| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2022/0675/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/703 |
| Огноо | 2022-09-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ундармаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/703
2022 09 05 2022/ШЦТ/703
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,
улсын яллагч Д.Ундармаа,
шүүгдэгч Б.Т /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хойд овогт БТд холбогдох эрүүгийн 2211 01080 1398 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үнэт эдлэлийн дархан мэргэжилтэй, Замбуулин гоёл ХХК-д дархан ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 27-1332 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Хойд овогт БТ /РД:.....................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 15-330 тоотод Х.Эын толгойг төмрөөр цохиж зулайд шарх, зүүн хөмсөг зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, духны зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Т нь:
2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 15-330 тоотод Х.Эрдэнэ-Очирын толгойг төмрөөр цохиж зулайд шарх, зүүн хөмсөг зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, духны зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Хохирогч Х.Эрдэнэ-Очирын “...би тухайн өдөр ажлаа тараад ажлын байр дээрээ Тэгшбаян, Отгонбаяр манай эхнэр Өнөржаргалын хамт 2,5 литрийн пиво 4 ширхэгийг уусан юм. Тэгээд ууж байтал Тэгшбаян сууж байгаад шал нь дээр бөөлжөөд байсан. Манай эхнэр тэрийг нь цэвэрлэж байтал би өөрөө цэвэрлэнэ гээд байсан. Тэгээд би очоод чи өөрөө цэвэрлэж байгаа юм уу гээд ажлын ширээн дээр байсан аяганы ёроолын хэв дардаг цул төмрөөр миний толгойн оройн хэсэгт 1 удаа цохиод авсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-28 дугаар тал/,
Гэрч Д.Өнөржаргалын “...2022 оны 06 дугаар сарын 17-нд манай нөхөр Эрдэнэ-Очир ажлын газрын Тэгшбаян, Отгонбаяр нарын хамт ажлаа тараад орой ажлынхаа байран дээр пиво ууцгаасан юм. Тэгтэл Тэгшбаян гэх залуу нь нөгөө талын өрөөнд бөөлжсөн учраас би тухайн бөөлжсийг нь цэвэрлээд дуусаж байтал Тэгшбаян нь гүйж ирээд шалны мод булааж аваад би өөрөө цэвэрлье гээд цэвэрлэж байтал манай нөхөр Эрдэнэ-Очир нь өө ахын дүү өөрөө цэвэрлэж байгаа юм уу гэсэн чинь Тэгшбаян нь би чиний шалыг арчиж цэвэрлэдэг хүн бол биш шүү гэж хэлээд эргэж хараад хажуу талд нь байсан ширээн дээрээс багажийн төмөр аваад манай нөхөр Эрдэнэ-Очирын дух орчимд нь нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8833 дугаартай дүгнэлтэнд “Х.Эрдэнэ-Очирын биед зулайд шарх, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, духны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлүүд нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинэ гэмтэл байна. Цаашид дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 42-43 дугаар тал/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр тал/, Эд мөрийн баримтаар тооцох тухай /хавтаст хэргийн 10 дугаар тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/, Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/, хохирогчийн хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн эмчилгээний гэх баримтууд /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/, шүүгдэгчээс гаргаж өгсөн хохирлын төлбөрийг хохирогч Х.Эрдэнэ-Очирт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 23 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Ты “...би тухайн үед их согтсон байсан тэгээд цохиж зодсон байсан ... би эмчилгээний зардалд гарсан мөнгийг нь өгсөн байгаа одоо өөрөө өөр зүйл нэхэмжлэхгүй гэсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дүгээр тал/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 62/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 51/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 67-68/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 276 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.
Эдгээр баримтуудаар шүүгдэгч Б.Т нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 15-330 тоотод Х.Эрдэнэ-Очирын толгойг төмрөөр цохиж зулайд шарх, зүүн хөмсөг зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, духны зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нь хохирогчид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын 181.350 төгрөг /хавтаст хэргийн 22-23/-ийг хүлээлгэн өгсөн, хохирогч нь “...хохирол нөхөн төлбөрөө бүрэн барагдуулж авсан ...хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлтээ гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулжээ.
Мөн шүүгдэгч нь хохирогчийн Гэмтэл Согог үндэсний төвөөс 262.000 төгрөгийн гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээ авч үйлчлүүлсэн тусламж үйлчилгээний 262.000 төгрөгний зардлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд төлсөн болох нь Төрийн банкны шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 83 дугаар тал/-ээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар төмөр аяганы хэв 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигч /Ц.Нэргүй/-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хойд овогт БТыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр аяганы хэв 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигч /Ц.Нэргүй/-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ