Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2023/1078/З |
Дугаар | 221/МА2024/0206 |
Огноо | 2024-03-26 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2024/0206
“О*******” ХХК-ийн гомдолтой захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Х.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х*******,
Гомдол гаргагч: “О*******” ХХК
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О*******
Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0002370 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 127 шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******* А.У*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагч Х.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У*******
Хэргийн индекс: 128/2023/1078/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “О*******” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О*******д холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0002370 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 127 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “О*******” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0002370 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3.1. "... зөрчлийн 2202000364 дугаартай хэрэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаарх аж ахуй эрхлэгчдийн үлдэгдэл улаан буудайн нөөцийн болон шинэ ургацын улаан буудайн нөөцийн мэдээлэл, улаан буудайн болон гурилын үнийн мэдээллүүд, "*******" ХХК-иас улаан буудайн болон гурилын үнийн мэдээлэл, нөөцийн татан авалтын мэдээлэл, үнэ нэмэгдүүлсэн гүйцэтгэх захирлын тушаалууд болон холбогдох бусад материал. "Монголын гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо" ГҮТББ-аас 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хэвлэлийн хурлын бичлэг болон холбогдох бусад материалыг нотлох баримтаар бэхжүүлэн авч шалгасан байдаг Зөрчлийн хэрэгт нотлох баримтаар авагдсан "Монголын гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо" ГҮТББ-аас зохион байгуулсан 2022 оны 09 дугаар сарын 28-ны өдөр өөрийн төрийн бус байгууллагын төлөөлөл болох "О*******" ХХК “У*******” ХХК болон бусад гишүүдийн төлөөллийг байлцуулан олон нийтэд хандан хэвлэлийн бага хурал хийсэн бичлэгээр буудайн гурилын үнийг нэмэгдүүлэх болсон талаар мэдэгдсэн нь аж ахуй эрхлэгчид гурилын унийг нэмэгдүүлэхийг урьдчилан хэлцэн тогтоосон үйлдэл юм
3.2. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т "Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ." гэж тодорхойлсон, ман хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т "Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ.", 42.8-д Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно" гэж, 43 дугаар зүйлийн 43 3-т "Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ." гэж тус тус заасан.
3.3. Гэтэл "О*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал нь уг хэвлэлийн хуралд биечлэн оролцож, түүнээс өмнөх хугацаанд буюу тухайн жил /2022 он/-д гурилын үнийг 6 удаа, мэдэгдэл хийснээс хойш 4 удаагийн гүйцэтгэх захирлын тушаалаар 300-540 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл /картель/ хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
3.4. Анхан шатны шүүхээс "аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон" зөрчлийн асуудал л яригдах бөгөөд харин "картель байгуулсан, нийтийн ашиг сонирх******* харшилсан" гэх асуудлууд нь зөрчлийн өөр төрөл болох буюу Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан зөрчлийн шинж байдалд хамаарахгүй" гэж дүгнэсэн нь хэргийн байдлыг тал бүрээс нь бодитой тогтоогоогүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
3.5. "О*******", "У******* ХХК-иудын хувьд гурилын үнийг 50 хувиар нэмэгдүүлэхээр олон нийтэд мэдэгдэл хийх замаар бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоож байгаа үйлдэл нь нийтэд илэрхий баримт /мэдэгдэл/-аар нотлогдсон бөгөөд тодруулбал, мэдэгдэл хийснээс өмнөх буюу хойш хугацаанд үндсэн түүхий эд бусад зардал өсөөгүй байх тохи************** нийт 10 удаагийн үйлдлээр гурилын үнийг нэмэгдүүлсэн нь хэрэгт авагдсан "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалуудаар нотлогдсон зэрэг нь тодорхой бодит үйлдлээр илэрхийлэгдэж байгаа хэлцэл /картель/ юм.
3.6. Анхан шатны шүүх хариуцагч захиргааны байгууллага торгуулийн хэмжээнд өөрчлөлт оруулснаас бусдаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг биелүүлээгүй, тухайлбал зөрчлийн хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь зөвхөн "гурилын үнэ нэмсэн"-ийг нотлох баримт байх ба харин "үнийг хэлцэн тогтоосон" гэх зөрчлийн нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй атлаа "Монголын гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо"-оос Мэдэгдэл гаргасан нь нийтэд илэрхий баримт гэж үзэн "О*******" ХХК-ийг тухайн зөрчлийг гаргасан гэж дүгнэсэн нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
3.7. Тухайн бараа бүтээгдэхүүний үнийг ижил цаг хугацаанд, ижил дүнгээр нэмсэн эсэхээс үл хамааран Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т "Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) Байгуулахыг хориглоно:", 11.1.1-т "бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;” гэж заасныг зөрчсөн аж ахуй эрхлэгчдийг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан гэж үздэг.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0127 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.
ХЯНАВАЛ:
1. Хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарласан байх тул хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2.1. Гомдол гаргагч “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0002370 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Гомдол гаргагчийн дээрх гаргасан зөрчилд хариуцагчаас анх 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002356 дугаар шийтгэлийн хуудсаар тус компанийг “Гурилын үнийг хэлцэн тохиролцож, өрсөлдөөнийг хязгаарласан” зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 1,402,651,941 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан бөгөөд “О*******” ХХК-иас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О*******ы 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002356 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргажээ.
2.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 586 дугаар шийдвэрээр “... Нэгэнт гурилын үндсэн түүхий эд буюу улаан буудайн үнэ болон бусад зардал өсөөгүй энэ тохи************** хэрэглэгчдийн өргөнөөр сонгон хэрэглэдэг дээд болон нэгдүгээр гурилын үнийг нэмэгдүүлэн өөрийн харилцагчдад нийлүүлж байгаа нь хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй, ....Зах зээлд зохиомлоор үнийн хөөргөдөл үүсгэж, гурилын үндсэн түүхий эд буюу улаан буудайн үнэ, зардал өсөөгүй энэ тохи************** үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, хэрэглэгчийн эрхийг хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэхээр байх тул маргаан бүхий 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002356 дугаар шийтгэлийн хуудсаар “О*******” ХХК-д шийтгэл оногдуулсан нь бодит байдалд тохирсон, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна...”, ...Шүүх гомдлын шаардлагын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд гомдол гаргагч компанийн санхүүгийн тайлангаас цаашид тодруулж байж торгуулийн хэмжээг тогтоох шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн...” гэж дүгнэн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002356 дугаар шийтгэлийн хуудсыг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
2.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрийг хянаад 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 587 дугаар магадлалаар “...хариуцагч 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002356 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасан бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулахдаа гомдол гаргагчийг тухайн гаргасан зөрчил болох буудайн гурилын үнэ нэмэхдээ хэлэлцэн тохиролцсон гэдгийг хангалттай нотлоогүй...”, “...маргаан бүхий шийтгэлийн хуудсаар "О*******" ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасан бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэснийг зөрчсөн гэх үндэслэлээр торгууль ногдуулсан байхад анхан шатны шүүхээс ...хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй" гэж гомдол гаргагч байгууллагыг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасныг зөрчсөн эсхүл Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн буюу ямар үндэслэлээр зөрчилд тооцсон болон ямар хуулийг зөрчсөн талаар зөрүүтэй дүгнэсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй тул хариуцагч байгууллагаас ийнхүү зөрүүтэй байдлыг нэг мөр дүгнэж, маргаан бүхий нөхцөл байдлыг дахин тодруулж шийдвэрлэх замаар дахин акт гаргах шаардлагатай гэж үзэхээр байна...”, “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь "О*******" ХХК-ийн тогтоосон бараа бүтээгдэхүүний үнэ бусад ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрлэгчдийн тогтоосон үнийн хязгаартай ижил үнээр худалдаалагдаж буй эсэх, тус хуулийн этгээд нь зах зээлд шударга өрсөлдсөн эсэх, өрсөлдөгчийнхөө хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг хянан шалгах бүрэн эрхтэй тул маргаан бүхий актыг гаргах үндэслэл болсон зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөрчсөн эсэхийг хангалттай тогтоосон тохи************** дахин шинэ акт гаргах эрх нь нээлттэй...”. гэж тус тус дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ.
2.5. Улмаар хариуцагчаас дээрх шийдвэр, магадлалыг биелүүлж 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0002370 дугаар шийтгэлийн хуудсаар “О*******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 1,038,109,251 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байх бөгөөд үндэслэлээ “...Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т "аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан" гэж үзэж байгаа. Хэлэлцэж, тогтоож картель хийсэн гэдгийг заавал нэг өдөр, ижил үнээр, ижил цаг хугацаанд үнээ нэмэгдүүлсэн байхыг шаарддаггүй. "Монголын гурил үйлдвэрлэлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо" ГҮТББ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийснээр картель хийж, үнээ нэмэгдүүлсэн гэж үзэж байна. Гол түүхий эд улаан буудайн үнэ өсөөгүй байхад нийт 10 удаагийн үйлдлээр үнээ нэмсэн...” гэж тайлбарлан маргасан байна.
2.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч нь анхан шатын шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан асуудлуудыг бүрэн тодруулж, гомдол гаргагч хуулийн этгээдийг тухайн зөрчлийг гаргасан болохыг нотлох баримтаар хангалттай тогтоосон гэж үзэхээргүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх “ ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг биелүүлээгүй, ...зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтууд нь зөвхөн “гурилын үнэ нэмсэн”-ийг нотлох баримт байх ба харин “үнийг хэлцэн тогтоосон гэх зөрчлийн нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй атлаа “Монголын гурил үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо”-ноос мэдэгдэл гаргасан нь нийтэд илэрхий үйл баримт гэж үзэн” “О*******” ХХК-ийг тухайн зөрчлийг гаргасан гэж дүгнэсэн нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж дүгнэн маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
2.7. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн”, 1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох ...нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно”, 11.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж тус тус заасан.
2.8. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд аж ахуй эрхлэгчид хоорондоо зах зээлийг хуваах, бараа бүтээгдэхүүний төрөл, үнийг хэлцэн тогтоох зэрэг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хууль бус хэмээн хориглосон бөгөөд бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох ажиллагаа нь ижил бараа бүтээгдэхүүний зах зээл дээр, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн байх, бараа бүтээгдэхүүний үнийг тогтоосон тодорхой гэрээ, хэлцэл байгуулсан байхыг шаардах ба хэрэгт авагдсан баримтаар гомдол гаргагч нь дээрх зөрчлийг гаргасан болох нь тогтоогдоогүй байна.
2.9 Тодруулбал, хариуцагч нь хүчин төгөлдөр шийдвэр, магадлалд дурдсан нөхцөл байдлыг шалгаж, нотлох баримтаар хангалттай тогтоогоогүй байна. Нөгөөтээгүүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гурилын үнийг нэмэх талаар мэдэгдэл хийсэн үйл баримт нь “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон” гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд гомдол гаргагчаас гурилын үнээ нэмсэн гэх асуудал нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон” гэх зөрчилд хамаарахгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 127 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН