Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 00365

 

2018 оны 04 сарын 09 өдөр Дугаар 142/ШЗ2017/00365 Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум 0 тоотод оршин суух А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Г-д холбогдох,

Эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.А  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх 2010 оны 9 дүгээр сард Э.Г-тай Орос улсын Эрхүү хотод оюутан байхдаа танилцсан. Э.Г сургуулиасаа гарч, Монголдоо буцаж ирсэн. Харин миний бие Монголдоо ирж очин Эрхүү хотод суралцаж байсан. Ингээд намайг оюутан байхад бидний дундаас 2012 оны 4 дүгээр сарын 25-нд хүү Г.А төрсөн ба бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан ч хүү маань эцэг Э.Г-р овоглосон. Миний бие 2013 оны 12 дугаар сард их сургуулиа төгсөж ирээд, 2014 оны 4 дүгээр сард ажилд орсон. Намайг ажилд оронгуут бид хамтдаа 2014 оны 4 дүгээр сараас байр хөлслөн амьдарч байгаад 2016 оны 4 дүгээр сараас тусдаа амьдрах болсон. Бид цаашид эхнэр нөхөр гэж явах боломжгүй. Иймд 2012 оны 4 дүгээр сарын 25-нд төрсөн хүү Г.А-г төрсөн эцгээр Э.Г-г тогтоож, хүүхдийг маань насанд хүртэл нь тэжээн тэтгэх тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э.Г А-н эцэг болох нь үнэн. Т.А ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч тэтгэмж өгөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.А  нь хариуцагч Э.Г-д холбогдуулан эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Т.А , Э.Г нар нь 2010 онд танилцан, тэдний дундаас 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүү Г.А төрсөн, хүү Г.А эрүүл өсөн торниж байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Мэндцэцэн өрхийн Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Г.А-н Г-0 буюу №0 дугаартай төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.

Хариуцагч Э.Г нь хүү Г.А-г өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан байх ба, эцэг нь мөн болохыг хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзаагүй.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т эцэг эх нь үр хүүхдээ насанд хүртэл нь тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан.

Иймд хүү Г.А-н эцэг Э.Г мөн болохыг тогтоож, Э.Г-р Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан тэтгэлэгийг хүү Г.А-д насанд хүртэл нь сар бүр гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан улсын тэмдэгтийн хураамж болох 29 534 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.А-г эцэг Э.Г мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Г.А- 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Г-р сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас 99 734 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхонаймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА