Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2018/02311

 

 

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 03 өдөр

    Дугаар 101/ШШ2018/02311

       Улаанбаатар хот

 

 

                         

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД47 дугаар байр, 34 тоот хаягт оршин суух, Тольтон бургууд овогт Гончигийн Э /РД:ПЮ68072677/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “УБЗЗАГ” ОНӨААТҮГ /Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороолол-6, Жуковын өргөн чөлөө/-т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6.031.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

                       

Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.Э миний бие УБЗЗАГ ОНӨААТҮГ-т жолоочийн албан тушаалд ажиллаж байсан. Газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/58 дугаар тушаалаар ажлаас халагдсан. Ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01912 дугаар шийдвэрээр намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлүүлж, ажлаас халагдсан 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ажлын 21 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02069 дугаар магадлал, Хяналтын шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 00212 дугаар тогтоолоор хэвээр үлдээж хүчин төгөлдөр болсон.

1. Гэтэл хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/68 дугаар тушаалаар жолоочоор эгүүлэн ажиллуулахаар болсон. Тушаалын 2 дахь заалтад зааснаар сарын үндсэн цалинг 552.860 төгрөгөөр тогтоосон.

Ажлаас халагдахын өмнө тус байгууллага 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сул зогсолттой байсан бөгөөд Нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сүүлийн 3 сарын цалин бол сул зогсолтын олговор юм. Хөдөлмөрийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувиас доогуур байж болохгүй гэдэгт нийцүүлэн байгууллагын даргаас сул зогсолтын олговрын 60 хувьд нийцүүлэн олгож байсан. 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс сул зогсолт дуусч байгууллага хэвийн горимд шилжин ажиллаж эхэлсэн тул миний үндсэн цалин 502.600 төгрөг болно.

Иймд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс ажилд эгүүлэн авах тушаал гарсан өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 12 сарын цалин 6.031.200 төгрөгийг УБЗЗАГ ОНӨААТҮГ-аас нэхэмжилж байна гэжээ.

 

                                

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6.031.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/01912 дугаар шийдвэрээр Г.Эыг “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-ын Авто баазын жолоочийн ажил, албан тушаалаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, түүнийг уг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

/хх-ийн 13-15 дугаар тал/

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2017/02069 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/00212 дугаар тогтоолоор уг шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

/хх-ийн 4-7, 16-19 дүгээр тал/

 

Хариуцагч “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/68 тоот “Г.Эыг ажилд эгүүлэн авах тухай” тушаалаар нэхэмжлэгчийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Авто баазад жолоочоор ажиллуулах, түүний сарын үндсэн цалинг 552.800 төгрөг, хоол унааны нэмэгдлийг ажлын нэг өдөрт 4000 төгрөгөөр тооцон олгохоор шийдвэрлэжээ.

/хх-ийн 8 дугаар тал/

 

Үүнээс үзэхэд “УБЗЗАГ” ОНӨААТҮГ нь тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/01912 дугаартай шийдвэрийн заалтыг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д:” Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй,

36.1.2-т :” Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж зааснаас үзэхэд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажил олгогч нь ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах нь ажил олгогчийн хүлээх үүрэг болох нь тогтоогдоно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д :” Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаас үзэхэд  нэхэмжлэгч Г.Эыг ажил, албан тушаалд эгүүлэн  тогтоосон шүүхийн шийдвэр гарах хүртэл болон гарснаас хойших ажилгүй байсан хугацаа хамаарах юм.

 

Нэхэмжлэгч Г.Э нь үндсэн цалинг 502.600 төгрөгөөр тооцон 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 6.031.200 төгрөг нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь дээрх хугацаанд Г.Эт цалин хөлс олгож байсантай холбоотой баримтыг ирүүлээгүй болно.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу...олговор олгох...хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заажээ.  

 

Шүүхийн шийдвэрээр Г.Эын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс түүний шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцсон байна.

 

Хариуцагч нь Г.Эыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохдоо сарын үндсэн цалин  552.800 төгрөг, хоол унааны нэмэгдэл ажлын нэг өдөрт 4000 төгрөг байхаар тогтоожээ.

           

Иймд Г.Эын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 6.031.200 төгрөгийг хариуцагч  “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-аас гаргуулан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Г.Эын нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөрд 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгсөн байна.   

/хх-ийн 27-29 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.  

 

 

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2018/11724 тоот захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлож, мөн өдөр зохигчийн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэж, тэднийг хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулсан болно.

/хх-ийн 32-34 дүгээр тал/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал нь хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөр нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т заасныг баримтлан зохигчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, мөн хуулийн 100.4-т зааснаар зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн  болохыг дурдав.

 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116.118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6.031.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Эт олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 111.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Эт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111.450 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ЦОЛМОНГЭРЭЛ