Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 541

 

     Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын Хархираа багт оршин суух, 1995 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар МХ95052205, Шаавай овогт Жалбаагийн Өлзийдэлгэрийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймгийн Тариалан сумын 1 дүгээр багт оршин суух, 1996 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОМ96051310, Хольдог овогт Зодовын Шийрэвт холбогдох,

       Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Өлзийдэлгэр, хариуцагч З.Шийрэв, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бунжаа, гэрч Д.Жалбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Ж.Өлзийдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие З.Шийрэвтэй 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын явцад сарын дараагаас харилцаа муудаж нөхөр маань намайг үг хэлээр доромжилж, цохиж, дарамталж эхэлсэн ба 11 дүгээр сард намайг цохисон. Мөн 1 дүгээр сарын 31-ний өдөр цохиж боож унаган хутга авч дайран алахыг завдсан. 2018 оны 4 дүгээр сард толгой руу цохиж хутгаар “Ална” гэж сүрдүүлсэн. Өдөр болгон үг үйлдлээс өө хайж өөрийнх нь үгээр байхыг шаардаж, аав ээж, ах дүү нараар нь хоч өгч доромжлон, харж хандаж чаддаггүй гуйлгачингаар нь дуудаж “Халхын нутагт өссөн цагаач” гэж доромжилдог. Энэ байдлаас нь болж би сэтгэл санааны хямралд орж даралт ихсэж, багасдаг болж унтаж чадахаа больсон. Үүнээс болж надад хоёр удаа амиа хорлох бодол төрж байсан. Иймд миний нөхцөл байдлыг харгалзан үзэж бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би жирэмсэн 8 сард төрнө, хүүхэд маань З.Шийрэвийнх мөн, бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.

      Хариуцагч З.Шийрэв шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тариалан сумын иргэн миний эхнэр Ж.Өлзийдэлгэр бид хоёр хэн нэгний заавар зөвлөгөө, ятгалгад орж гэр бүл болоогүй, зөвхөн өөрсдийн сайн дурын үндсэн дээр хайр сэтгэлийн үүднээс харилцан тохиролцож 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болж, 2017 оны 10 дугаар сард хуримаа хийж амьдралаа эхэлсэн. Бид 8 сар хамт амьдрах хугацаанд эхнэр маань жирэмсэн болж одоо 8 сартай болж байна. Бидэнд ямар нэгэн дутагдах гачигдах зүйл байхгүй, хоёр талын аав ээжийн өгсөн эд хөрөнгө, мал аж ахуйгаа эдэлж хэрэглэж байна. Ж.Өлзийдэлгэр нь айлын бага хүүхэд бөгөөд эрх дураараа өссөн, амьдралын наад захыг ойлгох чадамж муутай, хүний үгийн зөв бурууг бүрэн ойлгохгүй, ханийхаа болон аав ээжийнхээ хэлсэн үгийг ер ойлгож хүлээн авдаггүй байдлаас болж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Эхнэр нөхрийн хооронд үл ойлголцох зүйл гардаг миний хувьд Ж.Өлзийдэлгэрийн хэл ам, доромжилсон үйлдлээс болж ганц нэг удаа түлхэж зодож цохисноо хожим хүлээж цагдаагийн газарт 21 хоногийн баривчилгаа авч гарах хугацаандаа их зүйл ойлгож, цаашид энэ талын зөрчил гаргахгүй, сайхан амьдрахыг хүсэж байгаа тул гэрлэлтээ цуцлуулахгүй, хань, удахгүй төрөх хүүхдээ бодоод цаашид үргэлжлүүлнэ” гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ж.Өлзийдэлгэр нь хариуцагч З.Шийрэвээс гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Ж.Өлзийдэлгэр, З.Шийрэв нар 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болсныг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

       Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2018 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй байна.

     Харин нэхэмжлэгч жирэмсэн болох нь Ж.Өлзийдэлгэрийн “Би 2018 оны 8 дугаар сард төрнө. Энэ хүүхэд З.Шийрэвийн хүүхэд мөн”, З.Шийрэвийн “Эхнэр маань удахгүй төрөх учраас үр хүүхдээ бодоод эхнэртэйгээ эвлэрмээр байна” гэх тайлбаруудаар тогтоогдож байна.

     Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно” гэж заажээ.  

      Иймд Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг баримтлан хариуцагч З.Шийрэвд холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэгч Ж.Өлзийдэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Өлзийдэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг баримтлан хариуцагч З.Шийрэвт холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэгч Ж.Өлзийдэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Өлзийдэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.БОЛОР