Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 126/2023/0184/З |
Дугаар | 221/МА2024/0236 |
Огноо | 2024-04-04 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2024/0236
“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Г
Нэхэмжлэгч: “У” ХХК
Хариуцагч: ХАТХ-ийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.П, Д.Д
Нэхэмжлэлийн шаардлага: “ХАТХ-ийн татварын хяналт шалгалтын тагсийн татварын улсын байцаагч Т.П, Д.Д нарын 2023 оны 03 Дугаар сарын 10-ны өдрийн №НА-17230000003 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 126/ШШ2024/0003 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн ХАТХ-ийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.П, улсын байцаагч Д.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 126/2023/0184/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “У” ХХК-иас ХАТХ-ийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.П, Д.Д нарт холбогдуулан “ХАТХ-ийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.П, Д.Д нарын 2023 оны 03 Дугаар сарын 10-ны өдрийн №НА-17230000003 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 126/ШШ2024/0003 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.5, 28 дугаар зүйлийн 28.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д заасныг тус тус баримтлан “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 003 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.
3.1. 2020 онд “У” ХХК нь борлуулалтын орлогоо нуун дарагдуулаагүй, 1,542,524,613.17 төгрөгийн борлуулалтыг тусгаж тайлагнасан, мөн нэмэгдсэн өртгийн тайлангаа ч тайлагнасаар ирсэн. 2019 онд 149,000,000 төгрөгийн, 2020 онд 134,000,000 төгрөгийн илүү төлөлттэй буцаан авалттай, нийт 283,000,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөлтөөс чөлөөлөгдөх эрхтэй байсан бөгөөд 2020 онд нэмэгдсэн өртгийн татварыг өмнө оны илүү төлөлтөөр суутган төлөгдсөн. Мөн 2019 онд 109,000,000 төгрөгийн буцаалт хийсэн бөгөөд 2020 онд манай компани татварын ямар ч өргүй байсан. 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл “У” ХХК нь тендер сонгон шалгаруулалтад удаа дараа орсон, ингэж орох үед татварын цахим сан “У” ХХК-ийг татварын өргүй талаарх лавлагааг байнга л өгч, тодорхойлж байсан. Яагаад тухайн үед уг өр дутагдал илрэхгүй цахим сан компанийг татварын өр төлбөргүй болохыг тодорхойлж, тодорхойлолт цахимаар олгоод байсанд хариуцагч нар үндэслэл бүхий тайлбар өгч чадаагүй. Бүхэл бүтэн 12 сарын турш болон жилийн эцэст алдаатай тайлан илгээгчийн тайланг хүлээн авч хянан баталгаажуулаад байгаа, 2 жил гаруй хугацаанд тус компанийг огт зөрчил дутагдалгүй гэж тодорхойлж байсанд анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй.
Татварын улсын байцаагч, татварын цахим сан татварын тайлан гаргагчийн тайланг хүлээн авч баталгаажуулсан, удаа дараа илгээсэн тайланг буцааж засах боломжоор хангаж тайлангаа засаж зөвтгөөд илгээсэн бөгөөд зөрчилгүй гэдгийг ч хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Мөн татварын улсын байцаагч татвар төлөгчийн илгээсэн тайланг хүлээн авч Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.6-д заасан үүргийг хүлээнэ. Үнэхээр 2020 оны жилийн эцэст “У” ХХК нэмэгдсэн өртгийн тайланг буруу тайлагнасан юм бол яагаад энэ байдалд татварын улсын байцаагч, татварын байгууллага хяналтаа тавьж ажиллахгүй байгаа юм, хяналтаа тавьж ажиллахгүй байгаа байгууллага албан хаагчийн буруутай эс үйлдэхүйн улмаас хугацаа алдаж, хүү, алданги, торгуулийн төлбөр ихсэхэд хүрээд байгаад дан ганц татварын төлөгчийг буруутгаж, дарамталж байгаад гайхаж байна.
2020 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаа үнэн зөв тайлагнаад байгаа аж ахуйн нэгж нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг яагаад зөрүүлж бууруулж тайлагнах болов, яагаад илгээсэн тайлангууд том тоогоор зөрүүтэй байхад татварын цахим сан, татварын улсын байцаагч хянаж хүлээн авав. Тайлан үнэн зөв байсан учраас хүлээн авч, тайлангаа хугацаанд нь илгээсэн учраас алдааг засуулахаар удаа дараа буцааж, алдаагаа зассан учраас татварын улсын байцаагч тайланг хянан баталгаажуулсан. Систем тайланг хүлээж аваад зөрчлийг илрүүлдэг гэж гэрч ,хариуцагч нар тайлбарладаг. Системийн алдаа дутагдлыг татвар төлөгч рүү нялзаагаад байдаг. Татварын систем ч гэсэн өөрөө маш их учир дутагдалтай. Систем дээр байгаа татварын тайлангийн тоон мэдээлэл байнга өөрчлөгдөж, савлагаатай байгааг харуулсан нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлж дүгнээгүй.
3.2. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын НА-17230000003 дугаартай акт нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан захиргаан акт мөн. Уг акт нь хууль ёсны, үндэслэл бүхий хүчин төгөлдөр байх шаардлагад эрх зүйн зөрчилгүй байх ёстой байтал эрх зүйн зөрчилтэй акт байдаг.
Өөрөөр хэлбэл, уг актын хууль зүйн үндэслэлүүд ойлгомжгүй тодорхой бус. Үүнд: “... Татварын хяналт шалгалтаар Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйлийг зөрчсөн гэж тухайн хуулийн зүйл заалтыг яг алийг нь зөрчсөн нь тодорхойгүй. 28 дугаар зүйлд нийт 10, 29 дүгээр зүйлд 8 заалтын бүх заалтуудыг “У” ХХК бүгдийг нь зөрчсөн гэж үзэх үү. Мөн “... Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн ... дүгээр зүйлийг удирдлага болгон Тогтоох нь” гэж тухайн хуулийн яг аль заалтыг нөхөн ногдуулалтын актад удирдлага болгож тогтоогоод байгаа нь тодорхойгүй. “... Татварын ерөнхий хуулийн 42.1-ийг барьж байгаа атлаа 42.1-д заасан яг аль заалтад хамаараад байгаа нь ойлгомжгүй ... Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1-д заасныг үндэслэн” гэж актад үндэслэсэн. Уг заалтаас үзэхэд татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор тооцож төлүүлэх гэж заасан. Гэтэл уг актад 2020 оны хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн сарын хэдний өдрийг хүртэл хэд хоногийн хугацааны торгууль нөхөн ногдуулж тооцоод байгаа нь тодорхой бус ойлгомжгүй. Мөн Татварын ерөнхий хуулийн 84.1-д заасан заалтыг мөн баримталснаас үзэхэд тухайн заалтын ерөнхий агуулгаар хариуцлага тооцож байгаа атлаа энэ талаар нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсэгт тодорхой ойлгомжтой, үндэслэлтэй байж чадаагүй нь уг акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй эрх зүйн зөрчилтэй акт юм.
3.3. Мөн Татварын ерөнхий хуулийн 79.1-д заасны дагуу татварын албанаас уг хуулийн заалтад заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, татварын хяналт шалгалтыг хийхдээ илтгэх хуудсаар танилцуулаагүй, мэдэгдэх үүрэг, тайлбар авах бүрдээ тэмдэглэл хөтөлж танилцуулаагүй буюу хуульд заасан журмын дагуу шалгаагүй.
Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 126/ШШ2024/0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Удирдамж, маягт батлах тухай” А/32 дугаар тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн дагуу “У” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийлгэхээр 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1723100359 дүгээр томилолтоор ХАТХ-ийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.П, Д.Д нарыг томилжээ.
2.2. Уг хяналт, шалгалтаар “У” ХХК нь 2020 онд 1,542,524,613.17 төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэж олсон орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, тайлагнаагүй зөрчил гаргасныг илрүүлж, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №НА-17230000003 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 154,252,461.32 төгрөгийн нөхөн татвар, 61,700,984.53 төгрөгийн торгууль, 53,101,409.81 төгрөгийн алданги, нийт 269,054,855.66 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.
2.3. Нэхэмжлэгчээс маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг ХАТХ-ийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хянаад 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хариуцагч ХАТХ-ийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.П, Д.Д нарын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №НА-17230000003 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталсан байна.
2.4. Улмаар нэхэмжлэгч “У” ХХК-иас маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар маргажээ.
3. Анхан шатны шүүхээс “... Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах бөгөөд ажил үйлчилгээ борлуулсан хуулийн этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдлоо өөрөө тодорхойлж, тухайн сарын тайландаа тусган, төсөвт төлөх үүрэгтэй ... татварын албанаас аливаа хуулийн этгээдийн татварын нөхөн ногдуулалтын татварын тайлангаа илгээснээс хойш 4 жил дотор шалгах эрхтэй ... нэхэмжлэгчээс “нөхөн ногдуулалтын актаа зохих журмын дагуу гардуулах ажиллагаа хийгээгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй ч энэ үндэслэлээр маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох боломжгүй” гэж дүгнэн “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасантай нийцсэн байна.
3.1. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 16 дугаар зүйлийн 16.1.1-д “тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө” гэж тус тус заасан.
3.2. Хэрэгт авагдсан “У” ХХК-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөн компанийн 2020 оны жилийн санхүүгийн тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, 2020 оны 1-12 сард татварын албанд илгээсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангуудаас үзвэл нэхэмжлэгч “У” ХХК нь 2020 онд нийт 1,542,902,993 төгрөгийн борлуулалт хийсэн байх боловч нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа бүртгээгүй, татварын албанд тайлагнаагүй болох нь тогтоогдож байна.
3.3. Өөрөөр хэлбэл, “У” ХХК нь 2020 онд борлуулалт хийсэн нийт орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг тайлагнаагүй болох нь холбогдох баримтуудаар тогтоогдож, нэхэмжлэгчээс энэ талаар маргаагүй энэ тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт ...алданги тооцох бөгөөд ...”, 73.1.1-д “татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар”, 84 дүгээр зүйлийн 84.1-д “Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно” гэж тус тус зааснаар 2020 онд хийсэн борлуулалтын дүнгээс тооцож нийт 269,054,855.66 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй болжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “... 12 сарын турш болон жилийн эцэст алдаатай тайлан илгээгчийн тайланг хүлээн авч хянан баталгаажуулаад байгаа, 2 жил гаруй хугацаанд тус компанийг огт зөрчил дутагдалгүй гэж тодорхойлж байсанд анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй ... уг актын хууль зүйн үндэслэлүүд ойлгомжгүй тодорхой бус. Үүнд: “... Татварын хяналт шалгалтаар Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйлийг зөрчсөн гэж тухайн хуулийн зүйл заалтыг яг алийг нь зөрчсөн нь тодорхойгүй. 28 дугаар зүйлд нийт 10, 29 дүгээр зүйлд 8 заалтын бүх заалтуудыг “У” ХХК бүгдийг нь зөрчсөн гэж үзэх үү. Мөн “... Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн ... дүгээр зүйлийг удирдлага болгон Тогтоох нь” гэж тухайн хуулийн яг аль заалтыг нөхөн ногдуулалтын актад удирдлага болгож тогтоогоод байгаа нь тодорхойгүй ... мөн Татварын ерөнхий хуулийн 79.1-д заасны дагуу татварын албанаас уг хуулийн заалтад заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, татварын хяналт шалгалтыг хийхдээ илтгэх хуудсаар танилцуулаагүй, мэдэгдэх үүрэг, тайлбар авах бүрдээ тэмдэглэл хөтөлж танилцуулаагүй буюу хуульд заасан журмын дагуу шалгаагүй” гэжээ.
4.1. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар татвар төлөгч нь холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлөх, 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаах үүрэг хүлээсэн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд ажил гүйцэтгэж олсон орлогодоо нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж тайлагнаагүй нь хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзнэ.
4.2. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байна гэж заасны дагуу “У” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
4.3. Түүнчлэн, маргаан бүхий актад хуулийн зүйл заалтыг ерөнхий байдлаар бичсэн, нөхөн ногдуулалтын актыг зохих журмын дагуу гардуулаагүй нь “У” ХХК-ийн зөрчлийг зөвтгөх, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
5. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гэж заасан бөгөөд маргаан бүхий ХАТХ-ийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.П, Д.Д нарын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №НА-17230000003 дугаартай нөхөн ногдуулалтын акт нь дээрх хуулийн 5.1.1-д заасан “зайлшгүй байх”, 5.1.3-д заасан “шударга байх”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн байна.
5.1. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 126/ШШ2024/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ