Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 185/2022/0428/Э |
Дугаар | 2022/ШЦТ/472 |
Огноо | 2022-05-05 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Д.Эрдэнэцэцэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/472
2022 05 05 2022/ШЦТ/472
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр;
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Д.Э;
Шүүгдэгч: Ц.Ө, түүний өмгөөлөгч В.Ганболд;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;
Шүүгдэгч Ц.Ө: Монгол Улсын Иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, Улаанбаатар Төмөр зам зорчигчийн вагон пепод вагоны үйлчлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Ц.Ө нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Чингэлтэйн өргөн чөлөө ШТС-ын зүүн замд 2022 оны 02 дугаар сарын 26-ны оройн 20 цаг 40 минутын үед “Тоёота Естима” маркийн 55-72 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Э, Л.Н нарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэх гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокуророос Ц.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон
хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ө мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9/, жолооч болон явган зорчиг нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10/, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 11/, хохирогч Л.Нийн мэдүүлэг /хх-ийн 14-15/, хохирогч Л.Нийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 19-26/, хохирогч Л.Нийн хохирлын тооцоо, баримтууд /хх-ийн 33-34, 64, 66-67, 75/, хохирогч Д.Эийн мэдүүлэг /хх-ийн 37-38/, хохирогч Д.Эийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 42-49/, иргэний нэхэмжлэгч (хариуцагч) Б.Зандраагийн мэдүүлэг /хх-ийн 52, 55/, гэрч Т.Өнөрзулын мэдүүлэг /хх-ийн 58/, хохирогч Л.Нийн хохирол төлсөн талаах баримт /хх-ийн 65/, хохирогч Д.Эийн хохирлын тооцоо, баримтууд /хх-ийн 69-74/, Д.Эийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3561 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78-80/, Л.Нийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3559 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83-84/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-н Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89-99/, Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 263 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 100/, Ц.Ө-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 105-113/, Ц.Ө-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 121/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Ө нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны оройн 20 цаг 40 минутын үед Сүхбатаар дүүргийн 13 дугаар хороо, Чингэлтэйн өргөн чөлөөнд байрлах “МТ” шатахуун түгээх станцын зүүн замд “Тоёота Естима” маркийн 55-72 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан Д.Э, Л.Н нарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Л.Нийн /хх-ийн 14-15/: “...Би 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хуурай эгч болох Д.Э манай гэрт ирээд бага зэрэг архи уусан бөгөөд түүнийг гэрт нь дөхүүлж өгөх зорилгоор “МТ” ШТС-ын зүүн талын явган хүний гарцаар баруунаас зүүн тийш чиглэлд зам гарч явахад автомашин ирж мөргөсөн. Тухайн үед бид 2 сугадалцаад явж байсан. ...бие гэмтсэн, хүний гарт байгаа учир цаашдаа эмчилгээний зардалд 20.000.000 төгрөг нэхэмжлэх хүсэлтэй байна. Энэ дотор эмнэлэгт байх үед хүүхэд намайг харж ажлаа хийж чадаагүй зэрэг бүх зардал орно. Энэ мөнгийг өгсөн тохиолдолд гомдол саналгүй болно...” гэх мэдүүлгээр,
Л.Нийн биед “баруун умдаг ясны зөрөөтэй хугарал, хамар ясны
цөмөрсөн хугарал, баруун тохой, баруун шуу, умдгаас баруун өгзөг хүртэл, баруун гуя, шилбэнд цус хуралт, баруун өвдөг, баруун долоовор хурууны 1-р үенд зулгаралт” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3559 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 83-84/,
хохирогч Д.Эийн /хх-ийн 37-38/: “...Би 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хуурай дүү болох Л.Нийн гэрт очоод жаахан ярьж сууж байгаад гэртээ харих гарах үед Л.Н араас хүрээд ирсэн учир хамтдаа “МТ” ШТС-ын зүүн талын явган хүний гарцаар баруунаас зүүн тийш чиглэлд урдаас хойшоо явах эгнээ рүү ороод явж байтал урдаас ирсэн автомашин биднийг мөргөсөн. ...Надад хийгдсэн бүх эмчилгээний тооцоог жолооч Ц.Ө төлсөн. ...Цаашдын эмчилгээний зардалд жолоочоос нийт 10.000.000 төгрөг нэхэмжилэх хүсэлтэй байна. Удаан хугацаанд ажил хийх боломжгүй болоод байна...” гэх мэдүүлгээр
Д.Эийн биед “суудал ясны хугарал, баруун хацар яс, хоншоорын урд, арын ханын цөмөрсөн хугарал, баруун ухархайн хажуу хана, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, зүүн сарвуунд зулгаралт, дух, шана, хацрын зөөлөн эдийн гэмтэл” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3561 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 78-80/,
“...Жолооч Ц.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
Явган зорчигч, хохирогч Д.Э, Л.Н нар нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 263 дугаартай мөрдөгчийн магадлагаагаар /хх-ийн 100/,
иргэний нэхэмжлэгч (хариуцагч) Б.Зандраагийн /хх-ийн 52, 55/: “...2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гарсан осол хэрхэн гарсан талаар мэдэх зүйл байхгүй. Осол гарсныг эхнэрээсээ утсаар сонссон. Энэ автомашиныг 2016 онд орж ирэхэд нь худалдан авсан бөгөөд миний нэр дээр байдаг. Хамгийн сүүлд оношлогоонд 2021 ны 4 дүгээр сард орсон. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Манай эхнэр Ц.Ө бид ээлжлэн унаж ашиглаж байгаа. Автомашинд урд буфер хагарч, копут эвдэрсэн, шил хагарсан гэмтэл учирсан. ...Автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой нэхэмжлэх зүйлгүй. Үнэлгээ хийлгэх шаардлагагүй. ...Манай эхнэр учир хамт хохиролыг нь барагдуулна гэж бодож байна” гэх мэдүүлгээр,
Ц.Ө-ын яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 121/: “...Би 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нөхрийн нэр дээр байх “Естима” маркийн 55-72 УБЛ дугаарын автомашиныг жолоодон 32-ын тойргоос гэртээ харих зорилгоор урдаасаа хойшоо чиглэлд явж байсан. 17-ын уулзвар зөрөөд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байтал баруунаас зүүн тийш чиглэлд 2 явган хүн гэнэт урд гараад ирэхээр нь би тоормос гишгэсэн боловч тулаад ирчихсэн байсан учир 2 хүнийг мөргөөд 1 нь хамар дээр гарч ирээд газарт унасан. ...Миний урд автобус явж байгаад зогсох гээд карма руу орж байхаар нь зүүн талаар нь тойрно гэж бодож явж байсан. Би түүгээр байнга явдаг бөгөөд гарц байдгийг мэддэг, харсан бөгөөд гарц хүнгүй чөлөөтэй байна гэж бодоод явж байх үед хүн харагдаад тоормос гишгээд хүнийг мөргөсөн. 2 хүн зэрэгцээд явж байсан гэж бодож байна. Хар хувцастай хүнийг би хараагүй. Улаан цамцтай явж байсан Л.Нийг нь харсан...” гэх мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Ц.Ө-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, мөрдөгчийн магадлагаагаар тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас хохирогч Л.Н, Д.Э нар хүндэвтэр гэмтсэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон” байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Ц.Ө нь Хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч Л.Н, Д.Э нарыг хүндэвтэр гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Ц.Ө нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасалгүй, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигч нарт зогсож зам тавьж өгөөгүйн улмаас Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт баримтаар учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ц.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хохирол, гэм хор болох хохирогч Л.Нийн 3.048.230 төгрөгийг, хохирогч Д.Эийн 3.712.589 төгрөгийг шүүгдэгч Ц.Ө нь нөхөн төлсөн.
Шүүхийн шатанд гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон нийт 10.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Ө-аас гаргуулж хохирогч Л.Нт 5.000.000 төгрөг, хохирогч Д.Эт 5.000.000 төгрөгийг тус тус олгох, хохирогч нар нь цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, иргэний хариуцагч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ц.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ц.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, иргэний хариуцагч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-аас нийт 10.000.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Л.Нт 5.000.000 төгрөг, хохирогч Д.Эт 5.000.000 төгрөг тус тус олгож, хохирогч нар нь цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ