Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2021/0067

 

 

2021 01 27 128/ШШ2021/0067

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Т  ХХК /РД:..../

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл.

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 3... дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох[1].

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , Б.Х , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б , З.С  хариуцагчийн итгэмжлэдсэн төлөөлөгч Б.Т , Ш.Ц , Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Нэг. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зорчигдсон тухайд:

1.1 Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх зөрчигдсөн талаар: Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 1. Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 12/. төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан. О.Т ХХК нь Татварын маргаантай асуудлаа мэргэжлийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр төрийн байгууллагад гомдол гаргах эрхийг хязгаарлаж, нөгөөтэйгүүр төрийн байгууллагаас гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа үйлдэл нь маргаж буй акт болох Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн албан бичгээр илэрч байна.

Ийнхүү Татварын маргаан таслах зөвлөл нь гомдлыг хүлээн авахгүй гэж шийдвэрлэж буй нь өөрөө Монгол Улсын Үндсэн хуулиар О.Т ХХК-д олгогдсон өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн үйлдэл юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандолдугаар зүйлийн 1. Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ: 3/ хуулиар ногдуулсан албан татвар төлөх гэж заасан. Хуулиар ногдуулсан албан татварыг төлөх үүрэгтэй, харин хууль бусаар ногдуулсан албан татварыг төлөхгүй байх эрх нь тус компанид хуулиар олгогдсон эрх юм. Шийтгэлийн хуудсаар хуулиар ногдуулсан албан татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн эсэхийг хянуулахаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхийг хязгаарлаж байгаа нь хууль бус албан татварыг төлөхгүй эрхийг зөрчиж байна.

Ийнхүү маргаж буй Татварын ерөнхий гаэрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 3... дугаар захиргааны акт нь О.Т ХХК-ийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон гарцаагүй эдлэх эрхийг зөрчиж байгаа болно.

1.2. Бусад хуулиар олгогдсон эрхийг зөрчиж буй талаар: Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй гэж заасан.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй.

Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д зааснаар татвар төлөгч нь татварын албанаас гаргасан татварын акт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргах эрхтэй.

Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Татвар төлөгч, эсхүл түүний эрх олгосон иггэмжлэгдсэн төлөөлөгч мэргэшсэн зөвлөх татварын актыг гардаж авснаас хойш энэ хуулийн 43.1, 72.4-д заасан хугацаанд харьяалах Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй гэж заасан.

Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу тогтоосон татварын зөрчилд холбогдох шийтэлийн хуудастай холбоотой гомдлыг татварын маргаан таслах зөвлөл 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу хянан шийдвэрлэнэ гэжээ.

Дээрх хуулиудын зохицуулалтуудын хүрээнд О.Т ХХК татварын улсын байцаагчийн ногдуулсан Шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандан шийдвэрлүүлэх эрхтэй юм. Гэтэл Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөс гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь О.Т ХХК-ийн дээрх хуулиудаар олгогдсон гомдол гаргах эрхийг шууд зөрчсөн үйлдэл юм.

Ийнхүү дээр дурдсан үндэслэлүүдээр Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 3... дугаар захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон төрийн байгууллагад гомдол гаргах эрх зөрчигдөөд байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн гомдол гаргах эрх сэргэж, хууль бусаар ногдуулсан татварыг төлөхгүй байх эрх сэргэж, татварын маргаантай асуудлаа мэргэжлийн байгууллагаар шийдвэрлүүлэх, хуулиар олгогдсон эрхээ зохих ёсны дагуу хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.

1.3. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-д Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдпэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Арвандөрөвдүгээр зүйлиин 1-д Монгол Улсад хууль ёеоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж тус тус заасан.

Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулнйн 5 дугаар зүйлд заасны дагуу Шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг Татварын маргаан таслах зөвлөл нь хүлээн авч хянаж байгаа практик нэгэнт тогтсон байна. Энэ нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч гарсан шүүхийн хүчин төгөлдөр захирамж, шийдвэрүүд болон маргаан таслах зөвлөлийн тогтоолуудаас тодорхой харагдаж байна. Гэтэл ганцхан О.Т ХХК-ийн энэхүү Шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг Татварын маргаан таслах зөвлөл нь хүлээн авахгүй гэж шийдвэрлээд байгаа нь төрийн байгууллагаас тус компанийг ялгаварлан гадуурхаж, тэгш байдлыг алдагдуулж байна гэж үзэхээр байна.

... Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 3... дугаар зүйлийн 37.5-д "Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэп эггээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно" гэж зааснаар маргаж буй акт нь О.Т ХХК-д сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 6917 Захирамжийн тухайд:

Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу тогтоосон татварын зөрчилд холбогдох шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг татварын маргаан таслах зөвлөл 2010 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль Шинэчилсэн найруулга-д заасны дагуу хянан шийдвэрлэнэ гэж заажээ.

... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан үндэслэлийн тухайд: Маргаан таслах зөвлөлийн шийдвэр нь утга, агуулгын хувьд илэрхий алдаатай гарсан Тус шийдвэрт Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д "татварын албанаас гаргасан акт, ... бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны журмаар гаргах, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72 1.3-т татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийн шууд харьяалах татварын албаны дэргэдэх маргаан таслах зөвлөлд гаргана гэж заасан ... татварын улсын байцаагчдын шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргах хуулиар тогтоосон хугацаа дуусгавар болсон байх тул Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар татвар төлөгчийн гомдлыг маргаан таслах зөвлөл хүлээн авах эрх зүйн үндэслэлгүй байна гэсэн.

Татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудас нь 2018 оны 01 дүгээр сард гарсан бөгөөд тухайн үед Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг захиргааны хэргийн шүүхэд гомдол гарган шийдвэрлүүлэхээр харьяалуулсан.

Тухайн үед шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг маргаан таслах зөвлөл Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн дагуу хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй байсан бөгөөд О.Т ХХК-иас ч дээрх үндэслэлээр шийтгэлийн хуудастай холбоотой гомдлоо шууд шүүхэд гаргасан ба одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Харин сүүлд эрх зүйн орчин шинэчлэгдэж 2020 оноос эхлэн Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөж эхэлсэн. Тус хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хууль ч мөн үйлчилж эхэлсэн.

Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө /Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу/ тогтоосон татварын зөрчилд холбогдох шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг татварын маргаан таслах зөвлөл 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу хянан шийдвэрлэнэ гэж тусгайлан зааж, шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг маргаан таслах зөвлөл авч шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн юм.

Гэтэл Маргаан таслах зөвлөлөөс энэ байдлыг ялгаж салгаж ойлгохгүйгээр Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргах гомдлыг хүлээн авах, эсэх асуудлыг Татварын ерөнхий хууль /2008 он/-ийг баримтлан тайлбарлаж байгаа нь утга, агуулгын илэрхий алдаатай болохыг тодорхой харуулж байна.

Түүнчлэн маргаан таслах зөвлөлийн шийдвэрт гомдол гаргах хуулиар тогтоосон хугацаа дуусгавар болсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь тогтоосон журмаар гомдол гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг бөгөөд энэ тохиолдолд О.Т ХХК-ийн тухайд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болохыг харгалзан үзээгүй нь илэрхий алдаатай байна.

Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 3... дугаар шийдвэрээр О.Т ХХК-ийг шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг тус зөвлөлд гаргах эрх зүйн үндэслэлгүй гэж шийдвэрлэснээр нэхэмжлэгч компанийг тус зөвлөлд хандан гомдлоо гаргах ч боломжгүй байдалд хүргэж байна. Угтаа О.Т ХХК нь шүүхээс шийтгэлийн хуудастай холбоотой гомдлоо урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр буцаасан тохиолдолд маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх байтал гомдлыг зохих журмын дагуу гаргаагүй байхад ийнхүү гомдол гаргах эрхийг хязгаарласан нь хууль тогтоомжид нийцэхгүй буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад шийдвэр гаргасан байна. Маргаан таслах зөвлөл болон шүүх нь хоорондоо албан бичиг солилцох замаар нэхэмжлэгч комнанийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах эрхгүй болгож байгаа нь илтэд үндэслэлгүй юм.

Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмыг хуулиар тогтоосон бөгөөд Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолоор баталсан журмаар мөн тогтоосон.

Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмаас үзвэл зөвлөл нь гомдол гаргасан

тохиолдолд гомдлыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх ёстой байтал зохих журмын дагуу гомдол гаргаагүй байхад гомдлыг хүлээн авах эрх зүйн үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн Татварын ерөнхий хууль болон журамд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун шүүх хуралдаан дээр гагасан тайлбартаа: ... Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол иргэн хуулийн этгээд түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа талаар нь хянуулахаар гомдол гаргах эрхтэй гэж заасан. ...Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь хэсэгт татвар төлөгч нь татварын албанаас гаргасан татварын акт бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргах эрхтэй гэж заасан, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт татвар төлөгч гомдол гаргах эрхтэй болохыг зааж өгсөн. Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу татварын зөрчилд холбогдох шийтгэлийн хуудсыг Татварын маргаан таслах зөвлөлд шинэчлэн найруулсан Татварын ерөнхий хуульд заасны дагуу хянан шийдвэрлэнэ гэж заасан. ... Татварын улсын байцаагч нарын шийтгэл хуудас нь 2018 оны 1 дүгээр сард гарсан тухайн үед Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.2 дахь хэсэгт зааснаар татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гарган шийдвэрлүүлэхээр харьяалуулсан байсан.

Тухайн үед шийтгэлийн хуудастай гомдлыг маргаан таслах зөвлөл 2008 оны Татварын ерөнхий хуулийн дагуу хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн үндэсгүй байсан. Үүний дагуу шийтгэлийн хуудастай гомдлыг нэхэмжлэгч компанийн зүгээс шүүхэд гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар маргаан таслах зөвлөлийн 3... дугаар О.Т ХХК-ийн шийтгэлийн хуудаст гомдол гаргах эрхгүй гэж үзсэн нь маргаан таслах зөвлөлд хандан гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна. О.Т ХХК нь шийтгэлийн хуудастай гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр хуульд заасан тохиолдолд маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх байтал гомдлыг зохих журмын дагуу гаргаагүй байхад гомдол гаргах эрхийг хязгаарласан нь хууль тогтоомжид нийцээгүй буюу нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрсөн ба хуульд заасан үндэслэл байхгүй байхад шийдвэр гаргасан гэж үзэж байна. Маргаан таслах зөвлөл болон Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хоорондоо албан бичиг солилцох замаар нэхэмжлэгч компанийг урьдчилан ажиллагааны журмаар гомдол гаргах эрхгүй болгож байгаа нь илтэд үндэслэлгүй... гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл юм урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан эсэхээс хамааран шүүх тухайн маргааныг хүлээж авах эсэхийг шийдвэрлэдэг процесс гэдгийг шинжлэх ухаан захиргааны процессын шинжлэх ухаан нотолсон. Татварын байгууллагаас гаргасан актыг татварын байгууллага өөрсдөө асуудлыг шийддэг нь маргаан таслах зөвлөл тусгайлан процесс хэрэглэж шийдвэрлэдэг байхад асуудлыг шийдэхгүй гэж байгаа нь туйлыг зохимжгүй юм. Гол татгалзал нь 2018 онд акт гарсны дараа нэхэмжлэгч компани Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан ба тухайн газар манайд харьяалагдахгүй шүүхэд харьяалагдах учир хүлээж авахгүй гэсэн.

Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлд хандах зохицуулалт байхгүй болохоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу дээд шатны албан тушаалтанд нь гомдол гаргасан. Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл нь 2020 оны 3... дугаар шийдвэрт хоёр үндэслэл илэрхий харагдаж байна. Нэгдүгээрт хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байна. Ийм байх боломжгүй энэ нь хуульчдын хувьд илэрхий тодорхой ойлголт юм. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийг харвал тогтоосон журмаар гомдол нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, тасалдсан тохиолдол дахин шинээр хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн зохицуулалтай юм. Шүүх хөөн хэлэлцэх хугацаа дуусан бол хүлээж авахгүйгээр буцаадаг. Тухайн үед нэхэмжлэгч компани тогтоосон журмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан явцын дунд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын дунд эрх зүйн орчин өөрчлөгдөж дахин урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандах боломж нь үүсэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх нь илэрхий тодорхой, ойлгомжтой юм. Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дээр нарийн судалгаа эргэцүүллүүдийг хийж үзсэн. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нь юу вэ гэдэг талаар аваад үзвэл нийт 30 гаран хууль тогтоомж дээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа үүсэх үүний дараа захиргааны процесс явагдана гэдэг тусгай журамтай 20 хуульд шууд шүүхэд харьяалан шийдвэрлүүлэх тусгай журмыг тогтоож өгсөн байдаг. Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа нь манай эрх зүйн тогтолцоонд томоохон байр суурь эзэлдэг. Татварын ерөнхий хуулийг авч үзвэл маргаан таслах зөвлөл нь 46 дугаар зүйлийн 46.4 дахь хэсэгт маргаан таслах зөвлөлийн гишүүд, бүрэлдэхүүний талаар заасан байдаг. Энэ заалтаас харахад дангаар шийдвэр гаргадаггүй, хамтын шийдвэр гаргадаг байгууллага гэдэг нь тодорхой ба хамтын шийдвэр гаргах журам арга ажиллагаа нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарна бид маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандсан учир үүнд хариу өгөх гэж байгаа, хүлээж авахгүй шийдэхгүй гэж байгаа бол хамтын гарч байх ёстой. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу тогтоосон зөрчилд холбогдох шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл хянан шийдвэрлэнэ гэж хэлсэн. Энэ нь процессын хуулийн дэгээрээ явна. Энэ нь батлагдсан өдрөөсөө энэ журмаар явагдана гэсэн үг юм. Хойшилсон гэдэг нь нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн гэдэг асуудал байгаа. Бидний зөрчигдсөн гэж үзэж байгаа эрх хууль ёсны ашиг сонирхлыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой тайлбарласан. Энэ хүрээнд маргааныг хянан шийдвэрлэхээс гадна өөр газарт хэргийг хянан шийдвэрлээгүй гэдгийг тодруулж хэлж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд татварын байцаагчийн тавьсан шийтгэлийн хуудастай холбоотой ганцхан хэрэг нь О.Т ХХК-ийн хэрэг юм. Өмнө шүүхэд гаргасан байсан шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд явагдаж байсан хэргүүдийн бүгдийг нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс буцааж Маргаан таслах зөвлөлд хянан шийдвэрлээд эргүүлэн явуулах процесс Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг шүүх болон Маргаан таслах зөвлөл хэрэгжүүлж байгаа. Зөвхөн О.Т ХХК-ийн хэрэг дээр практик, процессыг зөрчиж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 1/6835 тоот албан бичгээр тодруулга хүссэний дагуу гаргасан Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн дарга мөн оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичгээр хариу тодруулга өгсөн. Уг тодруулгад татварын улсын байцаагчийн үйлдсэн шийтгэлийн хуудсыг гомдол гаргах хугацаа дуусгавар болсон байх тул Татварын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу гомдлыг хүлээн авах эрх зүйн үндэслэлгүй талаар дурдсан.

Татварын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу тогтоосон татварын зөрчилд холбогдох шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг татварын маргаан таслах зөвлөл 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулгад заасны дагуу хянан шийдвэрлэнэ" гэж заасан. Улмаар Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д Татвар төлөгч, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх татварын актыг гардаж авснаас хойш энэ хуулийн 43,1, 72.4-т заасан хугацаанд харьяалах Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй" гэж гомдол гаргах хугацааг тодорхой заасан Татварын еренхий хуулийн /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнөх хугацаанд татвар төлөгч нь эрх бүхий албан тушаалтны үйлдсэн шийтгэлийн хуудастай холбоотой гомдлоо маргаан таслах зөвлөлд бус захиргааны хэргийн шүүхэд гаргах зохицуулалт үйлчилж байсан.

Үүний дагуу О.Т ХХК-иас гаргасан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн үйлдсэн шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг захирамж хүчин төгөлдөр байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Уг хууль үйлчилж эхэлсэнтэй холбоотой Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлд өөрчлөлт орсон ба шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг Татварын маргаан таслах зөвлөл урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хүлээн авч шийдвэрлэхгүй гэсэн өөрчлөлт орсон. Ингээд нэхэмжлэгч компани татварын улсын байцаагч нар 2018 оны шийтгэлийн хуудастай холбоотой гомдлоо тухайн үед маргаан таслах зөвлөлд гаргаж байсан боловч энэ тухай үеийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиар гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг Татварын ерөнхий газраас өгсөн байдаг. Татварын маргаан таслах зөвлөлөөс сүүлд шүүхээс сануулга байдлаар өгсөн зүйл дээр одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг үндэслэн хариу өгсөн. Үүнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн байгууллагаар өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэх эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийг барьж хариуг өгсөн. Үүнд О.Т ХХК-ийн урьдчилан шийдвэрлүүлэх эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Нэхэмжлэгч компани шүүхэд 2018 оны татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудастай холбоотой гомдол хэлэлцэгдээд явж байгаа. Шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 6917 дугаар шүүгчийн захирамжаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийх шаардлагагүй гэсэн шүүгчийн захирамж гарсан ба хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

 Иймд О.Т ХХК-ийн зүгээс дахин шүүхэд хандах байдлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэх шаардлагатай гэсэн байр сууринаас хандаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгэнт тухай үед үйлчилж байсан хууль тогтоомжоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэж шийтгэлийн хуудас дээр байхгүй байсан учир 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн Татварын ерөнхий хууль болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай тухай хуулийг буцаан хэрэглэх байдлаар өмнөх цаг хугацаагаар хэрэглэж Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргах ёстой гэдэг байдлаар шийдэх хуль зүйн үндэслэл байхгүй учир нь материаллаг хууль тогтоомжтой зохицуулалтын эрх зүйн байдлыг дээрдүүлж хэрэглэж тухайн цаг үед хэрэглэдэг. Татварын маргаан таслах зөвлөл Захиргааны хэрэг үүссэн ажиллагаанд дахин гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломж байхгүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Татварын маргаан таслах зөвлөл хоорондоо албан бичиг солилцох замаар гомдол гаргах эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Шүүхээс ирүүлсэн тодруулгад Татварын маргаан таслах зөвлөл хариу өгсөн. Өмнө нь маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээд боломжгүй гэдэг хариу өгсөн. Үүнд бидний зүгээс эрхийн хязгаарлалт хийсэн зүйл байхгүй.

Хуульд өөрөөр заагаагүй бол гэсэн Захиргааны ерөнхий хуульд заасан зохицуулалт байгаа хүчин төгөлдөр үйлчилсэн хуулиар Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлд шийтгэлийн хуудастай зүйлд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэхгүй Захиргааны хэргийн шүүхэд хандана гэсэн байгаа. 2018 оны шийтгэлийн хуудастай холбоотой гомдлоо гаргасан байсан ба тухайн гомдлын хариуд 72 дугаар заалттай холбоотой урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэхгүй гэдгийг албан бичигт дурдсан. Тухайн үед Татварын ерөнхий газарт гомдлоо гаргаж байсан гомдлоо гаргахдаа Зөрчил шалган шийдвэрлэхээ ажиллагаанд заасан журмын дагуу гараагүй Захиргааны ерөнхий хуультай холбоотой холбогдох албан тушаалтанд гаргасан. Зөрчил шалган шийдвэрлэх процессоор журамласан хууль нь Захиргааны хэргийн шүүхэд хандах гэсэн зохицуулалт байгаа. Үүний дагуу Захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргасан ба тухайн үед шүүх хэрэг үүсгэхдээ урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны процесс ажиллагаа байгаа эсэхийг шалгадаг. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэхгүй зөвхөн Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдэх ёстой гэж үзэж хэрэг үүсгээд явж байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Татварын ерөнхий хууль болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг дагаж мөрдөж эхэлсэн. Энэ асуудлыг хууль хэрэгжиж эхэлснээс хойш 9 сар болсны дараа нэхэмжлэгч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй талаар шүүхээс тодруулга авахаар хандаж байгаа нь сонин байна. Тэр болтол хуулиа мэдэхгүй явсан уу, тэр болтол гомдлоо цаг тухайд нь гаргахгүй явсан уу гэдэг нь миний хувьд сонин санагдаж байна. 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан хууль байгаа ба хуулийг мэдээгүй юу, мэдэх боломжгүй байсан нь гомдол гаргаж шийдвэрлүүлэхээс чөлөөлөх нөхцөл болохгүй. Маргаан таслах зөвлөлийн процесс ажиллагааг гэдэг бол захиргааны хэрэгт урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хэвшиж тогтсон ойлголт юм. Маргаан таслах зөвлөл урьдчилан шийдвэрлэх чиг үүрэг байхгүй гэж хэлэхгүй. Захиргааны эрх зүйн хууль тогтоомжоор зохицуулагдаад явж байгаа. Бидний маргаж зүйл нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилсэн Зөрчлийн тухай хуульд маргаан таслах чиг үүрэгтэй байгууллагыг маргааныг хүлээн авч болохгүй гэдэг хуулийн зохицуулалтай байгаа учир түүнийг зөрчиж хүлээн авч шийдвэрлэвэл урьдчилан шийдвэрлэх чиг үүрэгтэй байгууллага нь хууль тогтоомжийн зөрчил орох нөхцөл байдал үүсч байгаа. Захиргааны хэрэг үүсгэж байгаа процесс ба дээрээс нь шүүгчийн хүчин төгөлдөр захирамж гарсан байхад гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарласан: Байгууллага нь гомдлоо дотоодын болон гадаадын бүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар явж байгаа. Гомдол гаргах эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Дотоодын шүүхээр энэ нь хянагдаад явж байгаа. Татварын маргаан таслах зөвлөлийн хувьд хуульд заасан үндэслэлээр гомдлыг хүлээж авна. Шинэ хууль батлагдсанаас хойш гаргаж байгаа гомдлыг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хуулиараа шийдсэн. 2018 оны гомдлыг 2020 онд гаргаж шийдвэрлүүлэх гэж байгаа нь боломжгүй юм. Захиргааны ерөнхий хууль болон Татварын ерөнхий хуульд 30 хоногийн дотор гомдол гаргах ёстой. Энэ үндэслэлээр ямар ч тохиолдолд нэхэмжлэгчийн эрх хязгаарлагдаагүй. Тухайн үед холбогдох байгууллагад нь хандаж явсан бол хуулийн дагуу хэлэлцэгдээд явах бүрэн боломж байсан. Тухайн би ажлын хэсгийг ахлаад явж байсан. Гол маргаан нь Зөрчлийн хуультай холбоотой маргааныг хэрхэн шийдэх, шүүх Татварын маргаан таслах зөвлөлийн хоорондын процессын ажиллагааг хэрхэн журамлах вэ гэдэг нь хуулийн хэлэлцүүлгийн хувьд тодорхой заагдсан. Үүнийг энгийнээр тайлбарлахад шинэ хууль батлагдсанаас хойш урьдчилан шийдвэрлэх ажиллагаа маргаан таслах зөвлөлөөр 30 хоногтоо шийдвэрлэгдэж дараа нь шүүх рүү явна. Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар шинэ хуулийн үзэл баримтлалаар хэлэлцэх боломжгүй асуудал юм. Маргаан таслах зөвлөлөөр шийтгэлийн хуудсанд гомдол гаргасан гомдлыг хуулийн дагуу хэлэлцээд явж байсан. Хоёрдугаарт О.Т ХХК өөрөө гомдлоо гаргаагүй. Хуульд заасан эрхүүд нь нээлттэй байсан. Дотоод хэргийн шүүхээр гомдлоо шийдүүлэх эрхээ хэрэгжүүлээд явж байгаа. Ийм муу жишиг тогтоож болохгүй гэдэг саналтай байна. Татвар төлөхгүйн тулд тодорхой хэмжээнд хугацаа хождог хууль хоорондын асуудалд гомдол гаргаж байгаа нь тохиромжгүй асуудал байна.

          Татварын ерөнхий газрын шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хууль 2019 онд батлагдсан. Мөн 5 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу тогтоосон татварын зөрчилд холбогдох шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг гэж байгаа. Гаргасан байгаа гомдлыг шийдвэрлэхдээ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Татварын ерөнхий хуулийг баримтална гэж байгаа. Тэрнээс гаргаагүй байсан гомдлоо шинэ хуулийн дагуу гаргана гэсэн зүйл биш юм. Үүнтэй холбоотой гомдлыг шийдвэрлэхэд шинэ хуулийг баримтална. Гомдлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ 2020 оны 01 сарын 01-ний өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын дагуу акт тавигдсанаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргана гэж байгаа. Одоо хүчингүй болсон 2018 онд хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан байгаа. Шинэчилсэн Татварын ерөнхий хуульд татварын албанаас гаргасан акт бусад баримт бичигтэй танилцах ба үндэслэлгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргана гэсэн байгаа. Хуучин хуульд 30 гэж байсан, шинэчилсэн найруулгад ч мөн 30 хоног гэж байна. Шилжилтийн зохицуулалтын үед гомдлоо гаргаагүй байсан байгууллага энэ хугацааг өнгөрсөн байхад гомдол гаргасан байна. Хуучин хуулиар гомдлоо гаргах эрхтэй байсан. Гомдлоо тухайн үед гаргаагүй байж Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөл гомдол шийдвэрлэх тухай асуудлаар ярих эрхгүй юм. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 30 хоног гэсэн хугацааг баримталж байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн нэхэмжлэгч компани тухайн үед Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж байгаагүй ба тэр үед гомдол гаргах боломж нь байсан. Гэхдээ Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөл гаргаагүй шууд шүүхэд хандсан байгаа. Тиймээс гомдол гаргах эрхийг зөрчсөн гэдэг асуудал үндэслэлгүй юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх О.Т ХХК-иас Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 3... дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна[2].

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, Татварын ерөнхий газрын татварын нэр бүхий татварын улсын байцаагч нар О.Т ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны өдрийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дугаартай шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч О.Т ХХК-д Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулжээ[3].

О.Т ХХК-иас уг шийтгэлийн хуудсаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийн зарим хэсэг болон тайлагнасан алдагдал бууруулсан дүнгийн зарим хэсгүүдийг хүлээн зөвшөөрөхгүй хэсэгт Татварын тухай хууль /2008 он/-ийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 93, 94 дүгээр зүйлд тус тус заасныг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 436/1 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газрын даргад хандаж гомдол гаргажээ.[4]

Дээрх гомдлын хариуг Татварын ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 01/636 дугаар албан бичгээр О.Т ХХК-д хүргүүлжээ.

Уг албан бичигт ... Танай компани татварын хуулийн зүйл, заалтыг зөрчсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1. Татварын алба болон татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэхээс бусад асуудлаар гаргасан шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараахь харьяаллаар гомдол гаргах эрхтэй:, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27, 6.28, 6.31 дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу эрх бүхий этгээдээр өршөөлийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой байна. ... гэжээ.[5]

Улмаар О.Т ХХК-иас Татварын ерөнхий газрын хяналт, шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч Д.Ганбат, Ц.Өлзийбаяр, Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Батмөнх, А.Баатархүү, Б.Баярнэмэх, Х.Насалмаа нарт холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0199 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна[6].

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч О.Т ХХК-иас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч буй хэсгийг хүчингүй болгуулах, гомдлыг харьяаллын дагуу урьдчилан шийдвэрлэх журмаар Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлөөр шийдвэрлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргажээ. Шүүхээс тус хүсэлтийг шийдвэрлэхдээ Маргаан таслах зөвлөлөөс тодруулга авахаар албан бичиг явуулсан бөгөөд тус албан бичгийн хариуд Маргаан таслах зөвлөлөөс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 3... дугаартай албан бичгийг шүүхэд ирүүлсэн байна[7].

Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Тодруулга өгөх тухай 3... дугаар албан албан бичигт, ... Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д татварын албанаас гаргасан акт, ... бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны журмаар гаргах, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.3-т татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийн шууд харьяалах татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргана гэж заасан.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хянаалтын газрын татварын улсын байцаагчдын үйлдсэн татварын улсын байцаагчийн 367201801 дугаар шийтгэлийн хуудсыг О.Т ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гардан авсан байх бөгөөд түүнийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Иймд татварын улсын байцаагчдын үйлдсэн шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргах хуулиар тогтоосон хугацаа дуусгавар болсон байх тул Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар татвар төлөгчийн гомдлыг Маргаан таслах зөвлөл хүлээн авах эрх зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Уг албан бичгийг үндэслэн гомдол гаргагч О.Т ХХК-иас шүүхийн гаргасан Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 6917 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна[8].

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ; Маргаах бүхий татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудас нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гарсан бөгөөд тухайн үед Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг захиргааны хэргийн шүүхэд гомдол гарган шийдвэрлүүлэхээр харьяалуулсан байсан тул тухайн үеийн хуулийн зохицуулалтуудын дагуу шууд шүүхэд гомдол гаргаж, гаргасан гомдолтой холбоотойгоор хэрэг үүсэж, одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Харин сүүлд эрх зүйн орчин шинэчлэгдэж 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөж эхэлсэн. Тус хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хууль ч мөн үйлчилж эхэлсэн.

Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө /Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу/ тогтоосон татварын зөрчилд холбогдох шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг татварын маргаан таслах зөвлөл 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу хянан шийдвэрлэнэ гэж тусгайлан зааж, шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг маргаан таслах зөвлөл авч шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн юм.

Гэтэл Маргаан таслах зөвлөлөөс энэ байдлыг ялгаж салгаж ойлгохгүйгээр Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргах гомдлыг хүлээн авах, эсэх асуудлыг Татварын ерөнхий хууль /2008 он/-ийг баримтлан тайлбарлаж байгаа нь утга, агуулгын илэрхий алдаатай болохыг тодорхой харуулж байна.

Түүнчлэн маргаан таслах зөвлөлийн шийдвэрт гомдол гаргах хуулиар тогтоосон хугацаа дуусгавар болсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь тогтоосон журмаар гомдол гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг бөгөөд энэ тохиолдолд О.Т ХХК-ийн тухайд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болохыг харгалзан үзээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэж үзэхээр байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан. Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 3... дугаар шийдвэрээр О.Т ХХК-ийг шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг тус зөвлөлд гаргах эрх зүйн үндэслэлгүй гэж шийдвэрлэснээр нэхэмжлэгч компанийг тус зөвлөлд хандан гомдлоо гаргах ч боломжгүй байдалд хүргэж байна.

Учир нь нэхэмжлэгч О.Т ХХК нь шүүхээс шийтгэлийн хуудастай холбоотой гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шүүхээс буцаалгасан тохиолдолд маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх байтал уг гомдлыг зохих журмын дагуу гаргаагүй байхад ийнхүү гомдол гаргах эрхийг хязгаарласан нь хууль тогтоомжид нийцэхгүй буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлд хамаарахаар байна. Маргаан таслах зөвлөл болон шүүх нь хоорондоо албан бичиг солилцох замаар нэхэмжлэгч компанийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах эрхгүй болгож байгаа нь илтэд үндэслэлгүй юм.

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шинэчлэн найруулсан Татварын ерөнхий хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар тусгайлан зааж татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар маргаан таслах зөвлөл хянан шийдвэрлэх ёстой болохыг зааж өгсөн байтал хариуцагчаас хууль хэрэгжүүлэхээс зайлсхийж байгаа нь тус зөвлөлийн чиг үүрэгт ч нийцэхгүй байна.

Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмыг хуулиар тогтоосон бөгөөд Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолоор баталсан журмаар мөн тогтоосон. Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмаас үзвэл зөвлөл нь гомдол гаргасан тохиолдолд гомдлыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх ёстой байтал зохих журмын дагуу гомдол гаргаагүй байхад гомдлыг хүлээн авах эрх зүйн үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн Татварын ерөнхий хууль болон журамд нийцэхгүй байна гэж тайлбарлажээ.

Татварын ерөнхий хууль /2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн/-ийн 72 дугаар зүйл. Татвар төлөгчийн гомдлыг хянан шийдвэрлэх, 72.1. Татварын алба болон татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэхээс бусад асуудлаар гаргасан шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараахь харьяаллаар гомдол гаргах эрхтэй:, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйл. Зөрчил хянан шийдвэрлэх шүүх 2. Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ... 6.12, ... дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ., 1.8 дугаар зүйл. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал, 6.12. татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.5 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  9.10 дугаар зүйлийн  3 дахь хэсэг, 10.6 дугаар зүйл, 11.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил;, 7.6 дугаар зүйл. Шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт гомдол гаргах 2. Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ... 6.12, ... дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх хуулийн заалтуудын дагуу нэхэмжлэгч О.Т ХХК-иас маргаан бүхий 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дугаартай шийтгэлийн хуудастай холбоотой гомдлоо 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд гаргаж, шүүхээс 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу тогтоосон татварын зөрчилд холбогдох шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг татварын маргаан таслах зөвлөл 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу хянан шийдвэрлэнэ., 10 дугаар зүйл Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө., Татварын ерөнхий хууль /2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр/-ийн 86 дугаар зүйл Хууль хүчин төгөлдөр болох, 86.1-д Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудад зааснаар Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөхөөр байна.

Уг хуулийн 5 дугаар зүйлийн агуулга нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу тогтоосон татварын зөрчилд холбогдох шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш татварын маргаан таслах зөвлөлд гаргавал 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу хянан шийдвэрлэхээр байна.

Маргаан бүхий тохиолдлын тухайд, нэхэмжлэгч О.Т ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн зохицуулалтуудын дагуу 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гомдол гаргаж, шүүх хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх тул 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байгаа Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг татварын маргаан таслах зөвлөл хүлээн авч шийдвэрлэхээс татгалзаж байгаа нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Учир нь дагаж мөрдөх журмын тухай хуулийн дээрх заалтын агуулга нь шүүхэд гомдол гаргаагүй, маргаан бүхий захиргааны актын талаар урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжтой, шийтгэлийн хуудастай холбоотой эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалт гэж ойлгохоор байна.

Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зохицуулалтаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхээр дамжуулан хүсэлт гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь тухайн дагаж мөрдөх журмын тухай хуулийн дээрх зохицуулалтаар маргаан бүхий захиргааны актын талаар урьдчилан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байгаа бол хууль дагаж мөрдөгдөж ирсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор дээрх хүсэлтээ татварын маргаан таслах зөвлөлд гаргахаар байсан байна гэж үзэхээр байна.

Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан шинжүүдийг агуулсан гэх үндэслэлийн тухайд;

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл. Захиргааны акт илт хууль бус болох, 47.1 Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:, 47.1.1 утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.6 иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй; гэж тус тус заажээ.

Захиргааны актын утга агуулгын илэрхий алдаатай гэдгийг утга агуулгын хувьд илэрхий алдаатай буюу тухайн захиргааны актад дурдагдах боломжгүй зүйлийг дурдсан байхыг ойлгоно.

Тухайлбал, тухайн захиргааны актыг А компанийн асуудлыг шийдвэрлэхээр гаргасан атлаа Б компанийн асуудлыг шийдвэрлэсэн байх тохиолдлыг ойлгохоор байна.

Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдгийг тухайн захиргааны актын үйлчлэл чиглэсэн иргэн, хуулийн этгээдэд хууль, журамд заасан хэм хэмжээнээс хэтэрсэн хэм хэмжээг тогтоосон байхыг ойлгохоор байна.

Маргаан бүхий Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 3... дугаар албан бичиг нь Захиргааны ерөнхий хуульд заасан дээрх захиргааны акт хууль байх шинжүүдийг агуулаагүй байна гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч О.Т ХХК-иас Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 3... дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны актыг болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3., 106.3.14.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1., 47.1.6., Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан О.Т ХХК-иас Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 3... дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

 

 


 

 

[1] Хавтаст хэргийн 1-10 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 56-64 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 91-100 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 101 дүгээр хуудас.

[6] Хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 28 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 39-42 дугаар хуудас