Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00056

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Б.Цагаанцоож

 Улсын яллагч                                          Э.Энхбат

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч                    С.Сувдаа, Ч.Мөнгөнцэцэг

 Хохирогч                                           Л.Жавзандулам, Ш.Хүрэлбаатар, Х.Бат-Өлзий, М.Бат-Ирээдүй

 Шүүгдэгч Н.Нэргүй, С.Энхтайван нарыг оролцуулан эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Нэргүй, С.Энхтайван нарт холбогдох 201618020051 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Биеийн байцаалт: Монгол улсын иргэн 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын 5 дугаар баг Хүнсчидийн 02-15 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь:

-2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн №34 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 , 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 cap хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Өршөөлийн тухай хуулиар суллагдсан,

 

-2011 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн №92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр суллагдсан,

 

-2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сум дундын 21 дүгээр шүүхийн №39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 , 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай

Боржигон овгийн Намжилмаагийн Нэргүй РД: /М390120773/,

            Биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн 1990 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, Гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 аав, ээж, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Ажилтны 15-16 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь:

 

-2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн №16 дугаартай шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр суллагдсан,

 

-2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн №210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 

-2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн №173 шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан хэрэг хариуцах чадвартай

Харцага овгийн Сүх-Очирын Энхтайван РД: /0090072415/

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Н.Нэргүй нь ялтай байх хугацаандаа дангаараа Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Сүүл толгойн 49-02 тоотод байрлах иргэн М.Бат-Ирээдүйгийн малын хашаанаас 2016 оны 02 дугаар сарын 23- ны өдрөөс 24-нд шилжих шөнө 3 тооны адууг хулгайлж 5.000.000 төгрөгний хохирол учруулж, хулгайлсан 3 адууг унаж Төв аймгийн Батсүмбэр сум руу очиж шүүгдэгч С.Энхтайвантай бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Мандалын Ар” гэх газраас иргэн Ш.Хүрэлбаатарын 1 тооны адууг хулгайлж 800.000 төгрөгний, “Баянгол” гэх газраас иргэн Г.Эрдэнэбаярын 1 тооны адууг хулгайлж 800.000 төгрөгний “Жаргалант” гэх газраас иргэн Х.Бат-Өлзийгийн саарал азаргатай 8 тооны адууг хулгайлж 5.400.000 төгрөгний, мөн газраас Х.Бат-Өлзийгийн саарал азаргатай адуунд байсан иргэн Жавзандуламын 2 тооны адууг хулгайлж 1.100.000 төгрөгний хохирол, бусдад нийт 13.100.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Нэргүй мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өлзийхутаг гэх залуутай таараад бид 2 орой нь Энхтайваныг дуудаж бид 3 пабад ороод буудалд хоносон маргааш Энхтайваныд очсон. Орой 10 цагийн үед Энхтайваны 2 найз нь машинтай ирэхдээ хэдэн шил архитай ирсэн. Өмнөх орой нь уучихсан байсан болохоор авчирсан архийг нь уучихаад нилээд халаад, би тасарчихсан байсан. “Ажнайн даваа” гэх газар Өлзийхутагтай би морь үзээд явж байгаад би зайдан морьтой цаашаа явж чадахгүй гэхэд Өлзийхутаг ядаж Төв аймгийн Мандал хамт ороё гэсэн бид 2 Төв аймгийн Батсүмбэр суманд Өлзийхутагын ахынд очоод маргааш орой нь Өлзийхутагын 2 найз хотоос ирэхээд Өлзийхутагт, Батбаяр гэх найзын хамт хот явахаар болсон. Мандалд байхад бид 2-ын авч ирсэн 3 адуун дээр 5 адуу нэмэгдээд нийт 8 адуу болчихсон байсан. Би энэ юун адуунууд вэ гэхэд Өлзийхутаг намайг адуу хараад байж бай би хотын төв рүү ороод малын ченж хайгаадхая гэсэн. Тэгээд би Энхтайваныг байгаа газраа дуудахад Энхтайван над дээр 2 шил архи авч ирээд бид 2 хоёр шил архиа хувааж уугаад 409 дүгээр хорих ангийн хянагч нарт баригдсан. Өлзийхутаг ч тухайн үед ирээгүй. Хохирогч нарт адууг нь хүлээлгэж өгөөд бид 2 Зүүнхараад ирсэн. Би Зүүнхараагаас авсан Бат-Ирээдүйн 3 адууг хүлээн зөвшөөрч байна. Бусад адууг хулгайлахад би яваагүй, Би тийм олон удаа энхтайван луу залгаагүй дээ, тухайн үед адууг хүлээлгэж өгөхөд нь би байлцсан юм.Тэгэхдээ би  морины зүсийг нь сайн харсан юм.11 адууг би хүлээлгэж өгсөн.Өлзийхутаг яагаад тэгж хэлснийг мэдэхгүй байна, Өлзийхутаг, Бат-Ирээдүйтэй хамт хулгай хийсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Энхтайван мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр Нэргүйтэй танилцаад тэр үедээ ганц, хоёр шил архи ууж байсан. Хамгийн сүүлд 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нэргүй над руу залгаад намайг байгаа газраа дуудсан би яваад очиход Өлзийхутаг, Буянтогтох гэх 2 залуутай хамт байсан. Тэр орой Буянтогтох гэр рүүгээ яваад өгсөн. Нэргүй, Өлзийхутаг, бид 3 буудалд хоноод маргааш өглөө нь миний хамтран амьдарч байгаа Ариунтунгалаг гэх эмэгтэйн байранд очоод бид нар хамт байж байгаад орой 10 цагийн үед Өлзийхутаг, Нэргүй 2 хамт гараад явчихсан. Би 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдөр хамран амьдрагч эмэгтэйгээ жаахан муудалцаад хотод байдаг охин руугаа очих гээд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өглөө хот орсон. Тэр өдрөө охиныхоо ээжтэй уулзсан. 02 дугаар сарын 25-нд хотод хоноод 26-ны орой хотод байхад Нэргүй надруу залгасан.Нэргүй намайг хаана байгаа юм бэ гэхэд би Ариунтунгалагтай хэрэлдчихээд хотод охинтойгоо уулзах гээд ирчихсэн байна гэсэн. Нэргүй би бас хотод ирсэн байна. Цайз захын хойно шарилын ойролцоо байна чи хүрээд ир гэхээр нь би газар мэдэхгүй шүү дээ гэхэд намайг такси хөлслөөд хүрээд ир гэсэн. Тэгээд би 2 шил архи аваад Нэргүй дээр очсон. Намайг очиход Нэргүй, Өлзийхутаг 2 арван хэдэн тооны адуу авчирчихсан. Шарга үрээ, хээр үрээ 2-ыг уначихсан байсан. 2 шил архиа уучихаад дахиж архи олж уух гэж байгаад  торон хашааны ойролцоо хянагч нарт баригдсан...” гэв..Хулгай хийж явна гэж мэдээгүй.Утасны билл дээр залгасан дугаар яагаад гараагүйг мэдэхгүй байна.

  

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Жавзандулам мэдүүлэхдээ: “...Манай нөхөр хол юманд явах болоод 3 тооны адуугаа битүүий урд өдөр Бат-Өлзий ахын адуунд тавиад удалгүй хүүхэд  морь унаж юманд унаж явах гээд 1 адуугаа тэднийхээс авчихсан. 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Бат-Өлзий ах утсаар над руу адуунуудаа алдчихлаа өглөө орой хавиар байгаа байх гэсэн чинь алга болчихсон байна гэсэн. Тухайн үедээ цагдаад шууд мэдэгдсэн. Бат-Өлзий ахын машинд бинзен хийгээд хайсан боловч олдоогүй. Маргааш нь үдээш хойш Бат-Өлзий ах надад манай адуунууд олчихлоо танай адуунууд байхгүй байна гэж утсаар хэлсэн. Энэ 2 адууг манайх наадмын үеэр 2 гунж, 1 бяруугаар худалдаж авч байсан. Мөнгөн дүнгээр тооцоход нэг адуу нь 4 сая төгрөг, нөгөө адуу нь 2 сая төгрөг ний 4 сая төгрөг болж байгаа. Одоо 6 сая төгрөг нэхэмжилж байгаа...” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Хүрэлбаатар мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө намайг өглөө 6 цагт босоод харахад цас их орсон. Цас гэдэг чинь морины цээжээр татах шахам цасан дээр 3 морьтой хүн, нэг хөтөлгөө морины мөр гарсан байсан. Хэдэн хүмүүстэй 3 дугаар баг хүртэл адуу хайсан. Цагаан цасан дээр мөр маш тодорхой гарсан байсан. Нилээд мэддэг олон удаагийн үйлдэл ч гэж бодогдмоор торон хашааны хаалга үүдийг сайтар олсон. Манай тэндээс зааж өгсөн хүн байхыг ч үгүйсгэхгүй, 200000 төгрөг нэхэмжилнэ, гомдолтой...” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Бат-Өлзий мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө адуугаа бүртгэж хийхэд тоогоороо байсан. 26-ны өглөө хашааны хаалга эвдээд адуунуудыг хулгайлсан байсан. Тухайн үед мөр хайхад хашаанаас адуунуудыг гаргаад Жаргалантын төвгөр даваад алга болсон байсан. Тэгээд адуу алдагдсан талаар Жавзандуламд мэдэгдэж хэлсэн, улаанбаатар хотоос 8 адуугаа олж авсан, Жавзандуламын 2 адуу олдоогүй..” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Бат-Ирээдүй мэдүүлэхдээ: “...2016 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө хашаанаасаа 3 тооны адуугаа алдсан. Нэг эрлийз, хоёр нь суманд айрагдсан хурдны удамтай, уядаг 4 настай хоёр адуу, 5 настай нэг адуу байсан. Нэргүй хашаанаас адуунуудыг авахдаа 2-лаа байсан шинж тэмдэг харагддаг. Нэргүй надаас 2 дахь удаагаа авч байна. Надад энэ хүнд хийсэн гэмт буруу байхгүй. Адуунуудыг ченжид өгөх гэж дуудчихаад ченж хүрээд ирэхэд машиных нь гэрлээс айгаад хашаа руу орсон гэж Нэргүй мөрдөнд байхдаа хамт хоригдож байсан хүнд хэлсэн гэдгийг би өчигдөр хамт хоригдож байсан хүнээс нь сонссон. Тэр 3 адууг амьд хүлээж авсан ч гэсэн 2 нь бага адуу унаа үзээгүй уяагдах ямар ч боломжгүй болж ул таваг нь дууссан. Нэг нь хөлгүй болсон. Одоо хүртэл хөл нь доголчихсон байгаа. 4 настай адууг өвлийн идэш хоолгүй үед Улаанбаатар хүртэл 3 шөнө унаад явахад ямар болох вэ. Хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү. Адуунуудыг хайхад гарсан зардал 327900 төгрөг нэхэмжилнэ...” гэв.

 

            Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Энх-Отгон мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн үед үхэрээ саах гээд гэрээс гарсан чинь малын хашаанд байсан 4 тооны адуунаас 3 тооны адуу нь байхгүй байсан. Өмнөх өдрийн орой 23 цагийн үед манай нөхөр М.Бат-Ирээдүй адуунууддаа өвс, ус өгөөд орж ирсэн юм. Уг 3 тооны адууг хашааны хаалганы уяаг нь тасдаад хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтанд гэрч Г.Жаргал мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өглөө 08 цагийн үед байхаа манай бэр Ж.Энх-Отгон миний утасруу залгаад “малын хашаанд байсан 3 тооны адууг хашааных нь уяаг тасдаад хулгайлсан байна” гэж хэлэхээр нь би цагдаа дуудаад М.Бат-Ирээдүйгийн гэрт яваад очтол малын хашааны уяаг тасдаад авсан байсан. Уг нь хашаа нь гадна талаасаа хаалга гэж мэдэгдэхээргүй хашаатайгаа адилхан гэрийн хүмүүс л мэддэг байсан юм. Тэгсэн тэр хаалганы уяаг нь тасдаад аваад явсан байсан. Хашааны ойролцоо гар хийцийн гэмээр Монгол гуталны мөр байгаад байсан. Тэгээд хашаанаас гараад адууныхаа мөрийг дагаад явтал гудамжны үзүүрт очоод мөр алдагдсан. Н.Нэргүйг би танина, өмнө нь 10 гаран жилийн өмнө Аажаа гэх хүнийд амьдардаг байсан. Н.Нэргүй нь өмнө нь М.Бат-Ирээдүйгийн 2 тооны адууг хулгайлаад баригдаад цагдаад шалгагдаж байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 77-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтанд гэрч Х.Ган-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Эргүүл жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад 02 цаг енгерч байхад гадна шалганы хянагч Шинэбаяр станцаар конторын байрны урд талд хун уначихлаа гэхээр нь байрны баруун урд талын харанхуй булангаас нэг хун босоод зугтахыг завдсан тул зогс гэж хэлээд шалгахад бичиг баримт байхгуй, архи унэртуулсэн байхаар нь цагдаагийн хэлтэст дуудлага өгөөд аваад явсан...тухайн хун “морьтой хүмүүс ирж зодох гэхээр нь морийг нь куртикээрээ ургээгээд зугтаж орж ирсэн гэж” тайлбар хэлсэн...Тэгээд дахин Шинэбаяр бид хоёр нэг бурчлэн шалгахаар гарахад шоронгийн зуун хойд талын торон хашааны дотор талаас гадагш нэг хун даваад гарч байгаа харагдахаар нь хоёр талаас нь тойрч гуйгээд барьж аваад цагдаагийн хэлтэст хүргэж өгсөн...Эхэлж ирсэн залуу нэлээн согтуу байсан харин суулийн Энхтайван гэх залуу “архи уугаагуй” гээд байсан. Уг хоёр залуугаас өөр хун байхгуй байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 79-80-р хуудас/ болон Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн зургийн үзүүлэлт /хх- ийн 14-23-р хуудас/, Хулгайд алдагдсан адуунд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 28-37-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ тогтоосон /xx-92, 100-р хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн №40 дугаартай “...Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гутлын мөр нь сэжигтэн Н.Нэргүйн өмсөж явсан гар хийцийн Монгол гутлын аль нэг хөлийн гутлын улаар үүсгэгдсэн байж болно” гэх дүгнэлт. /хх-ийн 106-р хуудас/, хувийн байдлыг тогтоосон баримтууд шүүгдэгч С.Энхтайван, Н.Нэргүй нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 179-180-р хуудас/, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 183, 196-р хуудас/, Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-ийн 247-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар:

 

Шүүгдэгч Н.Нэргүй нь ялтай байх хугацаандаа дангаараа Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Сүүл толгойн 49-02 тоотод байрлах иргэн М.Бат-Ирээдүйгийн малын хашаанаас 2016 оны 02 дугаар сарын 23- ны өдрөөс 24-нд шилжих шөнө 3 тооны адууг хулгайлж 5.000.000 төгрөгний хохирол учруулж, хулгайлсан 3 адууг унаж Төв аймгийн Батсүмбэр сум руу очиж шүүгдэгч С.Энхтайвантай бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Мандалын Ар” гэх газраас иргэн Ш.Хүрэлбаатарын 1 тооны адууг хулгайлж 800.000 төгрөгний, “Баянгол” гэх газраас иргэн Г.Эрдэнэбаярын 1 тооны адууг хулгайлж 800.000 төгрөгний “Жаргалант” гэх газраас иргэн Х.Бат-Өлзийгийн саарал азаргатай 8 тооны адууг хулгайлж 5.400.000 төгрөгний, мөн газраас Х.Бат-Өлзийгийн саарал азаргатай адуунд байсан иргэн Жавзандуламын 2 тооны адууг хулгайлж 1.100.000 төгрөгний хохирол, бусдад нийт 13.100.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Харин шүүгдэгч С.Энхтайваны өмгөөлөгч С.Сувдаа өмгөөллийн үгэндээ. Шүүгдэгч С.Энхтайван, Нэргүй нар бүлэг бусдын 11 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг холбогдсон. Улсын яллагч гэм буруугийн асуудалд хуулийн зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон гэж яллаа. Хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, гэмт буруутай асуудал хангалттай нотлогдоогүй гэж үзэж байна. Миний үйчлүүлэгч С.Энхтайван мөрдөн байцаалтын шатанд 5 удаа мэдүүлэг өгсөн. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өглөө. Анх 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлэг өгөхдөө 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нэргүй намайг дуудаж бид 2 Дарханд уулзаж Нэргүй манайд хоноод 23-нд явсан. Би өөрөө 25-нд Улаабаатар хот явсан гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлгийг Ариунтунгалаг нотлож мэдүүлэг. Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл Энхтайван нэг л мэдүүлэг өгч ирсэн. Шүүгдэгч гэмт буруугаа нотлох үүрэг хүлээхгүй, гэм буруугаа хүлээхгүй байх үүрэгтэй. Шүүгдэгч Энхтайван мөрдөн байцаалтын шатнаас эхлээд би Нэргүйтэй бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлдэг. Энхтайваныг Нэргүйтэй бүлэглэн бусдын 12 тооэы адууг хулгайлсан гэх үйлдэл хавтаст хэрэгт хангалттай нотлогдоогүй гэж үзэж байна. Улсын яллагч гэрч Өлзийхутаг, Ариунтунгалаг нарын мэдүүлгээр хэрэг нотлогдсон. Мөн мөрдөн байцаалтанд Нэргүй хэргээ хүлээн мэдүүлсэн гэлээ. 2016 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Энхтайван,Нэргүй нар хоорондоо 25 удаа ярьсан утасны ярианы лавлагаагаар хэрэг нотлогдсон гэж үзээд байх юм. Хэрэг энэ 2 хүнийг бүлэглэж 12 тооны адуу хулгайлсан гэх баримт байхгүй. Гэрч хүн өөрийн харсан үзсэнээ үнэн зөвөөр нь мэдүүлэх үүрэгтэй тэгвэл Өлзийхутаг өнөөдөр гэрч байж чадах юм уу. Гэрч хүн гэдэг хэрэг ямар холбогдолгүй байх ёстой. Тэгвэл энэ хүн чинь хэрэгт хамааралтай юм биш үү. Энэ хүнийг хэрэгт хамааралтай талаас нь яагаад шалгаагүй юм бэ. Шүүгдэгч Нэргүй хэрэг Өлзийхутагыг хамааралтай гээд 2 удаа мэдүүлээд байна шүү дээ.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгч, прокурор, өмгөөлөгч өөрийнхөө дотоод итгэлээр дүгнэлт хийж өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа явуулж, улсын яллагч яллаж, шүүгч эцсийн шийдвэр гаргаж ял шийтгэл оногдуулах ёстой. Хэрэгт цугларсан бүх нотлох баримтуудыг бодитоор судалж үзэх байх гэж шүүхэд найдаж байна. Таамаглал дээр үндэслэж хэрэг шийдэхгүй. ЭБШХ-ийн 13 дугаар зүйлийн 13.2-д зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэмт буруутай эсэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу шүүгдэгч Энхтайванд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал мөн  шүүгдэгч Н.Нэргүйн өмгөөлөгч Мөнгөнцэцэгийн өмгөөллийн үгэндээ:

 

Шүүгдэгч Н.Нэргүйн эрх ашгийг хамгаалж, түүний хүсэлтээр 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн урьдчилсан мөрдөн байцаалтанд хамт байлцаж өнөөдөр өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Нэргүйн хувьд анх өгсөн болон сүүлийн мэдүүлгүүд хоорондоо зөрөөтэй байгаа. Мэдүүлгүүд нь яагаад зөрөөтэй байгаа талаар тайлбарлаж хэлсэн. Улсын яллагчаас шүүгдэгч Н.Нэргүйд бусдын 11 тооны адууг хулгайсан гэж ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ял сонсгож байна. Н.Нэргүй Бат-Ирээдүйн 3 тооны адуу хулгайснаа хүлээн зөвшөөрдөг. Бусад 8 тооны адууг авсанаа хүлээн зөвшөөрдөггүй. Улсын яллагч гэрч Өлзийхутагын мэдүүлгийг гол нотлох баримтын хэмжээнд авч үзэж байна. Шүүгдэгч, яллагдагч худлаа ярих эрхтэй гэж хаана заасан байдаг юм бэ. Улсын яллагчаас яллаж байгаа гэдэг үндэслэлээр та нар юу гэж ярьж болно гэж шүүгдэгч, яллагдагч нарын мэдүүлгийг үгүйсгэж болохгүй. Алтан-Өлгий гэх газар Өлзийхутаг, Нэргүй, Энхтайван 3 хамт байсан гэж шүүгдэгч Энхтайван, Өлзийхутаг 2 мэдүүлж байна шүү дээ. Өлзийхутаг ч мөн бид 3 хамт байсан гэж мэдүүлдэг. Нэргүйн Өлзийхутагтай хамт хулгай хийсэн гэсэн мэдүүлгийг үгүйсгэж болохгүй. Иймд Нэргүйг Өлзийхутагтай хамтарч хулгай хийснийг дахин шалгах. Гэмт буруугийн хувьд эргэлзээ төрвөл хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуулинд заасан байдаг. Шүүгдэгч Нэргүйн гэмт бурууг хэлэлцэхэд эргэлзээтэй байна. ЭБШХ-ийн 212 дугаар зүйлд заасны дагуу Нэргүй Өлзийхутагтай хамтарч гэмт хэрэг үйлдсэн тухайгаа шалгаж өгнө үү гэж удаа дараа хүсэлт гаргаж байсан. Хүсэлтийг заавал шийдвэрлэсэн байх ёстой. ЭБШХ-ийн 80 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Нэргүйн хувийн байдлыг сайтар тогтоогоогүй, жишээ нь албан ёсоор хаана оршин суудаг, хэнтэйгээ амьдардаг болохыг ерөөсөө тодорхойлоогүй. Эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг гээд эхнэрийг нь асуусан мэдүүлэг байдаг. Хэргийн эцэслэн шийдвэрлэхэд мөрдөн байцаалтыг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй учраас хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй, үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн дагуу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Нэргүй, С.Энхтайван нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн, 56.1.12-д заасан ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг дахин үйлдсэн тул хулгайлах гэмт хэргийг давтан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-р зүйлчилсэн нь тус тус үндэслэлтэй байна. Хохирогч М.Бат-Ирээдүй 3 тооны адуу, Ш.Хүрэлбаатарын 1 тооны адуу, Г.Эрдэнэбаярын 1 тооны адуу, Х.Бат-Өлзий 8 тооны адуугаа зүсээр нь буцаан авсан. Хохирогч Л.Жавзандуламын 2 тооны адууны үнэ 6.000.000 төгрөгөөр нэхэмжилж байгаа ба эд зүйлийн үнэлгээгээр 2 адууг 1.100.000 төгрөгөөр үнэлсэн, хохирогч Ш.Хүрэлбаатар баримтаар 200.000 төгрөг, М.Бат-Ирээдүй баримтаар 327.900 төгрөг тус тус нэхэмжилж шүүгдэгч нараас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурьдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон Тогтоох нь:

1. Шүүгдэгч Намжилмаа овогтой Нэргүйг бусдын эд хөрөнгийг давтан хулгайлсан, Сүх-Очир овогтой Энхтайвантай бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Н.Нэргүйд эд хөрөнгө хураахгүйгээр 01 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Энхтайванд эд хөрөнгө хураахгүйгээр 04 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Нэргүйд оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч С.Энхтайванг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчилан байлгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Н.Нэргүйгийн цагдан хоригдсон 119 хоногийг, шүүгдэгч С.Энхтайваны цагдан хоригдсон 59 хоногийг эдлэх ялд нь оруулан  тооцсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Нэргүйд өмнө нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Энхтайванд өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нэргүйгээс 550000 төгрөг гаргуулж хохирогч Л.Жавзандуламд, хохирогч М.Бат-Ирээдүйд 327900 төгрөг, хохирогч Ш.Хүрэлбаатарт 100000 төгрөг гаргуулж олгох, мөн шүүгдэгч С.Энхтайванаас хохирогч Л.Жавзандуламд 550000 төгрөг, хохирогч Ш.Хүрэлбаатарт 100000 төгрөг гаргуулж хохирогч нарт тус тус олгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас  хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлийг гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ