Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 00450

 

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2018/00450

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 0 тоотод оршин суух О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 0 тоотод оршин суух Э-т холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.О  , хариуцагч Б.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ш.О   шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1993 онд Б.Э той танилцан 1997 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 1999 онд охин Э.Э , 2008 онд охин Э.З тус тус төрсөн. Сүүлийн үед таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охидуудаа өөрийн асрамжинд авч, охин З-дээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Бид хоёр юу ч үгүй байж байгаад өөрсдөө амьдралаа босгосон. Эдний аав ээжээс ирсэн хөрөнгө биш юм. Салахдаа би хашаа байшингаа авч, Б.Э  машинаа аваад эв зүйгээр салсан. 2010 оны 4 дүгээр сард Э  гэдэг хүнтэй амьдарч байгаа гээд юмаа ачаад л Эрдэнэтэд очиж амьдарна гээд л явсан... гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид хоёр 1993 онд танилцаад 1997 онд гэр бүл болсон. Дундаасаа хоёр охинтой. Би байгаа бүх юмаа эхнэр хүүхдэдээ өгсөн. Одоо би ажил төрөлгүй, хамтран амьдрагч хүүхнийдээ л байгаа. Сард 50 000 төгрөг төлье гэхээр бага байна гээд байдаг. Бид хоёрын салах шалтгаан нь Ш.О  ээс их шалтгаалсан. Тэтгэлэг төлж чадахгүй... гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.О   нь Б.Э т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ш.О  , Б.Э  нар нь 1993 онд танилцан 1999 оны 08 сарын 25-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 1999 онд охин Э.Э , 2008 оны 10 дугаар сарын 03-нд охин Э.З нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, Г дугаартай Э.З-н төрсний гэрчилгээний хуулбар, 2018 оны 03 сарын 21-ний өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

Гэрлэгчид 2010 оноос хойш тусдаа амьдарсан байх ба, хэн аль нь хамтран амьдрагчтай, үр хүүхэдтэй болсон, хэн аль нь гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлгүй байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т эцэг эх нь үр хүүхдээ насанд хүртэл нь тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан.

Иймд Ш.О  , Б.Э  нарын гэрлэлтийг цуцалж, 2008 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Э.З эх Ш.О  ийн асрамжинд үлдээж, насанд хүртэл нь эцэг Б.Э оос тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 29 534 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Ш.О  , Б.Э  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2008 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Э.Золзаяаг эх Ш.О  ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2008 оны 10 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Э.Золзаяаг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Э оос сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Номинд даалгасугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 29 534төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА