Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/01306

 

                    Я.Э-ын хүсэлттэй иргэний

                      хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/00643 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 833 дугаар магадлалтай,

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ч.Д-ийн цагаатгалын нөхөх олговор гаргуулах тухай Ж.Д-ын эрх залгамжлагч Я.Э-ын хүсэлттэй иргэний хэргийг

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Я.Э, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, гуравдагч этгээд төрийг төлөөлж прокурор Ш.Одонсүрэн, гуравдагч этгээд Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ж.Д-ын эрх залгамжлагч Я.Э нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ч.Д-ийн цагаатгалын нөхөх олговор гаргуулах тухай хүсэлт гаргасан байна.

   2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/00643 дугаар шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Санхүүгийн хэлтсээс 40,000,000 (дөчин сая) төгрөгийн нөхөх олговор гаргуулан Тээлийнгол овогт Ж-гийн Д (ХВ39042...)-ын эрх залгамжлагч Ш овогт Я-гийн Э (ХВ6701....)-д олгож, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар Ч.Д-ийн нөхөх олговор 40,000,000 төгрөг нэхэмжлэх эрхийг Ж.Д-ын эрх залгамжлагч Я.Э, дүү Я.Э нарт тэгш хувааж олгох боловч, тэдний бичгээр байгуулсан 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хэлцлийн дагуу олгож болохыг дурдаж шийдвэрлэжээ.

   3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 833 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/00643 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

   4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнийн гаргасан хяналтын гомдлыг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2021.09.24-ний өдрийн 001/ШХТ2021/00502 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж үзээд гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

5. Прокурор Г.Нандин-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.05.24-ний өдрийн 833 дугаар магадлалыг 2021.06.21-ний өдөр хүлээн авч танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

5.1. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Я.Э-д цагаатгалын нөхөн олговорт 40,00,000 (дөчин сая) төгрөгийг улсын төсвөөс гарган олгохоор шийдвэрлэсэн. Хэлмэгдэгч Ч....-ийн Д........-ийг 1939 оны 10 дугаар сард хувьсгалын эсэргүү бүлэгт элссэн хэмээн улс төрийн хэрэгт хэлмэгдүүлэн баривчилж, Булган аймгийн ардын шүүн таслах газрын 1939.10.17-ны өдрийн .... дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлд зааснаар ба энэхүү шийдвэрт БНМАУ-ын Дээд шүүхийн таслах газрын 1939.11.15-ны өдрийн ..... дугаар тогтоолоор өөрчлөлт оруулан 5 жилийн хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн 2012.05.18-ны өдрийн 297 дугаар тогтоолоор Ч.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.

5.2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.3 дахь заалтад “хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацаанд дотор төрсөн хүүхэд” улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөн олговрыг нэхэмжлэх эрхтэй гэж хуульчилсан байдаг. Гэвч хэргийн материалтай танилцахад “Үндэсний төв архивын лавлагаа”-аар хэлмэгдэгч Ч-ийн Д нь хүү С, охин Д, Х, Д зэрэг 4 хүүхэдтэй болох нь тогтоогдож, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Ж “...хэлмэгдэгч Ч-ийн Д-ийн хүүхдүүд болох Д.С, Д.Д, Д.Х нар нас барсан...” гэж мэдүүлсэн боловч хэрэгт хэлмэгдэгчийн төрсөн хүүхдүүд нас барсан эсэх лавлагаа баримтгүй, мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4-д заасан хүмүүст нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хувааж олгоно. Хэрэв аль нэг нь дангаараа буюу өөр өөр хувь хэмжээгээр нөхөх олговрыг авахаар нэхэмжлэгчид харилцан тохиролцвол шүүх түүний дагуу шийдвэрлэнэ” гэж заасан байх бөгөөд Ч.Д-ийн хүүхдүүд болох Д.С, Д.Д, Д.Х нарын хүүхдүүдийн баримт бичиг, оршин суугаа хаягийн тодорхойлолт, харилцан тохиролцсон хэлцэл, гэрээ байхгүй.

5.3. Мөн Я.Э нь Цагаатгалын комисст хүсэлт гаргасан баримтгүй, Цагаатгалын комиссын зууны мэдээ сонинд 2020.03.27-нд зарласан нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад хэлмэгдэгчийн нэр байхгүй атал шүүхээс дээрх нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэгчид нөхөх олговор олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасны дагуу шүүхийн 172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаалгахаар гомдол гаргав гэжээ.

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүх хуралдаанд прокурорын гомдлыг дэмжиж оролцсон.

ХЯНАВАЛ:

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд (Баянгол дүүргийн Прокурорын газар)-ыг төлөөлж прокурорын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

8.  Прокуророос “хүсэлт гаргагч Я.Э нь нөхөх олговрыг авах эрхтэй этгээд мөн эсэх нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд бүрэн тогтоогдоогүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах” гэсэн агуулгаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т хамаарах үндэслэлээр гомдол гаргасан.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д заасан “хүсэлт”-ээр хэлэлцэх онцгой ажиллагааны хувьд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ердийн буюу хэргийн оролцогчид шаардлага, татгалзлын үндэслэлээ өөрсдөө нотлох зарчим (“хэлэлцээний зарчим”) дангаар үйлчлэхгүй, шаардлагатай тохиолдолд бодит байдлыг тогтоох, нотлох үүргийг шүүх хэрэгжүүлдэг (“шүүх нотлох зарчим”) онцлогтой.

10. Иймд, хяналтын шатны шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэж буй энэхүү хэрэгт прокурорын гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүлээн авч, хэргийг “хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах” бүрэн эрхийнхээ хүрээнд (Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4) хянасан болно.

11. Анхан шатны шүүх Ж.Д-ын эрх залгамжлагч Я.Э-ын гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ “... Ж.Д нь хэлмэгдэгч Ч.Д-ийн үрчлэгдсэн охин мөн болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 102/ШШ2020/03354 дүгээр шийдвэрээр тогтоогдсон, гэвч тэрээр шүүхэд нэхэмжлэл бүрдүүлэх явцдаа нас барсан, хэлмэгдэгчийн хүүхдүүд Д.С, Д.Д, Д.Х нар нас барсан нь холбогдох баримтуудаар нотлогдсон учир цагаатгалын нөхөх олговрыг шаардах нэхэмжлэлээ бүрдүүлэх явцдаа нас барсан хэлмэгдэгчийн үрчлэгдсэн охин Ж.Д-ын эрх залгамжлагч Я.Э нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар цагаатгалын нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй, хэлмэгдэгчийн хэд хэдэн ач, зээ амьд байгаа талаар зохигчоос тайлбарлах боловч Ж.Д нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хэлмэгдэгчийн үрчлэгдсэн хүүхэд мөн болох нь тогтоогдсон учир хуульд заасан нэхэмжлэл гаргах дарааллаар ач, зээ нар нөхөх олговрыг шаардах эрх үүсээгүй байна, иймд дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2. дахь хэсэгт заасныг баримтлан эрх залгамжлагч Я.Э-ын хүсэлтийг хангаж 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг олгох нь зүйтэй...” гэж дүгнэсэн, давж заалдах шатны шүүх уг шүүхийн шийдвэрийг “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж дүгнээд хэвээр үлдээсэн.

12. Ийнхүү хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсгийг хэргийн үйл баримтад буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хуульд заасан зохицуулалтыг агуулгаас нь өөрөөр тайлбарлах нь “хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлд хамаарна.

13. Хууль тогтоогчоос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “энэ хуулийн зорилт нь... хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, ... хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах...-д оршино” гэсэн хуулийн зорилтын хүрээнд төр өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хэлмэгдэгч болон түүний гэр бүлийн гишүүдэд учирсан (эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус) хохирлыг арилгах нөхөх олговрын хэмжээ, боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 2018.01.12-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 13 дугаар зүйлийн 13.2. дахь хэсгийг нэмжээ.

14. Энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал, хуулийг хэлэлцэх үеийн тэмдэглэлийг үзвэл, “...Хэлмэгдэгч, түүний эхнэр (нөхөр) бараг байхгүй нас барсан, хүүхдүүд нь цагаатгах комиссын мэдээллээр 200 гаруй, их бодлоо гэхэд 400 орчим байгаа, эдийн засгийн тооцоо хийхэд нийт улсаас 15.6 тэрбум төгрөг шаардагдана. Тиймээс орон сууц аваагүй хэлмэгдэгч байвал өөрт нь эсхүл эхнэр (нөхөр), эсхүл хүүхэд нь нөхөх олговрыг дахин олгоё...” гэсэн агуулга илэрхийлэгдсэн байна.

15. Түүнчлэн, уг нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1. 13.2.2. дахь хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд “...Хэлмэгдэгчийн ач, зээг Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын эрх зүйг зөрчиж, ялгаварлан гадуурхаж, нөхөх олговор авах эрхийг нь хассан байна... хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтад “энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, эгч, дүү, ач, зээ” гэсэнтэй шууд зөрчилдөж байна...” гэсэн мэдээлэл гаргасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019.10.16-ны өдрийн дунд суудлын хуралдааны 27 дугаар магадлалаар “... уг маргаан нь Үндсэн хуулийн эрх зүйн маргааны шинжийг агуулаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдлоо...” гэж дүгнэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон байдаг.

16. Мөн уг хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хууль, шүүхийн өмнө эрх, тэгш байх” зарчим нь бүх зүйлд тэгш хандана гэсэн үг бус, гэм хор, хохирол амссаны хэрээр адил шударга, хүндэтгэлтэй хандаж, хуулийг чанд нэг мөр хэрэглэх агуулгыг илэрхийлдэг. Гэхдээ тодорхой тохиолдолд буюу тухайн цаг үеийн үйлдэл, шалтгаан нөхцөлөөс хамаарч дээрх хуулиар улс төрийн хэлмэгдүүлэлтэд илүүтэй хохирч, дам хэлмэгдсэн хэлмэгдэгчийн үр хүүхдүүдэд олгох нөхөх олговрыг ялгамжтай байдлаар хуульчилсан нь шударга ёсны зарчимд илүү нийцнэ гэж үзэж байна...” гэсэн тайлбарыг гаргаж байжээ.     

17. Энэ бүхнээс үзвэл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. “Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно:”, 13.2.1.“улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр (нөхөр), эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг”; 13.2.2.“улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр (нөхөр), эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” гэснийг хууль тогтоогчийн хүсэл зоригоор тайлбарлавал, “уг нөхөх олговор нь зөвхөн тухайн зүйл, заалтад нэрлэн заасан этгээд болох хэлмэгдэгч, эсхүл түүний эхнэр (нөхөр), эсхүл төрсөн болон үрчилж авсан хүүхдэд хамаатай” гэж үзэхээр байна.

18.  Энэ утгаараа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. дахь хэсэгт заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдэд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.-10.1.3.-т заасан этгээд хамаарна, өөрөөр хэлбэл эдгээр зүйл, заалтад нэрлэн зааснаас бусад хүнийг, тухайлбал, 10.1.4-т заасан хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээг, эсхүл нөхөр олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд нас барсан тохиолдолд түүний “өв залгамжлагч”-ийг хамаатуулан ойлгохгүй буюу хуулийг дэлгэрүүлэн тайлбарлахгүй.

19. Ийнхүү дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.-т заасан этгээдийг үгийн шууд утгаар тайлбарлах тул уг зүйл, хэсгийг хэрэглэхэд 10 дугаар зүйлийн 10.3. дахь хэсэг (Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ)-ийг мөн хэрэглэхгүй буюу хуулийг системчлэн тайлбарлахгүй юм. Харин уг зохицуулалт нь 13 дугаар зүйлийн 13.1. дэх хэсэгт хамаарна.

20. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2., 10 дугаар зүйлийн 10.1.3. дахь заалтыг хуулийн агуулга, зорилгоос зөрүүтэй хэрэглэсэн байна.

21. Дээр дурдсанаар хүсэлт гаргагч Я.Э нь дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан нөхөх олговрыг авах 10 дугаар зүйлийн 10.1.3.-т заасан нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдэд нэгэнт хамаарахгүй тул прокурорын гомдлын дагуу (Хянавал хэсгийн 5-д заасан үндэслэлээр) “нөхөх олговор авах эрхтэй этгээд мөн эсэх”-ийг тогтоолгохоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй, харин шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хүсэлтийг (нэхэмжлэлийг) хэрэгсэхгүй болгох байдлаар гуравдагч этгээд прокурорын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/00643 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 833 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3., 13 дугаар зүйлийн 13.2.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ч.Д-ийн цагаатгалын нөхөх олговор гаргуулах тухай Ж.Д-ын эрх залгамжлагч Я.Э-ын хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянгол дүүргийн Прокурорын газар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        П.ЗОЛЗАЯА

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ                                                         

                                                                                                       Д.ЦОЛМОН