| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2018/02693/И |
| Дугаар | 101/ШШ2018/02477 |
| Огноо | 2018-07-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2018/02477
2018 оны 07 сарын 24 өдөр Дугаар 101/ШШ2018/02477 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ““БИ”” Хадгаламж зээлийн хоршоо / Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, Дако бизнес төв 1002 тоот хаягт байрлах, РД:6087981/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 1 а хэсэг, Мамба дацан, 1 дүгээр гудамж, 8 б тоот хаягт оршин суух, Очир овогт Эрдэнэбаатарын Д /РД: ЗЮ72100101/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5.258.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Билгүүн,
Хариуцагч Э.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ““БИ”” Хадгаламж зээлийн хоршооны дарга О.Билгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эрдэнэбаатар овогтой Д нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тус хоршооноос 3.000.000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлж ЗГ1210100128 тоо зээлийн гэрээ байгуулсан. Гэвч өнгөрсөн хугацаанд Э.Д нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй ба үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрт ямар ч төлбөр төлөөгүй болно.
Э.Дгийн тус хоршооны гишүүн болох, зээл авах өргөдлийг үндэслэн түүнд гишүүдийн хөрөнгөнөөс барьцаагүй зээл олгосон. Зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөхийг цаг тухайн үед нь удаа дараа сануулж шаардаж байсан ба ар гэрийн асуудал, өөрийнх нь өвчтэй байдлыг харгалзан үзэж олон удаа хугацааг хойшлуулсан.
Гэвч Э.Д нь зээлийн эргэн төлөлтийг төлөх арга хэмжээ аваагүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тус хоршоо нь 2018 оны 1 дүгээр сард гишүүдийнхээ хурлыг хийж Э.Дгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор зээлийн эргэн төлөлтөөс хасах нөхцөлтэйгөөр 494.000 төгрөгийн үнэ бүхий хэвлэлийн бүтээгдэхүүн хийлгэснийг зээлийн хүүний төлөлтөөс хасч тооцсон болно.
Э.Дг ирж уулзан зээлийн гэрээний хугацааг сунгуулж арга хэмжээ авахыг удаа дараа шаардаж хүлээсэн боловч ирж уулзаагүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс санаатай зайлсхийж байна.
Зээлийг өдөр, өдөрт нь төлөөд явбал өөрт нь хүндрэл учрахгүй байх гэж төлөхийг шаарддаг байсан бөгөөд тэрээр өдрөөр битгий хэл, сараар ч төлбөрөө төлөлгүй өдий хүрсэн. Зээлийн эргэн төлөлтийн талаарх график байгуулсан боловч түүнийг шүүхэд нотлох баримтаар өгөөгүй.
Э.Д нь гэрээний хугацаа дуусахад зээлээс эргэн төлөлт хийгээгүй, 2018.05.29-ний өдөр хүртэл түүнтэй уулзаж, зээлээ төлөхийг шаардаж байсан.
2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Эрдэнэбаатар овогтой Дгийн үндсэн зээлийн үлдэгдэл 3.000.000 төгрөг, зээлийн хүү 297 хоногийн 2.376.000 /3.000.000*8%/30 хоног*297/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 376.000 /1.882.000*20%/ төгрөг, нийт 5.752.400 төгрөгийн төлбөртэй болсон.
2018 оны 1 сард гишүүдийн хурлаас Э.Дгийн хэвлэмэл бүтээгдэхүүн хийж өгсөн 494.000 төгрөгийг хүүнээс хассан.
Иймд Э.Дгаас үндсэн зээл 3.000.000 төгрөг, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1, 2.6-д зааснаар гэрээний хугацааны хүү 488.000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 1.394.000 төгрөг буюу хүүд 1.882.000 төгрөг, гэрээний 2.3-д зааснаар нэмэгдүүлсэн хүү 376.400 төгрөг, нийт 5.258.400 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус хоршооноос 3.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн, үүнтэй маргах зүйлгүй. Нэхэмжлэгч нь үндсэн хүү дээр нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцож авах гээд байгааг хүү өндөр гэж үзэж байна. Эднийх өдөр, өдөрт нь зээлээ төл гэдэг шаардлагыг тавьж байсан. 3.000.000 төгрөг зээлдүүлсэн мөртлөө ашиглаж дуусаагүй байхад өдөр бүр 60.000 гаруй төгрөг төлөх шаардлагыг тавьж байсан. Зээлийн төлбөрийг сараар төлөхөөр гэрээгээ байгуулсан. Үүнийхээ дагуу сар, сард нь төлж байсан бол төлбөрөө төлчих байсан юм. Гэтэл өдөр бүр төлбөр төл гэдэг шаардлагыг тавьж байсан.
Гэхдээ зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өдөр, өдрөөр нь гаргачихсан байсныг шүүхэд өгөөгүй.
Тухайн үед надад өдөр бүр мөнгө төлөх боломж байгаагүй учраас өдийг хүртэл зээлийг төлөөгүй. Хэвлэлийн баримтуудыг хэвлэж өгье гэж гуйж 494.000 төгрөгийн ажил хийсэн, үүнийг хүүнээс хассан гэж байна. Хадгаламж зээлийн хоршоотой холбоотой хуулийг судлах гэж бодсон боловч ар гэрийн гачигдал, өөрийн биеийн эрүүл мэндийн байдлаас болоод боломж гарсангүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүүгээс хүү бодсон гэж үзэж байгаа учир үндсэн зээл 3.000.000 төгрөг, хүү болон нэмэгдүүлсэн хүү 1.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ““БИ”” Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Э.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.258.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
““БИ”” ХЗХ болон Э.Д нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй, 60 хоногийн хугацаатай, хэвлэх үйлдвэрийн эргэлтийн хөрөнгө зориулалттай зээлдүүлэх №ЗГ1210100128 тоот “Шуурхай зээлийн гэрээ” байгуулагдсан байна.
/хх-ийн 3-4 дүгээр тал/
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1-т:“Зээлдэгч зээлийг энэхүү гэрээний 1.3-т заасан зориулалтын дагуу ашиглахын зэрэгцээ зээлийн үндсэн төлбөр, хүүг энэхүү гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу өдөр бүр саадгүй төлөх үүрэгтэй”, 2.6-т:“Зээлдэгч нь үндсэн зээл, хүүгийн төлбөрийг гэрээний хугацаанд төлж барагдуулаагүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 451, 452, 453 дугаарт заасантай нийцэж байх тул зээлдүүлэгч нь зээлийн эргэн төлөлт буюу үндсэн зээл, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч ““БИ”” ХЗХ нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3.000.000 төгрөг, гэрээний хугацааны хүүд 488.000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүд 1.394.000 төгрөг буюу хүүд 1.882.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 376.400 төгрөг, нийт 5.258.400 төгрөгийг хариуцагч Э.Дгаас шаарджээ.
Хариуцагч Э.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 3.000.000 төгрөг, хүү 1.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргаж байна.
Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Э.Д нь 494.000 төгрөгийн үнэ бүхий хэвлэлийн бүтээгдэхүүн хийснийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэгч нь зээлийн хүүгээс хасч тооцсон гэж тайлбарласан ба тэрээр гэрээний үүрэгт үүнээс өөр төлөлт хийгээгүй байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т :”Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заажээ.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хариуцагч Э.Дгийн 494.000 төгрөгийн үнэ бүхий хэвлэмэл бүтээгдэхүүний үнийг хүүгээс хасч тооцсон үндэслэлгүй, уг 494.000 төгрөгийг үндсэн зээл 3.000.000 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.
Иймд Э.Дгаас үндсэн зээлийн үлдэгдэл 2.506.000 төгрөг, гэрээний хугацааны хүү 480.000 төгрөг, нэхэмжлэгчийн хэтэрсэн хугацааны хүүд нэхэмжилсэн 1.394.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96.000 төгрөг, нийт 4.476.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ““БИ”” Хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 782.400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ““БИ”” Хадгаламж зээлийн хоршоо нь хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдсан, Санхүүгийн зохицуулах хорооны “Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх” 4/410 дугаар бүхий Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ бүхий хуулийн этгээд болохыг дурдах нь зүйтэй.
/хх-ийн 6 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч Э.Дгаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2.506.000 төгрөг, хүүд 1.874.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96.000 төгрөг, нийт 4.476.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ““БИ”” Хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 782.400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Э.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид 86.566 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ““БИ”” ХЗХ-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.085 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2018/11119 тоот “Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ