Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00052

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

     Нарийн бичгийн дарга                              С.Баянжаргал

     Улсын яллагч                                             Э.Энхбат

     Шүүгдэгчийн өмгөөлөгч                             Ш.Цэдэн

     Хохирогч                                                           Т.Айнагул

                 Шүүгдэгч                                              Г.Ганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн Г.Ганбаярт холбогдох 201618020060 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамтДархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 32-1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 2005 онд ЭХ-н 246 дүгээр зүйлийн 246.1-д зааснаар 1 сарын баривчлах ялаар, 2010 онд ЭХ-н тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай

 

                 Баяуд овогт Гонгоржавын Ганбаяр /РД: ТЯ:88082312/

 

2016 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн Шар хөтөл гэх гар аргаар алт олборлож байсан газарт иргэн Т.Айнагултай, Ганбаяр гэгч нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар Т.Айнагулыг хоёр удаа түлхэж унаган түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ганбаярын өгсөн: ..... Би 2016 оны 02 дугаар сарын 14-ний өглөө Буянтын Шар хөтөл гэх газар алтанд явахаар очсон. Өмнөх өдөр нь би тэр нүхэнд шороо татсан байсан юм. Тэгээд яваад очтол Айнагул эгч 2 залуугийн хамт нүхэн дээр зогсож байсан. Намайг оръё гэхэд оруулахгүй, манай хүн ажиллаж байгаа. Өөр бригад бас ажиллаж байна. Багтахгүй гэсэн. Би тэгэхэд нь наана чинь хүн болгон ажилладаг. Би өчигдөр бас ажилласан. Орно гэхэд оруулахгүй байсан. Би оръё гээд олсыг нь татахад Айнагул эгч таальнаас барьчихаад тавихгүй байсан. Тэгэхээр нь би таальнаас нь түлхээд унагачихсан. Тэгээд Дэлгэрсайхан ахаар өөрийн олсоо авчруулаад нүх рүү орох гэхэд Айнагул эгч ирээд чи яагаад намайг түлхэж унагаад байгаа юм бэ гээд миний олсноос бариад дайраад байсан. Тэгэхэд нь би олсоо булааж аваад зүүн мөр рүү нь түлхээд унагасан. Тэр үед Айнагул эгч намайг цагдаад өгнө, ингэж хүн дээрэлхэж болохгүй гэж байсан. Би Дээгий ахад олсоо бариулаад нүх рүү шургаад орсон. Ийм л зүйл болсон, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна.Бас дахин уучлалт гүйя гэх мэдүүлэг

        Хохирогч Т.Айнагул шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ….  2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Шарын голын Шар хөтөлд намайг нүхний аман дээр зогсож байхад Ганбаяр ирээд орно гэсэн. Би оруулахгүй гэхэд намайг таальтай хамт түлхсэн. Би босож ирээд чи яаж байгаа юм бэ гэхэд дахиад түлхсэн. Тэгээд Ганбаяр нүх рүүгээ орсон. Орой нь гэртээ хариад хартал миний бие энд тэндгүй хөх няц болчихсон байсан. Тэгээд цагдаад хэлсэн. Цагдаа ирээд шүүх эмнэлэгийн дүгнэлт гаргуул гээд үзүүлсэн. Эхний удаад би зардлаа нэхэхгүй гэсэн юм. Харин сүүлд гарсан замын зардлаа гаргуулах хүсэлтэй байна. Нийтдээ 225.000 төгрөгийн зардал гарсан.Одоо энэ мөнгийг нэхэмжлэхгүй, надад өгнө гэсэн учраас би эвлэрч байна.Өөр гомдол санал байхгүй гэх мэдүүлэг.

                 Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Айнагул мэдүүлэхдээ: ... Шарын голын харъяат  Ганбаяр гэх залуу нь ирээд манай нөхөр, хүү хоёрын ажиллаж байсан нүх рүү орж шороо авна гэхээр нь би Ганбаярын өөдөөс наад нүх рүү чинь оруулахгүй ээ дотор нь манай нөхөр, хүү хоёр ажиллаж байгаа гэж хэлсэн боловч Ганбаяр нь миний үгийг үл ойшоон нүхний амсар дээр байсан шороо татагч багажны хамт намайг түлхээд том, том чулуун дээр унагасан юм. Тэгэхээр нь би “Чи яаж байгаан хүн түлхэж унагаад” гээд би босоод иртэл Ганбаяр миний өөдөөс “зайл авгай минь” гээд дахиад түлхэж чулуун дээр унагасан юм. Тэгэхээр нь би дахиад босож ирээд чамайг цагдаад өгнө гэхэд Ганбаяр чи тэр цагдаадаа өгөхгүй юу гэж хэлээд дахиад намайг түлхээд чулуун дээр унагасан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-11 дүгээр хуудас/

                 Мөрдөн байцаалтанд Гэрч О.Дэлгэртөгс мэдүүлэхлээ: …

.

 Тэгтэл Ганбаяр ирээд тэр Айнагул эгчийн зогсож байсан нүх рүү орох гэтэл Айнагул эгч Ганбаярыг оруулахгүй гээд дургүйцээд тэр нүх рүү унжсан байсан олсыг нь татаж аваад байх шиг байсан юм. Тэгтэл Ганбаяр наад нүх чинь бүх хүмүүсийн ордог нүх би орно гэж хэлээд Айнагул эгчийг шороо татаж гаргадаг багажтай нь хамт түлхээд унагачихсан юм. Тэгээд тэр хоёр орилоод хэрэлдээд дахиад босоод Айнагул эгч Ганбаярыг бариад автал Ганбаяр ахиад л Айнагулыг түлхэж унагачихаад нүх рүү яваад орчихсон юм. Тэгтэл Айнагул эгч цагдаа дуудна гээд орилоод утсаар яриад байх шиг байсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 13 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтанд Гэрч Д.Батмөнх мэдүүлэхдээ: … Тэгтэл Ганбаяр ирээд тэр Айнагул эгчийн зогсож байсан нүх рүү орох гэтэл Айнагул эгч Ганбаярыг оруулахгүй гээд дургүйцээд тэр олсыг нь татаж аваад байх шиг байсан юм. Тэгтэл Ганбаяр Айнагул эгчийг түлхээд унагаж байгаа харагдсан юм. Тэгээд би цаашаа эргээд яваад өгсөн болохоор цаашид юу болсон талаар мэдэх зүйл алга байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 12 дугаар хуудас/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт  ¹ 266 ..... Дүгнэлт

                 1. Т.Айнагулын биед тархи доргилт, зүүн бөөрний доргилт, зүүн бугуй, баруун гуя, зүүн хонгоны зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

                 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

                 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

                 4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

                  Мөрдөн байцаалтанд яллагдагч Г.Ганбаярын мэдүүлэхдээ: … Айнагул эгч над руу яах гээд байгаан гэсэн тэгэхээр нь Айнагул эгчийн өөдөөс “наад алтны нүх рүү чинь хүн болгон ордог юм” гэхэд Айнагул эгч “чамайг оруулахгүй нүхэн дотор 3-н бригад байгаа” гэж хэлээд надтай маргаж нүх рүү унжуулсан байсан олсыг надаас булаагаад авахаар нь би нүхний амсар дээр байсан нүхэн дотроос шороо татаж гаргах зориулалттай багажийг нь түлхээд унагасан юм. Тэгтэл Айнагул эгч тойрч ирээд миний нүх рүү хийсэн олсыг татаад байхаар нь би олсоо Айнагул эгчийн гарнаас суга татаж аваад Айнагул эгчийн зүүн мөр лүү түлхээд газар унагачихсан юм. Тэгээд л би шууд нүх рүү яваад орчихсон юм гэх мэдүүлэг

                  Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Г.Ганбаяр нь ам бүл 2 гэсэн Дархан-Уул аймаг Шарын гол сумын Хайрхан багийн засаг даргын тодорхойлолт /ХХ-н 26 дугаар хуудас/, ял шалгах хуудас /ХХ-ийн 27 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 25 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Ганбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн Шар хөтөл гэх гар аргаар алт олборлож байсан газарт иргэн Т.Айнагултай, Ганбаяр гэгч нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар Т.Айнагулыг хоёр удаа түлхэж унаган түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Г.Ганбаяр хохирогч Т.Айнагулын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь тодорхой сэдэлттэй буюу өөр хоорондоо маргалдсан хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба Т.Айнагулын  биед тархи доргилт, зүүн бөөрний доргилт, зүүн бугуй, баруун гуя, зүүн хонгоны зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл, зөөлөн эдийн гэмтэл учирсан, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Харин шүүгдэгч Г.Ганбаярын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээ шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлж байх тул Г.Ганбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Ганбаярт өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй  байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:                                  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаарзүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                    

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баяуд овогт Гонгоржавын Ганбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Ганбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Ганбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Ганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Г.Ганбаярт өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.                               

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Д.РЕНЧЕНХОРОЛ.