Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: ,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тоот хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогтой *******ын *******, / РД:******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 10 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх дугаар байрны орцонд шатан дээр тохож үлдээсэн байсан *******ийн куртикний халааснаас түүний Самсунг галакси А52 маркийн гар утас 1 ширхэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хууль бусаар авч 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2022 оны 03 дугаар сарын 11-ний өглөө 09 цагийн орчимд би Баянхонгор сумын 1 дүгээр багийн дугаар байранд  байх нэг хамаатныд орох санаатай уг байрны 3 давхарт байдаг тул хаалгыг нь нүдээд байхгүй болохоор нь эргээд гарч явсан юм. Гэтэл 2 давхрын шатны маршан төмөр дээр нэг хувцас өлгөсөн байсан юм. Хот тохижилтын эмблемтэй хувцас байсан юм. Тэрийг нэг эгч маршан төмөр дээрээс муусайн хулгайчид хувцсаа өмсөж явахад яадаг юм, орц заваан болгоод гээд шууд газар аваад хаясан.  Тэгэхээр нь би шатаар бууж яваад эргээд газар хаясан хувцсыг нь аваад өлгөсөн юм. Тэр эгч болохоор дээшээ шатаар өгсөөд орсон юм. Гэтэл тэр хувцасны нэг талын халаас нь урагдаж ханзарсан байсан. Тэр халаасанд нэг гар утас байсан. Тэгэхээр нь би тэр гар утсыг аваад хувцсыг нь байсан байранд нь өлгөж үлдээгээд тэр орцноос гарсан. Тэндээс баруун бүс худалдааны төв ороод таньдаг ахтайгаа уулзаад гэр рүүгээ явсан. Тухайн үед би орцноос  нилээн авч байгаад нөгөө авсан гар утсаа гаргаж ирээд үзтэл  Самсунг А52 маркийн гадна талаараа өнгөгүй гэртээ, цэнхэр өнгийн утас байсан юм. Гар утас тухайн үед асаалттай, ямар нэгэн цоожгүй байсан. Тухайн үедээ би тэр утаснаас сим картыг нь аваад шууд  хаячихсан. Тэгээд би өөрийнхөө гэсэн дугаарын сим картыг хийгээд би уг утсыг өөрөө барьж байсан. Тэр гар утсыг тухайн өдрөөс хойш 20 хоног орчим барьсан....гэх мэдүүлэг / хх-ийн 69-70 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.

 3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 08 цагт ажилдаа гарсан. Өөрийн цэвэрлэдэг байрнуудын хогийг цэвэрлэчхээд 10 цаг өнгөрөөд дугаар байранд очсон. Тэгээд 5 дугаар давхраас доош шалыг угаагаад 1 давхарт ирсэн. Миний утас дугараад манай дүү над руу утсаар залгахаар нь би авч ярьчхаад өмсөж явсан куртикнийхээ халаасанд хийж шатан дээр үлдээчхээд шалаа цэвэрлэж дуусаад угаадсаа асгачхаад эргээд куртикээ өмсчхөөд халаасандаа гараа хийтэл миний утас байхгүй байсан. Тэгээд би хүний утас гуйгаад охин ******* рүү ярьж болсон зүйлийн талаар ярьсан. Би гар утсаа куртикнийхээ халаасанд хийчхээд ойролцоогоор 20 орчим минут болсон байх. Миний алдсан утас Самсунг галакси А-52 маркийн усан цэнхэр өнгөтэй гар утас байсан. гадуураа өнгөгүй цагаан кейстэй. 2022 оны 02 дугаар сард Баянхонгор аймгийн Мобиком төв салбараас 1.160.000 төгрөгөөр авч байсан......гэх мэдүүлэг/ хх-ийн 35-37/,

4. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

....2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 27 минутад ээж хүний утаснаас над руу залгаад "утсаа алдчихлаа" гэсэн.Тэгээд би дугаар байранд очоод манай ээж цагдаад дуудлага өгсөн. Манай ээж надад "Байрны орц цэвэрлэж байгаад куртикнийхээ халаасанд хийгээд шатан дээр тавьчихаад эргээд хувцсаа өмсөөд халаасаа үзтэл байхгүй байсан" гэж надад хэлсэн. Самсунг А-52 гэдэг утас байсан. Нэг сарын өмнө шинээр нь авсан утас байгаа юм...гэх мэдүүлэг /  хх-ийн 42-43 /,

5. Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

....Манай худ ургийн холбоотой ******* гэх залуу намайг "мобигийн дугаар хэрэгтэй байна чамд илүү дугаар байна уу" гэж асуусан. Тэгэхээр нь "надад илүү дугаар байхгүй нэг дугаар аваад өгье" гэж хэлсэн. Тэгээд би Мобикомын төвөөс мобикомын дугаарыг мянган төгрөгөөр авч *******д өгсөн. ******* тухайн дугаарыг одоо ашиглаж байгаа. 2022 оны 03 дугаар сарын сүүлээр дугаар авч өгсөн санагдаж байна. ******* дугаарын датаг нь ашиглах гэж байгаа гэж хэлж байсан ******* нь Самсунг А-51 маркийн гар утас барьдаг байж байгаад сүүд цэнхэр өнгөтэй Самсунг А-52 маркийн утас барих болсон. Надаар мобикомын сим авхуулахдаа тухайн Самсунг А-52 маркийн гар утсыг барьсан байсан. Тухайн гар утсыг хэрхэн авсан талаар надад хэлээгүй. Ямар ч байсан утсаа сольсон байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 46-48 /,

6. “Энх нахиа” ХХК-ын 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 103 дугаартай шинжээчийн:

...Самсунги глакси А52  маркийн гар утас 900.000 төгрөг

Хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 900.000 / есөн зуун мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / хх-ийн 60 / болон Мобиком Корпорац ХХК, Юнител ХХК-н албан бичиг, хавсралт /хх-ийн 23-25 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 10 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх дугаар байрны орцонд шатан дээр тохож үлдээсэн байсан *******ийн куртикний халааснаас түүний Самсунг галакси А52 маркийн гар утас 1 ширхэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хууль бусаар авч 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон нь  хохирогч *******, гэрч *******, насанд хүрээгүй гэрч ******* нарын мэдүүлэг, үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул  шүүгдэгч *******д   эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь гар утасны үнэ 900.000 төгрөг  нэхэмжлэх талаар илэрхийлсэн бөгөөд Цагдаагийн байгууллагаас хохирогчийн гар утсыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл үйлсэн, хохирогч нь гар утсаа биет байдлаар авах талаар илэрхийлсэн тул шүүх шүүгдэгч *******гээс гар утасны үнэ 900.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, уг гар утсыг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож гар утсыг хохирогчид хэрэгцээний дагуу буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******гээс гаргуулах ёстой гар утас буюу түүний үнэ 900.000 төгрөгийг шүүгдэгч нь төлсөн гэж дүгнэж Шүүхийн Шийдвэр газарт гүйцэтгэх хуудсыг бичиж явуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүх *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг  харгалзан Эрүүгийн  хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр   тэнсэж, түүнийг гэмт хэргийн хор уршиг буюу хохирол болох гар утсыг хүлээлгэн өгөх үүргийг хүлээлгэх  нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэ хэргийн учир  шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хохирогчийн гэх А-52 маркийн гар утсыг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *******т хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

 Шүүгдэгч  нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 Шүүгдэгч ******* овогтой *******ын *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-д заасныг журамлан  шүүгдэгч ******* овогтой *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг оногдуулсан хорих ялыг  зургаан  / 06 / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******* овогтой *******ын *******д гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч ******* нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч *******гээс гар утас буюу түүний үнэ 900.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч ******* нь хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хохирогч *******ийн А-52 маркийн гар утсыг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид хэрэгцээний дагуу буцаан олгохыг Шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .136.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ