Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2024/0190

 

 

 

 

 

 

 

“Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******, Ц.Н*******

Нэхэмжлэгч: “Г*******” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 60 дугаар шийдвэр

Хэргийн индекс: 128/2023/0890/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г*******” ХХК нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 60 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг баримтлан Г******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг агуулгын хувьд хангаж, дуудлага худалдааны анхны үнийг дахин тогтоох хүртэл нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 01-09-1909 дугаартай мэдэгдлийг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

            3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.А*******, Ц.Н******* нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Газрын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 29.2, 29.3. 29.5 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд шинээр тариалангийн талбай бий болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ гэсний дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тариалангийн талбай бий болгосон Засгийн газрын шийдвэр гарсан эсэхийг шүүх тодруулалгүй шийдвэр гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна" гэсний дагуу маргаан бүхий захиргааны акттай холбоотой нотлох баримтыг цуглуулалгүй шийдвэр гаргасан

3.2. Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу тухайн шатны Засаг дарга тогтооно гэсний дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаалаар батлагдсан 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт "Хот, тосгон, бусад суурины газарт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо энэхүү аргачлалын 1.3.3. 1.3.4, 1.3.5, 1.3.6-д заасныг үндэслэнэ 1 дэх хэсгийн 1.3.3-т "Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бус), 1 га газрын суурь үнэлгээ /Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт/;" гэж тус тус заасан байхад шүүх шийдвэрлэхдээ Нийслэлийн Баянзүрх дүүргийн буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг   Тариалангийн зориулалтад хамааруулж газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг тооцохоор шийдвэр гаргажээ.

3.3. Засгийн газрын 2018 оны 182 дугаар "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бус).суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын 3 дугаар хавсралт "Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бус), 1 га газрын суурь үнэлгээ”-ний тайлбар хэсэгт “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл" гэдэгт эрчимжсэн мал аж ахуйн болон хөдөө аж ахуйн зориулалттай барилга байгууламж, хүлэмжийн аж ахуй, газар дээрх, доорх зоорь. Газрын тухай хуулийн 29.2. 29.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс илүү талбайд тариалж буй төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тариалахад зориулсан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газар хамаарахаар тусгаж хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

3.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дуудлага худалдааны үнэ тооцсон аргачлал, төлөхийг шаардсан дүн, төлөх хугацаа, төлөөгүй тохиолдолд үүсэх нөхцөл байдал зэрэг нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар үүсгэсэн мэдэгдлийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03-09/6523, хүргүүлсэн гэх бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03-09/6523 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид хэрхэн хүргүүлэн нь тодорхойгүй. нэхэмжлэгч уг үр дагавар бүхий мэдэгдлийг хүлээж аваагүй гэж маргаж байх тул хариуцагч байгууллага захиргааны актаа хүргүүлэх ажиллагааг хуульд зааснаар хийгээгүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн маргах эрхийг хязгаарлах үндэслэл болгох нь хуульд нийцэхгүй гэж үзлээ" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгчийн газрын хувийн хэрэгт хадгалагдсан хаягаар 2020, 2022, 2023 онуудад мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдийг хүргүүлэн, мөн хувийн хэрэгт бүртгэлтэй утасны дугаараар холбогдон мэдэгдэл хүргүүлсэн тухай мэдэгдсэн байдаг. Гэвч 2020 болон 2022 онуудад хүргүүлсэн мэдэгдлийг мэдээгүй, харин 2023 онд хүргүүлсэн мэдэгдлийг хүлээн авсан гэж шүүхэд тайлбарласныг анхан шатны шүүх захиргааны байгууллага актаа хүргүүлэх ажиллагааг хийгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/0060 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч “Г*******” ХХК-иас, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.   

2.2. Маргаан бүхий нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дүгээр мэдэгдлээр “...Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ” нь Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу газрын үнэлгээний 9 зэрэглэл (бүс)-д хамаарч мод үржүүлэг, ногоон төгөл байгуулах зориулалтаар 1 м.кв газарт 4480 төгрөг буюу 120540 м.кв * 4480 төгрөг = 540,019,200 төгрөгийг төлөх, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт Х-9-д зөвхөн тариалангийн зориулалттай газар хамаарах бөгөөд мод үржүүлэг, ногоон төгөл байгуулах зориулалт нь хамаарахгүй тул дээрх тодорхойлсон дүнгээр төлбөрийг төлж барагдуулах, ...Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу танай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн” талаар мэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “...бидний эзэмшиж буй газар нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар Газрын үнэлгээний тойрог зэрэглэл бүс, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний Х-9 буюу хэнтийн зах хаяа уулын ойт хээрийн тойрогт хамаарч байгаа тул дээрх дүнгээр дуудлага худалдааны анхны үнийг төлөх боломжгүй, ...мэдэгдэл нь манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэж тайлбарлан маргасан байна.

2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/913 дугаар захирамжаар “Г*******” ХХК-д Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн аманд 120540 м.кв газрыг мод үржүүлэг ногоон төгөл байгуулах зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчид 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03-09/6523, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 02-09/2456, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 01-09/3965 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөхийг мэдэгдэж байжээ.

2.4. Анхан шатны шүүхээс “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03-09/6523 тоот албан бичгийг нэхэмжлэгчид хэрхэн хүргүүлсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгч уг үр дагавар бүхий мэдэгдлийг хүлээж аваагүй гэж маргаж байх тул хариуцагч байгууллага захиргааны актаа хүргүүлэх ажиллагааг хуульд зааснаар хийгээгүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн маргах эрхийг хязгаарлах үндэслэл болох нь хуульд нийцэхгүй”, “...дуудлага худалдааны анхны үнийг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу тооцохдоо Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын төвийн дүүргийн суурьшмал бүсийн газрын үнэлгээний 9 зэрэглэл (Бүс)-ээр тооцсон нь үндэслэлтэй болоогүй байна, ...газрын үнэлгээг аргачлалын дагуу тогтоох нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарах бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах хяналтын цар хүрээнээс хэтэрнэ...” гэж дүгнэн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаартай мэдэгдлийг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

2.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж тус тус зааснаас үзэхэд, шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг өөрөө бүрэн цуглуулж, бодит байдлыг тогтоон, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх боломжтой байхад нотлох үүргээ хэрэгжүүлэхгүйгээр маргаан бүхий нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Хариу мэдэгдэл хүргүүлэх тухай” 01-09/1909 дүгээр мэдэгдлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

2.6. Учир нь Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу тухайн шатны Засаг дарга тогтооно”, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаалаар батлагдсан “Аргачлал шинэчлэн батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын 3.1-т “Хот, тосгон, бусад суурины газарт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо энэхүү аргачлалын 1.3.3, 1.3.4, 1.3.5, 1.3.6-д заасныг үндэслэнэ”, 1.3.3-т “Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ /Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс) суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоолын 3 дугаар хавсралт “Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ”-ний тайлбар хэсэгт “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл” гэдэгт эрчимжсэн мал аж ахуйн болон хөдөө аж ахуйн зориулалттай барилга байгууламж, хүлэмжийн аж ахуй, газар дээрх, доорх зоорь, Газрын тухай хуулийн 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү талбайд тариалж буй төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тариалахад зориулсан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газар” гэж тус тус заажээ.

2.7. Дээрхээс үзэхэд шүүх маргаан бүхий актын үндэслэлд дүгнэлт хийж хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлэх боломжтой гэж үзэхээр байна..

2.8. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасан шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

            2.9. Түүнчлэн нэхэмжлэгчээс “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03-09/6523 тоот мэдэгдлийг хэрхэн хүргүүлсэн, яаж гардаж авсан талаар мэдэхгүй байсан, уг мэдэгдлийг гардаж аваагүй тул мэдээгүй...”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгчийн газрын хувийн хэрэгт хадгалагдсан хаягаар 2020, 2022, 2023 онуудад мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн мөн хувийн хэрэгт бүртгэлтэй утасны дугаараар холбогдон мэдэгдэл хүргүүлсэн тухай мэдэгдсэн...” гэж тус тус маргасан байхад шүүхээс холбогдох нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх”-ээр заасанд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан нөхцөл байдлыг тодруулж, хэргийн үйл баримтад бүрэн дүгнэлт өгөөгүй, давж заалдах шатны шүүхээс үүнийг нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 60 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

           

 

 

 

                           ШҮҮГЧ                                                       Ц.САЙХАНТУЯА

                           ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН

                 ШҮҮГЧ                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН