Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
Хэргийн индекс | 162/2022/0023/Э |
Дугаар | 2022/ШЦТ/000 |
Огноо | 2022-02-17 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/000
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Б.Бат-Оргил,
Шүүгдэгч*******,
Нарийн бичгийн дарга Г.Чингүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000000010 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 22 цаг 35 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” нэртэй бааранд үйлчлүүлж байсан иргэн ******* куртикний халаасанд байсан эд хөрөнгө Flip маркийн гар утас 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч******* нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 22 цаг 35 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” нэртэй бааранд үйлчлүүлж байсан иргэн ******* куртикний халаасанд байсан эд хөрөнгө Flip маркийн гар утас 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь ...
Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор сумын 10 дугаар багт байрлах Оргил бааранд таньдаг ахтайгаа 18 цагийн үед орсон. Тэгээд хамт явсан ахыгаа хүргэж өгөх гээд 21 цагийн үед баарнаас гараад хүргэж өгчхөөд буцаж ирээд баарны төв зааланд байх ертөнцийн зүгээр урд талд байх 3 ширээний голын ширээнд очиж ганцаараа суусан. Тэгээд сууж байсан ширээний сандал дээрээ куртикээ тайлж үлдээгээд бүжиглэж байгаад би таньдаг хүмүүстэйгээ таараад юм ярьж байгаад 00-ийн өрөө ороод ширээн дээрээ ирээд куртикээ өмсөөд халаасандаа байсан гар утас, машины түлхүүрээ үзэхэд миний гар утас, машины түлхүүр байхгүй байсан. Тэгэхэд би ямар нэг хүнээс гар утас, түлхүүрээ асуугаагүй хүн бариад гараад ирэх байх гэж бодоод баар хаатал текний урд сандал дээр харж суусан хүмүүс ямар нэг зүйл барьж гарч үзэгдээгүй. Тэгээд баар хаалаа гэхээр нь би гэр рүүгээ явсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 12 цагийн үед ажил дээрээ байж байхад манай ажлын ах Буяннэмэхийн гар утас руу өмнө өдөр нь бааранд таарсан найз Бат-Аргамжаа залгаж “машин чинь надад байна” гэхээр нь би “машины түлхүүртэй хамт байсан гар утас байхгүй байна” гэхэд “мэдэхгүй өчигдөр чиний куртикийг нэг эмэгтэй ухаад зогсож байсан” гэж надад хэлсэн юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/,
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байсан байх манай нэг сургуулийн найз Наранбаттай Баянхонгор сумын 10 дугаар багт байрлах Оргил бааранд намайг хөгжим дээр сууж байтал Наранбат гаднаас нэг танихгүй залуутай орж ирээд архи, пиво уугаад сууж байсан. Тэгтэл Наранбат нэлээн согтсон ганцаараа үлдсэн байсан. Тэгээд байж байтал Наранбат сандал дээрээ хажуу тийшээ унасан. Нэг хүүхэн куртикнийх нь хармааг нь ухаад байсан. Тэгэхээр нь би явж очоод нөгөө хүүхнийг “чи энэ хүний хармааг ухаад байгаа юм бэ” гээд асуутал “би энэ залуугаас гар утсаа авах гээд хармааг нь ухсан” гэхээр нь найз Наранбатыг юмаа алдсан байж магадгүй гээд хармааг нь үзтэл хармаанд нь утас нь байгаагүй. Тэгээд тэр хүүхнийг авсан байж магадгүй гээд нэгжтэл юм харагдаагүй бүр сайн нэгжих гэхэд урдаас хөхөө гаргаад байхаар нь тэгээд больсон. Тэгээд маргааш өдөр нь Наранбат надтай тааралдаад “гар утас байдаггүй” гэхээр нь би “өчигдөр чиний хармааг нэг хүүхэн ухаад байсан камерыг нь шүүгээд үзээрэй” гэж хэлсэн. Мөн Наранбат өөрийнхөө машины түлхүүрийг манай найз Хангалд өгөөд тэр мөн согтуу машиныг нь барьж явах гээд байхаар нь би эрүүл байсан учраас машиныг барьж яваад байрныхаа гадаа тавиад маргааш нь Наранбатад машиныг нь өгсөн. Наранбат тухайн үед нэлээн согтсон бараг тасраад унасан өөрийнхөө юу хийснээ ч санахгүй байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 11 дүгээр сарын сүүлчээр байх өдрийг нь санахгүй байна манай бааранд орж ирсэн нэг эмэгтэй согтчихоод надаас гар утсаа асуугаад байсан. Тэгэхээр нь би “та маргааш ирээд камер ирээд шүүлгүүлчих” гэж хэлээд явсан. Тэгээд сүүлд цагдаагаас манай камерыг ирж шүүсэн. Тэгэхэд нөгөө надаас гар утсаа асуугаад байсан охин манайхаар үйлчлүүлсэн нэг эрэгтэй хүний куртикийг ухаж байгаа бичлэг байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/,
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн... Найзуудтайгаа баяр тэмдэглээд бааранд ортол Наранбаттай таарсан ба баар хаах үеэр би Наранбатыг хүргэж өгөх гээд байж байгаад яаралтай ажил гараад машиных нь түлхүүрийг Ц.Бат-Аргамжаа гэх залууд өгчхөөд гэр рүүгээ яваад өгсөн. Хоёр хоногийн дараа утсаа алдсан камер шүүлгэх талаар ярьж байсан...гэсэн мэдүүлэгч /хх-ийн 20/,
Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өдрийн нь сайн мэдэхгүй байна. 2021 оны 11 дүгээр сарын сүүлчээр байсан байх Баянхонгор сумын төвд “Есөн-Эрдэнэ” захын Майхан цахирын хашаанд байх нэрийг нь мэдэхгүй байна нэг караокед орсон тэнд нэлээн пиво уугаад сүүлдээ Баянхонгор сумын 10 дугаар багын нутагт байрлах “Оргил” нэртэй бааранд орсноо санаад байгаа юм. Маргааш өглөө нь сэрэхэд гэртээ ирсэн байсан. Тэгсэн саяхан 2021 оны 12 дугаар сарын 20-ны үед цагдаа ирээд та хүний гар утас авсан байна гэсэн. Би ч хүний гар утас авснаа мэдээгүй байсан. Тэгээд юун гар утас гэхэд надад камерын бичлэг үзүүлсэн. Тэгээд харахад би нэг хүний куртикний хармаанаас гар утас авч байгаа бичлэг байсан. Тэгээд би хүний утас авснаа мэдсэн. Тэр утсыг би яаснаа мэдэхгүй мөн өөрийн утсыг ч гэсэн алга болгосон байсан. Миний куртик урт хармаа нь цооронхой байсан. Тэгээд хаясан болов уу гээд бодоод байгаа. Тухайн үед гэртээ яаж ирсэн гэдгээ санахгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/,
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой О.Цэндсүрэнгийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Оргил баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-12/,
“Энх-Нахиа” ХХК-ний шинжээч Л.Наранцэцэгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 371 дугаартай “...FLIP маркийн гар утас 1 ширхэг эд зүйлийн нийт үнэ цэнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов... гэсэн дүгнэлт /хх-ийн 32/,
Зарлан мэдээллийн хуудас /хх-ийн 58-59/,
Эвлэрлийн гэрээ /хх-ийн 61/,
Шүүгдэгч*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 49, 52, 54-57, 63-81/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 22 цаг 35 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” нэртэй бааранд үйлчлүүлж байсан иргэн ******* куртикний халаасанд байсан эд хөрөнгө Flip маркийн гар утас 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлсэн нь үндэслэлтэй зөв байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Н.Наранбат нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон Flip маркийн гар утасны үнэ 1.500.000 төгрөгийг хүлээн авсан талаараа хавтаст хэргийн 62 дугаар талд бичгээр хүсэлт гаргаж, хохирогч шүүгдэгч нар нь эвлэрсэн эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 61 дүгээр талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна.
Шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч*******ыг үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн сиди хуурцаг 1 ширхгийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч*******д 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч******* нь 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч*******д оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн сиди 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
9. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА