| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2018/00337/И |
| Дугаар | 00366 |
| Огноо | 2018-04-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 00366
| 2018 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 142/ШШ2018/00366 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум 00 тоотод оршин суух Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 00 тоотод оршин суух У-т холбогдох
250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Т би У-н хүсэлтээр 2017.11.26-нд 250 000 төгрөгийн үхрийн мах /үхрийн гуя/ 1 сарын хугацаагаар зээлдүүлсэн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд авах ёстой мөнгийг буюу 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Д.Ттай 2017.11.16-нд тохиролцсоны үндсэн дээр 2017.11.26-нд 50 кг үхрийн гуя кг-ийг нь 4500 төгрөгөөр зээлээр худалдан авч 225 000 төгрөгийн өр үүссэн. Уг махыг худалдан авах үед миний бие Улаанбаатар хотод явж байсан тул утсаар ярьж тохирон авсан болно. Өнгөрсөн хугацаанд Д.Тгийн мөнгийг төлөх боломжгүй байсан бөгөөд цаашдаа тодорхой хугацаанд хэсэгчлэн болон бүтнээр нь төлөх хүсэлтэй байна. 2018.06.20-ний дотор буюу 3 сарын хугацаанд бүтнээр болон хэсэгчлэн төлнө. Мөн нийт дүн нь 225 000 төгрөг болно гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Р.У-д холбогдуулан 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Р.Ууганцэцэгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Хариуцагч Р.У нь Д.Тгаас 50 кг махыг нэг килограммыг нь 4 500 төгрөгөөр 2017.11.26-нд авсан, мөнгийг нь өгөөгүй талаараа тайлбартаа бичсэн байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
Нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний дагуу махныхаа үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Д.Т нь Р.У-н нийт 52 кг үхрийн гуяны мах авсан, мөнгийг нь сарын дотор өгвөл 4 500 төгрөгөөр бодно, тэрнээс хэтэрвэл зарж байсан үнэ нь 4 800 төгрөг тэрүүгээрээ бодож мөнгөө авна гэсэн гэж тайлбарлаж, хэрэгт өөрийн тэмдэглэсэн /хар дэвтэрийг/ баримтаа ирүүлсэн. Энд тэмдэглэснээр 11 дүгээр сарын 26 гээд Э-н ээж У-д 250 000 төгрөг гээд 0 гэсэн дугаарын утас бичсэн байна.
Р.У нь Д.Тгаас мах авсан гэдгээ үгүйсгээгүй, нэхэмжлэгчийн тайлбар, түүний хар дансаар Д.Т нь хариуцагчаас 250 000 төгрөгийн авлагатай болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 8 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Р.У-с 250 000 төгрөг гаргуулан Д.Тд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 8 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА