| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2017/03175/И |
| Дугаар | 1193 |
| Огноо | 2018-05-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 1193
2018 оны 5 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2018/01193 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, Д.Энхцэцэг, шүүгч Д.Мөнгөнтуул нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 17 хороо, Сурагчийн 49 гудамж, 3-49Б тоотод оршин суух, Т.Тэмүүлэнгийн хууль ёсны төлөөлөгч Сэцэн овогтой Д Тын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг 11 хороо, Маршал таун хотхон, 125 байр 230 тоотод оршин суух, Баргад овогтой Ж Хд холбогдох, татагдаагүй мэдээллийг устгуулах, нэр төр сэргээлгэж залруулга хийлгэх, сэтгэл санааны хохиролд 7.000.000 /долоон сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туяа, хариуцагч Ж.Х, иргэдийн төлөөлөгч Б.Болд-Оргил, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэмүүлэн миний ач охин, ээж нь төрүүлээд нас барсан учраас гар дээр минь өссөн. 2017 оны 10 сарын 18-ны өдрийн орой Тэмүүлэнгийн ангийн найз нь залгаж фэйсбүүк дээр чиний багын зураг байна гэж хэлснээр орж шалгахад “5 настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн” гарчигтай нийтлэл тавиад толгой хэсэгт миний охины зургийг тавьсан байсан. Ямар ч эмчийн ярилцлага байгаагүй. Би тухайн үед балмагдаад зургийг нь авч баталгаажуулж чадаагүй. Маргааш нь цагдаад охины зургийг авч очиж нийтлэл тавьсан хүнийг олж устгуулахаар хандсан. Цагдаа эзнийг олсон гэсэн. Гэхдээ мэдээллийнхээ гарчгийг өөрчлөөд эмчийн ярилцлагыг дээр нь тавиад манай охины зургийг доор нь жижгэрүүлээд тавьсан байсан. Цагдаад дахиж хандан мэдээллийг бүр устгаагүй байна гэж хэлсэн. Дараа нь уг сайт руу ороход мэдээлэл түгжигдсэн, сайтыг бүр устгаагүй байсан. 2,3 хоногийн дараа сайт руу ороход бүр орохоо больсон байснаас хаагдсан. Гэхдээ бид мэдээллийг сайтаас эхэлж олж хараагүй фэйсбүүкээс олж харсан. Одоо болтол уг мэдээлэл рүү орж болохгүй ч гэсэн шэйрлэгдсэн хэлбэрээр зурагтай байгаа. Бид хэдэн хүн шэйрлэснийг мэдэхгүй, 1 хүний фэйсбүүкээс мэдсэн, хаяг зургийг хавтаст хэрэгт хавсаргасан. Манай охин 2003 онд төрсөн, 14 настай, 9 ангид сурдаг. Тухайн үед 122 цэцэрлэгт сурч байсан. Цэцэрлэгийн нэг ангид 35 хүүхэд сурдаг байсан. Ангийн хүүхдүүд нь том болсон ч зураг хараад Тэмүүлэн гэж таньж байгаа. Хамт цэцэрлэгт явж байгаад одоо хамт сургуульд сурч байгаа хүүхэд ч байгаа. Манай охин 6 настай байхтай балетын дугуйланд явж, рекламанд болон 7,8 настайдаа кинонд тоглож байсан учраас хүүхдүүд сайн мэднэ. Өөрөө тэр зургийг харчихаад уйлаад ийм муухай зүйл дээр нэр гарчихаад яаж хичээлдээ явах юм гэж 2 хоног хичээлдээ яваагүй. Би багштай нь уулзаж үеийн хүүхдүүд далимдуулаад янз бүрийн дарамт үзүүлж магадгүй гэж багшид нь анхааруулж хэлсэн. Ахлах ангид орж байгаа учраас хүүхдээ янз бүрийн асуудалд орохоос болгоомжилж сургуулийнх нь хажууд байр хөлсөлж амьдардаг. Охин уйлаад байсан учраас өөрт нь тайлбарлаж хэлсний дараа одоо мартагнаад хичээлдээ явж байгаа, бүр мартсан юм уу гэхээр мартаагүй. Уйлаад хүчирхийллийн тухай янз бүрийн мэдээлэл гараад хүчирхийллийн тухай хүүхдүүд хоорондоо ярихаар би ийм зүйлд өртсөн юм шиг ичээд эвгүй байна гэсэн. Муухай зүйл дээр хүүхдийн минь зургийг тавьсанд гомдолтой байна. Эмчийн ярилцлагыг дангаар нь тавьж болох байсан. Бид өөрсдийн зүгээс мэдээлэл тавьсан хаяг руу хүсэлт бичсэн боловч устгаагүй. Би фэйсбүүк рүү нь найзын хүсэлт илгээж найз болж байгаад чат бичсэн ч зураг устгахгүй байгаа. Хүүхдийн нэрийг тодорхой бичилгүйгээр залруулга гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Өмнө нь Ж.Х залруулга гаргасан гэсэн ч би олж хараагүй. Сэтгэл санааны хохиролд 7 сая төгрөг нэхэмжилнэ. Том болж байгаа хүүхэд гэр бүл, найз нөхөдтэй болоход ямар ч асуудал үүсч болзошгүй гэх үүднээс эмзэглэж байна. Ж.Х мэдээлэл тавиагүй байж болно. Хэн зураг тавьсан гэдгийг мэдэхгүй. Сайтыг өөрийнхөө домайн нэрээр нээсэн. Гэхдээ энэ сайт нь аж ахуй нэгж байгууллага, хуулийн этгээд биш болчихоод байна. Ж.Х өөрийнхөө нэрээр нээсэн учраас домайны эзэн болж байгаа нь харагдаж байна. Сайтыг хаах хүсэлтийг өөрөө гаргаж, Харилцаа холбооны зохицуулах хороонд хүсэлт гаргаад хаасан гэхээр нээх хаах субъект өөрөө болж байгаа, дурын нэг этгээд очоод мэдээлэл тавихгүй нь ойлгомжтой. Хэн зургийг тавьсан гэдгийг Ж.Х өөрөө нотлох боломжтой. Бидэнд бусад мэдээлэл олдохгүй байна. Цэцэрлэгийн анги 35 хүүхэдтэй, фэйсбүүк дагагчийн тоогоор үзсэн хүрээ өргөн болсон хэрээр Тэмүүлэнгийн нэр төр сэвтэнэ гэсэн үг. Манай хүүхэд багын зургаа фэйсбүүк дээр тавих боломжгүй болж байгаа, хэдэн хүн шэйрлэснийг мэдэхгүй байна. Нэр төр сэргээлгэх нь мөнгөн хөрөнгөөр илэрхийлж байгаа, нэр төрийг залруулгаар сэргээнэ гэж үзэж байсан. Залруулга хийх нь нэр төр сэргээлгэх шаардлага байсан тул татгалзаж байна гэв.
Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргээс над руу холбогдож Tugeene.com-той холбоотой бага насны хүүхдийг хүчирхийлээд эмнэлэгт очиход шинжилгээний төлбөр 10.000 төгрөг нэхжээ гэсэн мэдээлэл дээр бусдын зураг тавигдсан байна гэж ажлын цаг тарахаас өмнө надад мэдэгдсэн. Энэ сайт минийх биш гэхдээ ажил мэргэжлийн хүрээнд миний үүрэг байсан учраас домайныг авч өгсөн. Тийм учраас мэдээллийг уг хүнтэй нь холбогдоод устгуулъя, чадахгүй бол залруулга гаргаад танд хариу мэдэгдье гэж хэлсэн. Цагдаагаас энэ хүмүүсийн хүсэлтийг мэдээлэл устгуулах, залруулга гаргуулах гэсэн. Ажил тарахаас өмнө мэдээллийг устгаж залруулга гаргасан. Очироо гэж хүнтэй холбогдож чадахгүй анхны шүүх хуралдаан явагдаж байхад ХХЗХ дээр сайтыг хаалгасан. Цагдаад анх миний сайт биш гэж мэдэгдэж байсан. Би Очироогийн хаяг, утасны дугаарыг мэдэхгүй. Хариу тайлбар өгөхдөө Тэмүүлэнгийн ар гэрээс уучлалт хүсье гэсэн нь би өөрөө эх хүн, бага насны хүүхэдтэй, миний хүүхдийн мэдээлэл ийм байдлаар гарвал харамсалтай. Сэтгүүлчийн хэвлэл мэдээллийн байгууллагын хэрэв хэн нэгний талаар мэдээлэл оруулсан бол тухайн хүний бүтэн нэрийг дурдахгүй байх, зургийг нийтэд дэлгэхгүй байх ёс зүйн зарчимтай. Хэрэв би нийтэлсэн бол зургийг тавихгүй байсан. Нэхэмжлэлийн хариу тайлбартаа би хариуцагч биш гэж хэлсэн. Өмнөх хуралдаан дээр Tugeene.com сайтын эзэмшигч гэсэн учраас хүлээн авах боломжгүй гэж тайлбар өгсөн. Очироод долларын карт байхгүй учраас 15 долларыг картаараа уншуулснаас миний бүх мэдээллийг уншдаг, домайн дээр миний нэр явж байгаа. Би Монголын сайтын холбоонд нарийн бичиг хийдэг, хүмүүст домайн нэр авахад тусалдаг, тэр хүмүүс өөрсдийн нэрээр сайтаа нээдэг. Очироо дараа нь ажил дээр минь ирж зөвлөгөө аваад явсан. Энэ мэдээллийг би хэзээ ч өөрчлөх боломжгүй учраас миний нэртэй байгаа. ХХЗХ өдрийн хандалт 3000 хүрсэн сайтуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж бүртгэдэг. Энэ сайтыг зөрчилтэй домайн байдлаар хааж өгөөрэй гэж хэлсэн, одоо орж харахад зөрчилтэй домайн гэсэн байгаа ч бүр хаагдаагүй, асуудалтай учраас зөрчилтэй гэж бүртгэгдсэн. ЧД-ийн цагдаа энэ асуудлыг хайж явж байгаад Tugeene.mn сайт дээр очсон байсан учраас захирлыг нь гэрчээр оролцуулахаар хүсэлт гаргасан ч хангахгүй орхисон. Tugeene.com гэж шалгахаар Ж.Х гэж нэр гарч ирээд байна гэж хэлсний дагуу цагдаа надтай холбогдсон. Tugeene.mn-ийн захирал Tugeene.com сайтыг зарах санал тавьсан. Энэ минийх биш би хүнтэй нь холбогдоод хэлж болно гэсэн. Би өөрийгөө хариуцагч биш гэдгийг нотлох баримтгүй. Монголын сайтын дүрэм нь идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг нээгдээд 3 сар болсон сайтыг гишүүнчлэлээр бүртгэдаг. Сайтын холбоон дээр ямар 1 байдлаар сайтын эзэмшигчийн талаар мэдээлэл байхгүй, яагаад гэвэл нээгдэж эхлээгүй, би зөвхөн домайн нэрийг авахад тусалсан, төгрөгөөр төлөх боломжгүйгээс долларын карт уншуулж, Ж.Х гэж нэр авахын тулд төлбөр төлсөн. Tugeene.com миний нэр дээр байгаа гэдгийг мэдээд хаалгасан, фэйсбүүк дээрхийг устгахыг зөвшөөрнө, Tugeene.com сайт дээр залруулга гаргах боломжгүй, устгах боломжтой, би өөрөө мэдээллийн хэрэгсэлтэй, түүн дээрээ залруулга гаргахыг нэхэмжлэгч зөвшөөрвөл гаргаж болно гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Тэмүүлэнгийн хууль ёсны төлөөлөгч Д.Т нь хариуцагч Ж.Хд холбогдуулан нэр төр сэргээлгэх, сэтгэл санааны хохиролд 7.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба ажиллагааны явцад фэйсбүүк дээрээс татагдаагүй мэдээллийг устгуулах, хүүхдийн нэрийг тодорхой бичилгүйгээр залруулга гаргуулахаар нэмэгдүүлсэн, шүүх хуралдаан дээр залруулга хийх нь нэр төр сэргээлгэх шаардлага байсан гэж, татгалзаж шаардлагаа багасгалаа.
2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Түгээнэ.ком сайтад “5 настай охин хүчиндүүлсэн байдалтай очиход 10.000 төгрөггүй бол үзэхгүй гээд сууж байсан шүүх эмнэлгийнхэн тайлбар өглөө” гарчигтай нийтлэлийн дээд хэсэгт зураг тавигдсан, гэрч Г.Дэнсмаа нь 2003 онд төрсөн, охин Т.Тэмүүлэнгийн зураг мөн болохыг гэрчилсэн, энэ үйл баримтын талаар талууд маргахгүй байна.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч сайтыг өөрийн нэрээр нээсэн тул домайн эзэн болж байгаа, сайт нь аж ахуй нэгж байгууллага, хуулийн этгээд биш, сайтыг хаах хүсэлтийг өөрөө гаргаад хаасан, нээх, хаах субъект өөрөө болж байгаа, фэйсбүүк дагагчийн тоогоор үзсэн хүрээ өргөн болсон хэрээр Тэмүүлэнгийн нэр төр сэвтэж байх тул хохирлоо гаргуулна, фэйсбүүк дээрээс татагдаагүй мэдээллийг устгуулна гэж тайлбарлав.
Хариуцагч нь сайт минийх биш гэхдээ ажил мэргэжлийн хүрээнд миний үүрэг байсан учраас домайныг авч өгсөн, сайт нээгдэж эхлээгүй тул эзэмшигчийн талаар мэдээлэл байхгүй, зөвхөн домайн нэрийг авахад тусалсан, төгрөгөөр төлөх боломжгүй байснаас долларын карт уншуулж төлбөр төлсөн тул хохирол төлөх үндэслэлгүй гэж маргаж, харин фэйсбүүк дээрээс татагдаагүй мэдээллийг устгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаандгүй буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн үйлдэл хууль бус байх, гэм буруутай талаар эрх бүхий этгээдийн шийдвэр байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх буюу тухайн заалтад тавигдах урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.
Хариуцагчийн “Монголын сайтуудын холбоонд нарийн бичгийн даргын ажил мэргэжлийн хүрээнд миний үүрэг байсан учраас өөрийн дансаар төлбөр төлж домайн нэр авч өгсөн, ажил дээр нь ирж зөвлөгөө авч байсан” гэж шүүх хуралдаанд тайлбарласан, “мэдээллийг уг хүнтэй нь холбогдоод устгуулах, чадахгүй бол өөрөө залруулга гаргана” гэж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн зэрэг тайлбаруудаас дүгнэхэд бусдад сайт нээх, домайн нэр авахад нь туслах, зөвлөгөө өгөх үүрэгтэй байсан ба ийнхүү ажлын хариуцлага алдсанаа хүлээн зөвшөөрч байгаа нь гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Түүнчлэн тэрээр өөрийн картаар төлбөр хийхэд домайн нэр түүний нэр дээр үүсдэг талаар мэдэж байсан, мэргэжлийн хүний хувьд карт уншуулснаар үүсэх үр дагаврыг өөрөө хариуцахыг мэдэх ёстой байсан ба Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 877 тоот тогтоолоор насанд хүрээгүй Т.Тэмүүлэнгийн зургийг өөрийнх нь болон эцэг, эх харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар мэдээлэлд ашигласан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг сайт эзэмшигчийнх нь хувиар Ж.Х гэж тодорхойлсон боловч Түгээнэ.ком цахим хуудас “Үндэсний дата төв” УТҮГ-т байршдаггүй, цэг мн домайн нэрийг бүртгэхээс цэг ком домайн нэрийг бүртэгдэггүйгээс түүний эзэмшигчийн мэдээлэл өгөх боломжгүй талаар “Датаком” ХХК-иас хариуг ирүүлсэн, хариуцагч Түгээнэ.ком сайт нээгдэж эхлээгүй, зөвхөн домайн нэр авахад тусалсан гэж тайлбарласан тул хариуцах үүрэгтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т хуулиар тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрөлгүй тарааснаас гэм хор учирсан гэж үзвэл иргэн уг гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй гэж заасан ба хариуцагчийн дээрх хууль бус үйлдлийн улмаас 14 настай охин Т.Тэмүүлэнгийн нэр төр алдар хүндэд хохирол учирсан байх тул нэхэмжлэгч нь хохирлоо шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д “Бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж заасан байна.
Хариуцагч нь насанд хүрээгүй Т.Тэмүүлэнгийн зургийг мэдээлэлд ашиглахдаа тухайн хохирогч гэх 5 настай охины зураг мөн эсэхийг буюу бодит байдалд нийцэж байгаа эсэхийг тогтоосны дараа нийтлэх үүрэгтэй ба ийнхүү магадлалгүйгээр өөрийнх нь болон эцэг, эх харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр зургийг мэдээлэлд ашигласан гэж үзэх тул гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй гэж, 230.3-т гэм хор учрах, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн үйлдэл нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо гэм буруугийн хэмжээг харгалзана гэжээ.
Нэхэмжлэгч тал гэм хорын хохирлыг мэдээллийг тарсан хүрээгээр 7.000.000 төгрөг гэж тодорхойлж байх бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2-т мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан мөнгөн хэлбэрээр тогтооно гэж зааснаар дээрх нөхцөл байдлыг харгалзан гэм хорыг арилгах хэмжээг 50 хувиар тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч нь фэйсбүүк дээрээс татагдаагүй мэдээллийг устгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар батлах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагч Ж.Х ажлын хариуцлага алдсан байх тул хуулийн дагуу шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлт хийсэн байна.
Нэхэмжлэгч нь гэм хорын хохирол гаргуулах шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул 126.950 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нөхөн төлүүлж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид /70.200+70950/ 141.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дугаар зүйлийн 511.2, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Х Т.Т учирсан сэтгэл санааны гэм хорын хохиролд 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Сэцэн овогтой Д.Т олгож шаардлагаас үлдэх 3.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 126.950 төгрөг нөхөн төлүүлж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 141.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧИД Д.ЭНХЦЭЦЭГ
Д.МӨНГӨНТУУЛ