| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2018/03305/И |
| Дугаар | 101/ШШ2018/02531 |
| Огноо | 2018-07-31 |
| Маргааны төрөл | Эд хөрөнг үнэ төлбөргүй ашиглах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2018/02531
2018 оны 07 сарын 31 өдөр Дугаар 101/ШШ2018/02531 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:*******,*******, “Цагаан Хуаран” хотхон 88Б байр, 1 дүгээр орц 0 тоот хаягт байрлах, “НХ” СӨХ /Г*******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ба*******,*******,*******,*******,*******,*******, “Цагаан Хуаран” хотхон 88А байр 43 тоот хаягт оршин суух, Хоньчид овогт Жамсрангийн Ц /РД:ЧК78091803/-д холбогдох,
Сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 402.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагч Ж.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “НХ” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“НХ” СӨХ нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэрчилгээ авсан бөгөөд “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”-ийн 05 дугаар зүйлийн 5.5-д заасны дагуу СӨХ-ийн төлбөрийг хураан авч банкин дахь харилцах дансанд төвлөрүүлж байхаар харилцан тохиролцсон байдаг.
Гэвч оршин суугч иргэн Ж.Ц нь 2017 оны 02 дугаар сараас 2018 оны 05 дугаар сарын төлбөр буюу нийт 16 сарын төлбөр болох 402.400 төгрөгийг төлөөгүй байна.
Бүх гишүүд 2015.12.19-ний өдөр*******ны Засаг даргыг байлцуулан хуралдаж, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хог 3000 төгрөг, цэвэрлэгээ 5000 төгрөг, харуул хамгаалалт 5000 төгрөг, лифт 6000 төгрөг, засвар үйлчилгээ 3000 төгрөг, удирдлага, аж ахуйн зардал 6000 төгрөг, нийт 28.000 төгрөг байхаар тогтоосон. Уг хурлаас удирдах зөвлөлийн гишүүнийг 7, хяналтын зөвлөлийг 3 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтоосон.
Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн 2016.04.13-ны өдрийн тогтоолоор бүх гишүүдийн 2015.12.19-ний өдрийн хурлаар баталсан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг 28.000 төгрөг байсныг бууруулж, 1-3 давхрын айлыг 19.150 төгрөг, 4-12 давхрын айлыг 25.150 төгрөг байхаар тогтоосон.
Тус орон сууцыг барьсан барилгын компани болох “Цагаан хуаран Консалтинг” ХХК-д барилгын фасад унасан асуудлаар хандсан, тэд барилгын тухай хуульд зааснаар 3 жилийн хугацаанд хариуцах ёстой. Энэ нь СӨХ-нд хамааралгүй гэмтэл байсан. Түүнээс гадна Удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирал н.Анхбаярт МХЕГ-ыг дуудан ирүүлж, “Цагаан хуаран Консалтинг” ХХК-ийн барьсан барилгын гараашид ус алдсан, гадна фасад хуурсан асуудлаар дүгнэлт гаргуулах талаар үүрэг өгч, шаардлага хүргүүлсэн. Мөн тус компанийн дутуу гүйцэтгэсэнтэй ажилтай нь холбогдуулан нилээн ажлыг нөхөн хийлгэсэн.
Иймд тус байранд оршин суудаг тул Ж.Цэцэгдариас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардал болох 402.400 төгрөгийг “Иргэний хууль”-ийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Ж.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Ж.Ц миний бие 2015 оны 09 дүгээр сард “Цагаан Хуаран Консалтинг” ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийсний дагуу тус хотхоны 88А байрны 1 дүгээр орц 43 тоот байранд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нүүж орсон.
Нүүж орсон цагаас эхлэн цаг тухайд нь орон сууцны болон цэвэрлэгээ үйлчилгээнийхээ төлбөрийг төлж байсан. Тухайн үед уг орон сууц ашиглалтанд ороод жил ч болоогүй байсан бөгөөд удаа даараа оршин суугчдын хурал хийж Сууц өмчлөгчдийн холбоо байгуулахыг оролдож байсан.
Тухайн үед оршин суугчид Сууц өмчлөгчдийн холбоог байгуулахыг дэмжээгүй, хурлын ирц ч хангалтгүй байдаг байсан. Тухайн цагт зарласан оршин суугчдын хуралд иргэн хүний болон тухайн хотхонд оршин сууж байгаагийн хувьд тогтмол оролцож байсан. Гэтэл ямар ч оршин суугчдын зөвшөөрөлгүй “НХ” гэх Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан байсан. Гэсэн ч 2017 оны 01 дүгээр сар хүртэл “НХ” СӨХ-ны засвар үйлчилгээ, эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт гэх зүйлүүдэд тогтоосон үнэ тарифыг тухай бүрт төлж байсан. Манай хотхон 88А, 88Б, 88В гэсэн 3 байр бий. Нийт 6 орцтой ба нэг орцондоо 74 айлтай. СӨХ-ны сарын төлбөр 25.000 төгрөг байдаг. Жилийн эцэст тайлангийн хурал гэж хийх боловч зардлууд тодорхой бус, хийсэн бүтээсэн зүйл бага байдаг.
“НХ” гэх энэ СӨХ-ны үйл ажиллагаа болон үзүүлж буй үйлчилгээнд сэтгэл ханамжгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас 2017 оны 02 дугаар сараас эхлэн төлбөрөө төлөөгүй нь үнэн. Ямар учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэвэл:
1. Доод давхруудад ихэвчлэн цэвэрлэгээ хийгддэг. Доод давхруудын хогийг л авч явахаас чийгтэй цэвэрлэгээ барагтай бол хийгддэггүй. Энэ тухай хурал болгон дээр хэлдэг.
2. Харуул хамгаалалт муу. Гаднаа харуул хамгаалалтын албатай гэрээт харуулууд ажиллах боловч хамгаалалтын хүмүүс нь саравчинд хөзөр тоглон архи ууж суудаг. Өвөлдөө хамгаалалтын байрнаасаа огт гардаггүй. Тиймээс Нарантуул захын архичид орцонд ихээр цуглаж бие засах тохиолдол их гардаг.
3. Гэрт маань хоёр ч удаа хулгай орохыг завдсан. Хаалганы цоож бариулыг хөшиж гөжөөд орхисон байсан. Тухайн хотхоны олон айлын хаалга гөжигдсөн байсан. Энэ тухай хурал дээр бас л яригдаж харуул хамгаалалтаа сайжруулахыг шаардсан. Одоо хир нь сайжраагүй.
4. “Цагаан Хуаран” хотхоны гадна пасад 2017 оны хавар салхинд их хэмжээгээр хуурч унасан. Оршин суугчид гомдол гаргасаны хүчээр тухайн хотхоныг барьсан “Цагаан Хуаран Консалтинг” ХХК дахин засварласан. Тухайн үед хүүхэд салхилуулах, тоглох талбайг бүтэн 1 сар хагас хааж байж хийсэн гадна пасад 2018 оны 3 дугаар сар гэхэд дахин томоор хуурч унасан.
5. Тус хотхоны доор байх авто машины гараашид байгаа цэвэр бохир, мөн халуун усны шугам хоолойноос байнга ус алдаж гоожиж байдаг. Гараашид байх энэ шугам хоолойнууд оршин суугчдын дундын өмч бөгөөд хариуцаж байгаа СӨХ дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ хийдэггүй. Сүүлийн 2 сар гаруй хугацаанд ус алдаж байна.
Энэ мэтчилэн төлбөр авахаа л мэддэг, хийсэн бүтээсэн хүний нүдэнд харагдах ажил байхгүй, шаардлага тавиад хүлээж авдаггүй хууль бус “НХ” гэх СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гэж үзсэн юм. Хэзээ яаж байгуулагдсан нь тодорхойгүй хэн гэдэг, ямар боловсролтой, ямар ажил эрхэлдэг хүн энэ “НХ” СӨХ-ны дарга хийдэг, нягтлан нь бас ямар хүн байдаг ашиг сонирхлын зөрчилтэй эсэх гээд мэдэхгүй зүйл их байна. “Цагаан Хуаран” 88 дугаар байр гэсэн оршин суугчдын цахим групп байдаг. Энэ групп дээр оршин суугчид энэ “НХ” СӨХ-ны талаар тэдэнд хандсан постуудыг байнга оруулдаг.
Иргэн Ж.Ц миний бие өөрийн оршин суугаа Баянзүрх дүүргийн******* 88 дугаар байр 43 тоот гэрийнхээ хаалганы бариул гөжигдсөн байгаа байдлын зураг, засвар хийсэн гадна пасадны ховхорсон байдал, мөн оршин суугчдын дундын өмч болох цэвэр бохир, халуун дулааны шугам хоолойноос ус алдаж байгаа зургуудыг хавсаргаж байна. Мөн тус хотхоны оршин суугчдын цахим групп дээр бичигдсэн “НХ” СӨХ-нд хандсан оршин суугчдын сэтгэгдэл шаардлагаас хавсаргав.
СӨХ-ийн зардлуудаас харуул, хамгаалалт, удирдлага аж ахуйн зардлуудыг зөвшөөрөхгүй байна.
Иймд “НХ” СӨХ-өөс дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардалд нэхэмжилж байгаа 402.400 төгрөгөөс хог, лифтний мөнгө 144.000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 258.400 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “НХ” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ж.Цд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар,үйлчилгээтэй холбоотой зардалд /2017 оны 02 дугаар сараас 2018 оны 05 дугаар сарын/ 402.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “НХ” Сууц өмчлөгчдийн холбоог 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, 232 тоот гэрчилгээ олгожээ.
Сууц өмчлөгчдийн холбооны №232 тоот гэрчилгээнд Баянзүрх дүүргийн*******,*******лол дахь нутаг дэвсгэрийн 88А, 88Б, 88В дүгээр байрны оршин суугчдын хурлын тогтоол, өргөдөл, материалыг хянан үзсэний үндсэн дээр тус дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн нь тусгагдсан байгаагаас үзэхэд дээрх орон сууцны барилгын сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулсан гэж үзнэ.
/хх-ийн 4 дүгээр тал/
Эрхийн улсын бүртгэлийн Y-2204081690 дугаарт бүртгэгдсэн*******,*******,*******лол,,,.кв талбай бүхий, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Хоньчид овгийн Жамсран Ц /ЧК78091803/, Б болох нь 000593623 тоот улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
“Капитал банк” ХХК болон Д.Хүрэлбаатар, Ц.Ц нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан №ЗГ-77 тоот “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтаар тогтоогдож байна.
/хх-ийн 32-39 дүгээр тал/
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3, Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 13.2.3-т тус тус зааснаас үзэхэд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд орон сууцны өмчлөгч нь тогтоосон хэмжээгээр оролцох, бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болохыг тодорхойлжээ.
Нэхэмжлэгч “НХ” Сууц өмчлөгчдийн холбоо нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 88 А, 88Б, 88В байрны сууц өмчлөгч нарын бүх гишүүдийн хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар байгуулагдсан байх бөгөөд уг хурлаар Сууц өмчлөгчдийн холбооны дүрмийг баталж, Удирдах зөвлөлийг 7, хяналтын зөвлөлийг 3 гишүүнтэй байхаар тогтоож, уг зөвлөлийн гишүүнээр нэр бүхий иргэдийг сонгож, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг нэг сууц өмчлөгч өрхийн оролцох хэмжээг 28.000 төгрөг байхаар шийдвэрлэсэн нь Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5-13 дугаар зүйлд заасантай нийцжээ.
/хх-ийн 7-9 дүгээр тал/
Сууц өмчлөгчдийн холбооны 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Удирдах зөвлөлийн гишүүдийн тогтоолоор “НХ” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар П.Анхбаярыг томилж, 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн баталсан сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардал болох 28.000 төгрөгийг бууруулж, 1-3 давхрын айлуудыг 19.150 төгрөг, 4-12 давхрын айлуудыг 25.150 төгрөг байхаар тус тус тогтоосон байна.
/хх-ийн 12 дугаар тал/
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д:” Бүх гишүүдийн 50 иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно”,
9.5-д :”Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тус байрны оршин суугч бүх гишүүдийн болон тус Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хүчин төгөлдөр хурлын шийдвэрийн үндсэн дээр дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг шийдвэрлэсэн нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч Ж.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаас хог, лифтний зардалд 144.000 төгрөгийг зөвшөөрч, автомашины гараашид ус алдсан, барилгын гадна фасад хуурч унасан, харуул хамгаалалт, цэвэрлэгээ хангалтгүй, Сууц өмчлөгчдийн холбооноос хийж гүйцэтгэсэн ажил, зардлын зарцуулалт тодорхой бус учир 258.400 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ж.Ц нь 2017 оны 02 дугаар сараас 2018 оны 05 дугаар сарын дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардал болох 402.400 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.
/хх-ийн 5 дугаар тал/
Хариуцагч Ж.Ц нь нэхэмжлэгч “НХ” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлага болох дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардалд нэхэмжилсэн 402.400 төгрөгөөс 258.400 төгрөгийг зөвшөөрөхгүй гэх татгалзлынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.
Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагч Ж.Ц нь*******,*******,*******лол, 88 а байр, 43 тоот орон сууц өмчлөгчийн хувьд дээрх байрны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх талаарх хуулиар ногдуулсан үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.
Иймд хариуцагч Ж.Цэцэгдариас дундын өмчлөлийн зүйлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар,үйлчилгээтэй холбоотой зардалд /2017 оны 02 дугаар сараас 2018 оны 05 дугаар сарын/ 402.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “НХ” Сууц Өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч Ж.Цэцэгдариас дундын өмчлөлийн зүйлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардалд 402.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “НХ” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ж.Цэцэгдариас улсын тэмдэгтийн хураамжид 12.722 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “НХ” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ