Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 00083

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                       Б.Ганзаяа

             Улсын яллагч                                     Н.Дүүрэнжаргал

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                     Ц.Цогзолмаа

             Хохирогч                                             Ц.Алтангэрэл

                         Шүүгдэгч                                              Г.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн Г.Чинзоригт холбогдох 201618020189 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, халх, 1984 оны 03 сарын 28-ны өдөр  Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 2-р баг Улиастайн 10а тоотод оршин суух хаягтай, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:М3:84032875/ Боржигон овогт Ганбаатарын Чинзориг.

 

Г.Чинзориг нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Спиртийн үйлдвэрийн архины цех дотор 23 цагийн үед иргэн Ц.Алтангэрэлийг хоорондын таарамжгүй харьцаанаас болж маргалдан Г.Чинзориг нь иргэн Ц.Алтангэрэлийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Чинзориг мэдүүлэхдээ: ... 2016 оны 9 дүгээр сарын 20-ны оройн 23 цагийн үед “Спирт бал бурам” ХХК-ийн шилний цех дотор ажлаа хийгээд зогсож байсан юм. Тэгтэл Ц.Алтангэрэл архины шилний авдар тавьдаг подоны модыг шалруу шидсэн. Шаландээр тогтсон байсан шавхай нь над руу үсэрсэн юм. Тэгээд  би наадах чинь заваан шавхай байна гэсэн чинь юу гээд байгаа юм бэ гээд эргэж харахаар нь чи одоо уурлаж ажлаа хийх хэрэггүй шүү гэж хэлэхэд би яасын гэхээр нь  очоод цохьсон.Тэгээд Ц.Алтангэрэл эргэж хараад Чинзоо ах та яагаад намайг цохиж байгаа юм бэ миний шүд уначихлаа гэж хэлсэн. Би уг нь Ц.Алтангэрэлд гэмтэл учруулъя гэж бодоогүй. Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Алтангэрэл мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 20-ны оройн 23 цагийн үед “Спирт бал бурам” ХХК-ийн шилний цех дотор ажиллаж байгаад архины шилний авдар тавьдаг подоны модыг барьж байгаад газар луу буулгатал ус үсэрсэн. Тэгтэл араас хүн дуудахаар нь яасан гээд хартал Г.Чинзориг ах над руу эхлээд архины шилний авдар шидсэн боловч намайг оноогүй. Тэгээд шилээ өрөөд зогсож байтал намайг хүрч ирээд нүүрэн тус газар цохисон. Тухайн үед би маск зүүчихсэн байсан болохоор маскаа аваад шүлсээ хаятал цус гарч шүд унасан байсан. Ер нь тэр ажлын байрны дотор нил ус байдаг тийм орчинтой газар л даа. Г.Чинзориг ахаас 350000 төгрөг хүлээж авсан. Одоо шүд хийлгэхэд шаардлагатай 2500000 төгрөг нэхэмжилж байна гэв.

            Мөрдөн байцаалтанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Алтангэрэл мэдүүлэхдээ: … 2016 оны 09 дүгээр сарын 20-ны шөнийн 23 цагийн үед ажлаа хийж байгаад подоны мод газар тавихдаа ус үсрэгцэн чинь Г.Чинзориг ах уурлаад намайг хөөе Аагий гээд дуудахаар нь эргээд хартал амандаа үглээд байсан би сайн сонсоогүй. Тэгсэн чинь архины авдар над руу шидсэн тэгэхдээ оноогүй. Тэгээд Г.Чинзориг миний ардаас ирээд намайг нэг удаа ам руу цохисон юм. Ийм асуудал болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 07 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч А.Соёл-Эрдэнэ мэдүүлэхдээ: … Ц.Алтангэрэл нь машин дээр шил зайлдаг юм. Г.Чинзориг нь ванинд шил дэвтээдэг ажилтай юм тэгээд Ц.Алтэнгэрэл архины шилний авдар тавьдаг подоны модоо газар тавихдаа хүчтэй тавиад газар байсан ус нь үсрээд Г.Чинзориг руу цацарсан юм тэгээд тэр хоёр хоорондоо маргасан юм. Тэгээд би ажлаа хийж байгаад харахад Г.Чинзориг Ц.Алтангэрлийг цохичихсон байсан Ц.Алтангэрэл миний шүд уначихлаа гээд зогсож байсан. Ийм л асуудал болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 09 дүгээр хуудас/

            Мөрдөн байцаалтанд Г.Чинзориг мэдүүлэхдээ: ... Тухайн өдөр Ц.Алтангэрэл бид хоёр цуг ажиллаж байсан юм. Тэгээд Ц.Алтангэрэл нь подоны мод газар тавихдаа хүчтэй тавиад шалан дээр тогтсон ус нь үсрээд миний нүүр ам руу орчихоор нь би уурлаад чи яаж байгаа юм бэ гэж хэлээд уурласан юм. Би тэгээд уурандаа гараараа шанаанд нь цохих гэж байгаад ам руу нь цохичихсон юм. Өөрөөр зодож цохисон асуудал байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэх мэдүүлэг /ХХ-ийн 11 дүгээр хуудас/

              Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн №219 тоот  дүгнэлтэнд:

              1.Ц.Алтангэрэлийн биед тархи доргилт, баруун дээд 1-р шүд булгарч унасан, баруун 2-р шүд хөдөлгөөн орсон, дээд урууланд язарсан шарх, доод урууланд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

               2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

               3.Тархи доргилт, баруун дээд 1-р шүд булгарч унасан, баруун 2-р шүд хөдөлгөөн орсон, дээд урууланд язарсан шарх, доод урууланд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар, баруун дээд 1-р шүд булгарч унасан гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь тогтонги алдагдуулна./ ХХ-н 18-р хуудас/

               Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 28 дугаар хуудас/, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Сэлэнгэ аймаг Мандал сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 30 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Чинзориг нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Спиртийн үйлдвэрийн архины цех дотор 23 цагийн үед Ц.Алтангэрэлийг хоорондын таарамжгүй харьцаанаас болж маргалдан Г.Чинзориг нь Ц.Алтангэрэлийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь  хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмыг хангасан, тэднийг байцаахдаа хууль зөрчөөгүй, хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, мөн шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны, үндэслэл бүхий эргэлзээгүй байна гэж үзэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Г.Чинзориг нь тодорхой сэдэлттэй буюу хувийн таарамжгүй харьцаанаас болж хохирогч Ц.Алтангэрэлийн нүүрэн тус газар гараараа цохисоноос түүний биед баруун дээд 1-р шүд булгарч унасан, баруун 2-р шүд хөдөлгөөн орсон, дээд урууланд язарсан шарх, доод урууланд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн гэмтэл бие махбодид нь учруулсан буюу түр хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна. Прокуророос энэ зүйл ангиар хэргийг зүйлчлэн шүүхэд ирүүлсэн нь тохирсон байна.

Шүүгдэгч Г.Чинзоригийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн боловч энэ хэргийн хохирогч Ц.Алтангэрэл нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрээгүй, эвлэрэх боломжгүй, гомдолтой гэж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.  

Шүүгдэгч Г.Чинзориг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол төлсөнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзаж шүүгдэгчид хуульд заасан хэмжээгээр торгох ялаар шийтгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Алтангэрэл нь хавтаст хэрэгт 168300 төгрөгний эмчилгээ болон бусад зардлын баримт хавсаргасан байх ба шүүгдэгч 350000 төгрөгийг хохирогчид төлсөн талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно. Ц.Алтангэрэл шүд хийлгэхэд шаардлагатай 2500000 төгрөгийг Г.Чинзоригоос нэхэмжилж байна гэсэн боловч хавтаст хэрэгт энэхүү хохирлын нотлох баримт авагдаагүй учир шийдвэрлэх боломжгүй байна. Харин энэ гэмтлийн улмаас учирсан болон цаашид эмчлүүлэхэд гарсан зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Чинзориг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Чинзоригыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Чинзоригыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар Г.Чинзориг нь торгох ялаас ноцтойгоор зайлхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг  анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Г.Чинзориг нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Алтангэрэл нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлийг цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардалаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Чинзоригт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт  зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ж.ЭРДЭНЭБАТ.