| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2018/00414/И |
| Дугаар | 101/ШШ2018/02510 |
| Огноо | 2018-07-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2018/02510
2018 оны 07 сарын 27 өдөр Дугаар 101/ШШ2018/02510 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 20/5 дугаар байр, 3 тоот хаягт байрлах “М” ХЗХ /РД:2391961/, *******ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Нисора цамхаг 6/1-35 тоот хаягт оршин суух Цэрэннадмид овогт Батчулууны А /*******-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 148.698.333 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” Хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус хоршооны гишүүн Батчулууны А нь хоршоотой зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, *******,******* хаягт байрлах хувийн орон сууцыг барьцаалан 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 50.000.000 төгрөгийн 12 сарын хугацаатай зээлийг 3.5 %-ийн хүүтэй авсан болно.
Энэ хугацаанд үндсэн зээлээс төлөөгүй, 5.170.000 төгрөг төлснийг хүүнээс хассан. Б.Аг зээл хүүгээ төлж дуусгахыг байнга шаардахад хугацаа өгөөч, төлж дуусгана гэсэн тайлбар тавьж хүсэлт гаргасаар хугацаа алдсан. Үүнээс үзэхэд бид түүнийг зээлээ төлөхийг шаардсан, тэр тухай бүрт хугацаа өгөх талаарх хүсэлт гаргаж байсан учир гэрээг цуцлаагүй.
Б.А нь 2014.02.24-ний өдөр 291.666 төгрөг, 2014.03.31-ний өдөр 1.808.333 төгрөг, 2014.04.30-ны өдөр 1.750.000 төгрөг, 2015.12.25-ны өдөр 200.000 төгрөг, 2016.11.30-ны өдөр 20.000 төгрөг, 2015.11.05-ны өдөр 100.000 төгрөг, 2016.06.14-ний өдөр 500.000 төгрөг, 2017.10.12-ны өдөр 500.000 төгрөг, нийт 5.170.000 төгрөг төлсөн.
Б.Агээс 2018.01.15-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 50.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хэтэрсэн хугацааны хүү 81.596.666,67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.474.333,33 төгрөг, нийт 147.071.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд 2018.04.03-ны өдөр дараах байдлаар нэмэгдүүлсэн.
Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 50.000.000 төгрөг, 2014.02.28-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртлэх хугацааны хэтэрсэн хугацааны хүү 82.330.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.368.333 төгрөг, нийт 148.698.333 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна.
Зээлийн гэрээний 2.3-д зээлдэгч нь зээл болон зээлийн хүүг гэрээний 1.3 болон хавсралтад заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн нийт үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүгийн нийлбэрийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг гэрээний 1.3 болон хавсралтад заасан зээл, хүүгийн хамт давхар тооцож төлнө гэж заасан.
Хариуцагч Б.А зээлийн гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалсан Д.Одсүрэн, О.Баттулга нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 131/3 байрны 71 тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч “М” Хадгаламж зээлийн хоршооноос Б.А нь 50,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан авсан.
Б.А нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 50.000.000 төгрөгөөс хүүд тооцож хасч байгаа 5.170.000 төгрөгийг хасаад үлдэх 44.830.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.
Зээлийн гэрээ байгуулагдсан хугацаанаас хойш Б.А нь 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг төлсөн.
Ингээд хамгийн сүүлчийн төлбөр төлсөн үеэс хойш төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдал үүсч, энэ талаар нэхэмжлэгч “М” Хадгаламж зээлийн хоршоонд гэрээг цуцлах саналаа 2014.04.30-ны өдөр гаргасан.
Гэтэл “М” ХЗХ нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.4, 3.5-д тус тус заасан үүргээ биелүүлэхээс татгалзаж, санаатайгаар хүү, нэмэгдүүлсэн хүүгээ өсгөх зорилготой зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсныг мэдсээр байж гэрээг цуцлах үүргээ хэрэгжүүлээгүй. Түүнээс гадна нэмэгдүүлсэн хүү төлөх талаар гэрээнд тохирсон нь хуульд заасантай нийцээгүй гэж үзэж байна.
Б.Агийн зүгээс зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч нэхэмжлэгч тал хүлээн авч хууль тогтоомж болон гэрээний хүрээнд зээлийг дуусгавар болгох, цуцлах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй явсаар 2018 оны 01 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг зөвшөөрөхгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 50.000.000 төгрөгөөс төлсөн 5.170.000 төгрөгийг хасч үлдэх 44.830.000 төгрөгийг зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх хэсгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Б.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 50.000.000 төгрөг, хүү 81.596.666.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.474.333.33 төгрөг, нийт 147.071.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 50.000.000 төгрөг, зээлийн хүүд 82.330.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 16.368.333 төгрөг, нийт 148.698.333 төгрөг болгон нэмэгдүүлж, хариуцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжсэн болно.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
“М” Хадгаламж зээлийн хоршоо, Б.А нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 50.000.000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, бизнесийн зээл буюу эргэлтийн хөрөнгө зориулалттай, №25/2014 тоот зээлийн гэрээ байгуулагдсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн тооцоо, эргэн төлөлтийн хуваарь, төлөлтийн талаарх баримт зэргээр тогтоогдож байна.
/хх-ийн 7,13-14,57-62,75-76 дугаар тал/
Уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож Д.Одсүрэн, О.Баттулга нарын хамтран өмчлөх Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201017102 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 131/3 дугаар байр, 71 тоот хаягт байршилтай, 89.33 м.кв талбайтай орон сууц барьцаалж, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр №25/2014 тоот барьцааны гэрээ байгуулжээ.
/хх-ийн 8-9, 122 дугаар тал/
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т:“Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасны дагуу талууд 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, ийнхүү бүртгүүлснээр барьцааны гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч “М” Хадгаламж зээлийн хоршоо нь 25/2014 тоот зээлийн гэрээний дагуу 50.000.000 төгрөгийг хариуцагч Б.Агийн өмчлөлд шилжүүлсэн,
Хариуцагч Б.А нь зээлийн гэрээний үүрэгт 2014.02.24-ний өдөр 291.666 төгрөг, 2014.03.31-ний өдөр 1.808.333 төгрөг, 2014.04.30-ны өдөр 1.750.000 төгрөг, 2015.12.25-ны өдөр 200.000 төгрөг, 2016.11.30-ны өдөр 20.000 төгрөг, 2015.11.05-ны өдөр 100.000 төгрөг, 2016.06.14-ний өдөр 500.000 төгрөг, 2017.10.12-ны өдөр 500.000 төгрөг, нийт 5.170.000 төгрөгийг зээлдүүлэгчид эргүүлэн төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй болно.
/хх-ийн 57-62 дугаар тал/
Талууд дээрх үйл баримтын талаар маргахгүй байгаа боловч хариуцагч Б.А нь нэхэмжлэгч “М” Хадгаламж зээлийн хоршооны дүрмийг гаргаж өгөөгүйгээс уг хоршооны үйл ажиллагааны төрөл тодорхойгүй тул зээлийн гэрээгээр хүү, нэмэгдүүлсэн хүү тохиролцсон нь үндэслэлгүй тул зээлийн гэрээний үүрэгт төлсөн 5.170.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцуулан, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 44.830.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
“М” Хадгаламж зээлийн хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээнд үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг “Хадгаламж зээлийн үйл ажиллагаа” гэсэн байх бөгөөд Санхүүгийн Зохицуулах хорооны 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаар тогтоолоор тус хоршоонд “хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2006.07.01-ний өдрөөс эхлэн олгосон байх бөгөөд уг хугацааг 2012.06.20-ны өдрийн 183 дугаар тогтоолоор 2012.06.30-ны өдрөөс 3 жил, 2015.11.23-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор 2015.06.30-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар тус тус сунгасан байна.
/хх-ийн 4-6 дугаар тал/
Дээрх баримтуудаар зохигчийн хооронд 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр №25/2014 тоот зээлийн гэрээ болон №25/2014 тоот барьцааны гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч нь Хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.3, 3.7-т тус тус заасан хадгаламж, зээлийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулж байсан нь тогтоогдож байна гэж үзэх үндэстэй.
Хариуцагч Б.А нь тус хоршооны гишүүн болох нь түүний гишүүний 6441 тоот дугаар бүхий бизнесийн зээл хүссэн өргөдлөөр тогтоогдож байх ба үүнийг үгүйсгэх баримтыг хариуцагчаас ирүүлээгүй болно.
Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 2.3-д зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрийг үндсэн хүүгийн хамт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, зээл болон зээлийн хүүг гэрээний 1.3 болон хавсралтанд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн нийт үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү /үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүгийн нийлбэрийн 20 хувьтай тэнцэх/ энэ гэрээний 1.3 болон хавсралтад заасан үндсэн хүүгийн хамт давхар тооцож төлөхөөр тохиролцжээ.
/хх-ийн 7 дугаар тал/
Үүнээс үзэхэд “М” Хадгаламж зээлийн хоршоо болон Б.А нарын хооронд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.2-д заасан нэмэгдүүлсэн хүү төлөх талаар шаардлага хангасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээргүй байх тул зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүү шаардсан зээлдэгчийн шаардлага үндэслэлгүй байна.
Харин зээлийн үнэ буюу гэрээний хугацааны хүү, зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хариуцлага болгож зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүү болох хэтэрсэн хугацааны хүүг зээлдэгчээс шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцсэн гэж үзнэ.
Түүнээс гадна хариуцагч Б.А нь удаа дараа зээлээ төлөх хүсэлтийг нэхэмжлэгчид хүргүүлж байсан зэргээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4, 3.5-д зааснаар нэхэмжлэгч хугацаанаас өмнө цуцлах үүргээ хэрэгжүүлээгүй гэх боломжгүй юм.
Хариуцагч Б.А нь зээлийн хүү болон хэтэрсэн хугацааны хүүг зөвшөөрөхгүй гэх татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т: “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч Б.Агээс зээлийн гэрээний хугацаанд 2014.02.24-ний өдөр төлсөн 291.666 төгрөг, 2014.03.31-ний өдөр төлсөн 1.808.333 төгрөг, 2014.04.30-ны өдөр төлсөн 1.750.000 төгрөг, нийт 3.849.999 төгрөгийг гэрээний хугацааны хүү 21.000.000 төгрөгөөс, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2015.12.25-ны өдөр төлсөн 200.000 төгрөг, 2016.11.30-ны өдөр төлсөн 20.000 төгрөг, 2015.11.05-ны өдөр төлсөн 100.000 төгрөг, 2016.06.14-ний өдөр төлсөн 500.000 төгрөг, 2017.10.12-ны өдөр төлсөн 500.000 төгрөг, нийт 1.320.000 төгрөгийг үндсэн зээл 50.000.000 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.
Иймд хариуцагч Б.Агээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 48.680.000 төгрөг, гэрээний хугацааны хүүгийн үлдэгдэл 17.150.000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 64.630.434 төгрөг, нийт 130.460.434 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М“ Хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18.237.899 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох Д.Одсүрэн, О.Баттулга нарын хамтран өмчлөх Эрхийн улсын бүртгэлийн Y-2201017102 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 131/3 дугаар байр, 71 тоот хаягт байршилтай, 89.33 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч Б.А нь зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2018/06209 тоот захирамжаар хариуцагчийн хүсэлтээр барьцааны зүйлийн өмчлөгч болох Д.Одсүрэн, О.Баттулга нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж, тэднийг шүүхэд албадан ирүүлэх ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгасан боловч дурдсан хаяг Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороонд байхгүй талаарх баримт ирүүлсэн тул дээрх захирамжинд өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
/хх-ийн 78-94 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Агээс үндсэн зээлийн үлдэгдэлд 48.680.000 төгрөг, хүүд 81.780.434 төгрөг, нийт 130.460.434 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М“ Хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18.237.899 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.А нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Д.Одсүрэн, О.Баттулга нарын хамтран өмчлөх Эрхийн улсын бүртгэлийн Y-2201017102 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 131/3 дугаар байр, 71 тоот хаягт байршилтай, 89.33 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б.Агээс улсын тэмдэгтийн хураамжид 880.452 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” Хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 934.292 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ