| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2018/00482/И |
| Дугаар | 516 |
| Огноо | 2018-07-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 516
| 2018 оны 07 сарын 16 өдөр | Дугаар 156/ШШ2018/00516 | Хэрлэн сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2018/00482/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн..................................... суух, Ц.П-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий .................................................. суух, Н.А-д холбогдох,
"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.П-, хариуцагч Н.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.П- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.А-тай дунд сургуульд хамт нэг ангид сурч байсан бөгөөд 1995 оноос дотносон үерхэж, улмаар оюутан байхдаа хамт амьдарч байгаад 2007 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтийн 2037 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2001 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүү А.О-, 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүү А.Б-, 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр охин А.Т-нар төрсөн. Нөхөр Н.А- нь хамт амьдарч эхэлсэн цагаасаа л архи согтууруулах ундааг ууж хэрэглэх дуртай, ууж идсэн үедээ агсам согтуу тавьж, үг хэлээр доромжилж, зодож нүдэн хүүхдүүдийнхээ болон миний биед бэртэл гэмтэл учруулж, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хичээл сургуульдаа явах, ажил төрлөө хийхэд туйлын хүндрэлтэй болсон.
-Хүү А.Б-ын хацар шанаанд цус шүүртэл 5 хурууны ором ортол алгадсан.
-Хүү А.О-ыг нойлын өрөөний суултуурт шахаж толгой тархигүй, нүүр нүдгүй балбасан.
-Намайг шалны модоор цохиж бөөрний мах тасалсан зэрэг танхай балмад үйлдлүүд, байнгын дарамт шахалт, хардалт сэрдэлтийг нь тэсэж тэвчиж, засрах байлгүй гэсэн итгэлээр олон жил ханилан үр хүүхдийг нь төрүүллээ.
Гэтэл байдал улам хүндэрч, орой болгон шахуу гэр орондоо ганцаараа ууж идэх нь ихсэж, тэр ч бүү хэл хот хооронд ачаа тээвэрт явж байхдаа согтуугаар машинаа жолоодон айлган түгшээх болсон.
2017 оны 08 дугаар сард гэр орондоо архидан согтуурч гурван хүүхдээ дарамтлан, өөрийгөө боох, амиа хорлох үйлдлүүдийг хүүхдийнхээ нүдэн дээр үзүүлж, айлган ичээж, тэдний сэтгэл зүй болон төлөвшил хүмүүжилд нь сөрөг муу нөлөө үзүүлж байгаагаа огтхон ч ухамсарлахгүй, ёс суртахууны доголдол байнга гаргаж, эцэг хүнд баймааргүй ааш араншинг гаргах болсон. Би ч сүүлдээ хүн амины хэрэгт холбогдохыг байг гэхгүй болсон. 2018 оны 08 сарын 21-28-ны өдрийн хооронд 07 хоног баривчлагдсан бөгөөд гарч ирээд: Аав нь хөдөө явж машин үзнэ гэж хүүхдүүдээ хэлээд гарсан. Мөн надад: Чи салах өргөдлөө өгөөрэй. Зөндөө их юм бүрдүүлэх юм байна.... гэж хэлээд явснаас хойш сураггүй 4 сар алга болсон. Тэгэхээр нь 2017 оны 12 сард аймгийн цагдаагийн газарт өргөдөл бичиж эрэн сурвалжлуулсан. Хотод байгаа сураг гарсан. Хүмүүсээс ажиг сураг тавихад 2012 оноос хойш холбоотой байгаа, мал махаа ачиж өөрийг нь тээвэрт хөлсөлж явдаг махны ченж Г.Х-гэдэг хүүхэнтэй хамт Улаанбаатар хотод байгаа гэж дуулсан. Одоо болтол надтай холбоо бариагүй, би утас руу нь залгахаар холбогддоггүй. Ер нь сэтгэл санааны болон мөнгө санхүүгийн ямар ч дэмжлэг туслалцаа үзүүлэхгүй. Том хүү А.О- одоо 12 дугаар ангид суралцдаг бөгөөд сургуулиа төгсөх мэргэжлээ сонгох хариуцлагатай цаг үед нь хаяж явж үүний улмаас санаа сэтгэл нь хямарч, хичээл сурлагадаа муудсан, мөнгө төгрөгийн гачигдлаас болж төлбөртэй давтлагад хамрагдаж чадахгүй байна.
Н.А- миний цалингийн зээлэнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурж, зээл авахуулаад хүнд зээлдүүлсэн юм. Мөн хамт амьдрах хугацаандаа 2015 оны 05 сард ................................................................. байрыг 93 сая 730 мянган төгрөгөөр худалдан авч, 08 хувийн ипотекийн зээлэнд хамрагдсан юм. Н.А- өөрөө бизнесийн орлогоороо төлдөг байсан бөгөөд 2017 оны 10 сараас хойш энэ зээлээ огт төлөөгүй, одоо байрыг битүүмжлэх, хураах утгатай Хас банкны мэдэгдэл ирсэн. Энэ мэтээр бидний дундын өмч болох хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүд нилээд бий. Үүнийг бид хоорондоо зохицож болох байх гэж бодож байна. Дээр дурьдсан нөхцөл байдлуудын улмаас бидний үзэл бодол зан харьцаа таарамжгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү.
Хүү А.О-, охин А.Т, хүү А.Б- нарыг миний асрамжинд үлдээж, эцэг Н.А-гаас хүүхдийн тэтгэмж гаргуулж өгнө үү... гэв. (хх-ийн 1-3 тал),
Хариуцагч Н.А- нь шүүхэд гаргасан тайлбартаа: Н.А- миний бие Хашир овогт Ц.П-тэй сургуульд байх үеэс нөхөрлөж 2007 оны 07 сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд том хүү А.О-, А.Б-, охин А.Т-нар гэсэн хүүхдүүдтэй болсон. Ц.П-тэй, Н.А- миний бие үзэл бодол таарахгүй байгаа тул гэрлэлт цуцлах болон хүүхдийн тэтгэмж төлөхөд татгалзаж зүйл байхгүй. Эд хөрөнгийн талаар хоорондоо тохиролцоно. Маргаан байхгүй. Хүү А.О-, А.Б-, охин А.Т-нарыг Ц.П-гийн асрамжинд байлгахад татгалзахгүй. Эд хөрөнгийн болон гэрлэлт цуцлах, асрамж гэх зүйлд татгалзах зүйлгүй тул өмгөөлөгч авахгүй. Нэмж гаргах нотлох баримт бичиг байхгүй гэжээ. (хх-ийн 35 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.П- нь хариуцагч Н.А-гаас “гэрлэлт, цуцлуулж, хүү А.О-, А.Б-, охин А.Т-нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид 2007 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болох нь № 0003580 Г-2037 дугаартай гэрчилгээний хуулбар, (хх-ийн 8 тал) 2001 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүү А.О-, 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүү А.Б-, 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр охин А.Т-нарыг төрүүлсэн болох нь төрсний № Г-1073, № 0315677 Г-4605, № 0000927980 Г-4697 дугаартай гэрчилгээнүүдийн хуулбаруудаар, (хх-ийн 8, 9 тал) нэхэмжлэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт, (хх-ийн 12 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын дарамтнаас болж хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй тул шүүх энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Н.А- нь хүү А.Б-, А.О-, охин А.Т-нарыг өөрийн асрамжинд авах талаар болон гэрлэлт цуцлуулах талаар маргаагүй байна.
Зохигчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэлт цуцлах үед хүүхдүүдээ хэнийхээ асрамжинд үлдээх талаар харилцан тохиролцсон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, ээнэгшил, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэх,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүү А.Б-ын санал зэргийг харгалзаж хүүхдийг хэний асрамжинд өгөх эсэхийг шүүх шийдвэрлэв.
Хүү А.О- нь 2001 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 17 настай, хүү А.Б- нь 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн 9 настай, охин А.Тнь 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 5 настай болох нь төрсний гэрчилгээний хуулбаруудаар, (хх-ийн 8, 9 тал) ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд ээждээ ээнэгшин дассан нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 04 дүгээр багийн засаг дарга А.Б-ны тодорхойлолтоор, (хх-ийн 12 тал) насанд хүрээгүй А.Б-ын шүүхэд өгсөн тайлбар (хх-ийн 36-37 тал).... зэргээр тус тус тогтоогдож байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүү А.Б-, А.О-, охин А.Т-нарыг эх Ц.П-гийн асрамжинд үлдээхээр тогтов.
Мөн эцэг Н.А-гаас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2- зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж хүү А.Б-, А.О-, охин А.Т-нарт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Зохигчид нь одоогийн байдлаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт Ц.П-, хариуцагч Б овогт Н.А- нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар 2001 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү А.О-, 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Б-, 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин А.Т-нарыг эх Ц.П-гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2001 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү А.О-, 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Б-, 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин А.Т-нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг Н.А-гийн сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж хүү А.Б-, А.О-, охин А.Т-нарыг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.П-д даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурьдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүү А.Б-, А.О-, охин А.Т-нарыг эцэг Н.А-тай уулзуулж байхыг эх Ц.П-д даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.П- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.А-гаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Мөнхцэцэгт даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ