Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/717

 

 

 

 

 

  2022        09         08                                    2022/ШЦТ/717

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Ж.Баянжаргал, шүүгдэгч О.Ц /өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Цт холбогдох эрүүгийн 2211 00000 1324” дугаартай, 186/2022/0681/Э индекстэй хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны  өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Дунд тасганы 9-85 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд: Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хугацаагаар  хорих ялаар,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн  578 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, О.Ц,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч О.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 28-ний өдрөөс 29-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах Чекаго баарны гадна ямар нэгэн шалтгаангүйгээр А.Жамсрангийн зүүн гарын шуу хэсэгт пивоны шилээр зүсэж биед зүүн шуунд шарх бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч О.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Жамсрангийн:...би 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах караокед байж байгаад 02 цагийн үед гараад хажуу талд нь байрлах Чекаго нэртэй баарлуу ороод текэн дээр нь очиж 50 грам виски авч уучихаад буцаад гарах гэж байтал үүдэн дээр нэг эрэгтэй хүн баарны хамгаалагч нартай муудалцаад байж байсан. Би хажуугаар нь зөрөөд гадаа гараад байж байтал хамгаалагч нартай муудалцаж байсан эрэгтэй хүн надруу ална би атман энэ тэр гээд надруу агсраад байхаар нь та настай хүн байж боль гэсэн тэгтэл тухайн хүн гартаа барьж байсан пиво хагалчихаар нь дөхөж очоод болиулахаар очоод ярилцаж байтал пивоны шилээрээ миний зүүн гарыг зүсчихээд зугтаасан. Надтай цуг явж байсан найзууд барьж аваад цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /xx-ийн 5 дугаар тал/,

         2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 9275 дугаартай дүгнэлтэд:

         1.2. А.Жамсрангийн биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

         3. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

         5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Шинжээч эмч Б.Баяртогтох  гэжээ. /хх-ийн 9-10 дугаар тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч хавтас хэргээс: шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22 дугаар тал/, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 262 дүгээр прокурорын тогтоол /хх-ийн 52 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022  оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 9275 дугаар дүгнэлт /хх-ийн 9-10 дугаар тал/шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

3.2.Шүүгдэгч О.Ц нь: хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч О.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 28-ний өдрөөс 29-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах Чекаго баарны гадна ямар нэгэн шалтгаангүйгээр А.Жамсрангийн зүүн гарын шуу хэсэгт пивоны шилээр зүсэж түүний биед зүүн шуунд шарх бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

          - хохирогч А.Жамсрангийн:...би 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах караокед байж байгаад 02 цагийн үед гараад хажуу талд нь байрлах Чекаго нэртэй баарлуу ороод текэн дээр нь очиж 50 грамм виски авч уучихаад буцаад гарах гэж байтал үүдэн дээр нэг эрэгтэй хүн баарны хамгаалагч нартай муудалцаад байж байсан. Би хажуугаар нь зөрөөд гадаа гараад байж байтал хамгаалагч нартай муудалцаж байсан эрэгтэй хүн надруу ална би атман энэ тэр гээд надруу агсраад байхаар нь та настай хүн байж боль гэсэн тэгтэл тухайн хүн гартаа барьж байсан пивоны шилээ хагалчихаар нь дөхөж очоод болиулахаар очоод ярилцаж байтал пивоны шилээрээ миний зүүн гарыг зүсчихээд зугтаасан. Надтай цуг явж байсан найзууд барьж аваад цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /xx-ийн 5 дугаар тал/,

         - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 9275 дугаар шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 9-10 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ бусдыг  үл хүндэтгэж хэрүүл маргаан үүсгэж хохирогчийн гарыг шилээр зүсэж гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул О.Цын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Хохирогч А.Жамсран нь шүүгдэгч О.Цтай эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргасан, шүүхийн шатанд утсаар ярьсан тэмдэглэл  байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч О.Цыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч О.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цыг  500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч О.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ