Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: *******,

Шүүгдэгч: А.******* / өөрийгөө өмгөөлж оролцсон / нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.*******эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тоот хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогтой *******ийн *******, / Регистрийн дугаар: ******* / ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.******* нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багт орших “” бааранд үйлчлүүлж байсан иргэн *******ий Самсунг А-71 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч  бусдад 680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч А.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ... 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би найз гийн хамт Хишиг Монгол караокед ороход гээд миний нэг таньдаг залуу байсан. Тэгээд тэрний ширээнд очиж суугаад бид гурав 1 шил архи уусан. Тэндээс гараад  баар орж бүжиглэж байгаад би ширээн дээрээ ганцаараа очоод ий халааснаас нь тамхи авах гээд уудлахад тамхи байхгуй гар утас нь гараад ирсэн. Тэгэхээр нь би гар утсыг аваад шууд оргил баарнаас ганцаараа таксинд суугаад гэрлүүгээ явсан. Би тухайн өдөр суусан таксиныхаа жолооч ахад 50,000 төгрөгөөр зарсан.Одоо надад байхгүй. Тухайн гар утсыг зарсан хүнээ танихгүй. Машин нь ямар машин байсан гэдгийг мөн анзаараагүй. Би тамхи авах гэж ширээн дээрээ очоод гар утас нь гараад ирэхээр нь аваад гарсан юм. д ямар нэгэн зүйл хэлээгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 42-43 /      

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, мэдүүлэг өгөхгүй  гэв.

3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн үед ганцаараа "Хишиг
Монгол" караокед ороод сууж байхад ******* нэг танихгүй залуутай орж ирээд миний ширээн дээр суугаад бид нар 0.5 литртэй "Ерөөл" нэртэй архи хувааж уугаад тэндээ дуулж байгаад дараа нь "" баар орж бүжиглэж байхад, манай хажуу талын ширээнд сууж байсан залуутай ******* маргалдахаар нь би салгасан. Тэгээд бид нар бүжгийн талбайд бүжиглэж байгаад ширээндээ суухад ******* босоод цаад талд нь байдаг өрөөнд орох гээд явсан. Тэгээд нэг харсан гараад явсан байсан. Тэгээд би гадаа гарч тамхилчихаад эргэж ороод эхнэртэйгээ утсаар ярих гээд гар утсаа үзэхэд миний утас байхгүй байсан. Тэгээд бармен дээр очоод залгуулахад миний утас холбогдож байсан. Тэгээд *******ийг хайж "Хишиг Монгол" караокед хамт явж байсан залуутай нь очиход байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан... би алдсан утсаа Баруун бүс-2 худалдааны төвөөс 2021 оны 09 дүгээр сарын 20-ны үед 750,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би хамт явж байсан А.*******ийг  сэжиглэж  байна...гэх мэдүүлэг/ хх-ийн 20-21 /,

4. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... "******* гэх хүнийг танина. Миний найз байгаа юм. Харин гэх хүнийг танихгүй...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би найз А.*******тэй уулзаад хамт "Хишиг Монгол" караоке орсон. Тэнд нэг залуу байсан. Тэр залууг гэж байсан ******* таньдаг юм байна лээ. Тэр залуугийн ширээн дээр очиж суугаад 1 шил архи, 3 пиво хувааж уугаад тэндээс гараад "" баар орж пиво уунгаа бүжиглэсэн. Тэгээд нэг харахад ******* бааранд байхгүй байхаар нь би гадаа байж магадгүй гэж бодоод гарч ирээд байж байхад удаагүй араас гэх залуу гарч ирээд *******ийг надаас асуусан. Тэгэхээр нь “би мэдэхгүй байна би ч бас хайгаад зогсож байна" гэхэд тэр залуу "******* миний гар утсыг аваад явсан байх юм" гэсэн өөр зүйл болоогүй. Би *******ийг тэр хүний гар утсыг авсан гэж мэдээгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 27-28 /

4. Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн:

...Самсунг А71 маркийн гар утас 680.000 төгрөг

Хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн байдлаар 680.000 / зургаан зуун наян мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / хх-ийн 32 / болон Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтан /-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 /, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч  А.******* нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багт орших “” бааранд үйлчлүүлж байсан иргэн *******ий Самсунг А-71 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч  бусдад 680.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон  нь  хохирогч *******ий мэдүүлэг, үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, болсон үйл баримтыг бичсэн эд мөрийн баримтаар хураан авсан СД зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул  шүүгдэгч А.*******эд эрүүгийн хариуцлага  хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.******* нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 06 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж ял эдэлж байгаад Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай захирамжаар 01 жил 05 сар 05 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон байна.

Шүүгдэгч А.******* нь ялаас хугацааны өмнө суллагдаж уг хугацааг дуусаагүй байхад буюу 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шинээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт нь ял оногдуулж    өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 05 сар 05 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг тогтоож шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь 680.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн тул шүүгдэгч А.*******ээс 680.000 төгрөг гаргуулж олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүгдэгч А.*******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар үйл баримтыг бичиж авсан СД-г хураан авсан бөгөөд уг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.                                                                                                         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 1. Шүүгдэгч ******* овогтой *******ийн *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогтой *******ийн *******ийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож нэг / 01 / сарын ялыг өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн нэг жил таван сар тав / 01 жил 05 сар 05 хоног / хорих ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг нэг жил зургаан сар тав / 01 жил 06 сар 05 хоног / хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч А.*******эд нэг жил зургаан сар тав / 01 жил 06 сар 05 хоног / хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.*******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч А.*******ээс 680.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт үйл баримтыг бичиж авсан СД-г эд мөрийн баримтаар авсан авсан тогтоолыг хэвээр үлдээж уг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 8. Хэрэгт шүүгдэгч А.*******ийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.*******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 13-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.*******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ