Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 00053

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                        С.Баянжаргал

             Улсын яллагч                                      Э.Энхбат

                         Шүүгдэгч                                               Г.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Болдбаатарт холбогдох 201618020085 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

                                            Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, “Бүрэн цэнгэл” ХХК-ийн салбарын захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Хайлаастын 187 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Данин овогт Гантулгын Болдбаатар РД: /ХД:67102476/

Г.Болдбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 08 цаг 15 минутын үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 66-39 ДАХ улсын дугаартай Тоёото Приүс-10 маркийн тээврийн хэрэгсэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа хорих 413 дугаар ангийн гаднах шалган нэвтрүүлэх хаалгыг мөргөж гэмтээн улмаар тус ангийн албан хаагчид цагдаагийн байгууллагад мэдэгдэж, цагдаагийн байгууллагаас Г.Болдбаатарын үйлдлийг захиргааны зөрчлийн гомдол, мэдээллээр бүртгэж, тээврийн хэрэгслийг түр саатуулан Г.Болдбаатарыг явуулахад өдөр 14 цагийн уед дахин 18-17 СБА улсын дугаартай Хондо CRV маркын тээврийн хэрэгсэлээр хорих 413 дугаар ангийн хаалгыг мөргөж гэмтээн 36.600 төгрөгний шууд хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Болдбаатар мэдүүлэхдээ: .... 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр вокзал дээр эхнэр хүүхдээ хот руу тэмцээнд явуулсан. Үүрээр Гантулгатай вокзал дээр таараад нэг шил архи уусан. Тэндээсээ яваад дахин нэг шил архи уусан. Тэгээд 66-39 pruis маркийн машин унаад хорих 413-р ангийн хаалгыг гэмтээсэн. Өдөр 14-15 цагийн орчимд 18-17 honda машинтай дахин хорих анги руу очсон. Дотор жаахан гомдол байгаад байсан юм. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Мөн Сандагдоржоос уучлалт гуйсан. Намсаманд даргатай уулзах гэсэн ч чадаагүй. Мессежээр уучлалт гуйсан. Янз бүрийн хар буруу санаагүй ийм хэрэг хийчихлээ гэдгээ хэлээд уучлалт гуйсан, их олон зүйл дотроо бодож явж байгаад ийм зүйл боллоо, шившигтэй л гэж бодож байна даа гэв.

                 Мөрдөн байцаалтанд Иргэний нэхэмжлэгч Ц.Сандагдорж мэдүүлэхдээ: … 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн өглөө 08 цаг 20 минутын үед би ажил дээрээ ирсэн юм. Ирэхэд шалган нэврүүлэх 1 дүгээр пост дээр ахлах ахлагч А.Нарантуяа манайд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан дэд хурандаа Г.Болдбаатар машинтай 2 удаа гаднах шалган нэврүүлэхийн хаалгыг мөргөж ороод гараад явлаа гээд хаалга хаагдахаа больсон гээд байж байсан. Намайг харахад хаалганы нэг тал эвдэрсэн байхаар нь цагдаад мэдэгдсэн. Г.Болдбаатар машинаас бууж хэрүүл маргаан хийгээгүй 3 удаа гаднах шалган нэвтрүүлэхийн хаалгыг мөргөж ороод, мөргөж гарсан. Тус өдрийн орой нь бас машинтай ирсэн гэсэн... 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өглөө 08 цагт Приүс-10 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж гаднах хашааг мөргөсөн. 2 удаа хашааны хаалгыг мөргөж ороод гарсан 3 дахь удаагаа хашаа руу орж ирэхэд би гарч ирсэн. Манай ангийн хашааны хаалганы гол хэсгээр эвдэрч гэмтсэн өөр зүйл эвдэрч гэмтээгүй, уг хашааны хаалгыг засахад 75787 төгрөгний зардал гарсан... Г.Болдбаатар нь удаа дараа 413-р ангийн гаднах шалган нэвтрүүлэх хаалгыг мөргөж эвдэж, сүйтгэж байгаад гомдолтой байна гэх мэдүүлэг. /ХХ-ийн 34- 36-р хуудас/

                 Мөрдөн байцаалтанд Гэрч А.Нарантуяа мэдүүлэхдээ: … 2016 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 08 цаг 15 минутын үед шалганы байрандаа байж байтал мөнгөлөг саарал өнгийн Приүс-10 билүү 11 маркийн тээврийн хэрэгсэл хурдтай ирээд манай хорих 413 дугаар ангийн гадна талын тээврийн хэрэгсэл нэвтрүүлдэг хаалгыг мөргөөд орсон. Тэгээд би гараад хартал нөгөө машин маань хорих ангийн хашаа руу ороод цаанаас иргээд буцаад гараад яваад өгсөн. Цонхоор нь хартал манай ангид ажиллаж байсан Г.Болдбаатар дэд хурандаа, хажууд нь манайхаас ажлаас халагдсан Г.Гантулга гэх залуутай цуг дотор нь суусан байсан. Тэгээд би хаалгаа хаах гэтэл дахиад цаанаас ирээд хаалгыг мөргөж ороод ангийн доторх зам дээр эргээд буцаад мөргөөд гарсан. Тэгээд машиныг зогсоох гэтэл машин зогсохгүй яваад өгсөн. Хорих анги руу 2 удаа хаалга мөргөж ороод эргээд гарсан 3 удаагаа мөргөөд ороход нь Сандагдорж дарга, Баттулга ахмад нар зогсоогоод уулзаад үлдсэн” гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-41-р хуудас/

                 Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Болорсолонго мэдүүлэхдээ: … 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 14 цаг 10 минутын үед Г.Болдбаатар ах “Хонда CRV” маркийн 18-17 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хурдтай ирээд шууд ангийн гаднах шалган нэвтрүүлэх хаалгыг мөргөөд орсон. Тэгэхээр нь би гараад хаалгыг дэлгэх гэтэл цаана конторын тэнд эргээд хаалгыг мөргөж гараад чигээрээ яваад өгсөн. Би ерөнхий жижүүр, шалган нэвтрүүлэхийн харуулд мэдэгдээд холбооноос цагдаад мэдээлэл өгсөн... Г.Болдбаатар ах машинаас бууж хэрүүл маргаан гаргаагүй. Хаалгыг мөргөж ороод мөргөөд гараад явсан. Тухайн өдрийн өглөө бас хаалгыг мөргөсөн гэж алба хаагч нар ярьж байсан. Г.Болдбаатар ах тээврийн хэрэгслээ өөрөө жолоодоод явж байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-р хуудас/

                 Мөрдөн байцаалтанд гэрч Б.Төрмөнх мэдүүлэхдээ: ... 2016 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 08 цаг өнгөрч байхад А.Нарантуяатай зогсож байтал саарал өнгийн приүс маркийн тээврийн хэрэгсэлтэй Г.Болдбаатар дэд хурандаа хорих 413 дугаар ангийн гаднах шалган нэвтрүүлэх хаалгыг мөргөөд орсон. Тэгэхээр нь би гараад машин руу гүйсэн. Тэр хооронд А.Нарантуяа хаалга хаах гээд зогсож байтал Г.Болдбаатар машинтайгаа буцаж эргээд шалганы хаалгыг дахин мөргөөд гарсан. Тэгээд чигээрээ явж байгаад 3, 7 дугаар багийн байрны харалдаа явж байснаа буцаж эргээд анги руу чиглээд хурдтай ирсэнээ дахиад хаалгыг мөргөж ороод буцаад гараад явсан. Тэр үед манай ахлах төлөөлөгч Оюунбаатар, дэд дарга Ц.Сандагдорж нар гараад ирсэн. Тэр хоёрыг хараад зогсоход нь би түлхүүрийг нь авсан. Г.Болдбаатар ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй. Г.Болдбаатар 2 удаа мөргөөд гарсан 3 дахь удаагаа мөргөхөд нь бид нар зогсоосон. Г.Болдбаатар архи уусан нь мэдэгдэж байсан, машинаас буухдаа хөл дээрээ явж чадахгүй байсан” гэх мэдүүлэг. /ХХ-ийн 43-44-р хуудас/

                 Мөрдөн байцаалтанд гэрч Н.Оюунбаатар мэдүүлэхдээ: … 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өглөө 08 цаг өнгөрч байхад станцаар А.Нарантуяа хашааны хаалгыг машин мөргөөд орчихлоо гэхээр нь албаны байрнаас гарч ирэхэд саарал өнгийн Приүс-10 маркийн машин хашаан доторх зам дээр эргээд буцаад гараад явсан. Тэгээд цаашаа 100 гаруй метр яваад буцаад манай хорих ангийг чиглээд маш хурдтай ирээд хашаан дотор ороод эргээд гараад явсан. Дахиад чиглээд ирэхээр нь машиныг нь зогсоосон. Эхний үйлдэлээрээ хаалганы нугас, голын хэсгийг мөргөж далийлгасан байсан гэх мэдүүлэг. /ХХ-ийн 49-50-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Сэргэлэнбаяр мэдүүлэхдээ: … Гадна шалганы үүдэн дээр зогсож байсан чинь гаднаас 66-39 ДАХ гэсэн улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приүс-10 маркийн машинтай нэг хүн шууд маш хурдтай хорих ангийн хашаанд давхиад орсон. Тэгтэл хошууч Ц.Сандагдорж намайг түрхүүрийг нь ав гэхээр нь түлхүүрийг авах гэтэл жолооч нь өгөхгүй байсан. Би уг хүний гартай зууралдаж байгаад арааг нь салгаад түлхүүрийг нь авсан... Уг хорих анги нь дотогшоо хоёр тийшээ дэлгэгдэж онгойдог хар өнгийн төмөр хаалгатай бөгөөд зүүн талынх нь хаалга эвдэрсэн байдалтай байхыг харсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 53-54-р хуудас /

Мөрдөн байцаалтанд шүүгдэгч  Г.Болдбаатар мэдүүлэхдээ: … 413 дугаар анги руу явахаар болоод Пүрэвээ гэх цуг ажилладаг залуугийн мөнгөлөг саарал өнгөтэй 66-39 ДАХ улсын дугаартай Приүс-10 маркийн тээврийн хэрэгслийг гуйгаад авсан байсан. Тэгээд явж байтал замд Г.Гантулга таарахаар нь суулгаад бид 2 тээврийн хэрэгсэлтэйгээ шалган нэвтрүүлэхийн гаднах машин ордог хаалгыг мөргөж ороод дотор талбай дээр нь эргэчихээд буцаад тэр хаалгаар нь гарсан. Тэр үед харуул машины түлхүүрийг авсан. Нэг мэдсэн цагдаа дээр ирчихсэн тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийгээд харьж амар гээд явуулсан. Тэгээд гэртэй хариад “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи байсныг ганцаараа уугаад нэг мэдсэн өөрийнхөө мөнгөлөг саарал өнгийн 18-17 СБА улсын дугаартай “Хонда CRV” маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ дахиад 413 дугаар ангийн шалган нэвтрүүлэхийн хаалгыг мөргөсөн юм шиг байна лээ... Би 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 08 цаг өнгөрч байхад 2 удаа мөргөж ороод гарсан 3 дахь удаагаа орж байхад Ц.Сандагдорж гараад ирсэн тэгээд алба хаагч нь машины түлхүүрийг авсан... Би машин жолоодож явсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 72-73-р хуудас/

                 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-8-11-р хуудас/, Эд зүйлийн хохирлын үнэлгээ /ХХ-ийн 56-57-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Г.Болдбаатарын оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 79 дүгээр хуудас/, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны  өдрийн ял шийтгэл шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /ХХ-ийн 82 дугаар хуудас/,  2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ШШГЕГ-ын харъяа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт /ХХ-ийн 91 дүгээр хуудас/, 1991 онд олгсон Дипломын хуулбар /ХХ-ийн 92-93-94 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Болдбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 08 цаг 15 минутын үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 66-39 ДАХ улсын дугаартай Тоёото Приүс-10 маркийн тээврийн хэрэгсэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа хорих 413 дугаар ангийн гаднах шалган нэвтрүүлэх хаалгыг мөргөж гэмтээн улмаар тус ангийн албан хаагчид цагдаагийн байгууллагад мэдэгдэж, цагдаагийн байгууллагаас Г.Болдбаатарын үйлдлийг захиргааны зөрчлийн гомдол, мэдээллээр бүртгэж, тээврийн хэрэгслийг түр саатуулан Г.Болдбаатарыг явуулахад өдөр 14 цагийн уед дахин 18-17 СБА улсын дугаартай Хондо CRV маркын тээврийн хэрэгсэлээр хорих 413 дугаар ангийн хаалгыг мөргөж гэмтээн 36.600 төгрөгний шууд хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан  хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмыг хангасан, тэднийг байцаахдаа хууль зөрчөөгүй, хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, мөн шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны, үндэслэл бүхий эргэлзээгүй байна гэж үзэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

            Шүүгдэгч Г.Болдбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 66-39 ДАХ улсын дугаартай Тоёото Приүс-10 маркийн тээврийн хэрэгсэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа хорих 413 дугаар ангийн гаднах шалган нэвтрүүлэх хаалгыг мөргөж гэмтээн улмаар тус ангийн албан хаагчид цагдаагийн байгууллагад мэдэгдэж, цагдаагийн байгууллагаас Г.Болдбаатарын үйлдлийг захиргааны зөрчлийн гомдол, мэдээллээр бүртгэж, тээврийн хэрэгслийг түр саатуулан Г.Болдбаатарыг явуулахад өдөр 14 цагийн уед дахин 18-17 СБА улсын дугаартай Хондо CRV маркын тээврийн хэрэгсэлээр хорих 413 дугаар ангийн хаалгыг мөргөж гэмтээн 36.600 төгрөгний шууд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна. Прокуророос энэ зүйл ангиар хэргийг зүйлчлэн шүүхэд ирүүлсэн нь тохирсон байна.

 

            Хохирогч хохирол төлбөрөө бүрэн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж хүсэлт, тайлбар, өгсөн байх тул хохирол төлбөр төлөгдсөн байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Болдбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, төлөгдөх хохирол төлбөргүй зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус тусгах нь зүйтэй байна.   

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

     1. Данин овогт Гантулгын Болдбаатарыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар Г.Болдбаатарыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан Г.Болдбаатарт оногдуулсан 02 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялыг жирийн  дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний холбогдолтой бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй, Г.Болдбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Г.Болдбаатарын эзэмшлийн Хонда 18-17 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

      6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Г.Болдбаатарт оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Г.Болдбаатарт хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.  

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Болдбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Д.РЕНЧЕНХОРОЛ.