М.Баярбямбыг цагдаагийн тасгийн байранд оруулах үед нүүрэнд нь ил харагдах шарх, гэмтэл байгаагүй, хувцас хунар нь цус нөж болсон зүйлгүй байсан. ******* даргын яг цохиж аваад зодож байхыг хараагүй, тэр үед би гаваа өрөөнөөс авах гээд орсон байсан. Намайг гав аваад очиход М.Баярбямбын хамраас цус гойжсон ******* нь орилоод байсан. Намайг гав аваад очиход М.Баярбямбын хамраас цус гараад шалан дээр гоожсон байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15, 36-37 /,

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

...Манай гаднаас биднийг хөдлөөд явж байхад манай нөхөр ******* над руу утсаар залгахад ******* даргад утсаа өгч яриулсан. Биднийг соёлын төвийн орчимд явж байхад манай нөхөр ******* ганцаараа алхаж байсан. Тэгээд машин зогсоод ******* цагдаа буугаад түүнийг дагуулаад цагдаагийн тасгийн байр руу алхсан. Бид нар мөн очоод би машин дотор суугаад үлдээд машинаас ******* дарга, Засаг дарга Эрдэнэболд хоёр буугаад *******, ******* нартай нийлээд цагдаагийн хэсгийн байр руу хэсэг хугацааны дараа ******* дарга, Засаг дарга Эрдэнэболд, ******* цагдаа нар гарч ирсэн. М.Баярбямбыг саатууллаа гэж байсан, би гэр рүүгээ хүргүүлсэн.Манай нөхөр согтуу байсан ба нүүрний хэсэгт шарх, гэмтэл байхыг хараагүй, харин ам нь улаан юм шиг харагдсан. ******* бид хоёр 2011 оноос хойш хамт амьдарч байгаа, надтай хамт байх хугацаанд чихнээс нь хий гардаг, чихтэй холбоотой ямар нэгэн зовиур байгаагүй, надад бол хэлж байгаагүй. Манай нөхөр надад 12 дугаар сарын 26-ны өдөр танай ******* чинь намайг зодчихлоо, *******г чинь ажилгүй болгоно гэж утсаар ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-22, 34-35 /,

Шинжээч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтад өгсөн

 ...Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих, хамар хоолойн нарийн эргэжлийн эмч *******ын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн үзлэг, оношоор зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэх гэмтэлтэй байна гэж тусгасан байсан ба түүнийг үндэслэн өөрийн дүгнэлтэндээ тусгасан. Надад иргэн ******* нь нусаа нийхээр чихээр хатган өвдөнө, чихээр хий гарна гэж зовиуртай байгаа тухайгаа хэлж байсан...алгадах цохигдох хүчин зүйлийн үйлчлэлээс үүсэх боломжтой...Чихний хэнгэргэн хальсны цооролт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, учир нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 /

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

...журналаас харахад 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* гэж хүнийг үзээд Н72.9 гэсэн онош тавьсан байна, мөн би сувилагч нартай нийлээд яриад байсан санагдаад байгаа юм. Н72.9 гэх онош нь хэнгэрэг цоорсон, хагарсан үед ийм онош тавьдаг юм. Тухайн  үед М.Баярбямбын хамрыг нь чимхүүлж, амыг нь жимийлгэж байгаад үлээлгэхэд буюу дүлүүлэхэд чихнээс нь хий гарч байсан. Мөн дурангаар харахад зүүн чихнийх нь хэнгэргэн хальс нь дээрээсээ зурагдаад хагарч цоорсон байсан. Бас хэнгэргэн хальс нь улайсан байсан ба ердийн үед сувдан саарал өнгөтэй байдаг. Эдгээрийг нь үндэслэн чихний хэнгэрэг цоорсон байна гэж онош тавьсан. Ерөнхийдөө бол хэнгэргэн харьс цоороод эхний 5 хоногтоо цус хуралттай, улайлттай байдаг. Тэгэхээр М.Баярбямбын чихний хэнгэргэн харьс тухайн үед улайсан байсан тул өөрийнх нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр цоорсон байх боломжтой... гэх мэдүүлэг /хх-ийн 101-102  /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 48 дугаар шинжээчийн

1.М.Баярбямбын биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зовхи, цээжний цус хуралт, дух, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалданд тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №540 дугаар

“...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №48 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...Чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь чих рүү алгадах, цохих үед аль алинд нь үүсэх боломжтой ...” гэх дүгнэлт /хх-ийн 117-118 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №1148 дугаар

1.М.Баярбямбын биед хоёр нүдний доод зовхи, цээжний баруун дээд хэсэгт цус хуралт, духны баруун дээд хэсэг, хамрын хянганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

2.3. М.Баярбямбын биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт гэмтэл тогтоогдсонгүй. М.Баярбямбын биед хоёр нүдний доод зовхи, цээжний баруун дээд хэсэгт цус хуралт, духны баруун дээд хэсэг, хамрын хянганд зулгаралт гэмтлүүдээс хоёр нүдний доод зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, харин бусад гэмтэл нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Урьд гаргасан дүгнэлтүүдийн гэмтлийн зэрэг нь үндэслэлтэй байна...гэх дүгнэлт

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 81-82/, эмчийн үзлэгийн журналын хуулбар /хх-ийн 103-105/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /Мөнхбаярын Баярбямба гэсэн нэр бүхий ,/ хх-ийн 112-112 /, шүүгдэгч *******гийн  хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 55/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хх-ийн 67/ шүүгдэгч *******гийн  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 61/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой

Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө 01- 02 цагийн үед Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Богд сумын Сум дундын цагдаагийн тасгийн байранд М.Баярбямбыг  зодож, эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогч М.Баярбямбын...цагдаагийн тасаг дээр ирэхэд ******* цагдаа сумын засаг дарга *******, ******* дарга нар байсан. Манай эхнэр байгаагүй, Цагдаагийн тасгийн байрны коридорт оруулж байгаад хувцсаа тайл гэж хэлэхээр нь гадуурх куртик, гутал зэргээ тайлсан.******* цээжний баруун дээхэн хэсэгт аль нэг гараа зангидаад хүчтэй цохисон доошоо тонгойтол нүүр рүү аль нэг гараараа зангидаад хамрын дээхэн хэсэгт, 2 нүдний гол хэсэгт цохисон хамраас цус урссан, тэгээд дахиад 2 чих рүү нэг нэг удаа гараараа алгадсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 5-8, 32-33 /

гэрч    *******ын .... ******* дарга хувцасаа тайл гэж байсан, тэгсэн нөгөөдөх нь үгүй энэ тэр гээд шаардлагыг нь биелүүлэхгүй байсан.  ******* дарга М.Баярбямбыг ганц хоёр удаа цохиж авч байгаа харагдсан. Хаана нь яаж цохиж авахыг нарийн сайн хараагүй. Баярбямбыг Мэндбаатар цагдаа гавлаад саатуулах өрөөнд суулгасан. Түүнээс хойш ямар нэгэн үйл явдал болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 38 /

гэрч    *******ын  ...М.Баярбямбыг цагдаагийн тасгийн байранд оруулах үед нүүрэнд нь ил харагдах шарх, гэмтэл байгаагүй, хувцас хунар нь цус нөж болсон зүйлгүй байсан. ******* даргын яг цохиж аваад зодож байхыг хараагүй, тэр үед би гаваа өрөөнөөс авах гээд орсон байсан. Намайг гав аваад очиход Баярбямбын хамраас цус гойжсон, шалан дээр гоожсон байдалтай орилоод байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 13-15, 36-37 /

гэрч *******ын ... манай нөхөр согтуу байсан ба нүүрний хэсэгт шарх, гэмтэл байхыг хараагүй, харин ам нь улаан юм шиг харагдсан. ******* хамт байх хугацаанд чихнээс нь хий гардаг, чихтэй холбоотой ямар нэгэн зовиур байгаагүй,… ******* чинь намайг зодчихлоо гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-22, 34-35 /

Шинжээч       Б.Баяртогтохын ... ******* нь нусаа нийхээр чихээр хатган өвдөнө, чихээр хий гарна гэж зовиуртай байгаа тухайгаа хэлж байсан...алгадах цохигдох хүчин зүйлийн үйлчлэлээс үүсэх боломжтой...Чихний хэнгэргэн хальсны цооролт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, учир нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 /,

Гэрч *******ын “...журналаас харахад 2017 оны 12-р сарын 28-ны өдөр ******* гэж хүнийг үзээд Н72.9 гэсэн онош тавьсан,  Н72.9 гэх онош нь хэнгэрэг цоорсон, хагарсан үед ийм онош тавьдаг, М.Баярбямбын хамрыг нь чимхүүлж, амыг нь жимийлгэж байгаад үлээлгэхэд буюу дүлүүлэхэд чихнээс нь хий гарч байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 101-102  /,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 48 дугаар “...М.Баярбямбын биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зовхи, цээжний цус хуралт, дух, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…гэх дүгнэлт /хх-ийн 25-26 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №540 дугаар ...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №48 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...Чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь чих рүү алгадах, цохих үед аль алинд нь үүсэх боломжтой ...” гэх дүгнэлт /хх-ийн 117-118 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №1148 дугаар....М.Баярбямбын биед хоёр нүдний доод зовхи, цээжний баруун дээд хэсэгт цус хуралт, духны баруун дээд хэсэг, хамрын хянганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,…гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,….М.Баярбямбын биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт гэмтэл тогтоогдсонгүй. М.Баярбямбын биед хоёр нүдний доод зовхи, цээжний баруун дээд хэсэгт цус хуралт, духны баруун дээд хэсэг, хамрын хянганд зулгаралт гэмтлүүдээс хоёр нүдний доод зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, харин бусад гэмтэл нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, гарсан дүгнэлтүүд үндэслэлтэй байна... гэх дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийг гэм буруутайг нотолно.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүгийн хуулийг зөв хэрэглэсэн  байх тул шүүхээс шүүгдэгч *******г эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “....хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах...” гэмт хэрэгт тоологдох хөөн хэлэлцэх хугацаа хуульд заасан үндэслэл журмын дагуу дуусгавар болсон байна. Тодруулбал: Уг гэмт хэрэг нь 2018 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө үйлдэгдсэн, уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дуусгавар болж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилал тодорхойлсон мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэрэгт хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 заалтад заасан “....энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн....”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож, уг этгээд баригдсан өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно...” гэж заасан ба “....гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй үндэслэл болохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааж хуульчилсан байна.

Иймд *******д дээр дурьдсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэг *******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч ******* нь *******гийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүгдэгч *******гийн цагдан хоригдсон /41/ дөчин нэг хоногийг нэг хоногийн торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч М.Баярбямбын эмчлүүлэгчийн картыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,  битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19  дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч ******* нь /41/ дөчин нэг хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бимтүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхээд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч М.Баярбямбын эмчлүүлэгчийн картыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ч.БАЙГАЛМАА