| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2017/0117/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/106 |
| Огноо | 2017-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2017/ШЦТ/106
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
нарийн бичгийн дарга Ц.С
улсын яллагч Х.Ө
шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Молхы овогт Мы Нэд холбогдох 1713000870064 дугаартай эрүүгийн
хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1984 оны 0 дугаар сарын ***-ний
өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой
эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ээж, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Б
сумын 04 дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж
байгаагүй, Молхы овогт Мы Н РД:.
Шүүгдэгч М.Нийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Н нь 2017 оны 09 дүгээр 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Б сумын *** дүгээр багт байрлах өөрийн гэрт эхнэр Т.Сийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Н нь 2017 оны 09 дүгээр 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Б сумын *** дүгээр багт байрлах өөрийн гэрт эхнэр Т.Сийг бусадтай хардасны улмаас, үснээс нь зулгааж, толгойн тус газар нь шүүрний ишээр хэд хэдэн удаа цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох
- Шүүгдэгч М.Нийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг /шүүх
хуралдааны тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
- Хохирогч Т.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-
18-р хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09
дүгээр сарын 22-ны өдрийн 360 дугаартай дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/ болон
хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт
хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу
цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт
авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар
нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч М.Нийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг
“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд
тооцлоо.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Т.Сийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл
учруулсан, харин хэрэгт авагдсан нотлох баримтаар хор уршгийн хэмжээг тогтоох
боломжгүй ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь шүүгдэгчээс хохирол
нэхэмжлээгүй байх тул уг тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан
шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч
М.Нэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн,
үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн
хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу
ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин ял хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан
үзлээ.
Иймд шүүгдэгч М.Нийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг
үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн
хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, 480 нэгжтэй
тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000
төгрөгтэй тэнцэх ба 480 нэгж нь 480000 төгрөгтэй тэнцэх юм.
Шүүх шүүгдэгчийн ажил эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан
шүүхээс оногдуулсан 480000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн
төлүүлэхээр тогтов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол
шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор
тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Н нь баривчлагдаж, цагдан
хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус
дурдаж, торгох ялын биелэлтийг хангах зорилгоор шүүгдэгч М.Нийн
өмчлөлийн УАЗ-2206 маркийн БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг
битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Нэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ
авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгохоор
шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн
3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Молхы овогт Мы Нийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Мы Нийг 480 “дөрвөн зуун наян” нэгжтэй тэнцэх хэмжээний
буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч М.Нэд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн
төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч М.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй
тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан
хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй
болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нэд урьд авсан
хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Нийн эрүүл
мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь буцаан олгож, түүний өмчлөлийн УАЗ-2206
маркийн БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын
тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэлд шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,
хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас
хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах
шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих
эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ