Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 01440

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Г/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:, “Т банк” ХХК/РД: /-д холбогдох,

 

Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 30 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Дөлгөөн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ихбаяр, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Г нь Т банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Энхтайван, гүйцэтгэх захирал С.Баянхангай нартай тус банкинд үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 15/07 тоот “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г байгуулсан.

Тус гэрээний 4.1-т “гэрээгээр гүйцэтгэх өмгөөллийн хөлс, ажиллагааны зардал 40 000 000/дөчин сая/ төгрөг байхаар талууд харилцан тохиролцов”, 4.2-т “Үйлчлүүлэгч нь гэрээгээр тохирсон хөлсийг гэрээнд гарын зурагдсан өдөр урьдчилгаа 50 /тавин/ хувь буюу 20 000 000 /хорин сая/ төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг ажиллагааны явцад төлж, барагдуулна” гэж тус тус заасан.

Гэрээний дагуу урьдчилгаа 20 000 000 /хорин сая/ төгрөг өгөх ёстой байсан хэдий ч Д.Энхтайван, С.Баянхангай нар нь банк одоогоор төлбөрийн чадамж тааруу байгаа учир зээл, эргэн төлөлт орж ирмэгц удаалгүй үлдэгдэл төлбөр 30 000 000 /гучин сая/ төгрөгийг өгье, эхний ээлжинд гэрээний урьдчилгаанд 10 000 000 /арван сая/ төгрөгийг төлье гэж хэлснийг нь би зөвшөөрч, Т банкны нягтлангаас 10 000 000/арван сая/ төгрөгийг бэлнээр нь хүлээн авсан.

Миний зүгээс гэрээнд заагдсан үйлчилгээг үзүүлж, дуусгавар болсон ба Т банк, түүний удирдах зөвлөлийн дарга Д.Энхтайван нар нь үйлчилгээний хөлсний үлдэгдэл төлбөр болох 30 000 000/гучин сая/ төгрөгийг төлнө гэж амаар болон бичгээр удаа дараа илэрхийлдэг атал төлөлгүй байсаар 2016 онд тус банкийг бусдад худалдсан.

Д.Энхтайван нь “худалдаж авсан нөхдүүд нь гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн” гэж хэлээд Т банкны гүйцэтгэх захирал М.Отгонбаяр гэгчтэй уулзуулсан ба тэрээр мөн төлбөрийн үлдэгдлийг төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Миний бие Т банкийг худалдаж авсан гэх хүмүүсийн төлөөлөл болох Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.Дашчойнхор, гүйцэтгэх захирал М.Отгонбаяр нартай уулзалт хийж, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа товч тайлан бичиж өгөхийг хүссэний дагуу 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 53 тоот албан бичгээр хийсэн ажлын товч тайлан, үлдэгдэл төлбөр төлөх тухай албан бичгийг хүргүүлсэн.

Албан бичгийн хариуг өгөхгүй байсан тул амаар болон 2017 оны 02 сарын 15-ны 17/06 тоот албан бичгээр дахин төлбөр төлөхийг шаардсан боловч асуудлыг шийдвэрлэлгүй, үүргээ биелүүлэхгүй өдийг хүрсэн.

Иймд 2015 оны 6 сарын 03-ны өдрийн 15/07 тоот Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 30 000 000 /гучин сая/ төгрөгийг Т банкнаас гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Т банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Дөлгөөн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.Гын Т банкинд холбогдуулан гаргасан “Гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 30 000 000 /гучин сая/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тодорхойлж тус банкны зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Үйлчлүүлэгч талыг төлөөлж тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Энхтайван болон Гүйцэтгэх захирал С.Баянхангай, Өмгөөлөгч талаас Г.Г нар нь №15/07 тоот “Эрх зүйн туслалцаа үзүүлэх” гэрээ байгуулсан байдаг.

Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь “Инфрастракчер” ХХК, түүний эзэн В.И.Армин, “Оюуны ундраа” ХХК, түүний эздүүд, удирдлагаас тус банк болон хувьцаа эзэмшигч, удирдлагуудад үүсгээд буй эрүүгийн хэргийг үйлчлүүлэгч талд ашигтайгаар шийдвэрлүүлэх, “Инфрастракчер” ХХК-ийн удирдлага нарт холбогдуулан хуулийн байгууллагуудад өргөдөл, гомдол гарган шалгуулах, эрүүгийн хэрэг үүсгүүлэх арга хэмжээ авах, энэхүү хэрэгт хохирогчоор оролцох, эдгээрээс болж, Т банкинд үүсээд буй асуудлыг шийдвэрлэхэд эрх зүйн туслалцаа үзүүлж, өмгөөлөгчөөр ажиллах үүрэг хүлээсэн боловч уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсээгүй ба нэхэмжлэгч Г.Г нь гэрээгээр тохиролцсон үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй.

Т банк нь нэхэмжлэгчид 10 000 000 /Арван сая/ төгрөгийн үйлчилгээний хөлс төлсөн болно.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Т банк” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Ихбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т банк нь өмгөөлөгч Г.Гтой 17/05 дугаартай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний 1.1-т өмгөөлөгчийн хийх ажлын цар хүрээг хоорондоо харилцан тохиролцож байгуулсан байдаг. Энэ гэрээнд заасан  ажлын үр дүнд хүрээгүй зарим нөхцөл байдал өөрчлөгдсөн. Өмгөөлөгчөөс шалтгаалахгүйгээр зарим нөхцөл үүссэн учраас эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг дуусгавар болгож байгаа. Хийсэн ажилд нь тохирсон 10 сая төгрөг өгсөн нь хийж гүйцэтгэсэн ажилд нь дүйцсэн хөлс гэж үзэж байна. Иргэний хуулийн 364.1-т Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно. Мөн хуулийн 364.2-т гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болно гэсэн хуулийн зохицуулалт бий. Иргэний хуулийн  220-р зүйлд гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж заасан. Бид нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хүлээж аваад хийсэн ажил нь урьдчилгаанд өгсөн 10 сая төгрөгтөө тохирсон байна  гэж үзээд 30 сая төгрөгийг төлөхөөс татгалзаж байна.” гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Г хариуцагч “Т банк” ХХК-д холбогдуулан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 30 000 000/гучин сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Т банк” ХХК хийсэн ажил нь урьдчилгаанд өгсөн 10 000 000/арван сая/ төгрөгтөө тохирсон байна гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр № 15/07 Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Гэрээний 1-ийн 1.1, 4-ийн 4.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид үүсээд буй асуудлыг шийдвэрлэхэд эрх зүйн туслалцаа үзүүлж, өмгөөлөгчөөр ажиллах, хариуцагч нь өмгөөллийн хөлс, ажиллагааны зардалд нийт 40 000 000/дөчин сая/ төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Гэрээний 1-ийн 1.1, 4-ийн 4.1-т зааснаар нэхэмжлэгч нь ажил, үйлчилгээг гүйцэтгэх, хариуцагч нь хөлс төлөх үүргийг хүлээсэн тус Гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээний шинжтэй байх тул тус Гэрээг Хөлсөөр ажиллах гэрээ гэж үзнэ.

 

Гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.2-т “Шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь Гэрээнд гарын үсэг зурагдсан өдөр хөлсний 50/тавь/ хувь буюу 20 000 000/хорин сая/ төгрөгийг төлж, үлдэгдэл хөлсийг ажиллагааны явцад төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Гэрээнд заасан урьдчилгаа хөлсний 10 000 000/арван сая/ төгрөгийг төлсөн талаар зохигчид маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээний 1-ийн 1.1-т заасан маргаантай холбогдуулан хариуцагчид эрх зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр ажилласан болох нь нэхэмжлэгчийн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн № 37, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн № 38, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн № 47, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн № 49, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Т/1-02, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн № 05, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн № 12, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн № 14, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн № 15, 2016 оны 4 дүгээр сарын № 18, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн № Т/1-33/32 хүсэлт болон гомдлын хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн № 5/514 хариу мэдэгдэх хуудсын хуулбар, Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн № 5/1200, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн № 5/938, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн № 5/942 хариу мэдэгдэх хуудсын хуулбар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн № 5/345 хариу мэдэгдэх хуудсын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-т зааснаар зохигчид Гэрээг дуусгавар болгох хугацааг заагаагүй, Гэрээг дуусгавар болгоогүй талаар маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан ажил, үйлчилгээг буюу эрх зүйн туслалцаа, өмгөөллийн тодорхой үйлчилгээг үзүүлсэн байх тул Гэрээний 4-ийн 4.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын хөлсний үлдэгдэл 30 000 000/гучин сая/ төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 30 000 000/гучин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хууль, эрх зүйн тусгай мэдлэг шаардах асуудлаар эрх зүйн туслалцаа үзүүлж, өмгөөллийн ажил гүйцэтгэсэн байх тул хариуцагчийн Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал Гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т банк” ХХК-иас 30 000 000/гучин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Год олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т банк” ХХК-иас 30 000 000/гучин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Год олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т банк” ХХК-иас 307 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Год олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ