| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2017/0114/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/113 |
| Огноо | 2017-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2017/ШЦТ/113
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж
нарийн бичгийн дарга Ц.С
улсын яллагч Х.Ө
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К
орчуулагч А.Е
шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Бахат овогт Хийн Ат холбогдох 1713000750048 дугаартай эрүүгийн
хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1992 оны 10 дугаар сарын 16-ны
өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам
бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн сумын 0 дугаар багт оршин
суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Бахат овогт
Хийн А РД:БЛ00.
Шүүгдэгч Х.Аийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А нь 2017 оны 09 дүгээр 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн
Цэнгэл сумын 7 дугаар багт байрлах өөрийн гэрт эхнэр Х.Атэй хэрүүл маргаан
үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.А нь 2017 оны 09 дүгээр 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн
Цэнгэл сумын 7 дугаар багт байрлах өөрийн гэрт, эхнэр Х.Аийг 5000 төгрөг авсан
хэмээн сэжиглэж, гэр бүлийн маргаан үүсгэж, гэрээсээ хөөж улмаар 2017 оны 09 дүгээр
15, 16-ны өдрүүдэд нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа гараараа цохиж, цээжин тус
газар нь өшиглөж, үснээс нь зулгааж, нуруун тус газар нь гараараа хэд хэдэн удаа
цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь хэрэгт
авагдсан нотлох баримтууд болох
- Шүүгдэгч Х.Аийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг /шүүх
хуралдааны тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
- Хохирогч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-
20-р хуудас/
- Гэрч Т.Жаналыхын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р
хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09
дүгээр сарын 18-ний өдрийн 346 дугаартай дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/ болон
хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт
хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу
цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт
авагдаагүйн дээр шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар
давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх
үнэллээ.
Шүүгдэгч Х.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг
“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд
тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Аийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл
учруулсан, харин хэрэгт авагдсан нотлох баримтаар хор уршгийн хэмжээг тогтоох
боломжгүй ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй
гэсэн байх тул уг тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан
шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч
Х.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн
гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял
хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Х.Ат үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг
үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн
хувийн байдал, цагдан хоригдсон хугацаа зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох
ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр буюу тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000
төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 төгрөгтэй тэнцэх юм.
Шүүх шүүгдэгчийн ажил эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан
шүүхээс оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн
төлүүлэхээр тогтов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй
бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг
хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.А нь 4 хоног цагдан хоригдсон бөгөөд
цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгж буюу 15000 төгөргөөр тооцон оногдуулсан торгох
ялаас хасах нь зүйтэй байна. Шүүгдэгч Х.А нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс
гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар
хураагдсан зүйлгүй болно.
Торгох ялын биелэлтийг хангах зорилгоор шүүгдэгчийн өмчлөлийн нас бие
гүйцсэн 2 морь битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
байгууллагын мэдэлд шилжүүлж, шүүгдэгч Х.Аийн хувийн бичиг баримтыг өөрт
нь буцаан олгож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг
өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10
дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Бахат овогт Хийн Аийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Хийн Аийг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний
буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Х.Ат оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн
төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч Х.Аийн цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд оруулан
тооцож, түүний эдлэх торгох ялыг 390000 төгрөгөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Х.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй
тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Шүүгдэгч Х.А нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг
хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй
болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ат урьд авсан
цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан
сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн хувийн бичиг
баримтыг өөрт нь буцаан олгож, шүүгдэгчийн өмчлөлийн нас гүйцсэн хар морь, нас
гүйцсэн хул морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх газрын мэдэлд шилжүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан,
хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас
хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах
шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих
эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ