Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1260

 

 

 

 

 

 

 

 

 

   2022         08         24                                  2022/ШЦТ/1260

                                     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч Д.Б, Б.Т нар,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан эрүүгийн 2206 03343 2477 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.Б, 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт ************** тоотод оршин суух хаягтай, урьд 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн шүүхийн 377 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, /РД:**********/,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Т, 1984 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ********тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй /РД:**********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б. Б.Т нь 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой болон нүүр хэсэгт мөргөж, цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Д.Б нь 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Ттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой болон нүүр хэсэгт мөргөж, цохиж, эрүүл мэндэд нь баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун чамархайд сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Шүүгдэгч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дахь тал/,

- Хохирогч Б.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хамт ажилладаг Энхжаргалын хамтаар албаны 7902 УАС улсын дугаартай автомашинтай, уг машиныг Энхжаргал ах бариад би хажуу талд нь сууж явсан. Тухайн үед бид 2 ажлын хашаагаараа орох гэхэд хашааны хаалга хаагаад нэг суудлын хар жижиг автомашин байхад нь Энхжаргал ах тэр машины жолоочид хандан “та машинаа холдуулаад өгөөч, би ажил руугаа орох гэсэн юм” гэхэд тэр залуу машинаасаа бууж ирээд албаны машины урд талын гупер хэсэгт 1 удаа өшиглөхөд нь би тэр залууд хандан “чи хөгшин настай хүнийг яагаад дээрэлхээд байгаа юм, машинаа холдуулаад өгөөч, хашаа руугаа орох гээд байна” гэхэд “чи миний дошин дээр намайг холдуулдаг хэн бэ” гээд намайг шууд барьж аваад толгойгоороо миний хамар хэсэгт 3-4 удаа мөргөхөд нь миний хамраас цус гарсан... Тэгээд тэр залуу машинаасаа бахь аваад миний толгойд нэг удаа, хүзүүнд нэг удаа цохисон... Би тухайн үед эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дэх тал/,

- Гэрч Г.Оюунтунгалагийн: “... Ботаникийн ойролцоо нөхөр Д.Бын хамтаар замын хөдөлгөөнд оролцоод явж байхад цагаан өнгийн портер 79-02 УАС улсын дугаартай согтуу жолооч нөхөр бид хоёрыг хэл амаар доромжилж, хашаандаа ормоор байна, зайлаач гичий минь гэх мэтээр хэл амаар доромжилж, машин мөргөх шахан хажууд зогссон. Тэгээд манай нөхөр машинаас буугаад “та яагаад эмэгтэй хүн доромжлоод байгаа юм бэ” гээд явж очиж хэлэхэд, “чамд ямар хамаатай юм бэ, чи зайл” гэж хэлсэн. Тэр үед хажууд нь сууж байсан Б.Т гэх залуу машинаас бууж ирээд манай нөхрийг заамдаж, чи зайл гэж толгойгоор нь хашаа мөргүүлээд манай нөхөр эсэргүүцээд нөгөө залуутай барьцалдаж байгаад нэг харсан чинь манай нөхрийн хамар, амнаас цус гарсан, хацар, шанаа хэсгээс цус гарсан байдалтай зогсож байсан. Би тухайн үед жирэмсэн байсан, тэгээд цагдаа дуудсан чинь тэр залуу зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дэх тал/,

- Гэрч Б.Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр би харуулын ажлаа хийж байхад манай ажилтан Энхжаргал, Б.Т хоёр албаны машинтай хашаа руу орох үед нь би хаалгаа онгойлгож өгөх үед хаалгыг хааж нэг хар өнгийн автомашинтай 30 орчим насны бор залуу байхад нь манай ажилтан Энхжаргал тэр залууд хандан “та хашааны хаалга хааж зогссон байна, би ажил руугаа орж ачаагаа буулгах гэж байна” гэхэд тэр залуу машинаасаа бууж ирээд манай албаны машин руу өшиглөсөн байсан. Тэгээд манай ажилтан Б.Т бууж ирээд “чи яагаад машин өшиглөж байгаа юм, хашаа руугаа орох гэж байхад зам хааж зогсчхоод чи” гэхэд тэр бор залуу “чи миний дошин дээр намайг холдуулдаг хэн бэ” гээд манай ажилтан Б.Тыг барьж байсан бахиараа нэг удаа толгойд нь цохисон, толгойгоороо нүүр хэсэгт нь мөргөж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дахь тал/,

- Гэрч Б.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....гадуур ажлаа хийж Б.Ттай явж байгаад ажлын гадаа ирээд машинаа хашаанд оруулж ачаагаа буулгах гээд орох гэхэд хашааны үүдэнд хаалгаа хаагаад жижиг бор хүрэн суудлын машин байхаар нь би дуут дохио өгөөд жолоочийг машинаа холдуул, ажил руугаа орох гэсэн юм гэхэд 40 гаран насны залуу машинаасаа бууж ирээд миний унаж явсан машины урд гуперийг өшиглөөд шил рүү цохиод, миний дошин дээр та нар том дуугардаг хэн бэ, хөгшин төгцөг гэж намайг хэл амаар доромжлоход нь би өөдөөс нь жаахан маргалдсан. Тэр үед би машинаасаа буугаагүй, миний хажууд явсан ажлын залуу машинаас бууж очоод “чи яагаад настай хүнийг хэл амаар доромжлоод дээрэлхээд байгаа юм бэ, бид 2 ажлаа хийж байна, чи машинаа холдуулаад өгөөч” гээд Б.Т тэр залуугийн машины цаагуур ороод маргалдаад байх шиг байсан, тэгээд удалгүй цаанаас Б.Тын хамраас цус гарсан байдалтай гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дэх тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10227 дугаартай: “...Дүгнэлт:

1. Б.Тын биед баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун чамархайд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 2-3 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дахь тал/,

- Шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 66 дахь тал/ зэргээр тогтоогдсон гэж,

Мөн шүүгдэгч Б.Т нь хохирогч Д.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Шүүгдэгч Б.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дахь тал/,

- Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Өнөөдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед би эхнэр Оюунтунгалагийн хамт өөрийн эзэмшлийн 7980 УАА улсын дугаартай Вокси машинтайгаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 байрны орчимд явж байтал эсрэг талын урсгалаас 7902 УАС улсын дугаартай цагаан өнгийн Портер машин гэнэт шахаж орж ирснээ жолооч залуу нь “зайлаач ээ писда минь, хашаа руугаа ормоор байна, гичий минь, янхан минь” гээд орилоод байсан. Тэгээд мөн манай эхнэрийг элдэв янзаар хараасан. Тэгтэл тухайн машины жолоочийн хажууд сууж байсан 1 залуу буугаад ирэхээр нь би мөн машинаасаа бууж очоод бид 2 барилцаж автал тухайн залуу намайг хашаа руу шахахаар нь би тухайн залууг цохих гээд далайтал намайг татаж ирээд нүүр лүү шууд мөргөчихсөн. Тэгээд миний хамраас цус гараад, манай эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... би бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дахь тал/,

- Гэрч Г.Оюунтунгалагийн: “... Ботаникийн ойролцоо нөхөр Д.Бын хамтаар замын хөдөлгөөнд оролцоод явж байхад цагаан өнгийн портер 79-02 УАС улсын дугаартай согтуу жолооч нөхөр бид хоёрыг хэл амаар доромжилж, хашаандаа ормоор байна, зайлаач гичий минь гэх мэтээр хэл амаар доромжилж, машин мөргөх шахан хажууд зогссон. Тэгээд манай нөхөр машинаас буугаад “та яагаад эмэгтэй хүн доромжлоод байгаа юм бэ” гээд явж очиж хэлэхэд, “чамд ямар хамаатай юм бэ, чи зайл” гэж хэлсэн. Тэр үед хажууд нь сууж байсан Б.Т гэх залуу машинаас бууж ирээд манай нөхрийг заамдаж, чи зайл гэж толгойгоор нь хашаа мөргүүлээд манай нөхөр эсэргүүцээд нөгөө залуутай барьцалдаж байгаад нэг харсан чинь манай нөхрийн хамар, амнаас цус гарсан, хацар, шанаа хэсгээс цус гарсан байдалтай зогсож байсан. Би тухайн үед жирэмсэн байсан, тэгээд цагдаа дуудсан чинь тэр залуу зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дэх тал/,

- Гэрч Б.Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр би харуулын ажлаа хийж байхад манай ажилтан Энхжаргал, Б.Т хоёр албаны машинтай хашаа руу орох үед нь би хаалгаа онгойлгож өгөх үед хаалгыг хааж нэг хар өнгийн автомашинтай 30 орчим насны бор залуу байхад нь манай ажилтан Энхжаргал тэр залууд хандан “та хашааны хаалга хааж зогссон байна, би ажил руугаа орж ачаагаа буулгах гэж байна” гэхэд тэр залуу машинаасаа бууж ирээд манай албаны машин руу өшиглөсөн байсан. Тэгээд манай ажилтан Б.Т бууж ирээд “чи яагаад машин өшиглөж байгаа юм, хашаа руугаа орох гэж байхад зам хааж зогсчхоод чи” гэхэд тэр бор залуу “чи миний дошин дээр намайг холдуулдаг хэн бэ” гээд манай ажилтан Б.Тыг барьж байсан бахиараа нэг удаа толгойд нь цохисон, толгойгоороо нүүр хэсэгт нь мөргөж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дахь тал/,

- Гэрч Б.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....гадуур ажлаа хийж Б.Ттай явж байгаад ажлын гадаа ирээд машинаа хашаанд оруулж ачаагаа буулгах гээд орох гэхэд хашааны үүдэнд хаалгаа хаагаад жижиг бор хүрэн суудлын машин байхаар нь би дуут дохио өгөөд жолоочийг машинаа холдуул, ажил руугаа орох гэсэн юм гэхэд 40 гаран насны залуу машинаасаа бууж ирээд миний унаж явсан машины урд гуперийг өшиглөөд шил рүү цохиод, миний дошин дээр та нар том дуугардаг хэн бэ, хөгшин төгцөг гэж намайг хэл амаар доромжлоход нь би өөдөөс нь жаахан маргалдсан. Тэр үед би машинаасаа буугаагүй, миний хажууд явсан ажлын залуу машинаас бууж очоод “чи яагаад настай хүнийг хэл амаар доромжлоод дээрэлхээд байгаа юм бэ, бид 2 ажлаа хийж байна, чи машинаа холдуулаад өгөөч” гээд Б.Т тэр залуугийн машины цаагуур ороод маргалдаад байх шиг байсан, тэгээд удалгүй цаанаас Б.Тын хамраас цус гарсан байдалтай гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 8879 дугаартай: “...Дүгнэлт:

1. Д.Бын биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, 2022.06.19-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 8-9 дэх тал/,

- Шүүгдэгч Б.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дахь тал/ зэргээр тогтоогдсон гэж тус тус шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Б.Т нь 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой болон нүүр хэсэгт мөргөж, цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд,

шүүгдэгч Д.Б нь 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Ттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой болон нүүр хэсэгт мөргөж, цохиж, эрүүл мэндэд нь баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун чамархайд сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч М.Батмөнх нь шүүгдэгч Б.Тын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлд маргаагүй болно.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Т, Д.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал, шүүгдэгч нар харилцан бие биедээ гомдол саналгүйгээ илэрхийлж эвлэрсэн зэргийг харгалзан прокуророос  шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжээр торгох ялын санал гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Т, Д.Б нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Д.Б, Б.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б, Б.Т нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Д.Б, Б.Т нар нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б, Б.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Б, Б.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б, Б.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР